Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

улсын яллагч Б.Сансарбаяр,

шүүгдэгч Ц.Д,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дт холбогдох эрүүгийн 2224 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... аймгийн ........ суманд төрсөн, .......... настай, ......., .............. боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, 4 хүүхдийн хамт .......... аймгийн .......... сумын ........ багт оршин суудаг, ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ц.Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 23 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Суварга багт байрлах өөрийн гэртээ согтуугаар Л.Нтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, зүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:

Үүнд: Хохирогч Л.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2022 оны 06 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед эхнэр Ж.Ц бид 2 гэртээ байж байсан чинь манай хадам дүү Ц манайд орж ирсэн юм. Тэгээд орж ирчихээд бид хоёроос ганц юм өгчих гээд нэхээд байхаар нь манай эхнэр архи байхгүй, гэртээ орж унт гээд хэлэхлээр нь би гэрт нь оруулаад унтуулчихая гээд гэрлүү нь аваад орсон. Гэрт нь ороод сууж байтал муу гуйлгачингууд ганц юм аваад өгчихөж чадахгүй гээд намайг хэл амаар доромжлоод нүдрүү чичээд байхаар нь унт гээд орон дээр нь түлхэж унагаачихаад эхнэр нь болох Надмидад унтуулаарай их согтсон байна гэж хэлээд сандал дээр суутал босож ирээд шууд нүүрлүү өшиглөсөн, тэгээд би нүүрээ дараад унахад цус гоожоод байсан юм. Удалгүй манай эхнэр Ц гаднаас орж ирээд юу болов, яасан бэ? гээд намайг татахаар нь Ц намайг өшиглөчихлөө гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд удалгүй цагдаа эмнэлэг хоёр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-22тал/,

Гэрч Ж.Цын “...2022 оны 07 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед манай нөхөр Л.Н бид 2 гэртээ байж байсан чинь хажуу айлын миний эгчийн төрсөн хүүхэд болох Ц орж ирээд надад архи өг гээд байхаар нь архи байхгүй, гэртээ орж унт гэж хэлсэн чинь гарахгүй байхаар нь манай нөхөр Н аваад гэрлүү нь оруулаа өгье гээд аваад гараад явсан юм. Тэгээд би гэртээ байж байсан чинь гадаа айлд ёо ёо гэсэн дуу гарахаар нь араас нь гараад Цийн гэрлүү орсон чинь манай нөхөр Н нүүрээ дараад доошоо хараад Ц намайг өшиглөчихлөө гээд хэвтэж байсан. Тэгэхлээр нь би яасан бэ?,  юунаас болоо вэ? гэж хэлээд өргөөд нүүрлүү нь хартал нүднээс нь цус гараад нүд нь хавдсан байсан болохоор нь цагдаа дуудаад тэгээд цагдаа ирээд аваад явсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29-30-р тал/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 000000366 дугаартай: “...Нын биед гэмтэл учирсан байна, Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл байна. Нын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-р тал/

мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Ц.Дийн  иргэний үнэмлэхний хуулбар,

Завхан аймгийн Цагдаагийн газрын Ц.Д нь урьд Завхан аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан...” гэх ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,

Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 05ы өдрийн 46 дугаартай: “...Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн иргэн Ц.Д  нь ам бүл-6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт амьдардаг, Ц.Д нь эхнэр хүүхдүүдийн хамт Асгат сумын Аргалант багийн түр оршин суугч нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 43-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Мөн гэрч О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Асгат сумын Суварга багт оршин суудаг. Ц.Дийн тухайд амьдралын түвшин дундаж, өөрөө эрхэлсэн тодорхой ажил байхгүй ч гэсэн хөлсний ажилд төрөл хийгээд амьдрал ахуйгаа залгуудаг. Хүүхдүүд нь бүгдээрээ ерөнхий боловсролын сургуульд суралцдаг,  ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32тал/,

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Асгат сумын Суварга багт оршин суудаг. Ц.Дийн тухайд амьдралын түвшин дундаж, өөрөө эрхэлсэн тодорхой ажил байхгүй ч гэсэн хөлсний ажилд төрөл хийгээд амьдрал ахуйгаа залгуудаг. Хүүхдүүд нь өүгдээрээ ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Эхнэр Надмид нь гэртээ хүүхдүүдээ хардаг, бас л эрхэлсэн тодорхой ажилгүй...” гэсэн мэдүүлэгүүд /хх-ийн 34тал/ хэрэгт авагджээ.

Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байна.

Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 23 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Суварга багт байрлах өөрийн гэртээ согтуугаар Л.Нтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

“...Н-ын биед гэмтэл учирсан байна. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл байна...., Л.Нын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмчийн үзлэгийн тодорхойлолт зэргээр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд түүний гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн түүнчлэн шүүгдэгч Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 07 дугаар сарын 04-ны орой 20 цагийн үед Батэхбаяр ахтай 1 шил 0,5 граммтай ерөөл архи  сумын хойд талын худгийн хажууд хувааж уучихаад гэртээ харьсан. Гэртээ очсон чинь Н ах эхнэр Цтай манайд байхаар нь “одоо та хоёр яв, манайх олон ам бүлтэй айл болохоор хоол унднаас эхлээдд хэцүү байна” гэж хэлсэн чинь Н ах “намайг чи гэрээсээ хөөлөө” гээд уурлаад байхаар нь би босоод бариад автал намайг орлуу түлхэж унагаагаад буцаад сандал дээр суухаар нь би нүүрлүү нь өшиглөсөн чинь доошоо хараад нүүрээ дараад унаад өгсөн. Тэгтэл Ц эгч манай нөхрийг зодлоо гээд цагдаад дуудлага өгөөд цагдаа намайг аваад явсан...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирлоо төлсөн болох нь:

Хохирогч Л.Нын “...Хохирогч Л.Н миний зүгээс яллагдагч Ц.Дээс нэхэмлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн...” гэсэн хүсэлт,

шүүгдэгч Ц.Дийн “...Хохирогч Л.Нтой сайн дураараа эвлэрсэн, хүлээлгэж болон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Д нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь  хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

5. Шүүгдэгч Ц.Д нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.ОТГОНХИШИГ