| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0044/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 48
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн,
Шүүгдэгч А.Ж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ж, Д.Б нарт холбогдох 2028000380019 дугаартай эрүүгийн хоёр хавтас хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн,
Монгол Улсын иргэн, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял,
Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч А.Ж нь шүүгдэгч Д.Б-тай бүлэглэн иргэн Ш.Батбаярын эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын дундуур Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг, Нүдэн гэх газарт оршин суух хохирогч А.Б-ийн байшинд хууль бусаар нэвтэрч монгол архи 20 литр, ерөөл архи 1 шил, хэвийн хурууд 30 кг, энгийн хурууд 10 кг, хонины элдсэн нэхий 7 ширхэг, улаан шонхор тамхи 6 блок, лаазтай классик кофе 3 ширхэг, карбин маркийн буу 1 ширхэг, 7 сум, ээзгий 5 кг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.202.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Сум дундын ойн ангийн 8 дугаар талбайн хашаанд байх хохирогч Н.Т-ын гэрт хууль бусаар нэвтэрч бага гарын халтар мана хөөрөг 1 ширхэг, тархи мана хөөрөг 1 ширхэг, тариат мана хөөрөг 1 ширхэг, дээл 1 ширхэг, монгол гутал 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхэг, мөнгөн бугуйвч, 2 хос ээмэг, мөнгөн зүүлт 1 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, Самсунг Ж6 маркийн гар утас зэрэг эд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.814.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч А.Ж-тэй бүлэглэн иргэн Ш.Батбаярын эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын дундуур Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг, Нүдэн гэх газарт оршин суух хохирогч А.Б байшинд хууль бусаар нэвтэрч монгол архи 20 литр, ерөөл архи 1 шил, хэвийн хурууд 30 кг, энгийн хурууд 10 кг, хонины элдсэн нэхий 7 ширхэг, улаан шонхор тамхи 6 блок, лаазтай классик кофе 3 ширхэг, карбин маркийн буу 1 ширхэг, 7 сум, ээзгийн 5 кг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.202.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сард Бүүвэйбаатарын ахаас мотоциклийг аваад Гурвантэс сумаар ороод, Баяндалай сумын цаана замд айлд ороод цагаад идээ, буу, архи авсан. Наашаа гараад Баяндалай сумаар дайраад аймаг руу орж ирээд цагаан идээгээ зарсан. Аймгаас хот руу очоод Бүүвэйбаатар түрүүлээд явсан. Би үлдээд 2 хоночхоод араас нь ирсэн. Гурвантэс сумаас бараанд явдаг том тэрэгтэй хүнтэй уулзаад цуг Өмнөговь аймагт 01 дүгээр сарын 21-нд ирээд Солонго гэдэг дэлгүүрийн гадаа бууж үлдээд, баруун тийшээ алхаад Баяндалай сум явдаг замын тэнд гүүрэн доор жоохон унтаж байгаад орой нь цаашаа яваад мод үржүүлэхийн тэнд айлд ороод, гишгүүр доороос нь түлхүүрийг нь авч ороод, хөөрөг, утас, ээмэг бөгжийг нь авсан. Наашаа яваад аймгийн төв руу орж Бат-Эрдэнэ гэж хүнтэй уулзаад хөөргийг үзүүлээд, зарах гэсэн юм гэж хэлсэн. Худалдааны төвд байдаг ломбардтай дэлгүүрээр ороод зарах гэсэн чинь авахгүй байсан. Тэгээд нэг дэлгүүрт Бат-Эрдэнийг гуйж 120.000 төгрөгөөр заруулаад надад 100.000 төгрөгийг нь өгсөн. Ээмэг бөгжөө зарахаар дахин Бат-Эрдэнээс гуйж блок хийдэг хүнд ээмэг, бөгжөө зарсан. Тэгээд нэг шил архи авч уугаад Түвшинбаатар гэдэг хүнтэй уулзаад, гэрт нь очиж нэг хөөргөө заръя гэхэд Түвшинбаатар ямар үнэтэй юм бэ? би ямаагаар авъя гэсэн. Ямаагаа тэгж байгаад ирж авъя гэж хэлээд Түвшинбаатарынд 1 шил архи хувааж уугаад, хоночхоод өглөө нь аймгийн төв дээр ирээд цагдаад баригдаад, эрүүлжүүлэхэд хоносон гэв.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ж бид 2 Гурван тэс сумаас ахынхаа мотоциклийг унаад аймаг руу явж байсан. Баяндалайн цаана 30, 40 километрийн зайд нэг айлын хажуугаар гарсан. Хажуугаар нь гарахад энэ айл олон малтай, баян айл шиг байна орох уу? гээд орж эд зүйлийг нь авсан. Бат-Өлзийгийн гэрт ороод буу, цагаан идээ, нэхий авсан. Наашаа гараад сумаар ороод аймгийн төв дээр ирчихээд хот явсан. Би хотод очоод 2 хоноод би түрүүлж ирээд Булган суманд очиж дүүгийндээ хэд хоноод Баяндалай суманд очиж 1 хоноод, Гурвантэс сум орсон гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Элдсэн нэхий 7 ширхэг, хурууд, ээзгий, шүүрмэг, хэвийн хурууд, галт зэвсэг /буу/ шавар байшингийн ард байх залгаа агуулахаас хулгайд алдагдсан харин шавар байшингаас 20 орчим литр нэрмэл архи, ерөөл нэртэй 0.75 литрийн цагаан архи, чихэр, набор, лаазтай кофе, тамхи гэх мэт жижиг сажиг зүйлс алдагдсан байсан...” гэжээ /хх-89/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Ээзгийн 5 орчим кг, нэрмэл архи 20 орчим литр, 0.75 литрийн ерөөл архи 1 ширхэг, хэвийн хурууд 30 кг, энгийн хурууд 10 кг, хонины элдсэн нэхий 7 ширхэг, улаан шонхор тамхи 6 блок, лаазтай кофе 3 ширхэг, карбин буу 1 ширхэг, карбин бууны сум 7 ширхэгийг хулгайд алдсан...” гэжээ /хх-91/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би аймгийн төвөөс хойш 8 км-т байх Сум дундын ойн ангийн 8-р талбайд манаач хийдэг тухайн хашаан дотор манай гэр байдаг юм эхнэр Түмэнжаргалын хамт 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн үед аймгийн төв рүү ороод төвд ажилтай явж байгаад үдээс хойш 17 цагт цэцэрлэгийн хүүхэд аваад гэрт очиход гэр цоожтой байсан гэр лүү эхнэр ороод гал түлээд манайхаас хойш манай баз Энхбаярын 7 км-т байдаг юм Энхбаярын гэр рүү Анхбаяр гээд манай эхнэрийн дүү ирсэн тэгээд тэднийг жоохон хүзэр тоглоё гээд явахаар нь би хөөргөө хайсан боловч миний хөөрөг байхгүй дайлан нь байсан манай гэрээр ах дүү төрөл садан хүүхдүүд орж гардаг болохоор нуучихсан байх гэж бодоод эхнэр бид хоёр 19 цагийн үед Энхбаярын гэр лүү явсан тэднийд очоод шөнийн 04 цаг болтол хүзэр тоглоод 05 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой түлхүүр байдаг газраа байсан тэгээд гэр лүү ороход манай эхнэр авдар дээр тавиатай байсан цүнх онгорхой байна гээд дотор байсан эд зүйлээ шалгахад 3 бөгж, 1 хос ээмэг, зүүлт, мөнгөн бугуйвч алга болчихсон байхаар нь би гэрээс гараад Баяндалай сум явдаг засмал замын постон дээр очоод манай ойн ангийн хашаа руу машин тэрэг орсон уу гэрт хулгай орчихсон байна гэсэн чинь манаач нь Эрдэнэжаргал гэж хүн байсан танай хашаа руу машин ороогүй машин урдуур нь явж байсан гэсэн би буцаад гэр лүү ороход миний дээл болон монгол гутал алга байна гэсэн би гэрээс алга болсон юмнуудаа үзэхэд тогоон дотор байсан хоол, халуун савтай цай, ширээн доогуур байсан хайрцагтай дүнсэн тамхи, ширээн дээр байсан утас цэнэглэгч, хойд зурагтын хажуу талын тавиуран дээр байсан бага гарын даваа толгойтой манан хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн нуухтай тархи манан толгойтой тархи манан хөөрөг, Бага гарын тариат манан хөөрөг 1 ширхэг, Ж6 маркийн гар утас 1 ширхэг орны 1 ширхэг гудас зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэжээ /хх-95-96/,
Иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ний үеэр хашаандаа би гагнуур хийж байсан чинь Бат-Эрдэнэ такситай хүрч ирээд мөнгөн бугуйвч, 3 бөгж, 2 ээмэг, 1 зүүлт кулонтойгоо байсан тэдгээр зүйлүүдийг мөнгөний хэрэг болоод зарах гэсэн юм хөдөө явах гээд мөнгөний хэрэг гараад байна гэсэн тэгэхээр нь би хэдэн төгрөгт зарах юм бэ гэж асуухад 100,000 төгрөгт зарна гэж хэлэхээр нь 100,000 төгрөгт худалдаж авсан гэжээ. /хх-102/,
Иргэний нэхэмжлэгч Ц.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би дэлгүүртээ сууж байхад 11 цагийн үед нэг өөрийгөө Бат-Эрдэнэ гэх хүн орж ирсэн ирээд надад нэг хөөрөг үзүүлээд зарах гэсэн юм тэгэхээр нь би хэд юм бэ гэж хэлэхэд 200,000 төгрөг гэж хэлсэн тэгэхээр нь би авахгүй гэсэн чинь 150,000 өгнө гэсэн би бас үгүй гэсэн нөгөө залуу сүүлдээ 120,000 төгрөгт авчаач гэхээр нь би 20.000 төгрөгийг нь бэлэн өгөөд 100,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн дансны эзэмшигчийн нэр нь Бат-Эрдэнэ гэж байсан тэгээд би 1 ширхэг тархи манан хөөргийг худалдан авсан... /хх-105/,
Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Манай хөдөө гэр Баяндалай сумын Наран багийн нутаг Нүдэн гэх газарт малын өвөлжөөнд байшин байдаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр Бат-Өзийтэй хамт очиж үзэхэд байшингийн баруун талын цонхыг хаглаж хүн орж эд зүйл авсан байсан тэгээд цагдаад мэдэгдсэн... Цагаан идээ, 20 литр Монгол архи, 1 шил 0.75 гр Ерөөл нэртэй архи хонины элдсэн нэхий 7 ширхэг, 6 боодол тамхи бусад цай зэрэг жижиг эд зүйл болон Карбин маркийн буу, сумын тоог сайн мэдэхгүй байна . Гэрт шкапнд байсан уг бууны сум алга болсон байсан гэжээ. /хх-112-113/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би цагаан идээ зараад худалдааны төвд ажил дээр байж байсан. Тэр хүн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байх тэр хүн хэвлэсэн хурууд болон энгийн хурууд нийт 26,7 кг, 3 кг орчим хагархай ааруул надад авч ирж зарсан хүн мөн байсан. Энэ Б гэж мөн байна. Надад ааруул, хэвийн хурууд зарсан юм. Хэвийн хурууд, энгийн хуруудыг хамт хиллэж авсан. Тэдгээр нь 26 кг 700 гр болж байсан 3 кг хагарсан ааруул байсан. Би тэр хүнд 26 кг 700 гр хэвийн хурууд болон энгийн хамт 1 кг 15000 төгрөгөөр бодож 400500 төгрөг өгсөн. Хагархай ааруул нь З кг байсан тэрийг 1 кг 5000 төгрөгөөр бодож 15000 төгрөг, нийт 415500 төгрөг өгсөн юм гэжээ. /хх-123/,
Гэрч О.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрээсээ аймгийн төв рүү явсан тэгээд төв дээр ажил амжуулж яваад үдээс хойш 18 цагийн үед ойн ангид байрлах гэртээ нөхрийн хамт очсон гэрт гал түлчхээд манай дүү Энхбаярын гэр лүү явахаар болсон манай нөхөр хөөргөө авах гэтэл хөөрөг нь олдохгүй байхаар нь таньдаг хүн нуучихсан байж магадгүй гээд яараад манай дүү Энхбаярын гэр лүү яваад очоод хүзэр тоглоод шөнийн 05 цагийн үед гэртээ ирсэн чинь миний авдаран дээр тавиатай байсан цүнх онгойчихсон байхаар нь үзсэн чинь миний ээмэг 2 ширэг, 3 ширхэг бөгж, 1 ширхэг зүүлт, 1 ширхэг бугуйвч байгаагүй тэгэхээр нь би бусад зүйлээ үзэхэд манай нөхрийн дээл болон монгол гутал, 3 хөөрөг байхгүй байсан халуун савтай цай, 1 ширхэг гудас алга болчихсон байсан сүүлд нь үзэхэд Ж6 маркийн гар утас байхгүй байсан... Мөнгөн бугуйвч болон 1 хос ээмгийг би аймгийн төвөөс 2019 онд нийт 200,000 төгрөг худалдан авсан, Нөгөө 1 хос ээмэг нь цэнхэр шигтгээтэй ээмгийг хүүхдүүд 3 жилийн өмнө авч өгсөн бөгж гурвуулаа мөнгөн бөгж байгаа юм 2 мөнгөн бөгжийг 1995 онд худалдан авч байсан хэдэн төгрөгөөр худалдан авсанаа санахгүй байна. 1 ширхэг Мөнгөн зүүлт болон 1 мөнгөн бөгж 2018 онд 300.000 төгрөгөөр худалдан авсан. Манай нөхрийн дээлийг би 2 жилийн өөрөө оёж хийсэн, монгол гутлыг манай нөхөр Улаанбаатар хотоос 150,000 төгрөг худалдан авсан, халуун сав нь Улаанбаатар хотоос 8000 төгрөг худалдан авсан. З хөөргийг би мэдэхгүй байна гэжээ. /хх-128-129/,
Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Өм-20/18 дугаартай үнэлгээний тайланд: Хохирогч А.Бат-Өлзийгийн байшингаас алдагдсан эд зүйлийн үнэлгээ 2.160.100 төгрөг гэжээ. /хх-153/
Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Өм-20/17 дугаартай үнэлгээний тайланд: Хохирогч Н.Т-ын гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ 2.814.000 төгрөг гэжээ. /хх-157/,
Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 367 дугаартай үнэлгээний тайланд: “мотоцикль 400.000 төгрөг, бууны сум 42.000 төгрөг нийт 442.000 төгрөг гэжээ. /хх-161/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “хар өнгийн үстэй дээл 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, цагаан аралтай сур 1 ширхэг” /хх-82/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “Эрэгтэй хүний хүрэн өнгийн дээл 1 ширхэг, монгол гутал 1 ширхэг, халуун сав 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхэг, гудас 1 ширхэг, Дунд гарын тархи манан хөөрөг 1 ширхэг, Бага гарын ногоон өнгийн тариат манан хөөргө 1 ширхэг, Бага гарын халтар манан хөөргө 1 ширхэг, цайвар өнгийн бөгж 3 ширхэг, Цайвар өнгийн 2 ширхэг ээмэг, Бугуйвч 1 ширхэг, кулонтой гинж 1 ширхэг, хөөрөгний уут 1 ширхэг” /хх-83/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “Хар өнгийн куртик 1 ширхэг, түрүүтэй цасны гутал 1 ширхэг, гутлын жийрэг даавуу 1 ширхэг ” /хх-84/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “Цэнхэр өнгийн Даюун маркийн улсын дугааргүй ява мотоцикль 1 ширхэг ” /хх-85/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-219/,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-221-223/,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-224-234/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-235/,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-226-227/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-240-241/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ж, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Ж, Д.Б нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ж, Д.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч А.Ж, Д.Б нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Д.Б, А.Ж нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тайлбарласан.
Шүүгдэгч А.Ж нь шүүгдэгч Д.Б-тай бүлэглэн, иргэн Ш.Б-ын эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын дундуур Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг, Нүдэн гэх газарт оршин суух хохирогч А.Бат-Өлзийгийн байшинд хууль бусаар нэвтэрч монгол архи 20 литр, ерөөл архи 1 шил, хэвийн хурууд 30 кг, энгийн хурууд 10 кг, хонины элдсэн нэхий 7 ширхэг, улаан шонхор тамхи 6 блок, лаазтай классик кофе 3 ширхэг, карбин маркийн буу 1 ширхэг, 7 сум, ээзгий 5 кг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.202.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг ,
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Сум дундын ойн ангийн 8 дугаар талбайн хашаанд байх хохирогч Н.Т-ын гэрт хууль бусаар нэвтэрч бага гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, тархи манан хөөрөг 1 ширхэг, тариат мана хөөрөг 1 ширхэг, дээл 1 ширхэг, монгол гутал 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхэг, мөнгөн бугуйвч, 2 хос ээмэг, мөнгөн зүүлт 1 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, Самсунг Ж6 маркийн гар утас зэрэг эд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.814.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг ,
Шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч А.Ж-тэй бүлэглэн иргэн Ш.Батбаярын эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын дундуур Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг, Нүдэн гэх газарт оршин суух хохирогч А.Б-ийн байшинд хууль бусаар нэвтэрч монгол архи 20 литр, Ерөөл архи 1 шил, хэвийн хурууд 30 кг, энгийн хурууд 10 кг, хонины элдсэн нэхий 7 ширхэг, улаан шонхор тамхи 6 блок, лаазтай классик кофе 3 ширхэг, карбин маркийн буу 1 ширхэг, 7 сум, ээзгий 5 кг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.202.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж хуульчилсан.
Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгохоор хуульд тайлбарласан.
Машин механизм гэдэг нь хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаарна гэж тайлбарласан байна.
Иймд шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч А.Ж-тэй, шүүгдэгч А.Ж нь шүүгдэгч Д.Б-тай амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилгоороо нэгдэж Ш.Б-ын эзэмшлийн мотоциклийг ашиглан иргэн А.Б-ийн байшингийн цонхны бэхэлгээ төмрийг эвдэж шилийг хагалан нэвтэрч эд зүйлүүдийг хулгайлсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...Мөн уг хэрэг гарсан газарт хойд талын дугуй нь товгор дөрвөлжин хээтэй, урд талын дугуй нь хээгүй болж элэгдсэн мотоциклийн мөрийг гэрэл зургаар бэхжүүлж авсан ба уг газарт зүүн хойд зүгээс ирсэн байж болох мөрийг дагаж явахад байшингийн баруун талаар гарсан машины замд нийлж бүдгэрч алга болсон байв” /хх-9-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-30/, шүүгдэгч Д.Б, А.Ж нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ш.Б-ын “...миний эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг манай дүү Б нь 2019 оны 12 дугаар сарын сүүлээр малчин Мөнхжаргалыг хөдөө мал маллаж байхад нь сумын төв рүү орчихоод ирнэ гэж хэлээд одоог хүртэл буцааж өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-1-107/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Бат-Өлзийгийн мэдүүлэг /хх-1-90-91/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б, А.Ж нарыг бүлэглэн машин механизм ашиглан хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ж нь ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Сум дундын ойн ангийн 8 дугаар талбайн хашаанд байх хохирогч Н.Т-ын цоожтой гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хулгайлсан болох нь шүүгдэгч А.Ж-ийн “...үүдний улаан гишгүүрийн сөхөөд үзтэл цагаан өнгийн түлхүүр байсан. Цоожинд хийтэл таарсан тэгээд онгойлгоод орж эд зүйлүүдийг авсан...” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-43-52/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-74/ хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Жавхлантөгсийг хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Ж нь Н.Т-ын гэрийн хаалгыг гишгүүр доор байсан түлхүүрээр нь онгойлгож орсон байх боловч хэн нэгний зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар эд зүйлийг авч өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлж орон байрны халдашгүй байдлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Өм-20/18 дугаартай үнэлгээний тайланд: Хохирогч А.Бат-Өлзийгийн байшингаас алдагдсан эд зүйлийн үнэлгээ 2.160.100 төгрөг /хх-153/,
Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Өм-20/17 дугаартай үнэлгээний тайланд: Хохирогч Н.Түвшинтогтохын гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ 2.814.000 төгрөг /хх-157/,
Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 367 дугаартай үнэлгээний тайланд: “мотоцикль 400.000 төгрөг, бууны сум 42.000 төгрөг нийт 442.000 төгрөг гэх /хх-161/ дүгнэлтүүд нь тусгай мэдлэг бүхий шинжээчид зах зээлийн жижиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглан хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хохирол төлбөрийг дүгнэлтэд заасан дүнгээр тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ж нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 2.514.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн болох Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “хар өнгийн үстэй дээл 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, цагаан аралтай сур 1 ширхэг” /хх-82/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “Эрэгтэй хүний хүрэн өнгийн дээл 1 ширхэг, монгол гутал 1 ширхэг, халуун сав 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхэг, гудас 1 ширхэг, Дунд гарын тархи манан хөөрөг 1 ширхэг, Бага гарын ногоон өнгийн тариат манан хөөргө 1 ширхэг, Бага гарын халтар манан хөөргө 1 ширхэг, цайвар өнгийн бөгж 3 ширхэг, Цайвар өнгийн 2 ширхэг ээмэг, Бугуйвч 1 ширхэг, кулонтой гинж 1 ширхэг, хөөргөний уут 1 ширхэг” /хх-83/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “Хар өнгийн куртек 1 ширхэг, түрүүтэй цасны гутал 1 ширхэг, гутлын жийрэг даавуу 1 ширхэг ” /хх-84/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “Цэнхэр өнгийн Даюун маркийн улсын дугааргүй ява мотоцикль 1 ширхэг” /хх-85/ гэх зэргээр тус тус тогтоогдож байна.
Харин шүүгдэгч А.Ж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т-д Самсунг Жи-6 маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгөөгүй. Тухайн гар утсыг согтуу явж байхдаа гээгдүүлсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Уг утсыг шинжээч 300.000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгч А.Ж-өөс 300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т-д олгох нь зүйтэй байна.
Гэрч А.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Жавхлантөгс надад дүү нь өчигдөр хотоос ирлээ нутаг явах гэсэн чинь мөнгө цаас байдаггүй 1 хөөрөг, мөнгөн эдлэл гаргаж ирээд яаж хийгээд зармаар байна...та зараад өгөөч гэхээр нь би дэлгүүр лүү ороод 120.000 төгрөгөөр хөөргийг зарсан. Мөн өөрийн найзын ах Г.Мөнхжаргалд мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч 100.000 төгрөгөөр зарсан...Би тухайн эд зүйл хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй гэжээ. /хх-137/,
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч А.Ж-ийн мэдүүлгээр гэрч А.Бат-Эрдэнэ нь иргэний нэхэмжлэгч Г.Мөнхжаргал, Ц.Солонго нарт тухайн хулгайн эд зүйлийг зарж борлуулан А.Ж-д зарсан мөнгөө өгсөн, тухайн зарсан эд зүйл нь хулгайн эд зүйл гэдгийг А.Бат-Эрдэнэ мэдээгүй болох нь шүүгдэгч А.Ж-ийн шүүх хуралдаанд гаргасан “А.Бат-Эрдэнэ тухайн эд зүйлсийг хулгайн эд зүйл болохыг мэдээгүй” гэх тайлбар, гэрч А.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Мөнхжаргалд хулгайн эд зүйл болох мөнгөн бугуйвч, 3 бөгж, 2 ээмэг, 1 зүүлт зэргийг А.Бат-Эрдэнээс 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Иргэний нэхэмжлэгч Ц.Солонго хулгайн эд зүйл болох тархи манан хөөргийг 120.000 төгрөгөөр А.Бат-Эрдэнээс тус тус худалдаж авсан болох гэрч А.Бат-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхжаргал, Ц.Солонго нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Ж-өөс 100.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Мөнхжаргалд, 120.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Солонгод тус тус олгохоор шийдвэрлэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-д гэмт хэргийн улмаас 2.202.100 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Өм-20/18 дугаартай үнэлгээний тайланд: Хохирогч А.Бат-Өлзийгийн байшингаас алдагдсан эд зүйлийн үнэлгээ 2.160.100 төгрөг гэжээ. /хх-153/, Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 367 дугаартай үнэлгээний тайланд: “мотоцикль 400.000 төгрөг, бууны сум 42.000 төгрөг нийт 442.000 төгрөг гэжээ. /хх-161/ гэх дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.
Улсын яллагч Л.Солонго шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч нар бүлэглэн хохирогч А.Бат-Өлзийд 2.202.100 төгрөгийн хохирол учруулсан боловч бууны эзэн болох хүн нас барсан. Буу нь галт зэвсэг эзэмшигчийн бүртгэлд бүртгэлгүй байсан тул уг бууг Засгийн газрын тогтоол, журамд заасны дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хүргүүлэн бууны үнэ болох 650.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Бат-Өлзийд учирсан нийт хохирол болох 2.202.100 төгрөгөөс хасаж, төлөгдөөгүй үлдсэн 1.552.100 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч нараас хуваан гаруулан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Бат-Өлзийд олгох,
Мөн гэмт үйлдэхдээ ашигласан Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 400.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулан улсын орлогод оруулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч нар нь хохирогч А.Бат-Өлзийд 2.202.100 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хохиролд карбин маркийн бууны үнэлгээ багтдаг. Тухайн буу нь эзэмшигчийн бүртгэлгүй бөгөөд эзэмшигч гэх хүн нь нас барсан байх тул шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хүргүүлэн бууны үнэ болох 650.000 төгрөгийг нийт хохирлын үнэлгээнээс хасаж 1.552.100 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч тэнцүү хувааж нараас гаргуулан олгох саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: Манай үйлчлүүлэгч А.Жавхлантөгс нь өөрийн гэм буруугаа ойлгож мэдүүлж ирсэн. Тийм учраас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Хохирогч Түвшинтогтохын гэрээс авсан эд зүйлсийг биет байдлаар буцааж өгсөн. Үлдсэн гар утасны үнэ болох 300.000 төгрөг байгаа. Иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа. Бат-Өлзийгийн гэрээс авсан эд зүйлсээс карбин маркийн гар бууг хохирол төлбөрөөс хасуулах саналтай байна. А.Бат-Өлзий мэдүүлэхдээ энэ буу миний буу биш учир энэ бууны үнийг нэхэмжлэхгүй гэдэг. Бууны эзэмшигч Гантулга нь 2014 онд нас барсан. Ар гэрийнхэн нь бууг нэхэмжлэх талаар мэдүүлэг өгөөгүй. Мөн бүртгэлгүй буу учир хохирол төлбөрөөс хасуулах саналтай байна гэв.
Шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан карбин маркийн бууны үнэ болох 650.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Бат-Өлзийд учирсан нийт хохирол төлбөрөөс хасаж 1.552.100 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүдэгч А.Ж-өөс 776.050 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-д, шүүгдэгч Д.Б-аас 776.050 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Учир нь: Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн карбин маркийн бууг тухайн үед эзэмшиж байсан эзэмшигч нь нас барсан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд уг бууг болон бууны үнийг нэхэмжлэхгүй талаараа мэдүүлсэн, хэргийн оролцогчдоос дээрх бууны үнэлгээг нийт гарсан хохирол төлбөрөөс хасуулах талаар гаргасан саналыг тус тус харгалзан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийн үнэ 400.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын хувийн байдлын тухайд:
Шүүгдэгч А.Ж нь 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдардаг, Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 2 дугаар баг, Баясах гэх газарт оршин суух хаягтай, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-226-227/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-240/ зэргээр,
Шүүгдэгч Д.Б нь хувийн байдлын хувьд 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 5 дугаар баг, Бага-Овоо гэх газарт оршин суух хаягтай, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-221-223/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-224-234/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-235/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-241/ шүүгдэгчийн биеийн байцаалтыг шалгахад мэдүүлсэн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ж нь шүүх хуралдаанд хохирол төлбөр барагдуулахаар завсарлага авах хүсэлт гарган, шүүх шүүгдэгчийн хүсэлтийг хангаж 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүгдэгч А.Ж нь дээрх хугацаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй болно.
Шүүгдэгч А.Ж, Д.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч А.Ж гэм буруугаа хүлээж хохирол төлбөрөө төлөх үүрэг хүлээлгэсэн хугацаанд үүргийг биелүүлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх
Шүүх шүүгдэгч А.Ж-ийг шүүгдэгч Д.Б-тай бүлэглэн машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн шүүгдэгч А.Ж-ийг хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Ж-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б-т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч А.Ж, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шүүгдэгч Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг карбин буу, 4 ширхэг сумны хонгиог шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ж-ийг, шүүгдэгч Д.Б-тай бүлэглэн машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн шүүгдэгч А.Ж-ийг хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Б-ыг, А.Ж-тэй бүлэглэн машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Ж-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б-т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-с 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т /Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг Баруунсайханы 23-18 тоотод оршин суух утас 89398985/-д, 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.М /Өмнөговь аймаг Даланзадгад сум,4 дүгээр баг Дундсайханы 6а-02 тоотод оршин суух/-д, 120.000 /нэг зуун хорих мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.С /Өмнөговь аймаг Даланзадгад сум,4 дүгээр баг Дундсайханы 03-10 тоотод оршин суух/-д, 776.050 /долоон зуун далан зургаан мянга тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б /Өмнөговь аймаг Баяндалай сум 2 дугаар баг Нүдэн гэх газар оршин суух/-д, Шүүгдэгч Д.Б-аас 776.050 /долоон зуун далан зургаан мянга тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б /Өмнөговь аймаг Баяндалай сум 2 дугаар баг Нүдэн гэх газар оршин суух/-д тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Ж, Д.Б нараас тэнцүү хуваан гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг карбин буу, 4 ширхэг сумны хонгиог шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ж, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.Ж, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ