Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч Д.Д,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Дт холбогдох эрүүгийн 2224 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: улсын иргэн настай, эрэгтэй,  боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, Д.Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Шарилын булан” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1,18 м хэрэглээний нойтон мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү “Kia.Ceres” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 784,681 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Шарилын булан” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1,18 м хэрэглээний нойтон мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү “Kia.Ceres” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 784,681 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Д.Даас ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 10/,

Иргэний нэхэмжлэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай өвөө аав Д.Д 2022 оны 7 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед миний өөрийн эзэмшлийн хөх өнгийн “Kia.Ceres” маркийн ЗАА улсын дугаартай автомашиныг гуйгаад Баян-Улаан баг руу хүргэн Ганбаярынд оччихоод ирье гэж хэлээд аваад явсан юм. Тэгсэн 2022 оны 7 дугаар сарын 16-ны орой гэртээ буцаж ирэхдээ машингүй явган ирсэн юм. Би тэр үед өсөө миний машиныг яасан талаар асуухад аав нь “Шарилын булан” гэх газарт насан байсан 1 ширхэг унанги модноос 2.50 метрийн урттай 12 ширхэг модыг өнөөдөр бэлтгээд сумын төв рүү орж ирэх замдаа замын цагдаатай таарч шалгуулаад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан тул модтой машинаа цагдаагийн журмын хашаанд хийлгэчихлээ гэж хэлсэн юм. Тэгээд манай аав Д.Д ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгээд миний өөрийн хөх өнгийн “Kia.Ceres” маркийн ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлээд цагдаагийн байгууллагад шалгагдах болсон юм. Уг нь манай аав Д.Д 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр надаас миний автомашиныг анх гуйгаад авч явахдаа хүргэн Ганбаярынд очно гээд аваад явсан харин мод бэлтгэх талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх 12/,

Гэрч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Шарилын булан” гэх газарт ганцаараа хонио хариулаад явж байтал модны захад нэг эрэгтэй хүн намайг даллаад дуудахаар нь морьтойгоо яваад очтол Д.Д гэх өндөр настай хүн хөх өнгийн “Kia.Ceres” маркийн автомашинтай уулын модны захад ганцаараа байсан. Д.Д гуай модны зах хэсгээс нэг унанги модноос мод тайраад бэлтгэсэн байдалтай намайг ахын дүү ахдаа энэ хэдэн модыг машин дээр ачилцаад өгөөч гэж гуйхаар нь Д.Дын 2.50 орчим метрийн урттай 12 ширхэг бөөрөнхий модыг хамт ачилцаж өгчхөөд гэр рүүгээ явсан. Тухайн үед Д.Д гуай надад хэлэхдээ ах нь энэ унанги модноос хэдэн мод бэлтгэсэн юм одоо сумын төв рүү явлаа гэж байсан. Тухайн өдөр Д.Д гуай Тосонцэнгэл сумын төв рүү явсан байх би дахиж тухайн хүнтэй таараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 18/,

Гэрч Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/354 дугаартай захирамжаар 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн аймгийн нутаг дэвсгэрт ойд үйл ажиллагаа явуулахыг хориглосон захирамж гарсантай холбогдуулж сумын хэмжээнд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн, ойн мэргэжлийн байгууллагад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. Дээрх хугацаанд сумын хэмжээнд мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй байсан учир иргэн Д.Дын зүгээс ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Д.Дын мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Д нь Баян-Улаан багийн нутаг “Шарилын булан” гэх газарт салхинд унасан байсан 1 ширхэг унанги модноос тайрч бэлтгэсэн байсныг би 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мод бэлтгэсэн хэргийн газрын үзлэг хийхэд харсан. Д.Дын ойгоос бэлтгэсэн унанги мод үзүүр хэсэгтээ салаалж ургасан байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 20/,

Гэрч Ш.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт замын хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх хугацаанд 00 цагийн орчимд хөх өнгийн “Kia.Ceres” маркийн ЗАА улсын дугаартай автомашиныг зогсоож шалгахад Д.Д гэх хүн тухайн автомашиныг жолоодож явсан. Шалгах үед автомашины тэвшийг ногоон өнгийн бүтээлгээр бүтээчихсэн байхаар нь жолоочоос юу ачиж яваа талаар асуухад мод ачиж яваа гэж хэлсэн. Тэвшний бүтээлгийг араас нь сөхөөд хартал шинэс төрлийн 12 ширхэг бөөрөнхий модыг ачсан байсан. Тухайн моднууд нь чийгтэй моднууд байсан бөгөөд би тухайн үед Д.Д гэх хүнээс тухайн моднуудыг хэзээ хаанаас бэлтгэсэн мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асууж шалгахад Баян-Улаан багаас бэлтгэсэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлэхээр нь модтой машиныг цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд оруулаад хоногийн мэдээнд оруулж шалгуулах болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх 22/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай: “...Тухайн моднуудыг ойгоос бэлтгэхдээ босоо модноос бэлтгэсэн байх боломжгүй, хэргийн газрын үзлэгээр байгалийн аясаар 2021 онд унасан байх боломжтой унанги модноос бэлтгэсэн байна. Мод нь чийгтэй нойтон мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний нойтон модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднууд нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бэлтгэсэн байх боломжтой. Ойгоос бэлтгэсэн моднууд 1,18 метр, куб мод байна. Мод бэлтгэсэн газар болох Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Шарилын булан” гэх газар нь ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб шинэс нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ 369,436 төгрөг байна. БОАЖ-ын сайдын 2020 оны А/176 -р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход шинэс нойтон 2-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн ээ нь хэрэглээний нойтон модонд 369,436 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 664,984 төгрөг болж, бэлтгэсэн on 1,18 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 784,681 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх 24-25/,

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн улсын байцаагчийн акт, /хх 26/ Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 54-57/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/ зэргээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Д.Дын: “...Би 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг өөрийн хүргэн Ганбаяр гэх айлд Д.Бын эзэмшлийн “Kia.Ceres” маркийн хөх өнгийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон очсон. Тэднийхээс гараад гэр рүүгээ явах замдаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Шарилын булаг” гэх газраар дайрч өнгөрөх явцдаа 1 ширхэг унанги мод байхаар нь 2.50 метр уртаар өөрийн эзэмшлийн цагаан моторт хөрөөгөөр хөрөөдөж 12 ширхэг бөөрөнхий мод тайрч бэлтгээд Болдоо гэх хүүхдийг гуйж хамт ачсан. Би мод бэлтгэх эрхийн бичиггүй явж байсан. Би ойн санд учруулсан хохирлоо акт гарангуут бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримтыг давхар нотолж байна.

Шүүгдэгч Д.Дт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол 2,354,043 төгрөгийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Д.Д нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Шарилын булан” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1,18 м3 хэрэглээний нойтон мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү “Kia.Ceres” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч нь 1,18 м3 мод бэлтгэсний улмаас байгаль экологид 784,681 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,354,043 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Дын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Kia.Ceres” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Д.Бын өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн “...Модыг Д.Бын эзэмшлийн “Kia.Ceres маркийн хөх өнгийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн...” гэсэн мэдүүлэг, “...эзэмшигч Д.Б...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө нь шүүгдэгчийн өмчлөлийнх болох нь түүний “...Би өөрийн мод хөрөөддөг цахилгаан хөрөөг ашигласан...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Д.Дын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Kia.Ceres” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Д.Бд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн 30,000 төгрөгийн үнэ бүхий цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,18 м3 хэрэглээний нойтон модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Д-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай,

5. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 2,354,043 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Дын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2,500,000 төгрөгийн үнэ бүхий Kia.Ceres” маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Д.Бд олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан алаг өнгийн 30,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,18 м3 хэрэглээний нойтон модыг тус тус улсын орлого болгосугай.

8. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ