| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0001/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 06
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Н.О,
Шүүгдэгч: Ч.Ба,
Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч-ын Бад холбогдох 1928002450162 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, тоотод оршин суудаг ба Өмнөговь аймгийн Сэврэй сум, Хоолт баг, Худаг шанд гэх газарт нутагладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Ч-ын Ба, регистрийн дугаар ..............
Шүүгдэгч Ч овогтой Ба нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймаг, Сэврэй сум, Хоолт багийн Задгай шанд гэх газарт иргэн Н.О-тай хувийн таарамжгүй харьцааны маргалдаж, цээж хэсэгт нь түлхсэний улмаас өвчүүний далд хугарал гэмтэл учирч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ба-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэртэйгээ Оынд очиход ганцаараа байсан. Тэгээд хэрэлдээд эхнэрээ явъя хоёулаа гээд гараад ява мотоцикль дээрээ очих гэтэл О нь манай эхнэрийг явуулахгүй чаддаг юм бол зодчих гээд дайраад байсан. Тэгээд О манай эхнэртэй зодолдоод үсдэлцээд манай эхнэрийг цохиж аваад хүрзний иш авч ирээд толгой дундуур нь цохьсон. Нэг нэгнийхээ үснээс зулгаагаад байхаар нь та хоёр больчих гээд болиулсан. Тэгээд гэрт ороход манай эхнэрийн араас үснээс нь зулгаасан. Би тавьчих гэж их гуйсан. Бүр болохгүй болохоор нь үснээс нь салгасан. Боль гэж чанга хашхирахад өөдөөс цохиод авахаар нь далайсан чинь больсон. Тэгээд энэ хүнээс уучлалт гуйгаад явсан. О-ын хүүхдүүд, ах, дүү нар нь ирсэн. Энэ явдлаас хойш 14 хоногийн дараа О ирж гэмтэл учирсан байна гэж хэлж шүүх эмнэлгийн дүгнэлт тогтоолгосон байсан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Намайг байж байхад энэ хоёр ирээд өвөлжөөний хажуугаар малаа хариуллаа гэж хэлсэн. Би хүүхэд эзгүй байна, манай хүргэн аваад явчихсан, би хүүхдээ ирэхээр явуулна гэж хэлсэн. Тэгээд бид гурвын дунд хэрүүл маргаан үүсээд тэрнээс болж зодоон болсон. Ба боль муу пизда минь гээд босч ирээд толгой руу хоёр цохьсон. Тэгээд би эхнэрийнх нь үснээс гараа авсан. Бие өвдөөд байсан. Хоёр, гурав хоногийн дараа бүр их өвдсөн. Би ханиалгаж, инээж, найтаалгаж, унтаж чадахгүй байсан. /уйлав/ Тэгээд аймагт ирж үзүүлэхэд өвчүү далд хугаралтай болсон байна гэж хэлсэн. Би хохирлоо барагдуулмаар байна. Би зүгээр байсан бол өвлийн хүйтэнд нааш цааш дахин дахин явахгүй байсан. Толгой, өвчүү өвдөөд би хүнд ажил хийж чадахгүй байгаа. Би цаашдаа эмчлүүлэх шаардлагатай байна. Би хүн худлаа гүжирдэхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр намайг хөдөө гэртээ ганцаараа байж байхад 17 цагийн орчимд манай гэрт манай саахалт айлын эхнэр, нөхөр Мө, Ба нар ирсэн. Мө малаа манай өвөлжөөгөөр бэлчээж өвөлжөөний өвс идүүллээ гэж уурласан. Би хариуд нь дэлхий гурван удаа дэлэгнэдэг юм болохгүй байгаа бол манай өвөлжөөн дээр бууж манайхтай айл буухгүй юу гэж хэлсэн. Тэгтэл Мө их уурлаад гичий, пизда минь малаа дахиж манай өвөлжөөний бэлчээрээр явуулахгүй шүү гэж харааж загнасан. Би хариуд нь хүүхэд эзгүй байгаа ирэхээр нь малаа авахуулна гэж хэлэхэд миний үгийг сонсохгүй намайг загнаад байсан. Тэгээд хэрүүл маргаан үүссэн. Би Мө-тай хэрэлдэж байхдаа гэр зуурын ажлаа хийгээд гэрээс орж гараад ажил хийгээд байсан. Намайг гэрээс гараад байж байхад Ба, эгч хэрэв танай өвөлжөөн дээр айл буугаад өвөлжөөний чинь өвсийг малдаа идүүлээд байвал хэцүү биз дээ гэж хэлэхэд нь би хариуд нь чамд ямар алаад идчих өнчин ишиг байх биш чи муу юугаа мэддэг юм гэж хэлээд гэр лүүгээ орсон. Араас Ба орж ирээд Мө-ыг явъя гэж хэлээд Ба гэрээс түрүүлээд гарсан. Дараа нь Мө бид хоёр хэрэлдээд гэрээс гарсан. Гадаа гараад байж байхад Мө явахгүй намайг загнаад байхлаар нь би чи тэгээд намайг зодчихгүй юу гээд хэлсэн чинь Мө газраас унины хугархай мод аваад миний зүүн гар луу 1 удаа цохьсон. Миний уур хүрээд би газраас урт мод аваад Мө-ын зүүн талын гар луу нь 1 удаа цохиход Ба ирээд миний барьж байсан модыг булааж аваад хаясан. Тэгэхлээр нь хүрзний иш мод аваад Мөын толгой руу нь 1 удаа цохиход Ба ирээд миний модыг булааж аваад холдуулж хаясан. Мө уурлаад миний үснээс зулгаагаад авсан би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэр үед Ба ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд Мө бид хоёр хэрэлдээд гэр лүү буцаад орцгоосон. Гэрт ороод Мө бид хоёр үргэлжлүүлээд хэрэлдсэн. Араас гэрт Ба орж ирсэн. Мө тэр үед миний нуруу руу гараараа 1 удаа цохьчихоод явах гэхлээр нь би араас нь очоод Мөын үснээс нь зулгааж аваад дараад суулгасан. Тэгтэл Ба ирээд эгч болиоч ээ гэж надад хэлээд миний гарыг Мөын үснээс тавиулах гэж оролдоод миний гарыг Мөын үснээс салгаж авч чадаагүй. Би Мөын үснээс 2 гараараа лав атгаад базсан байсан. Тэгтэл Ба их уурлаад болиоч пизда минь гээд эхлээд миний толгой руу хоёр удаа гараараа цохиод далайж байгаад миний цээж рүү их хүчтэй 1 удаа гараараа цохиж авсан. Миний толгой цээж их өвдөөд аргагүйн эрхэнд би Мөын үснээс гараа авч холдсон. Тэгээд хэрүүл маргаан намжсан. Мө, Ба хоёр надаас болсон зүйлийн талаар уучлалт гуйсан. Би хариуд нь юм хэлээгүй ядарсан эмэгтэй хүнийг хоёулаа ирж дээрэлхэж зодсонд нь их гомдоод дуугараагүй. Удалгүй манай хүү Жуулаа гэртээ ирсэн. Мөн гаднаас Баянмөнх, Цэцэг нар манай гэрт ирсэн. Ба, Мө нар манай гэрт сууж байгаад гэр лүүгээ явцгаасан. Тухайн үед миний цээжээр бага зэргийн хөндүүртэй байсан. 2019 оны 09-р сарын 24-ний өдрөөс миний цээжээр их өвдөөд эхэлсэн. Тухайн үед зунжаанаасаа өвөлжөөндөө нүүж буух ажилтай байсан. Мөн ар гэртээ бүл хүчгүй цаг агаар муудах мэдээтэй байсан болохоор эмнэлгийн байгууллагад шуурхай хандаж чадаагүй. Тухайн үед би өвчүүгээ хугарсан гэж бодоогүй өвдөж хөндүүрлэж байгаад зүгээр болох байх гэж бодсон. Гэтэл сүүлдээ инээх эсвэл найтаахлаар цээжээр хатгаад шөнө орой унтахад цээжээр хатгуулж өвдөөд байсан болохоор аргагүйн эрхэнд 2019 оны 10-р сарын 06-ны өдөр Даланзадгад суманд ирээд, ирсэн өдрөө эмнэлэгт биеэ үзүүлж рентгенд харуулахад миний өвчүү хугарсан байсан. Тэгээд эмчилгээ хийлгэсэн. Намайг гэртээ байж байхад Мө, Ба нар ирж хэрүүл хийж Ба ээж шигээ хүнийг зодож гэмтээсэнд гомдож өргөдөл гомдол гаргасан. Би Мөын гар луу нь 1 удаа толгой руу нь мөн 1 удаа модоор цохьсон. Гэхдээ би хүнд гэмтэл учруулахаар чанга цохиогүй. Айсандаа сүрдүүлж Мө Ба нарыг гэрээсээ хөөх санаатай модоор цохьсон юм. Би Мөын биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Баг би цохиогүй. Ба та намайг цохио биз дээ гэж худлаа хэлж байсан. Ба миний толгой руу гараараа 2 удаа мөн цээж рүү 1 удаа цохиж Мөын үснээс тавиулж холдуулсан. Би Багээс айгаад дахиж хэрүүл маргаан хийж чадаагүй. Тэгээд хэрүүл маргаан намжсан. Би Баг зөрүүлээд цохивол намайг зодно биз дээ. Би Бад гар хүрээгүй. 1-6 хүртэл дугаарласан баримтууд нь би аймгийн төвд ирж эмнэлгийн байгууллагад хандсан мөн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх гэж ирэхдээ машиндаа хийсэн шатахууны зардал байгаа юм. Мөн үүнээс гадна би 2019 оны 10 дугаар 20-нд эмнэлэгт биеэ үзүүлэх, цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөх ажлаар ирэхдээ хөлсөлж ирсэн машиныхаа жолоочид 1 ямаа өгсөн юм. Машинаар буцахад 96001 төгрөгийн АИ-92 бензинийг машинд нь хийж өгөөд явуулсан. Мөн 5500 төгрөгийн масло авч өгсөн юм. Энэ баримтыг өгсөн байгаа. 2019 оны 10-р сарын 06-ны өдөр эмнэлгийн байгууллагад хандаж эмнэлэгт биеэ үзүүлээд Цомбоговь эмийн сангаас 113.850 төгрөгийн эм авсан. Уг баримтыг 8 гэсэн дугаараар тэмдэглэсэн байгаа. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Даланзадгад суманд ирж эмнэлэгт биеэ үзүүлэхдээ Цомбоговь эмийн сангаас өвчин намдаах эм авсан баримтыг 7 гэсэн дугаараар тэмдэглэж өгсөн байгаа. Бусад зардлын баримтууд тухайн үед алга болсон. Би эм тарианд их мөнгө зарцуулсан мөнгөн дүнг нь хэлж мэдэхгүй байна. Би өөрийн нутагтаа малаа маллан амьдарч байгаад өөр багаас ирж суурьшсан газар нутгийг өөрийн мэдлийн мэт ойлгож бусад малчдадаа халгаатай байж намайг гэртээ байхад манай гэрт ирж хэрүүл маргаан хийн намайг зодож миний өвчүүг хугалсан Бад би их гомдолтой байна. Би Багээс өнгөрсөн хугацаанд хийгдсэн эмчилгээний зардал, замын зардлаас гадна одоо ч гэсэн миний толгой тархи өвдөж цээжээр хатгаж өвдөөд байгаа тул Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх, шинжилгээ өгөх бодолтой байгаа. Иймд эмчилгээ, шинжилгээнд гарах зардал замын зардал гээд нийт 5.500.000 төгрөгийг Багээс гаргуулж авахаар нэхэмжилж байна. /хх-ийн 11-13-р хуудас/
Гэрч Г.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Одоо миний санаж байгаагаар 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байсан санагдаж байна малын бэлчээрийн талаар ярих гэж 17 цагийн орчимд би өөрийн нөхөр Багийн хамт О эгчийн гэрт очсон. Тухайн үед О эгч гэртээ ганцаараа байсан. Би О эгчтэй мэндлэхэд надтай ая муутай мэндэлж миний уурыг хүргэсэн. Би өмнө нь О эгчид малаа манай өвөлжөөний орчмоор уул руу битгий бэлчээгээрэй өвөл манай мал хоолгүй болно гэж олон удаа гуйсан байсан. Тэгтэл О эгч миний үгийг тоолгүй манай өвөлжөөний ойролцоо ирж зусаад малаа манай өвөлжөөний малын бэлчээрээр явуулж малын өвс идүүлээд болохгүй байхлаар нь хэлэх гэж очсон. Тэгээд О эгчид ирсэн зорилгоо хэлж танай мал чинь манай өвөлжөөний малын хоолыг идээд барлаа гэж хэлэхэд дэлхий гурван удаа дэлэгнэдэг юм чи манай өвөлжөөн дээр очоод буучих гэж хэлээд бид хоёрын хэрүүл үүссэн. Тэгтэл О эгч надтай хэрэлдэж байснаа чи намайг тэгээд зодчих чи зодчих чи гээд над руу давшлаад байхлаар нь би эхлээд зүүн гарын мөр орчим хэсэгт нь нэг удаа гараараа цохьсон. О эгч зөрүүлээд урт мод барьж аваад миний гаранд 2 удаа цохьсон. Тэр үед нь манай нөхөр Ба ирээд модыг нь булааж авсан. Тэгтэл О эгч дахиж нэг мод барьж аваад миний толгой дээр нэг удаа цохьсон. Тэгээд О эгч бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаацалдаад зууралдсан. Тэр үед нь Ба ирээд О эгчийн цээж рүү нь түлхэж О эгчийг надаас салгаж холдуулсан. Тэгтэл О эгч уурлаж ирээд Баг гараараа нэг удаа цохьсон. Тэгээд хэрүүл зодооноо больж би болсон зүйлийн талаар О эгчээс уучлалт гуйгаад би нөхөр Багийн хамт гэр лүүгээ явсан өөр зүйл болоогүй. Сүүлд нь хэрүүл маргаан дууссаны дараа нөхөр бид хоёрыг О эгчийнхээс явах гэж байхад Ц эгч Ба ах, Ж нар ирсэн. Өөр зүйл болоогүй. Хэрүүл маргааны үед О эгч миний үснээс зулгаасан. Мөн миний гар болон толгойг цохьсон. Гэхдээ надад болон манай нөхөр Бад ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байгаагүй. О эгч бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаасан байхад Ба О эгчийн цээж рүү нь түлхэж надаас салгаснаас өөр ямар нэгэн байдлаар Ба О эгчийн биед халдаагүй цохиогүй. Нэг нутгийн айлууд гээд энгийн харилцаатай байдаг байсан. Урьд өмнө нь хэрэлдэж муудалцаж байсан зүйл байхгүй. /хх-ийн 16-17-р хуудас/
Гэрч О.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр малаа хариулж яваад орой нь 19 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрт Ба, Мө гэх 2 хүн ирсэн байсан. Миний ойлгосноор бол малын бэлчээрийн асуудлаас болж Ба, Мө 2 манай ээж О-тай ярилцах гэж ирээд хэрүүл маргаан зодоон хийсэн байсан. Намайг гэрт ирэхэд хэрүүл маргаан зодоон нь дуусчихсан Мө эгч манай ээжээс болсон зүйлийн талаар уучлалт гуйж байсан. Тэгээд удалгүй Мө Ба нар гэр лүүгээ явцгаасан. Яг хэрүүл маргаан болсон өдөр нь манай ээж О-ад ямар нэгэн гэмтэл учирсан эсэх нь надад ажиглагдаагүй. Манай ээж надад ямар нэгэн юм хэлээгүй. 2019 оны 09-р сарын 24-ний өдрөөс манай ээж ханиалгаж найтаалгахад миний цээж рүү өвдөөд байна гэж надад хэлсэн. Манай ээж хатуу чанга биетэй тэвчээртэй хүн байдаг. Хөдөө би ээжтэйгээ хоёулаа хамт малаа маллаад амьдардаг, машин унаагүй тул тэр дороо эмнэлэгт хандаж чадаагүй. Ээж намайг гэрт ганцааранг минь орхиж явах дургүй байдаг юм. Сүүлдээ бие нь бүр их өвдөөд байсан болохоор ээж аргагүйн эрхэнд Даланзадгад сум руу явж өөрийн биеэ үзүүлэхэд өвчүү нь хугарсан байна гэж хэлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ээжийг гэртээ ганцаараа байхад нь Мө, Ба нар малын бэлчээрийн асуудал ярих гэж манай гэрт ирээд ээжтэй хэрэлдээд Ба манай ээжийн толгой руу нь 2 удаа, цээж рүү нь 1 удаа гараараа цохьсон гэсэн. Ба манай ээжийн цээж рүү нь цохьсоны улмаас ээжийн өвчүү хугарсан. Ээж урьд өмнө нь цээжиндээ болон өвчүүндээ ямар нэгэн гэмтэл авч байгаагүй. /хх-ийн 23-24-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №591 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Н.О-ын биед өвчүүний далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй. /эмнэлгийн бичиг баримт хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш 14 хоногийн дараа/. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 30-р хуудас/
Шинжээч эмч С.Шү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Э.Ба ирүүлсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Н.О гэх хүний эмнэлгийн бичиг баримттай танилцахад өвчүүний хугарал гэмтэлтэй гэсэн байсан. О гэх хүн өөрийн биеэр ирж үзүүлээгүй. Ясны хугарал гэмтэл нь өвдөх зовиур ихтэй байх ба онолын хувьд эдгэрлийн хугацааг 28 хоногоос дээш гэж үздэг. Тэгэхлээр ойролцоогоор 1 сарын хугацаанд зовиуртай байна гэсэн үг. Өвчүү нь мөчдийг бодвол харьцангуй хөдөлгөөнд бага оролцдог. Мөн хэмт яс учир цусан хангамж сайтай эдгэрэлтийн хугацаа арай богино байдаг. Тухайн хүн гэмтлээс хойш 20 гаруй хоногийн дараа эмнэлгийн бичиг баримтыг хүлээн авч дүгнэлт гаргасан ба уг хүн нь эмнэлэгт гэмтсэн даруйд хандаагүй 14 хоногийн дараа үзүүлсэн байдаг. /хх-ийн 25-26-р хуудас/
Шинжээч эмч С.Шү мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Өвчүүний хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь яг ямар үйлдлийн үр дүнд үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. Тухайн хүн эмнэлэгт хэзээ хандаж эмчлүүлэх нь хувь хүний асуудал гэж бодож байна. Өвчүүний хугарал нь зөрүү ихтэй бол хадах мэс заслын эмчилгээ хийгддэг ба зөрүүгүй тохиолдолд өөрөө аяндаа бороолж эдгэрдэг гэмтэл юм. Ясны хугарлыг ясан бороо үүссэнээр эдгэрсэн гэж үздэг ба онолын хувьд энэ нь 1 сар орчим хугацаа юм. О-ын эмнэлгийн бичиг баримтад /рентген/ өвчүүний хугарал гэсэн байсан. Хэрвээ бороо үүсч эдгэрсэн байвал хуучин гэмтэл гэж үзнэ. Тиймээс бороо үүсээгүй учраас шинэ гэмтэл гэж үзнэ. Н.О гэмтсэнээс хойш 50 гаруй хоног өнгөрсөн ба одоо өвчүүний хугарал нь бороолж бүрэн эдгэрсэн байгаа. Компьютерт томографын шинжилгээ нь рентген шинжилгээний нэг төрөл бөгөөд зураг авхуулснаар хугацааг нарийн тогтоохгүй. /Бороо үүссэн байна./ /хх-ийн 27-28-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №596 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Г.Мө-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 32-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №597 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ч.Ба-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 34-р хуудас/
Шүүгдэгч Ч.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Манай өвөлжөө Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт 2-р багийн нутаг Худаг шанд гэх газар байдаг юм. 2019 оны 09-р сарын 22-ны өдөр манайх зунжаанаасаа өвөлжөөн дээрээ ирж буухад манай өвөлжөөний малын бэлчээрээр О эгчийн мал бэлчиж байсан. Манайх өөрсдөө өвөлжөөнийхөө өвсийг хайрлаж өвөл малдаа идүүлэхээр зундаа уулнаас гарч буун малаа тал руу бэлчээж байхад өөр айлын мал өвөлжөөний өвсийг идээд байгаад Эхнэр бид хоёр уурласан. Ер нь бол өмнө нь малаа манай өвөлжөөнөөс хол явуулаарай гэж утсаар О эгчид хэлж байсан. Бид нарын үгийг сонсоогүй малаа манай өвөлжөөгөөр явуулж өвөлжөөний өвсийг малдаа идүүлсэнд эхнэр бид хоёр уурлаад 2019 оны 09-р сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд би эхнэр Мө-ын хамт хоёулаа О эгчтэй уулзахаар Задгай шанд гэх газарт байх О эгчийн гэрт нь очсон юм. Тухайн үед О эгч гэртээ ганцаараа байсан. Манай эхнэр уурлаад манай өвөлжөөнөөс малаа ав адилхан малчин хүмүүс байж нэгнийхээ өвөлжөөний өвсийг эзгүйд нь малдаа идүүлээд байхдаа яадаг юм гэж хэлэхэд О хариуд нь дэлхий 3 дэлэгнэдэг юм манайхтай айл буугаад өвөлжөөд манай өвөлжөөний өвсийг хуваагаад идэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд Мө, О эгч 2 хоорондоо хэрүүл маргаан хийж эхэлсэн. О эгч гэр зуурын ажлаа хийгээд орж гараад байсан. Би гадаа гарч О эгчид танай өвөлжөөн дээр чинь айл буучихаад өвөлжөөний чинь өвсийг идээд байвал та яах юм бэ хэцүү биз дээ гэж хэлсэн. Тэгтэл О эгч чи муу өнчин ишиг ч үгүй байж юу яриад байгаа юм гэж намайг загначихаад гэр лүүгээ орсон. Би О эгчийн гэр лүү орж Мөд явъя гэж хэлчихээд би түрүүлээд гарсан. Араас Мө, О эгч хоёр хэрэлдээд гараад ирсэн. Тэгтэл О эгч Мөд чи тэгээд намайг зодчих зодчих гээд хэлээд байсан. Мө уурандаа О эгчийн зүүн гар луу нь гараараа 1 удаа цохиж авсан. Тэгтэл О эгч уурлаад газраас урт мод барьж аваад Мө-ын гар луу нь 1 удаа цохиж авсан. Би очиж О эгчийн барьсан байсан модыг нь булааж аваад холдуулж хаясан. Тэгтэл О эгч эргэж яваад хүрзний модон иш барьж ирээд Мө-ын толгой руу нь 1 удаа цохьсон. Би дахиж очоод О эгчийн гартаа барьсан модыг нь булааж аваад хаясан. Тэгтэл Мө, О эгч хоёр хэрэлдээд нэг нэгнийхээ үснээс зулгаахад нь би мөн салгасан. Тэгээд О эгч Мө хоёр хэрэлдээд гэр лүү орцгоосон. Би араас нь гэр лүү орсон. Гэрт Мө, О эгч хоёр хэрэлдээд байсан. Би Мө-ыг явъя гээд Мө бид хоёр гэрээс гарах гэж байтал О эгч араас ирээд Мө-ын үснээс нь хоёр гараараа зулгаагаад арагш нь дарж суулгасан. Би О эгчийг гараа тавьчих гэж их гуйсан боловч О эгч их уурласан байсан болохоор миний үгэнд ороогүй гараа тавиагүй. Би гарыг нь тавиулах гэж үзсэн боловч О эгч хоёр гараараа Мөын үснээс лав базсан байсан болохоор би гарыг нь тавиулах гэж оролдоод дийлээгүй. Тэгээд миний уур хүрээд та гараа тавьчихаач гэж хашхираад О эгчийн цээж рүү нь 1 удаа түлхсэн. Тэгтэл О эгч гараа тавиад хойшоо болсон. О эгч эргэж ирээд уурлаад намайг 1 удаа цохиж авч байсан. Тэр цохилт нь надад өвдөлт гэмтэл өгөхөөр цохилт байгаагүй. Тэгээд хэрүүл намжиж гэрт нь ирж хэрүүл маргаан хийсэнд Мө бид хоёр О эгчээс уучлалт гуйсан. Хэрүүл маргаан дууссаны дараа гэрт гаднаас О эгчийн хүүхэд Жуулаа, Баянмөнх, Цэцэг эгч нар ирсэн. Удалгүй Мө бид хоёр гэр лүүгээ явсан. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр О эгчтэй уулзахад О эгч ямар нэгэн гэмтэл авсан тухай надад хэлээгүй. Харагдах байдлаар О эгчийн бие нь өвдөж зовуурилсан шинжгүй малаа ялгаж байсан. О эгч манай эхнэр Мөын үснээс 2 гараараа базаад тавихгүй болохоор нь миний уур хүрч тавиач гэж хашхираад О эгчийн цээж рүү нэг удаа гараараа өөрөөсөө гарах хүчээр түлхсэн. Би гараа зангидаж базаагүй ямар нэгэн эд зүйлийг гартаа бариагүй байсан. /хх-ийн 37-38-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 54-55-р хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 58, 73-74, 80-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-44, 46-51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ба нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймаг, Сэврэй сум, Хоолт багийн Задгай шанд гэх газарт иргэн Н.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээж хэсэгт нь гараараа түлхсэний улмаас өвчүүний далд хугарал гэмтэл учирч хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч Ч.Ба-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь: ...Тэгээд миний уур хүрээд та гараа тавьчихаач гэж хашхираад О эгчийн цээж рүү нь 1 удаа түлхсэн...гэх яллагдагчийн мэдүүлэг, яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч Г.Мө-ын...О эгч бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаацалдаад зууралдсан. Тэр үед нь Ба ирээд О эгчийн цээж рүү нь түлхэж О эгчийг надаас салгаж холдуулсан...гэх мэдүүлгээр тус тус нотлогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогч Н.О-ын эрүүл мэндэд өвчүүний далд хугарал гэмтэл учирч энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Ч.Ба-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “миний үйлдлийн улмаас хохирогчийн биед өвчүүний далд хугарал учирсан гэхэд эргэлзээд байдаг юм.” гэх мэдүүлэг өгсөн ба шинжээч эмч С.Шг: “Өвчүүний хугарал нь зөрүү ихтэй бол хадах мэс заслын эмчилгээ хийгддэг ба зөрүүгүй тохиолдолд өөрөө аяндаа бороолж эдгэрдэг гэмтэл юм. Ясны хугарлыг ясан бороо үүссэнээр эдгэрсэн гэж үздэг ба онолын хувьд энэ нь 1 сар орчим хугацаа юм. О-ын эмнэлгийн бичиг баримтад /рентген/ өвчүүний хугарал гэсэн байсан. Хэрвээ бороо үүсч эдгэрсэн байвал хуучин гэмтэл гэж үзнэ. Тиймээс бороо үүсээгүй учраас шинэ гэмтэл гэж үзнэ.” гэсэн мэдүүлгээр хохирогч Н.О-ын өвчүүний далд хугарал гэмтэл нь шинэ болох нь тогтоогдож, шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 5.500.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Багээс нэхэмжилсэн ба тэрээр Цомбоговь эмнэлгээс эм авсан 115.050 төгрөг, шатахууны зардал 188.081 төгрөг, нийт 303.131 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байх бөгөөд үүнээс 125.950 төгрөгийг шүүгдэгч Ч.Ба нь хохирогч Н.О-ад түүний хувийн дансаар шилжүүлэн өгсөн болох нь банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул үлдэгдэл 177.200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэж, хохирогчийн илүү нэхэмжилсэн 5.196.869 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ч.Ба-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулсны дараа шүүгдэгч завсарлага авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Оад 177.200 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд өгсөн тул шүүгдэгч Ч.Баг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцож шийдвэрлэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Би цаашдаа эмчлүүлэх шаардлагатай байна” гэж мэдүүлж байх тул хохирогч Н.О нь “өвчүүний далд хугарал” гэмтэлтэйгээ холбогдуулан эмчилгээ сувилгаа хийлгэсэн тохиолдолд гарсан зардлаа гэм буруутай этгээд болох Ч.Ба-гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Ба-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Ба-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах ялыг 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр хуульчилсан ба
Улсын яллагч: Шүүгдэгч Ч.Ба-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бад шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овгийн Ч-ын Ба-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ба-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Ба нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 303.200 төгрөг төлсөн, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Н.О нь цаашид өвчүүний далд хугарал гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогчийн илүү нэхэмжилсэн 5.196.869 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА