Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 116/ШШ2021/0011

 

   

             Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

             Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ...-р багт оршин суух, Д.Гын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан,

        Нэхэмжлэлийн шаардлага: ...Хэрлэн сумын 11-р баг, Содномдаржаа-1, 109 тоотод байрлах, Худалдаа үйлчилгээний зориулалттай 2000 м2 талбай бүхий газрын зориулалтыг Хэрлэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүйгээр орон сууц, үйлчилгээний зориулалттай болгон өөрчлүүлж өгөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Д.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 02-р сарын 19-ний өдөр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.М-д хандан Хэрлэн сумын 11-р багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалт бүхий өөрийн эзэмшлийн 2000 м2 газрын зориулалтыг орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Улмаар хүсэлт Хэрлэн сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдан сумаас аймгийн Засаг дарга, хот зохион байгуулалтын газарт зөвшөөрөгдөн очсон. 2020 оны 04-р сарын 6-нд аймгийн Ерөнхий архитектор тухайн газар дээр төлөвлөлтийн зураг хийлгээд ир гэж намайг явуулсан. Ингээд төлөвлөлтийн зураг хийлгэхээр Улаанбаатар хот руу мэргэжлийн компанид хандсан. Төлөвлөлтийн зураг бэлэн болоод газрын албан дээр очиход ерөнхий архитектор шаардлага хангахгүй байна, мод бут сөөг, машины зогсоол төлөвлөөд эх хувиар нь авчраарай гэж буцаасан. Тэр үед цар тахал гарч хорио цээрийн дэглэмд байсаар 7-р сартай золгож дахин зураг хийлгэж ГХБХБГазар дээр очсон. Тэр үед ерөнхий архитектор Ц ээлжийн амралтаа авсан байсан ба Хэрлэн сумын газрын даамал Болормаад энэ зургийг өгчихээрэй гэж хэлээд үлдээсэн. Дараа нь уг зургаа ерөнхий архитекторт очсон эсэхийг лавлахад аваагүй гэж хэлсэн. Ингэж явсаар 2021 оны 01-р сарын 6-нд Ц ерөнхий архитектортой яриад төлөвлөлтийн зургаа Улаанбаатараас цахим шуудангаар ирүүлж болох эсэх тухай асуусан. Цаад компаниас нь давхар албан бичигтэй цахимаар ирүүлээрэй гэх маягийн зүйл ярьж шуудангаар эх хувиар нь авчруулах боломжтойг хэлсэн. ...01-р сарын 11-ний өдөр зургаа авчруулаад Ц дээр очиход за болсон байна гээд манай мэргэжилтэн А-д зургаа өгөөд гэрчилгээгээ гаргуулаад авчих гэсэн. Мэргэжилтэн А дээр очиход 2021 он гарсан тул та Хэрлэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж ир гэсэн. Хэрлэн сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь 2020 оны 12-р сард Хэрлэн сумын ИТХ-аар хэлэлцэн батлагдчихсан юм. Үүнээс үзэхэд миний бие 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаас өөр гарцгүй бөгөөд 2021 оны 12-р сард сумын ИТХ-аар энэ асуудлаа тавьж шийдвэрлүүлэхээр байна. Газрын тухай хуульд шинээр газар эзэмших үед тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан байх шаардлагыг журамлаж өгсөн байхад Дорнод аймгийн ГХБХБГазрынхан иргэн хүнээс шаардлагагүй бичиг баримтуудыг нэхэж чирэгдэл учруулж байна. Иймд Хэрлэн сумын 11-р баг, Содномдаржаа-1, 109 тоотод байрлах, Худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 2000 м2 талбай бүхий газрын зориулалтыг Хэрлэн сумын жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүйгээр орон сууц, үйлчилгээний зориулалттай болгон өөрчлүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь Хэрлэн сумын 11-р баг Содномдаржаа 1-109 тоотын 2000 м2 газрыг аймгийн Засаг даргын 2015 оны А/443 дугаар захирамжаар худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Энэхүү газрын зориулалтыг худалдаа, үйлчилгээтэй орон сууц болгон өөрчлүүлэх асуудлыг манай байгууллага нь Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон холбогдох хууль тогтоомж, норм, стандартад нийцэж байгаа эсэх мэдээллийг бэлтгэн аймгийн Засаг даргын дэргэдэх хот байгуулалтын зөвлөлийн хуралд 2020 оны 03-р сарын 18-ны өдөр танилцуулж хэлэлцүүлсэн. Ингэснээр тус хурлаас тухайн газар дээр яг ямар барилга, байгууламж барих гэж байгаа эсэх, уг орон сууцны барилга нь ямар норм стандартыг хэрхэн хангаж байх эсэх, мөн бусад иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхэд яаж нөлөөлж байгаа болон орц гарцыг хэрхэн төлөвлөж байгаа зэрэг нь тодорхойгүй тул иргэдийн орц гарц, галын аюулгүй байдлыг хангасан төлөвлөлт хийлгэн аймгийн Ерөнхий архитектортой зөвшилцсөний үндсэн дээр зориулалтыг өөрчлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

        Үүний дагуу иргэн Д.Гт аймгийн Ерөнхий архитектороос дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн зураг төслийн баримт бичгийг холбогдох норм стандартад нийцүүлэн ирүүлэх шаардлагатай байгаа тухай танилцуулсан байдаг. Гэвч иргэний зүгээс тухайн газар дээр хийгдэх барилга байгууламжийн төлөвлөлтийн зураг төслийн баримт бичгийг удаа дараа шаардлагын түвшинд хангаж ирүүлээгүйтэй холбоотойгоор энэхүү асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй болно. Энэ нь иргэний гаргасан нэхэмжлэлээс тодорхой харагдаж байна. Монгол Улсын газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэж заасан байдаг. Товчоор хэлбэл сумын нутаг дэвсгэрт тухайн жилд газар дээр хийгдэх бүхий л арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг юм. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэд үндэслэн аймаг, сумын Засаг дарга нар Газрын нэгдмэл сангийн тайланг гарган тайлагнадаг. Газрын нэгдмэл сангийн тайлан гэдэг нь Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрын улсын бүртгэл, газрын тоо бүртгэл, чанар, үнэлгээ, төлбөр, шилжилт хөдөлгөөн, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр тусгасан байх бөгөөд газрын хуваарилалт, газрын улсын бүртгэл, ашиглалт, хамгаалалтын байдал, тэдгээрийн хөдөлгөөнийг харуулсан зурган мэдээллийг хавсаргасан тоон болон хүснэгтэн мэдээлэл юм. Энэ нь газрын нэгдмэл сангийн тайлангийн кадастрын үйл ажиллагаа бөгөөд энэхүү кадастр нь Газар зохион байгуулалтын арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг мөн гэж Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлд тодорхой заасан.

              Мөн иргэн Д.Гын нэхэмжлэлд дурдсан “Хуульд шинээр газар эзэмших үед тухайн жилийн төлөвлөгөөнд тусгахыг журамлаж өгсөн байхад...” гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зөвхөн шинээр эзэмшүүлэхтэй холбоотой утга агуулагдаагүй бөгөөд тухайн жилийн төлөвлөгөөнд газрын улсын бүртгэл, тэдгээрийн хөдөлгөөнтэй холбоотой асуудал нь зайлшгүй тусгагдах ёстой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Гын гаргасан хүсэлтийн дагуу хот байгуулалтын зөвлөлөөс 2020 оны 03-р сарын 18-ны өдөр газрын зориулалтыг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн. Ингээд хот байгуулалтын зөвлөлөөс тухайн эдэлбэр газрын төлөвлөлт, авто замын орц гарц ямар байх, тоглоомын талбай, бусад талбай ямар байх талаар судалж, тухайн байдал нь хотын хөгжлийн төлөвлөлтөд хэрхэн нийцэх эсэх талаар мэргэжлийн байгууллагын саналыг авахаар тусгаж, аймгийн ерөнхий архитекторын зөвшөөрлөөр батлах тухай шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу иргэн Д.Г нь төлөвлөгөөгөө авч ирсэн. Миний хувьд хүүхдийн амрах талбай, тоглоомын талбай, бут сөөгийн байршлыг байршуулах талаар мэдэгдэж зөвшилцсөн. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд төлөвлөгөөний зургаа газрын даамалд үлдээсэн гэж ярьсан. Гэвч намайг ажилдаа орсны дараа тухайн төлөвлөгөө зураг надад ирээгүй. Гэхдээ 2021 он гараад төлөвлөгөөний зураг нь албан ёсоор ирсэн ба тухайн зургийг би албан ёсоор баталгаажуулсан. Тухайн үед би хот байгуулалтын зөвлөлөөс зөвшөөрсөн, төлөвлөгөөний зургийг баталсан тул газрын зориулалтыг өөрчлөх боломжтой гэсэн хариу өгсөн.

            Хот байгуулалтын зөвлөлийн шийдвэр яагаад “зориулалт өөрчлөхөөр” гаргасан бэ гэхээр нарийвчлан зохицуулсан хуулийн заалт байхгүй хэдий ч иргэдийн хүсэлт дээр тулгуурлан мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн дэмжсэн шийдвэрийг гаргаж болохоор байгаа юм. Шийдвэр нь хуулийн зохицуулалт байхгүй хэдий ч дотоод журмаар зохицуулагддаг. Хуулийн дагуу гэвэл өөрийн эзэмшлийн газрыг эзэмшихээс татгалзаж шинээр газар авах тухай зүйл яригдах юм. Гэхдээ бид аль болох хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэдэг гэв.

 

                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч нь тус шүүхэд “...Хэрлэн сумын 11-р баг, Содномдаржаа-1, 109 тоотод байрлах, Худалдаа үйлчилгээний зориулалттай 2000м2 талбай бүхий газрын зориулалтыг Хэрлэн сумын жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүйгээр орон сууц, үйлчилгээний зориулалттай болгон өөрчлүүлж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ[1].

            Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/443 дугаар “Газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэх тухай” захирамжаар ... 2000м2 газрыг Д овогтой Г-т худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000067381 дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.[2]

 

            Нэхэмжлэгч нь Хэрлэн сумын Засаг даргад 2020 оны 2 дугаар сарын 19-ны өдөр “Чойбалсан хотын хөгжил, аймаг хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулан цаашлаад хүн амын шилжилт суурьшил, орон сууцны өсөн нэмэгдэх хэрэгцээг үндэслэн уг газрын зориулалтыг Орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.[3]

            Аймгийн Засаг даргын 2017 оны А/240 дүгээр захирамжаар байгуулсан хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Д.Гын эзэмшлийн 2000м2 талбай бүхий газрын зориулалтыг өөрчлөх асуудлыг хэлэлцээд иргэн Д.Гын Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын хойд талд 2000м2 газрыг урд талаасаа хойш нэвтрэн гарах авто замын орц, гарц, галын аюулгүй байдлыг хангасан төлөвлөлт хийлгэн аймгийн Ерөнхий архитектортой  зөвшилцсөний үндсэн дээр зориулалтыг худалдаа үйлчилгээтэй орон сууц болгон өөрчлөхөөр зөвлөлийн гишүүд санал нэгтэй шийдвэрлэсэн.[4]

             Дээрхи хурлын тэмдэглэлд зөвлөлийн гишүүн “ДБЭХС” ТӨХК-ийн Цахилгаан шугам сүлжээний цехийн дарга Ж.Баяр “Дээрхи газарт инженерийн шугам сүлжээ байхгүй тул манай зүгээс татгалзах зүйлгүй”, аймгийн Ерөнхий архитектор Ц.Ц “Тухайн байршлыг төлөвлөлтөөс нь харахад урд талаасаа авто замын орц, гарцыг шийдвэрлэх боломжтой харагдаж байна”, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Амарсайхан “Авто замын орц, гарцын асуудал, галын аюулгүй байдлаа хангасан тохиолдолд татгалзах зүйлгүй” гэжээ.

             Хэрлэн сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөө нь 2020 оны 12 сард батлагдсан бөгөөд 2021 оны 3 сард дахин тодотгол хийгдсэн байдаг.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд “Миний хувьд хүүхдийн амрах талбай, тоглоомын талбай, бут сөөгийн байршлыг байршуулах талаар мэдэгдэж зөвшилцсөн. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд төлөвлөгөөний зургаа газрын даамалд үлдээсэн гэж ярьсан. Гэвч намайг ажилдаа орсны дараа тухайн төлөвлөгөө зураг надад ирээгүй. Гэхдээ 2021 он гараад төлөвлөгөөний зураг нь албан ёсоор ирсэн ба тухайн зургийг би албан ёсоор баталгаажуулсан” гэж тайлбарладаг боловч Д.Гын тухайн газар дээр “Тоонто гранд” ХХК-аар хийлгэсэн төлөвлөлтийн зургийг авто замын орц, гарцыг зөв шийдсэн гэж үзээд аймгийн Ерөнхий архитектор Ц.Ц 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч төлөвлөлтийн зураг дээр гарын үсэг зурж, тэмдэглэгээ хийсэн байна.[5] Өөрөөр хэлбэл дээрхи төлөвлөлтийн зургийг хүлээж авсан мөртлөө асуудлыг шийдвэрлээгүй нь Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой тул нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй юм.

           Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р баг, Содномдаржаа-1, 109 тоотод байрлах, Худалдаа үйлчилгээний зориулалттай 2000м2 талбай бүхий газрын зориулалтыг Хэрлэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүйгээр орон сууц, үйлчилгээний зориулалттай болгон өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Дорнод аймгийн  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               1. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.Гын, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р баг, Содномдаржаа-1, 109 тоотод байрлах, Худалдаа үйлчилгээний зориулалттай 2000 м2 талбай бүхий газрын зориулалтыг Хэрлэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүйгээр орон сууц, үйлчилгээний зориулалттай болгон өөрчлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасугай.

               2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

                   

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-р хуудас

[2] Хавтаст хэргийн 9-12-р хуудас

[3] Хавтаст хэргийн 3 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 35-37-р хуудас

[5] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас