Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 643

 

 Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлээр Б.Бд холбогдох эрүүгийн 1903000000099 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            .................., 1982 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Ус сувгийн удирдах газарт цахилгааны техникч ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 6 дугаар байрны 77 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..........................;

            Б.Б нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 05 минутын үед, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Намъянжүгийн гудамж, Халдвартын эмнэлгийн зүүн талын замд Тоёота приус маркийн 0679 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Туулыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: ..................... үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..........................г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 10 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 10 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж заасан байхад, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан...” гэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг зөрүүтэй бичсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын xуraцaar албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай” гэсэн байх боловч албадлагын ямар арга хэмжээ авахыг заагаагүй байна. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ заавал хэрэглэхээр хуульчлагдсан байна. Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтад дээр дурьдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах болон нэмэлт заалт оруулж өгнө үү.” гэжээ.

            Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Ц.Арвинбуудай эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүх Б.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан боловч шийтгэх тогтоолд 2 жил хэмээн буруу бичсэн байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын xуraцaaг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай” гэсэн байх боловч албадлагын ямар арга хэмжээ авахыг заагаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Б.Баттулгын өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Учир нь, анхан шатны шүүх Б.Баттулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 10 сарын хугацаагаар тэнссэнийг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан. Үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолно гэж заасан. Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар тэнссэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын xуraцaaг тухайн тогтоол хүчин төгөлдөр болмогц эхлэн тоолохоор” өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Б нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 05 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Намъянжүгийн гудамж, Халдвартын эмнэлгийн зүүн талын замд Тоёота Приус маркийн 0679 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Туулыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч А.Туулын “...2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчим Хавдар судлалын зүүн талын “Начин заан” ломбард орохоор Халдвартын эмнэлгийн баруун талын замд байрлах гэрлэн дохиогүй явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт гарч явтал хойноосоо урагшаа явдаг урсгалын 2 дугаар эгнээний автомашин зам тавьж өгсөн ба уг автомашины урдуур гартал 1 дүгээр эгнээнд зогсож байсан саарал өнгийн “Тоёота приус” 20 маркийн автомашины жолооч намайг явган хүний гарцаар зам хөндлөн гарахын арай өмнө гэнэт хөдлөөд автомашиныхаа зөв талын урд гуфер хэсгээрээ мөргөсөн. Тухайн үед мөргүүлээд газар унахдаа 2 хөл орооцолдоод унасан ба босох гэсэн боловч босч чадахгүй байсан. ...ослын улмаас Гэмтлийн эмнэлэгт ор хоног болон хагалгааны зардалд 800 орчим мянган төгрөг гарснаас Нийгмийн даатгалаас хөнгөлж, 200 гаран мянган төгрөг болсныг осол гаргасан жолооч төлсөн. ...” /хх14-16/ гэх мэдүүлэг,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-4/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-8/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2518 дугаартай дүгнэлт /хх23/, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 162 дугаартай дүгнэлт /хх38/, жолоочийн лавлагаа /хх 49/, хохирогч А.Туулын “хохирлын мөнгө хүлээн авсан, гомдолгүй” гэх хүсэлт /хх66/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Баттулгыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

          Шүүгдэгч Б.Баттулгын “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Туулыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь уг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ.

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 10 сарын хугацаагаар тэнсэж...” гэж шийдвэрлэсэн атлаа тогтоолын 3 дахь заалтад “...Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан...” гэж зөрүүтэй бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэж, мөн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж тус тус заажээ.

 

             Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд заавал үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй тул прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тэнссэн өдрөөс эхлэн тоолсугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийн “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг зөрүүтэй бичсэн. ...” гэх хэсгийг хүлээн авч, “...албадлагын ямар арга хэмжээ авахыг заагаагүй байна. ...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ