Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2024/0333

 

 

 

 

 

 

 

 

 

   “МС” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А

Нэхэмжлэгч: “МС” НҮТББ

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга

Хариуцагч: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн “МС” НҮТББ-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “МС” НҮТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, өмгөөлөгч А.Б,

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 125/2023/0037/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “МС” НҮТББ нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн “МС” НҮТББ-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “МС” НҮТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Ховд аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч МС НҮТББ-ын ”Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн МС НҮТББ-ын   холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...шийдвэрлэсэн байна. 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамжаар манай төрийн бус байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тухайн ойн бүсэд газар эзэмшигч бусад иргэдийн Газрын хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хоморголон манай ТББ-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж үзэж байна. Учир нь тус бүсэд газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд газрын тухай хуульд заасан төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй байдал нь манай ТББ-ын газар эзэмших эрхэд хамааралгүй юм.

 

3.2. Манай ТББ нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу тус хурлын 2019 оны 10 дугаар хуралдааны 10/06 тоот тогтоолын 5 дугаар хавсралтаар “Би хайртай” хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулахад шаардагдах 50 сая төгрөгийг шийдвэрлэж, 2020 онд уг ажлын гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалт явагдаж, “УА” ХХК шалгарч аймгийн Засаг даргын орлогч Т.Жтай гэрээ байгуулан “Би хайртай” хүүхэд залуучуудын цогцолбор байгуулах ажил эхэлсэн. Гэрээний дагуу “УА” ХХК хүүхэд залуучууд, ээжүүд цагаа зөв боловсон өнгөрөөх сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай байгуулж, хүүхдийн тоглоомууд суурилуулсан, хашаагаа тойруулаад мод тарьсан, мөн өвлийн цагт ч гэсэн ажиллах тул дулаан орчинд цагаа өнгөрөөхөд зориулж амралтын байр барьж одоо дуусах шатандаа явж байгаа. Энэ талаар шүүх болон хариуцагч нарын төлөөлөгч тус газар дээр нь очиж танилцан тэмдэглэл үйлдсэн байдаг. Мөн хяналт шалгалтын ажлын хэсэг манай үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтдээ зориулалтын дагуу ашиглаж байгаа гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл Жаргалант сумын Засаг дарга нь үндэслэлгүй захирамж гарган манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд ингэхдээ манай нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар гаргахдаа 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй, гэрээгээ дүгнүүлээгүй гэж тайлбарладаг.

 

3.3. Манай төрийн бус байгууллага нь газрын албанаас үүсгэсэн нэхэмжлэлийн дагуу, нэхэмжлэлд заасан мөнгөн дүнгээр газрын төлбөрөө хугацаанд нь төлж байсан. Ховд аймгийн Татварын хэлтсээс энэ талаар албан бичиг ирүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Харин 2023 оны газрын төлбөр 85115 төгрөгийг төлөөгүй байсан ба 2023 он дуусаагүй, газрын төлбөр төлөх хугацаа болоогүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм.

 

3.4. Шүүхээс шийдвэр гаргахдаа 2021, 2022 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж шийдвэрлэсэн ба манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамж гарахаас өмнө 2021, 2022 оны газрын төлбөрөө төлчихсөн байсан, 2023 оны газрын төлбөр 85,115 төгрөгийг төлөх хугацаа болоогүй, 2023 он дуусаагүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь зөв гэж үзсэн шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”, 4-д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж заасан ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны “хугацаанд нь бүрэн төлнө” гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан үндэслэл, журам хугацааны дотор 2021, 2022 оны төлбөрөө бүрэн төлчихсөн, 2023 оны төлбөр төлөх хугацаа болоогүй байхад 2023 оны улирал бүрийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

Шүүх энэ талаар дүгнэлт хийж шийдвэр гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлсэн, нөхцөл байдалд нийцээгүй шийдвэр гаргасан тул Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 125/ШШ2024/0009 дугаартай шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

 

2.1. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “МС” НҮТББ-д анх Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018  оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/278 дугаар захирамжаар тус сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр ойн бүсэд Ану хатан 3 дугаар гудамжны 303 “а” тоот хаягт байрлах 4389 га газрыг амралт, спортын цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

 

2.2. Харин маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон хавсралтад нэр дурдсан Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшигч 36 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “МС” НҮТББ-ын 4389 м.кв талбай бүхий газар багтсан байна.

 

2.3. Мөн Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 13/05 дугаар тогтоолоор Цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн бус нийтийн эдэлбэр газрын төлөвлөлтийг 1 дүгээр хавсралтаар баталж, үүнд Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсийн 32.6 га газрыг хамруулж, мөн өдрийн Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай 13/15 дугаар тогтоолоор Ховд хотыг 2023 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн цэцэрлэгт хүрээлэнг Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд 32.6 га газарт хавсралтад заасан байршилд байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү байршилд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий дээрх газар багтжээ.

 

2.4 Нэхэмжлэгчээс дээрх актуудыг эс зөвшөөрч шүүхэд хандан “...Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж гаргахаасаа өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагааг хууль журмын дагуу хийгээгүй, ... 2018 онд газар эзэмших эрхтэй болсноос хойш манай зүгээс зориулалтын бусаар ашигласан, газрын төлбөр хураамжаа төлөөгүй, бусад хууль зөрчсөн нэг ч үйлдэл хийж байгаагүй байхад эрхийг хүчингүй болгосон, ... мөн газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгосон сумын Засаг даргын захирамжтай шүүхээр маргаж байхад Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарган эзэмшлийн газрыг өөрийн эрх мэдэл, сүр хүчээр далайлган хууль бусаар булаан авч нийтийн эзэмшил болгож байгаа нь үндэслэлгүй” гэж,

Хариуцагч Жаргалант сумын Засаг даргаас “...нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд энэ газрын төлбөрийг маргаан бүхий захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй, ...мөн эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд тусгайлан заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж,

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны газрын төлбөр төлөөгүй, 2020, 2021 онуудын газрын төлбөрийн хугацаанд нь бүрэн төлөөгүй, ... гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ тайлагнаагүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

2.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж,

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”,10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ”, мөн зүйлийн 4-д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж тус тус заасан.

 

2.6. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан, хэрэглэж “...нэхэмжлэгчийг 2021, 2022 оны газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй байх бөгөөд 2023 оны газрын төлбөрийн тухайд он дуусахаас өмнө төлөх боломжтой гэж тайлбарласан ч газрын кадастрын мэдээллийн сангийн системд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл үүсгэсэн байх тул улирлаар төлбөрөө төлөх боломжтой байсан, ...нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2 үндэслэлээс газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэл нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна” хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн байна.

 

2.7. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын маргаан бүхий захирамжийн үндэслэлд дурдагдсан тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02-32-04/102/19 дүгээр дүгнэлтэд ““МС” НҮТББ нь өөрийн эзэмшлийн 4389 м.кв 8414007599 нэгж талбарын дугаартай эзэмшлийн газрын хашаа хамгаалалтыг сайжруулж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1 дэх заалтуудыг хангаж байна” гэж дүгнэсэн, мөн нэхэмжлэгч “МС” НҮТББ нь 2020, 2021, 2022 оны газрын төлбөрийг төлсөн, 2023 онд газрын төлбөр төлөөгүй болох нь Ховд аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 264 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байхад нэхэмжлэгчийг эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлж, тайлагнаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй болжээ.

 

2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарахаас өмнө 2021, 2022 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн төдийгүй Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ гэж заасны дагуу 2023 он дуусаагүй, газрын төлбөрийн жилийн тайлан гарч, эцсийн тооцоо хийгдээгүй байхад 2023 оны төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

 

2.9. Энэ тохиолдолд хэрэгт авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №08401-2018/00204 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 4.6-д Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн төлбөрийг алдангийн хамт төлөх боломж олголгүй, зориулалтын дагуу хөрөнгө, хүч хөдөлмөрөө зарцуулж зохих журмаар эзэмшиж байсан газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон нь дээрх хууль болон Газрын тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдож байх тул сумын Засаг даргын маргаан бүхий захирамжийн “МС” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

2.10. Мөн хариуцагч аймгийн Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Жаргалант сумын Засаг даргын захирамжаар иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрыг чөлөөлсөнтэй холбоотой маргаан шүүхээр явж байгааг мэдэж байсан нь Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаагаас үзвэл шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад маргаан бүхий 13/05, 13/15 дугаар тогтоолоор бусдын эзэмшил ашиглалтад байхгүй нийтийн эдэлбэр газар гэж, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж, байршлыг тогтоосон нь үндэслэлгүй болжээ.

 

2.11. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий Жаргалант сумын Засаг даргын дээрх захирамж хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн болох нь тогтоогдсон тул тухайн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий Хурлын 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгч “МС” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх  нь зүйтэй.

 

2.12. Нөгөөтэйгүүр хариуцагч захиргааны байгууллагаас Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар хуралдааны 10/06 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар шийдвэрлэсэн, энэхүү төслийг 50,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тендер зарлаж, улмаар тендерт шалгарсан “УА” ХХК-тай гэрээ байгуулж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн атлаа дахин цэцэрлэгт хүрээлэн байгуулах зориулалтаар маргаан бүхий актуудыг гаргаж, өмнөх шийдвэр болон хийж гүйцэтгэсэн ажлаа үгүйсгэж байгааг зөвтгөх боломжгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “МС” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн “МС” НҮТББ-д холбогдох хэсэг, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА