Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/588

 

 

 

 

 

 

   2022           08          24                                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Т.Отгонтөгс,

хохирогч Д.Н-ийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Т овогт Ц-ийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ц.С нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр хохирогч Д.Н-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас барилгын пруус модоор зүүн гарын тохой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн гарын богтос ясны залаа сэртэнгийн бяцарсан хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: Хохирогч Д.Н нь манай хүргэн юм. Тэгээд надтай хамт ажиллая гэхээр нь түүнийг авч барилгын ажил дээр армотурчнаар ажиллуулсан боловч ажлын байран дээрээ архи уусан. Д.Н-д удаа дараа архи уухгүй байх талаар нь хэлж байсан. Би Жаргалантын аманд “Жаргалант” хотхоны барилгын ажил дээр ажиллахдаа зарын дагуу хүн тогоочоор ажиллуулсан. Манай тогооч осолд ороод аарцаг нурууны бэртэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Д.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тогоочийг хүчиндэхээр завдсан байсан. Манай тогоочийг Д.Н нь хүчиндэхийг завдсан байсан учраас уур хүрээд Д.Нийг зодсон. Манай тогооч ажлаасаа гарна гэж надад хэлсэн. Учрыг асуухад Д.Н түүнийг хүчиндэхийг завдсан талаар хэлсэн. Ингээд Д.Н-д хүчингийн хэрэг хийх гээ юу гээд нуруунд нь нэг удаа цохисон. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Д.Н нь нэг өдрийн 70.000 төгрөгөөр ажилладаг байсан. Эмчилгээний зардлыг 1.230.000 төгрөг дансаар төлсөн. Нийт 2.080.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлнө гэв.

 

Хоёр: Эрүүгийн 00000000 0000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээг авсан тухай 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),  

 

2. Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын аманд баригдаж буй “Жаргалант хаус”-ын барилга дээр туслах ажилтнаар арматур боодог ажил хийж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн хийж барилгын ажлаа хийх гэж байхад барилгын инженер Ц.С гал тогооны гэрээс гарч ирээд намайг өчигдөр архи уусан гэх шалтгаанаар газраас 1 метрийн урт прүүс мод аваад намайг цохих үед би газар сууж байсан тул зүүн гараараа хаахад миний зүүн гарын тохой хугарч маш их өвдсөн. Тухайн үед би Ц.Сид хандан миний зүүн тохой хугарчихлаа гэж хэлэхэд Ц.С туслах инженер Шинээд “чи наадхаа аваад эмнэлэг яв” гэж хэлхээр нь би тухайн үед эмнэлэг явалгүй Төв аймагт байгаа эхнэрээ гар утсаар дуудаж эхнэртэйгээ хамт гэр рүүгээ явахдаа Төв аймгийн эмнэлэгт очиж зүүн гараа үзүүлэхэд зүүн гар чинь хугарсан байна гэж хэлээд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг яв гэж зөвлөсөн. Би маргааш нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт очоод зүүн гараа үзүүлэхэд 2 газар хугарсан байна, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлээд гар сарвууны тасагт 6 давхарт хэвтүүлсэн. 4 хоногийн дараа 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хагалгаанд орж зүүн гартаа 2 төмөр хадуулсан. Тухайн үед барилгын инженер Ц.С надад эмчилгээний төлбөр мөнгө төлөөд, дээр нь 2.000.000 төгрөг өгнө гэж хэлээд эхний ээлжид 500.000 төгрөг өгсөн. Хэсэг хугацааны дараа би үлдэгдэл 1.500.000 төгрөгөө Ц.С-оос нэхэх үед би чамд 1.500.000 төгрөг өгч чадахгүй яасан их хүнээс мөнгө нэхдэг юм, дахиж мөнгө нэхээд байвал үлдсэн нөгөө гарыг чинь очоод хугалаад хаячихна шүү гэж хэлээд өгөхгүй хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаагийн газарт гомдол гаргаж байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

3. Гэрч Э.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Тухайн өдөр би ажил дээрээ 08 цагт Ц.С инженертэй хамт очиход манай ажилтан Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан тул тухайн өдөр ажилд гаргахгүй гэх шийдвэрийг Ц.С инженер бид хоёр гаргах үед Д.Н нь би ажлаа хийж чадна гэж хэлж байсан. Д.Н гал тогооны гэрээс гарсны дараа араас нь Ц.С инженер гарахаар нь би араас нь гарахад Ц.С инженер гартаа мод бариад Д.Н ахын нуруу орчимд 1 удаа цохисон тул би тэр хоёр дээр очиж 2 тийш нь салгасан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. Д.Н нь Ц.С инженерт модоор цохиулсны дараа баруун гараараа зүүн гарын тохой хэсгээ бариад гар хугалчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед би Д.Нийг эмнэлэг авч явъя гэж хэлсэн боловч Д.Н нь эмнэлэг явахгүй гэж хэлээд гал тогооны гэрт ороод архи үргэлжлүүлэн уугаад эмнэлэг яваагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

4. Гэрч Э.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Би Жаргалантын аманд баригдаж буй барилгын цайны газарт тогооч ажилтай байсан. Өглөө 07 цагт ажилдаа очоод, орой 18-19 цагийн хороонд ажлаа тардаг. Тухайн өдөр 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 07 цаг гэж ажил дээрээ ирээд ажлын хувцсаа сольж байхад Д.Н надад хандан хэлэхдээ манай тогооч хувцсаа тайлаад миний өвөрт орж ирээд надтай хамт унтах гэж байна гэх мэтээр үг хэллэг хэлж байсан. Намайг хувцсаа өмсөөд дуусах үед Д.Н нь орноосоо босоод хувцсаа өмсөөд ажилдаа гарсан. Ойр ойрхон буцаж гал тогооны гэрт орж ирэхдээ архи үнэртүүлж орж ирээд байсан. Гэтэл удалгүй гаднаас инженер Ц.С, Э.Шинэбаяр хоёр орж ирээд Ц.Н-ийг яагаад архи уугаад байгаа юм, өнөөдөр ажилдаа гарахгүй унтаж амар гэж хэлэхэд Д.Шинэбаярын үгэнд орохгүй би ажиллаж чадна гэж хэлээд гал тогооны гэрээс гараад 5-10 минутын дараа талбайн инженер Ц.С араас нь гарсан. Би гал тогооны гэрт инженер Э.Шинэбаяртай хамт үлдсэн. 5 орчим минутын дараа Э.Ш гал тогооны гэрээс гарсны дараа удалгүй гадаа хүмүүс хоорондоо зодолдох чимээ гарахаар нь би гэрээс гараад харахад Д.Н нь баруун гараараа зүүн гараа барьсан байдалтай харагдсан. Шууд гал тогооны гэрт орж ирээд Ц.С миний зүүн гарыг хуга цохичихлоо гэж хэлээд тал шил Хараа 0.75 шилтэй архи гарган ирээд ганцаараа ууж байхад гаднаас Ц.С, Э.Ш нар орж ирээд “чи удаа дараа архи согтууруулах ундааны зүйл ажлын байран дээр хэрэглэсэн тул энэ цагаас эхлэн ажиллуулахгүй гэртээ харь” гэж хэлээд явуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

5. Яллагдагч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Манай хүргэн ах Н нь ажлын байран дээр удаа дараа архи уудаг байсан. Хэрэг гардаг өдөр би 08 цаг 30 минутад ирэхэд хүргэн ах Н ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу ажилдаа гарна гээд байхаар нь би хүргэн ахыг хориглосон боловч миний үгэнд орохгүй би ажлаа хийж чадна гээд ажлын талбай болох баригдаж байгаа барилгын талбай руу гарсан. Тухайн үед тогтооч Ганчимэг надад хэлэхдээ танай хүргэн ах Н намайг хувцсаа сольж байхад миний биеийг илээд намайг оролдсон тул би танай ажлаас гарлаа гэж уйлахаар нь би биеэ барьж чадалгүй Нийн араас очоод “та архи уух мөрөөрөө уухгүй тогооч оролдлоо” гэж хэлээд газар байсан 1 метр урт модыг аваад Нийн далан дундуур 1 удаа цохих үед гараараа хаах гэж байгаад зүүн тохой хэсэгт цохиулсан. Миний хувьд Н-ийг нэг удаа модоор цохисон, өөр ямар нэгэн зодоон болоогүй. Тухайн үед Н надад хэлэхдээ чи миний гарыг хугалчихлаа модоор цохихгүй, гараараа цохичихгүй яасан юм бэ гэж хэлэхээр нь би Н-ийг аваад эмнэлэг явах гэсэн боловч яваагүй ажилчдын амралтын байр руу ороод үргэлжлүүлэн архи уусан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал),

6. Хохирогч Д.Н-ийн дүрс оношилгооны хариу, гэрэл зураг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №8999 дугаартай хүний биед хийгдсэн:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн тохойнд 21.0 см урттай цайвар өнгийн мэс заслын сорвитой, хөдөлгөөн хязгаарлагдсан, хавдаж овойсон, хөдөлгөх үед эмзэглэлтэй.

Дүрс оношилгооны хариу: 2022 оны 05 дугаар сарын 02 - Зүүн тохойн үений КТГ: Зүүн богтос ясны залаа сэртэн бяцарч хугарсан. 2022 оны 05 дугаар сарын 06-ны зүүн тохойн 2 байрлалын рентген: Зүүн богтос ясны хугаралд металл утсаар бэхэлгээ хийгдсэн. /эмч О.Оюунбаясгалан/ гэжээ.

-Д.Н-ийн биед зүүн богтос ясны залаа сэртэнгийн бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр 2022.04.29-ний өдөр үүссэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /шинжээч эмч Б.Цолмон/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

8.Яллагдагч Ц.С-ийн Хаан банканд эзэмшдэг 5920536017 (хавтаст хэргийн 33-38 дах тал), 5005335276 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 39-47 дахь тал ),

9. Ц.С-ийн Хаан банкны 5005335276 тоот эзэмшлийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: 5005335276 тоот данснаас:

2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5721798638 данс руу 300.000 төгрөг

-2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5733025969 данс руу  200.000 төгрөг, -2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 5721798638 данс руу 230.000 төгрөг,

-2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5733025969 данс руу  200.000 төгрөг, шилжүүлсэн байна. 5721798638 данс руу 530.000 төгрөг, 5733025969 тоот данс руу 400.000 төгрөг, нийт 930.000 төгрөг байна.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 31 дэх тал),

10. Яллагдагч Ц.С-ийн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 67 дахь тал), прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 68-70 дахь тал),

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн хүсэлтийг  прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад зөвшөөрснийг үндэслэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.С-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч нь эмчилгээний зардлыг нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй боловч шүүгдэгч 1.230.000 төгрөг төлсөн, харин ажилгүйдлийн тэтгэмж гэж нэхэмжилж байгаа нь гэмтлийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй гэж үзэж байна. Хэргийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хүндрүүлэх зүйлчлэх шинж тогтоогдоогүй. Гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй, нуруунд нь цохих үед хохирогч гараар хаасан учраас гар нь гэмтсэн байдаг” гэсэн дүгнэлтийг;

Хохирогч Д.Н-ийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас “Шүүгдэгч хохирогчийн нуруунд  цохисон гэж гэм буруугийн талаар маргаж байна. Мөн өөртэй нь хамт ажил хийж байгаа хүнээ дарамталж гэмтэл учруулсан учраас хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ирүүлэх байсан. Шүүгдэгч бусдыг ажиллуулж байгаа бол хөдөлмөрийн гэрээ хийж ажлын хөлсийг тооцож өгөх ёстой. Эмчилгээнд 1.230.000 төгрөг дансаар шилжүүлсэн нь баримтаар байна. Харин гэмтлийн улмаас Д.Н нь 4 сарын хугацаад ажлаа хийж чадаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох төлбөр, цаашид гарах эмчилгээний зардалд 9.500.000 төгрөг нэхэмжилж байгааг Иргэний хуулийн 498 дугаар зүйл, 505 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар ирүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан заалт хангагдаагүй. Хохирогчоос санал гомдлыг асуугаагүй, хохирол төлсөн гэдгийг хохирогч зөвшөөрөхгүй байгаа, гэм хор арилаагүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй, зүйлчлэлийг хүндрүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулж, мэтгэлцсэн. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.С нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын аманд барилгын ажил хийж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 08 цагийн үед хохирогч Д.Нийг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж модоор зүүн гарын тохой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн гарын богтос ясны залаа сэртэнгийн бяцарсан хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээг авсан тухай 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал), 

-Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ...Ц.С нь гал тогооны гэрээс гарч ирээд намайг өчигдөр архи уусан гэх шалтгаанаар газраас 1 метрийн урт прүүс мод аваад намайг цохих үед би газар сууж байсан тул зүүн гараараа хаахад миний зүүн гарын тохой хугарч маш их өвдсөн. ...Төв аймгийн эмнэлэгт очиж зүүн гараа үзүүлэхэд зүүн гар чинь хугарсан байна гэж хэлээд ...гэмтлийн эмнэлэг яв гэж зөвлөсөн. ...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт зүүн гараа үзүүлэхэд 2 газар хугарсан байна, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж ...гар сарвууны тасагт 6 давхарт хэвтүүлсэн ...2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хагалгаанд орж зүүн гартаа 2 төмөр хадуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

-Гэрч Э.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Д.Н нь ...согтуу байсан ...Д.Н нь би ажлаа хийж чадна гэж хэлж байсан. Д.Н гал тогооны гэрээс гарсны дараа араас нь Ц.С инженер гарахаар нь би араас нь гарахад Ц.С инженер гартаа мод бариад Д.Н ахын нуруу орчимд 1 удаа цохисон. ...Д.Н нь Ц.С инженерт модоор цохиулсны дараа баруун гараараа зүүн гарын тохой хэсгээ бариад гар хугалчихлаа гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

-Гэрч Э.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...гадаа хүмүүс хоорондоо зодолдох чимээ гарахаар нь ...харахад Д.Н нь баруун гараараа зүүн гараа барьсан байдалтай харагдсан. Гэрт орж ирээд Ц.С миний зүүн гарыг хуга цохичихлоо гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

-Яллагдагч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Нийн араас очоод та архи уух мөрөөрөө уухгүй тогооч оролдлоо гэж хэлээд газар байсан 1 метр урт модыг аваад Нийн далан дундуур 1 удаа цохих үед гараараа хаах гэж байгаад зүүн тохой хэсэгт цохиулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №8999 дугаартай хүний биед хийгдсэн  Д.Н-ийн биед зүүн богтос ясны залаа сэртэнгийн бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо, ...мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр 2022.04.29-ны өдөр үүссэн байх боломжтой, ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах шинжээр тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж хуульчилсан бөгөөд хохирогчийг модоор цохиж байгаа шүүгдэгчийн үйлдэл санаатай, тус үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байгаа атлаа хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ц.С-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Харин шүүх хуралдаанд хохирогч Д.Н-ийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас “шүүгдэгч Ц.С-оос хохирогчийн нуруунд цохисон гэж гэм бурууд маргасан, хохирлоо төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хуульд заасан нөхцөл хангагдаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлснийг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ын талаар заасан бөгөөд тус зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана” : 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”, 4.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”-ийг гэж хуульчилсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.С нь хохирогч Д.Нтэй тухайн үед үүссэн үл ойлголцол буюу удаа дараа архи ууж ажил хийсэнгүй гэсэн шалтгааны улмаас маргалдан, нуруун хэсэгт нь модоор цохих үед хохирогч зүүн гараараа хаахад тохой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн гарын богтос ясны залаа сэртэнгийн бяцарсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгчээс би хохирогчийн нуруунд цохих гэх үед гараараа хааснаас гарт нь гэмтэл учирсан гэж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд үүнийг гэм бурууд маргасан гэж үзэхгүй, нөгөө талаас шүүгдэгчийн үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан талаар маргаагүй болно.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Нөгөө талаас хохирогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна гэх боловч шүүгдэгчийг ажил олгогчийн хувьд хэм хэмжээний акт зөрчиж гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаагүй.

Түүнчлэн хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нотлох баримт хэрэгт ирүүлээгүй боловч шүүгдэгч Ц.С-оос 1.230.000 төгрөг нөхөн төлсөн талаар мэдүүлсэн, энэ талаар 900.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн тухай Хаан банкны дансны хуулга авагдсан, хохирогч Д.Н бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “эмчилгээнд 1.230.000 төгрөг авсан” талаар мөн дурджээ. Иймд эмчилгээний зардлын нотлох  баримтыг хохирогч өөрөө ирүүлээгүй боловч шүүгдэгчээс 1.230.000 төгрөг төлсөн байгаа зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага нөхцөлүүд хангагдсан байх тул прокуророос хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь үндэслэл бүхий гэж дүгнэв.

Хохирогч Д.Н нь ажлын байранд архидан согтуурсан зүй бус үйлдэл гаргасан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.С-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх хуулиар олгогдсон эрхийг нь хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэнд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ. 

Тус хэргийн улмаас хохирогч Д.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч хор уршгийн зардалд нэхэмжилсэн нотлох баримтыг ирүүлээгүй боловч шүүгдэгч 2.080.000 төгрөгийг төлсөн гэж шүүх хуралдааны явцад мэдүүлсэн боловч, хохирогчийн өмгөөлөгч нь 1.230.000 төгрөг хүлээн авсан гэж маргаж оролцсон.   

Шүүх хэрэгт авагдсан баримтыг судалж үзэхэд Ц.С-ийн Хаан банкны 5005335276 тоот эзэмшлийн дансны хуулгаар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5721798638 данс руу 300.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5733025969 данс руу 200.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 5721798638 данс руу 230.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5733025969 данс руу 200.000 төгрөг, 5721798638 данс руу 530.000 төгрөг, 5733025969 тоот данс руу 400.000 төгрөг, нийт 930.000 төгрөг шилжүүлжээ”. (хавтаст хэргийн 31 дэх тал) Мөн бэлнээр 300.000 төгрөг, нийт 1.230.000 төгрөгийг хохирогчид төлсөн нь тогтоогдож, төлсөн гэх зөрүү 850.000 төгрөг нь баримтаар тогтоогдоогүй тул 1.230.000 төгрөг нөхөн төлсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан дүгнэлтдээ болон хохирогч Д.Н шүүх хуралдаанд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Барилга дээр өдрийн 60.000-70.000 төгрөгөөр, сард 1.800.000-2.100.000 төгрөгийн цалинтай ажиллах байсан, гэмтсэнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдрийг хүртэл орлогогүй байсан тул цалин орлоготой тэнцэх төлбөр 8.000.000 төгрөг, хойшид эмчилгээний зардалд хагалгааны төлбөрийг 1.500.000 төгрөгөөр тооцоолж 9.500.000 төгрөг”-ийг нэхэмжилжээ.

Мөн хохирогч дээрх нэхэмжлэлийн хамт иргэн Ж.Жавзандэлгэрийн Хаан банканд эзэмшдэг 5733025969 тоот дансны хуулга, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээ, Вишинфанд ББСБ-ын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, оршин суух хорооны тодорхойлолт зэргийг хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд эдгээр баримтыг судалж үзэхэд зээлийн гэрээ бол зээл авсныг тодорхойлох баримт бөгөөд Д.Н-ийн орлогыг тодорхойлсон баримт бус юм.  

Иймд хохирогч Д.Н нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нотолсон санхүүгийн баримтыг хэрэгт ирүүлээгүй, түүнчлэн Ж.Жавзандэлгэрийн Хаан банканд эзэмшдэг 5733025969 дугаарын дансны хуулгыг Д.Н-ийн орлогыг тодорхойлох баримт гэж үзэх үндэслэлгүй, тодруулбал бусдын харилцах дансаар хохирогчийн орлогыг тодорхойлох боломжгүй, мөн өвчтэй байсан хугацааны цалин хөлсний зөрүү, эмнэлгийн бичиг баримт буюу лист гэх зэрэг бусад нотлох баримтгүй байх тул цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нэхэмжилсэн 8.000.000 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй юм. Цаашид гарах эмчилгээний зардалд хагалгааны төлбөр гэж 1.500.000 төгрөгөөр тооцсон байх боловч нотолсон баримтгүй, зайлшгүй урьдчилан гаргуулах зардал буюу хагалгаанд орох, эсхүл орохоор төлөвлөсөн талаар эмнэлгийн баримт бичиггүй байна. Нөгөө талаас гараагүй зардлыг урьдчилан тооцох боломжгүй. Тиймээс хохирогч П.Н нь 9.500.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтдээ “хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэхээр, шүүгдэгч Ц.С-той тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас “шүүгдэгч Ц.Сид эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байхгүй, урьд 2022 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан, гэм хор арилаагүй тул торгох ял оногдуулах боломжгүй, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов. Харин хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ц.С урьд ял шийтгэгдэж байсан гэх дүгнэлт нь үндэслэлгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Ц.С нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин хохирогчийн өмгөөлөгч торгох ял оногдуулах боломжгүй, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж эрүүгийн хариуцлага оногдуулахдаа прокурорын ялын саналыг яллагдагчид танилцуулахад зөвшөөрсөн эсэхийг хянах ба хохирогчийн санал, гомдлыг харгалзах үндэслэл хуульд байхгүй тул дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Ц.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ц-ийн Ц.С-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Ц-ийн Ц.С-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.С-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болон цаашид гарах хор уршгийн бусад зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.       

 

7. Шүүгдэгч Ц.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогч Д.Н-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.С-ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ДОРЖСҮРЭН