Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 807

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О-д холбогдох 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10.540.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, гэрч Н.Л, Л.Ө, Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  Ө нь О тай харилцан тохиролцсоны үндсэн дээр О тай Тамир хорооллын  ,,, тоот хашаанд 9х10 хэмжээтэй грашийн зориулалттай байшинг өөрийн материал, зардлаар барьж 2017 оны 08 сарын 05-наас 2017 оны 11 сарын 15-ны үед хүлээлгэж өгсөн. Ингэж барихдаа блок 1400ш х 1700=2.380.000 төгрөг, 5 см банз 103х150.000=1.500.000 төгрөг, 50 кг цемент 116х12.000=1.392.000 төгрөг, хадаас 100м 3 хайрцаг х 2.500=75.000 төгрөг, хөөс 8ш х 20.000=160.000 төгрөг, төмөр 8ш х 25.000=200.000 төгрөг, 6 метрийн кв төмөр 12ш х 3.500=42.000 төгрөг, эмульс 18 кг х 1= 30.000 төгрөг, хар замаск 3 уут х 12.000=36.000 төгрөг, хаалганы нугас 15ш х 5.000=75.000 төгрөг, ажлын хөлс 4.500.00 төгрөг, нийт 10.540.000 төгрөгийн тооцоогоор барилгыг барьж хүлээлгэж өгсөн. Хөлсөндөө экстрайл маркийн машин өгнө гэж тохироод өгсөн боловч машинаа буцаагаад авсан. Иймээс О-гаас барилгын материалын үнэ 6.040.000 төгрөг, ажлын хөлс 4.500.000 төгрөг, нийтдээ 10.540.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч О шүүхэд гаргасан тайлбартаа: Ө нь Тамир хорооллын ,, тоотод граш барина гэж тохиролцсон. Ажлын хөлс 4.500.000 гэдэг нь худлаа, 1.500.000 төгрөгөөр тохиролцсон. Мөн грашийн бүх материалыг гаргасан гэдэг нь худлаа болно. Би өөрөө материалыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 08 сарын 05-ны өдөр О-тай 10х9 хэмжээтэй грашийн зориулалтай барилгыг 4.500.000 төгрөгөөр барихаар амаар тохиролцоод барьсан. Бичгээр гэрээ байгуулаагүй. Грашийн барилгыг дөрвүүлээ бариад 2017 оны 11 сарын 15-ны үед хүлээлгэж өгсөн. Би бүх материалыг өөрөөсөө гаргаж барьсан. Уг барилгыг барихад 1400 ширхэг блок, 5 см-ын банз 10 куб метр буюу 200 ширхэг банз (1 м3 20 ширхэг банз ордог, 1 м3 нь 150.000 төгрөг), 50 кг цемент 116 уут, 100 мм-н хадаас 3 хайрцаг (1 хайрцаг хадаас 10 кг жинтэй, 25.000 төгрөгийн үнэтэй), хавтгай дулаалгын 3 см-ын хөөс 8 ширхэг, гөлмөн цагаан төмөр 8 ширхэг (1 ширхэг нь 25.000 төгрөг), 6 метрийн квадрат төмөр 12 ширхэг, таазны дулаалганд хоргын чулуу 3 портер машин, 18 киллограммтай 1 ширхэг эмульс-30.000 төгрөг, хар замаск 3 уут, хаалганы нугас 15 ширхэг орсныг өөрөөсөө гаргасан. 8 ширхэгтэй төмөр гэдэг нь грашийн өндөр том хаалга хийдэг гөлмөн цагаан төмөр, кв төмөр гэдэг нь рам зангиддаг төмөр байгаа юм. Би өөрөө барилга барих гээд дээрх материалуудыг цуглуулчихсан байсан. Уг материалаараа Огийн грашийг барьсан. Грашийн барилгыг барихад О өөрөөсөө дээврийн төмөр цонхоо л гаргасан. Энэ төмөр нь миний нэхэмжилсэн төмрүүдэд ороогүй. Уг грашийн барилга нь дөрвөн машины граш байгаа юм. Би барилга барих материалын үнийг 7.000.000 төгрөгөөр тооцоод Огаас материалын үнэнд Xtrail маркийн машин авсан. Би уг машиныг унаж Батцэнгэл сум явж байгаад моторыг нь цохиулчихсан. Тэгээд машиныг хашаандаа тавиад Чулуут сум руу явчихаад ирэхэд О манай эхнэрээс түлхүүрийг аваад машинаа чирээд явчихсан байсан. Би Огаас машинаа яагаад авч явсан юм бэ? гэж асуухад “би моторыг нь сольчихоод авчирч өгнөө Ө ахаа” гэж хэлж байсан боловч авчирч өгөөгүй. Би чиний өгсөн машины мотор цохичихлоо, машинаа ав гэсэн зүйл яриагүй байхад машинаа аваад явсан байсан. Иймд би барилгын материалын үнэ 6.040.000 төгрөг, ажлын хөлс 4.500.000 төгрөг, нийт 10.540.000 төгрөгийг Огаас гаргуулахаар нэхэмжилж байна. 

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө нь хариуцагч Од холбогдуулан барилгын материалын үнэ 6.040.000 төгрөг, ажлын хөлс 4.500.000 төгрөг, нийт 10.540.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Өын 2017 оны 8 сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл Отай харилцан тохиролцож түүнд 9х10 хэмжээтэй грашийн зориулалттай барилга барьж өгсөн гэсэнтэй хариуцагч О маргадаггүй ба тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Хариуцагч О нэхэмжлэгч Өын “би өөртөө байсан барилгын материал болох блок, банз, цемент, хадаас, хөөс, төмөр, хоргын чулуу, эмульс, замаска, хаалганы нугас зэрэг материалаар грашийн зориулалттай барилгыг 4.500.000 төгрөгийн хөлсөөр барьсан” гэсэн тайлбартай “би өөрөө материалаа гаргасан. Ажлын хөлс 4.500.000 гэдэг нь худлаа, 1.500.000 төгрөгөөр тохирсон” гэж маргаж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, өөрөө нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

О “би өөрөө материалаа гаргасан, ажлын хөлсийг 1.500.000 төгрөгөөр тохирсон” гэсэн тайлбар татгалзлаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тайлбараа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

Харин Огийн захиалгаар Тамир хорооллын ,,, тоот хашаанд 9х10 хэмжээтэй грашийн барилга барихдаа ажлын хөлс 4.500.000 төгрөг авахаар Ө хэлэлцэн тохиролцсон нь гэрч Н.С-ийн  “О тай Ө уг барилгыг 4.500.000 төгрөгийн хөлсөөр барихаар тохирсон”, гэрч Н.Л, Л.Ө нарын “Ө барилгыг 4.500.000 төгрөгөөр барьж өгөхөөр тохирсон гэхээр ирж барилцсан. Энэ мөнгийг хувааж авах байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогддог ба 9х10 хэмжээтэй грашийн зориулалттай барилга барихад ажиллах хүчний зардал 4.296.308 төгрөг байна гэж дүгнэсэн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн “ажлын хөлсийг 1.500.000 төгрөгөөр тохиролцсон” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна. Уг барилгыг нэхэмжлэгч Ө өөрийн материалаар барьсан гэдэг нь гэрч Н.С-ийн “О цонх, дээврийн төмрийг гаргаж, бусад бүх материалыг манайх өөрөө барилга барихаар хашаандаа хураачихсан байсан материалаар барьсан”, гэрч Н.Л-гийн “Огийн барилгыг барьсан материалыг Ө-ын хашаанаас авсан” гэсэн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн “Би өөрөө барилга барих гээд дээрх материалуудыг цуглуулчихсан байсан. Уг материалаараа Огийн грашийг барьсан. Грашийн барилгыг барихад О өөрөөсөө дээврийн төмөр, цонхоо л гаргасан” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Мөн нэхэмжлэгч Ө хариуцагчийн гүйцэтгүүлсэн барилгыг бүрэн барьж 2017 оны 11 сарын 15-нд хүлээлгэж өгсөн гэж гэрч Н.С, Н.Л, Л.Ө нар мэдүүлдэг, энэ үйл баримтыг хариуцагч О үгүйсгэж няцаагаагүй учир зохигчийг энэ талаар маргаагүй гэж үзнэ. 

Нэхэмжлэгч Ө өөрийн материалаар ажил гүйцэтгэх гэрээнд заасан 9х10 хэмжээтэй грашийн зориулалттай барилгыг барьж гүйцэтгэн хариуцагч Од хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч нь материалын үнэ болон ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч барилга барихад зарцуулсан 6.040.000 төгрөгийн материалын үнэ нэхэмжилдэг бөгөөд тэрээр хариуцагч Огийн захиалгаар барьсан барилгыг барихад орсон барилгын материалын тухайн үеийн зах зээлийн үнэ, гүйцэтгэсэн ажилд төлөх хөлсний хэмжээний талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 

Материалын шинж байдал, чанар, хэмжээ, орон нутгийн ханш зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан барилгын материалын үнэ харилцан адилгүй байдаг тул барилгын материалын үнэлгээг гаргасан 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 135 тоот шинжээчийн дүгнэлтийг баримталж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн материалын үнийг гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар 346.1-д зааснаар

1. блок 1400ш х1700=2.380.000₮

2. 5 см-ийн банз 10м3 х 150.000=1.500.000 ₮

3. 50 кг цемент 116 х 12.000 =1.392.000₮

4. 100 м-н хадаас 3 хайрцаг х 2500 =75.000₮

5.  хөөс 8ш х 20.000 = 160.000₮

6. Төмөр 8ш х 25.000 = 200.000₮

7. 6 м-н кв төмөр 12ш х 3500 = 42.000₮

8. хоргын чулуу 3 портер х 50.000 = 150.000₮

9. эмульс 18 кг х 1 = 30.000₮

10. хар замаска 3 уут х 12.000 = 36.000₮

11. Хаалганы нугас  15ш х 5000 = 75.000₮, бүгд 6.040.000 төгрөг, ажлын хөлс 4.500.000 төгрөг нийт 10.540.000 төгрөгийг хариуцагч О гаас гаргуулж нэхэмжлэгч Ө-д олгох үндэслэлтэй байна. 

Шинжээчийн ажлын хөлсөнд шинжээч Мэргэнгүн аудит ХХК 160.000 төгрөг, Барилгын төсөвчдийн холбоо ТББ 300.000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Огаар нөхөн төлүүлэх нь зүйтэй. 

Хариуцагч О нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлэх хүсэлттэй байгаагаа шүүхэд мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар 346.1-д зааснаар хариуцагч О гаас 10.540.000 /арван сая таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн    53.1.1-д зааснаар хариуцагч О гаас 160.000 төгрөг гаргуулж “Мэргэнгүн Аудит” ХХК-ийн Хаан банкны 5135784213 тоот дансанд, 300.000 төгрөг гаргуулж Барилгын төсөвчдийн холбоо төрийн бус байгууллагын Хаан банкны 5077194273 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.590 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч О-гаас 183.590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өад олгосугай.

 

 4. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.БАЙГАЛМАА