Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 04

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Я.Б, П.Д,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн П.Д, ******* овгийн Я.Б нарт холбогдох 1928002680169 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч П.Д нь Я.Бтай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22-23 цагийн орчимд уурхайн пүүнээс урагш 500 метр газарт байсан Ш.Бын жолоодож явсан ******* улсын дугаартай Норд бенз маркийн  тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Я.Б нь П.Дтэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22-23 цагийн орчимд уурхайн пүүнээс урагш 500 метр газарт байсан Ш.Бын жолоодож явсан ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 10 дүгээр сарын 31-ний өдөр Би өөрийн эзэмшлийн 45- 42 УНЗ улсын дугаар тээврийн хэрэгслийг ******* ХХК-ийн пүүнээс 500 м зайд машинаа орхиод Есөнтөмөрөөс мотоциклыг нь гуйж унаад 20 цаг гээд сумын төв руү хөдөлсөн тэгээд гэртээ ирээд хоол цай уучаад эргээд 23 цаг өнгөрөөгөөд буцаад очиход миний машины аккумльятор алдагдсан байсан...” гэжээ /хх-25/,

Гэрч Я.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед би *******, Д нарын хамтаар сумын төвөөс гараад замдаа машин тэрэг эвдрээд 21 цагийн үед Поошиг гэх газар очоод цувааны жолооч нартай ярилцаж байгаад 23 цагийн үед сумын төврүү хөдөлсөн.Замдаа ******* ХХК-ны пүүний хажууд зогсоод Ачааны тэрэг байхаар нь би Дтэй хамт очоод тухайн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумльяторыг хулгайлсан... Би хар өнгийн аккумльяторыг нь ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газар байрлах өөрийн хөдөө гэртээ 12 волтын гэрэл залгаж ашиглаж байсан. Цагаан өнгийн аккумльяторыг нь ******* аймгийн Гурвантэс сумын төвд цоглог дэлгүүрийн урд талын хашаанд байрлах өөрийн гэртээ хадгалж байсан...” гэжээ /хх-32-33/,

Гэрч П.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр сумын төвөөс 16 цагийн үед жижиг машинтай Б, ******* нарын хамтаар Поошиг гэх газар очиж цуваанд явдаг жолооч нартай уулзах гэж явсан. Сумаас гараад Поошиг орох зам эвдрэл гэмтэл ихтэй дээр нь бид гурав жижиг машинтай байсан учир замдаа саатаад 20 цагийн үед Поошиг дээр очоод найз нөхөдтэйгээ уулзаад 22 цагийн үед хөдлөөд сумын төв лүү явсан.Замдаа явж байгаад ******* ХХК-ны пүүний ойролцоо зогсоод хоносон том ачааны машин байхаар нь Батбуянтай ярилцаж байгаад тэр машины аккумльяторыг авч гэртээ тог тавих гээд тухайн том ачааны машины 2 ширхэг аккумльяторыг хулгайлсан... ******* ХХК-ны пүүний хажууд машинтай ирж зогсоод жолооч *******ыг түр хүлээж байгаач бид хоёр ******* ХХК-ны жолооч нартай уулзаад ирьё гээд хэлчээд зогсоолд том ачааны машин байхаар нь хоорондоо ярилцаж байгаад 2 ширхэг аккумльяторыг нь хулгайлсан..” гэжээ /хх-34-35/,

Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Б надаас хилийн боомт ороод цуваанд явсан үлдэгдэл цалингаа авах гэсэн юм машинаараа яваад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрсөн, Б бид хоёр замаасаа Д гэх залууг гэрээс нь орж аваад хилийн боомт руу хөдөлсөн. Сумын төвөөс 09 цаг гэж гараад шууд машинтайгаа явсаар байгаад хилийн боомтод 14 цагийн үед очсон. Б хил рүү ороод хүнтэй уулзаад 2-3 цагийн цалингаа авчлаа гэж хэлээд гарж ирсэн, харин Д бид хоёр миний машин дотор хүлээж сууж байсан. Быг хилээс гарч ирэхээр нь бид гурав хилийн боомтоос хөдлөөд Юраагийн гуанз дээр очоод зогссон чинь хоорондоо юм ярьж байгаад бид хоёр ойрхон юманд явчихаад хүрээд ирнэ бид хоёрыг хүлээж байгаараа гэж хэлээд явсан. Удалгүй Б, Д нар нэг нэг аккумльятор өргөчихсөн машин дээр ирээд арын тээшээ нээлгээд авч ирсэн 2 ширхэг аккумльяторыг хийсэн. ******* ХХК- ийн пүүний хажууд байх гуанзнаас хөдлөөд сумын төвд ирсэн.Б нь авчирсан хоёр ширхэг аккумльяторыг аваад хөдөө гэр лүүгээ мотоциклиор ганзагалаад аваад явсан...” гэжээ /хх-41-42/,

Яллагдагч П.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10-р сарын 31-ны өдөр би ******* аймгийн Гурвантэс сумын төвд гэртээ байж байгаад өдөр 16 цагийн үед найз Б, ******* нарын хамт Поошиг руу ажилд олж хийх санаатай явсан юм. Тэгээд *******ын жижиг ногоон өнгийн автомашинтай явсан улсын дугаар, машины маркийг; нь санахгүй байна. Тэгээд бид гурав урагшаа явж орой 20 цагийн үед Поошиг дээр очиж найз болох Бат-Оршихтой очиж уулзаад барих машин тэрэг байна уутэж уулзчихаад бид гурав 22 цагий үөд буцаад Гурвантэс сум руу явж байгаад замдаа “*******" ХХК-ний пүүний хажууд очиж *******ыг түр энд зогсоод Юрагын хоолны газар очоод байж бай бид хоёр явж хүнтэй уулзчихаад ирье гээд Б бид хоёр машинаас буугаад пүүний урд талын машины хонодог зогсоол руу явж машины аккумляатор хулгайж авъя гэж бид хоёр хоорондоо ярилцаад тэр пүүний урд талын зогсоол дээр очиход тэнд нэг Норд бенз маркийн ачаагүй, дотор нь жолооч нь байхгүй машин байхаар нь бид хоёр хүрч очоод машины зөв талд байсан 2 ширхэг аккумляторыг хулгайлж аваад дээр дээрээс нь давхарлаж тавьж дамжилаад бид хоёр буцаж яваад *******ын машины арын багажинд нь хийсэн.” Гэх мэдүүлэг /хх-61-62/,

Яллагдагч Я.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Гурвантэс сум руу явж байгаад замдаа “*******" ХХК-ний пүүний хажууд байдаг Юрагийн хоол зардаг автобусны хажууд зогсоод Д бид хоёр *******ыг наанаа байж бай бид хосёр хүнтэй уулзчихаад ирье гээд машинаас буугаад пүүний урд талын том тэрэг хонодог зогсоол руу явах замдаа бид хоёр машины аккумляатор хулгайж авъя гэж бид хоёр хоорондоо ярилцаад тэр пүүний урд талын зогсоол дээр очиход тэнд нэг Норд бенз маркийн ачаагүй, дотор нь жолооч нь байхгүй машин зогсож байхаар нь бид хоёр хүрч очоод машины зөв талд байсан 2 ширхэг аккумляаторыг хулгайлж аваад дээр дээрээс нь давхарлаж тавьж дамжилаад бид хоёр буцаж яваад Юрагын хоолны газарт зогсож байсан Б машины арын багажинд нь хийсэн.” гэх мэдүүлэг /хх-66-67/,

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 416 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлтэд “...Шланзны аккумлятор 2 ширхэг 450.000 төгрөг...” гэжээ /хх-53/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-15/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх19-21/,

Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-22/,

Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-77/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-79/,

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоол /хх-83-84/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86/,

******* аймгийн Гурвантэс сумын Баясах багийн засаг даргын тодорхойлолт /хх-88/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-89/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-90/,

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-91/,

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-92/,

******* аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-94/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-95/,

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-96/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-98/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Д, Я.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч П.Д, Я.Б нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22-23 цагийн орчимд ******* аймаг, Гурвантэс сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн уурхайн пүүнээс урагш 500 метр газарт байсан Ш.Бын жолоодож явсан ******* улсын дугаартай Норд бенз маркийн  тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч П.Д, Я.Б нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,

 Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдснийг ойлгоно.

Шүүгдэгч Я.Б, П.Д нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22-23 цагийн орчимд ******* аймаг, Гурвантэс сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ний уурхайн пүүнээс урагш 500 метр газарт байсан Ш.Бын жолоодож явсан ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын гэрчийн мэдүүлгээс бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэж гүйцэтгэх гэж ойгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасан.

Шүүгдэгч Я.Б, П.Д нар нь ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторийг санаа зорилгоороо нэгдэж, хууль бусаар авсан байх тул бүлэглэж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Д нь хувийн байдлын хувьд 25 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Кат" ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймаг, Гурвантэс сум, 2 дугаар багт оршин суух хаягтай, одоогоор ******* аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр баг, Тостын 1-1 тоотод  оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаанд засарч  хүмүүжихийг даалгаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж байсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-77/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78/, ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоол /хх-83-84/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86/, ******* аймгийн Гурвантэс сумын Баясах багийн засаг даргын тодорхойлолт /хх-88/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-89/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-91/ зэргээр

Шүүгдэгч Я.Б нь хувийн байдлын хувьд 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй  "Кат" ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн Гурвантэс сум 4 дүгээр баг, Товонгийн 11А-10 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-77/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-92/, ******* аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-94/, Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-95/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-96/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-98/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Б, П.Д нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Я.Б, П.Д нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Я.Б, П.Д нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Бт 2 ширхэг аккумуляторийг буцаан олгосон болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-22/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.    

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Б, П.Д нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Б, П.Д  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Я.Б, П.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 1 жилийн хугацаагаар хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгч хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бад 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч П.Дд  300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Я.Б, П.Д нарт тус тус оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Д, Я.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр  үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Д, Я.Б нар цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч П.Д, Я.Б нар нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн П.Д, ******* овгийн Я.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бад 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч П.Дд  300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б, П.Д нарт тус тус оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б нь шүүгдэгч П.Д, Я.Б нараас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д, Я.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч П.Д, Я.Б нар цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар 14  хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч П.Д, Я.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ