Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/591

 

 

 

 

 

   2022          08           24                                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Т-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 00000000 0000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Т.Б нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхсаран” сувиллын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Үг хардсаны улмаас маргалдаж, хоолойг нь боож, гараараа нүүр, толгой хэсэгт нь цохиж баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэсэн болно.

Хоёр: Эрүүгийн 00000000 000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч У.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

-2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Т.Б гэх залуутай 2019 онд Тавин ус эмийн санд ажиллаж байхдаа би танилцсан. Бид хоёр ойр дотно болж дахин нэг жилийн хугацаа өнгөрч ...бие биедээ дасаж үерхэх  болсон. Бид хоёр ажлын боломжгүй байдлаас болж өдөр болгон уулзаж чадахгүй байсан. Бид хоёр нэг гэрт орж амьдраагүй. Дундаасаа хүүхэдгүй, албан ёсны гэр бүлийн баталгаагүй. Одоогоор бид хоёр 2 жилийн хугацаанд үерхэж нөхөрлөөд явж байна. Т.Б надтай үерхэхээс өмнө гэр бүлтэй байсан, 3 хүүхэдтэй. Би түүнийг нь ойлгож хүлээж авдаг байсан. Өмнөх амьдрал гэдэг үүднээс нэг их юм бодолгүй явдаг байсан. 2022 оны 03 сард нэг өдөр Т.Б манай ажил дээр ирж хоноход нь утсыг нь шалгахад одоог хүртэл хуучин эхнэртэйгээ харилцаж байсан талаар нь мэдсэн. Түүнээс хойш би түүнд итгэхээ больсон. Манай гэр бүл ч түүнийг эрс эсэргүүцэж байсан тул би түүнтэй харилцаагаа таслахыг шийдээд байсан. Гэтэл Г.Б надтай харилцаагаа авч үлдэхийн тулд олон ч арга хэрэглэж сүүлдээ амиа хорлоно ч гэж намайг айлгаж байсан. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа явах гэж байтал гэрийн гадаа Б ирсэн байсан. Намайг машиндаа суучих гэхээр нь түүний машинд суугаад ажилдаа хүргүүлчихье гэж бодсон. Гэтэл ажлын зүгт биш өөр зүгт яваад байхаар нь би түүнээс айгаад элдэв зүйл хэлээгүй. Тэгээд чимээгүй дагаж явж байтал Б машинаас буугаад дэлгүүр орох хооронд би ажлын эм зүйч эмэгтэй болох Ц лүү цагдаа дуудаад өгөөч гээд мессеж бичсэн. Тэгээд Б гарч ирээд бид хоёр хөдлөөд явж байтал Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрний доор голын хажууд машинаа аваачиж зогсоосон. Тэр үед цагдаагаас Б рүү залгасан байсан. Намайг цагдаад дуудлага өгсөн байна гэж уурлаад 1-3 удаа толгой руу цохисон. Тэгээд намайг жолоо барь гээд өөрөө жолоочийн хажуу талын суудалд суугаад, хаашаа ч хамаагүй яв гээд Хан- Уул дүүргийн 12 дугаар хороо “Энхсаран” сувилал гэх нэртэй газар хүрч очоод намайг зогс гэсэн. Тэгээд намайг Б хоолойг багалзуурдаад, ...толгой руу удаа дараа цохисон, миний үснээс зулгаагаад нүүрэнд 3-4 удаа нясалсан. Тэгээд над руу уурлаж хашхираад орилоод байсан. Тэгчхээд толгой нь өвдөж байгаад уусан зүйлдээ согтоод унтаад өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

3. Гэрч Л.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал 17 цагийн орчимд охин Ү надад мессежээр “ээжээ би байна, тэр согтуу, намайг явуулахгүй байна, цагдаа дуудаад өгөөч” гэсэн утга бүхий мессеж бичээд явуулсан байсан. Би сандраад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбогдоход намайг Хан-Уул дүүргийн цагдаатай холбон өгч яриулсан. Би түүнд учир байдлыг хэлээд дуудлага өгсөн. Тэгчхээд нөхрийн хамт хорооллоос гарч явсан. Охин руугаа залгаж болохгүй байх гээд фейсбүүк мессежээр харилцаж байсан. Цагдаагийн байгууллага шуурхай хүрч очиж тэднийг байгаа газраас нь авч, цагдаагийн хэлтэст хүргэсэн байсан. Цагдаагийн хэлтэст ирэхэд охины уруул нь хавдаад, хүзүү нь хөхөрчихсөн, уйлчихсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

4. Гэрч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд  ажлын эгч Ү залгаад “найз залуу Б намайг мэдэхгүй газар авчирчхаад өөрөөс нь салах юм бол хамтдаа үхнэ гээд айлгаад байна, цагдаад мэдэгдээд өг, гэхдээ бидний утас руу холбогдуулж болохгүй шүү” гээд надад өөрийн байгаа газрынхаа зургийн явуулсан. Би 102 дуудлагын утсанд холбогдоод Ү эгчийн явуулсан зургийн дагуу байршлыг нь хэлж чадахгүй учраас цагдаа Ү болон Б нарын дугаарыг авсан. Тэгээд дуудлага өгчхөөд байж байтал Ү эгч залгаад “би ганцаараа байна, жолоо бариад явж байна, Б эмнэлэгт хэвтэж байгаа эгч нь уурласандаа худлаа ярьсан юм, цагдаагийн дуудлагаа буцаачих” гэж хэлсэн. Би тайвшраад цагдаад холбогдоод дуудлагаа буцаасан. Түүнээс хойш Ү эгч надтай холбогдоогүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 8878 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

- У.Ү-ийн биед баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

6. Яллагдагч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 08 цагийн үед би Үүрээг ажилд нь хүргэж өгөхөөр гэрийнх нь гадаа очсон. Түүнийг гэрээсээ гарч  ирэхээр нь ажилд нь хүргэж өгөх санал тавьсан. Тэгээд хөдлөх гэж байхад Үүрээгийн утсанд танихгүй дугаараас мессеж ирсэн. Би Үүрээг тухайн үедээ бусадтай хардаж уурласан, түүний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд утсыг нь авч мессежийг нь унших гэхэд утсаа өгөхгүй байхаар нь би түүнийг сандал руу налуулаад хоолойг нь боосон. Тэгээд бид хоёр гайгүй ярилцаж тайвшраад бид Хан-Уул дүүрэгт “Энхсаран” гэдэг сувиллын ойролцоо хүрч очсон. Тэнд очоод би согтуу бас түүнийг хардаж уурласан, түүнийг хэд хэдэн удаа цохиж үснээс зулгаасан. Тухайн өдөр би найз охиныгоо бусадтай хардаж түүний биед байж боломжгүйгээр их халдаж түүнийг гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

7. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай яллагдагч Т.Б-н хүсэлт (хавтаст хэргийн 41 дэх тал),  хохирогч У.Ү-ийн гомдол саналгүй тухай хүсэлт (хавтаст хэргийн 40 дэх тал), хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 44-47 дахь тал),

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 53 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад яллагдагч  зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Б-н үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Б нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхсаран” сувиллын орчимд 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ өмнө үерхэн найзалж байсан У.Үг хардсаны улмаас хоолойг нь боох, гараараа нүүр, толгой хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэн зодож бие, эрүүл мэндэд нь баруун шанаанд нь цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

-Хохирогч У.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “....цагдаагаас Б рүү залгасан байсан. Намайг цагдаад дуудлага өгсөн байна гэж уурлаад 1-3 удаа толгой руу цохисон. Тэгээд намайг жолоо барь гээд өөрөө жолоочийн хажуу талын суудалд суугаад, хаашаа ч хамаагүй яв гээд Хан- Уул дүүргийн 12 дугаар хороо “Энхсаран” сувилал гэх нэртэй газар хүрч очоод намайг зогс гэсэн. Тэгээд намайг Б хоолойг багалзуурдаад, ...толгой руу удаа дараа цохисон, миний үснээс зулгаагаад нүүрэнд 3-4 удаа нясалсан. Тэгээд над руу уурлаж хашхираад орилоод байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

-Гэрч Л.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ...17 цагийн орчимд охин Ү надад мессежээр “ээжээ би байна, тэр согтуу, намайг явуулахгүй байна, цагдаа дуудаад өгөөч” гэсэн утга бүхий мессеж бичээд явуулсан байсан. ...Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбогдоход намайг Хан-Уул дүүргийн цагдаатай холбон өгч яриулсан. Би түүнд учир байдлыг хэлээд дуудлага өгсөн. ...Цагдаагийн байгууллага шуурхай хүрч очиж тэднийг байгаа газраас нь авч, цагдаагийн хэлтэст хүргэсэн байсан. Цагдаагийн хэлтэст ирэхэд охины уруул нь хавдаад, хүзүү нь хөхөрчихсөн, уйлчихсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

-Гэрч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 8878 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

-Яллагдагч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...Би Үүрээг тухайн үедээ бусадтай хардаж уурласан, түүний нүүр лүү нэг удаа цохисон, ...сандал руу налуулаад хоолойг нь боосон. ...“Энхсаран” гэдэг сувиллын ойролцоо хүрч очсон. Тэнд очоод би согтуу бас түүнийг хардаж уурласан, түүнийг хэд хэдэн удаа цохиж үснээс зулгаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж заасан бөгөөд  шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар үерхэл нөхөрлөлийн харилцаатай хүмүүс байх ба хардалтын улмаас хохирогчийн биед шүүгдэгч халдаж хөнгөн гэмтэл учруулсан байх   ба анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Тухайн үед шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, үл ойлголцол үүсэх шалтгаан болж гэмт хэрэг гарсан байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Т.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч У.Ү-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба, хохирогчоос хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж, оногдуулах ялын саналыг танилцуулж, тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт хэлэхдээ ялын саналыг  зөвшөөрч байгааг илэрхийлсэн. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Т.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Т.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-гийн Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т-гийн Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Т.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч У.Үд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Б-н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН