Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2024/0334

 

 

 

 

 

 

“ЭР” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А

Нэхэмжлэгч: “ЭР” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “ЭР” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, Э.Г, А.Д, Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, С.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Ч.Б, С.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0568/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЭР” ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “ЭР” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх”-ээр маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр:

2.1. “...Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.4, 16 дугаар зүйлийн 16.3.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгаж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “ЭР” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч...шийдвэрлэсэн байна. 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.15-д Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн гэрчилгээнд заасан хувь хэмжээгээр ногдуулна гэж заасан нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд “ЭР” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр олгосон 001 тоот гэрчилгээнд дурдсанаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зөвхөн хувь хэмжээг нь хуулийн хүрээнд тогтворжуулсан болох нь тодорхой байна. Засгийн газрын 2014 оны 220, 2019 оны 342 дугаар тогтоолуудаар ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээг тогтоогоогүй, борлуулалтын үнэлгээг ч тогтоогоогүй зөвхөн хуулиар тогтоосон буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцохыг тодорхойлсон аргачлал юм. Ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2, 47.2.3 дахь хэсгээр хуульчилж өгсөн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дэх хэсэгт заасан экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болох зах зээлийн үнийн эх сурвалжийг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд уг тогтоолын 2-р хавсралтын 7 дахь хэсэгт “Нүүрс” бүтээгдэхүүний экспортын борлуулалтын үнэлгээг БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ (http://en.sxcoal.com) гэж тогтоосон.

3.2. Дээрхээс үзвэл “ЭР” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй, дээрх тогтоолуудаар төлбөрийн хувь хэмжээг зохицуулаагүй болох нь тодорхой байна. Татварын албанаас дээр дурдсан хуулийн хүрээнд уг этгээдийн тогтворжуулах гэрчилгээгээр олгогдсон эрхэд халдаагүй бөгөөд татварын алба нь татвар төлөгчийн эрхийг хөндсөн аливаа нэг хууль бус шийдвэр гаргаагүй болно. Гэтэл шүүхээс тогтворжуулах гэрчилгээгээр олгогдсон эрх нь хөндөгдөөгүй байхад, тогтворжуулсан гэрчилгээний зохицуулалтад хамааралгүй асуудлыг хольж хутган хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн ашигт малтмалын бүтээгдэхүүний хувьд татвар ногдуулах суурь нь ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ байдаг бөгөөд түүнийг хувь гэх хэмжээгээр ногдуулан төлөх татварыг тодорхойлдог.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлэх бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргах хүсэлтэд өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зургийг хавсаргаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн байхад түүнийг нягтлаагүй, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалтаас зөрүүлж, шууд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг олгосон нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 20 дугаар зүйлийн 20.1-д тус тус зааснаар татгалзах үүрэгтэй буюу хүлээн авч бүртгэл хөтлөх эрх зүйн үндэслэл байгаагүйг бүрэн харуулж байна.

3.4. Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоол нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан мөрдөгдсөн бөгөөд энэ журмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх үндэслэл үүсээгүй.

3.5. “ЭР” ХХК-ийг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тогтворжуулах гэрчилгээ авах үед 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.3 дахь хэсэг буюу АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ногдуулах хувь хэмжээ хүчин төгөлдөр хэрэгжиж байсан бөгөөд уг заалтад өнөөдрийн байдлаар өөрчлөлт ороогүй, тухайн үед мөрдөгдөж байсан ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээ тогтвортой мөрдөгдөж байна.

3.6. “ЭР” ХХК-ийг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тогтворжуулах гэрчилгээ авах үед ашигт малтмалын борлуулалтын үнэлгээ тооцох зохицуулалт 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлана” гэж байсан бөгөөд өнөөдөр ч өөрчлөлт ороогүй хэвээр мөрдөгдөж байна. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд Засгийн газраас 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар, 2016 оны 81 дүгээр тогтоолын хавсралтаар, Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг батлан мөрдүүлсэн байдаг. Засгийн газраас зарласан үнэ нь гэнэт 2021 оноос “ЭР” ХХК-ийн төлөх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээг нэмэгдүүлчихсэн ч биш харин бүр тогтворжуулах гэрчилгээ авсан 2015 онд БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ (http://en.sxcoal.com) буюу олон улсын зах зээлийн жишиг үнээр тооцох журам хэрэгжиж байсан нь тодорхой байх тул шүүхийн энэ хэсгийн дүгнэлт үндэслэлгүй байна.

3.7. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь борлуулалтын үнэлгээнээс хамаарч ихсэх буурах өөрчлөлт гарна гэдгийг татварын алба үгүйсгээгүй. Тодруулбал “ЭР” ХХК-ийн илүү төлсөн гэх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь тогтворжуулсан хувь хэмжээнээс үүсээгүй, харин борлуулалтын үнэлгээний өөрчлөлтөөс үүссэн болохыг тодорхойлсон. Энэ нь тогтворжуулсан татварын хувь хэмжээнд нөлөөлөхгүй, хамааралгүй болно. Түүнчлэн шүүхийн энэ хэсэгт дүгнэлт хийсэнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.17-д заасны дагуу төлөх нэмэлт төлбөр нь мөн хуулийн 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно” гэж заасны дагуу төлөх нэмэлт төлбөр бөгөөд энэ нь үндсэн төлбөрийн хэмжээнд нөлөөлөхгүй бөгөөд шүүхээс уг асуудлыг 2 өөр ойлголт болохыг сайн ойлгоогүйгээс буруу дүгнэлт хийжээ гэж үзэж байна.

3.8. ...Тогтворжуулах гэрчилгээний хавсралтаар 4 төрлийн татварын хувь хэмжээг тухайн үеийн хуульд зааснаар тогтворжуулсан байх бөгөөд 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалыг тогтворжуулсан тэмдэглэгээ баталгаажуулалт байхгүй болохыг уг компанийн 2015 оны 001 тоот тогтворжуулах гэрчилгээ нотолж байна. Шүүхээс Тогтворжуулах гэрчилгээ олгох үеийн Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын зохицуулалтын дагуу тооцож үзвэл гэж дүгнэлт хийсэн бөгөөд аль зохицуулалт, хэддүгээр заалтын дагуу шүүх тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор аргачлал л батлагдсан бөгөөд энэ нь материаллаг эрх зүйг тодорхойлоогүй процессын эрх зүйн асуудлыг зохицуулсан болохыг шүүхээс дүгнэж үзээгүй, тухайн цаг хугацаандаа процессын асуудлыг зохицуулж үйлчлээд хүчингүй болсон байдаг.

3.9. Тогтворжуулах гэрчилгээгээр дээр дурдсан 4 төрлийн албан татварын хувь хэмжээг гэрчилгээ олгох үед буюу 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар мөрдөгдөж байсан хууль тогтоолд зааснаар тогтворжуулсан бөгөөд маргаан бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээний хавсралтад 4 дэх хэсэгт баталгаажуулснаар 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр гэж тодорхой заасан.

3.10. Шүүхийн үзэж байгаачлан дээрх тогтворжуулах гэрчилгээнд Засгийн газрын 220 дугаар тогтоолыг мөрдөхийг баталгаажуулан тогтворжуулсан тэмдэглэгээ, нотлох баримт байхгүй байхын зэрэгцээ шүүх материаллаг болон процессын асуудлыг энэ тохиолдолд ялгамжтай болохыг дүгнэлт хийхгүйгээр хольж хутган хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хуулийн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн тогтворжуулах гэрчилгээний “тогтворжуулах албан татвар, төлбөрийн хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээ олгосон өдөр мөрдөгдөж байсан хууль, тогтоолд зааснаар тооцно” гэсэн нь гэрчилгээний хавсралтад баталгаажуулалт хийсэн хуульд заасан хувь хэмжээгээр, тогтоолд заасан хувь хэмжээгээр гэж тогтворжуулахыг тусгайлан заасан. Тогтоолд заасан хувь хэмжээгээр гэдэг нь Гэрчилгээний хавсралтын 2 дахь хэсэгт УИХ-ын 1999 оны 6 дугаар 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээг тогтворжуулан баталгаажуулсан гэснийг илэрхийлж байгаа бөгөөд нэхэмжлэгч болон шүүхийн үзэж байгаачлан тогтоол гэж заасанд тухайн үед мөрдөгдөж Засгийн газрын тогтоол хамаарна гэсэн нь үгүйсгэгдэж байна. Борлуулалтын үнэлгээг тогтворжуулах гэрчилгээгээр тогтворжуулаагүй, тогтворжуулах ч боломжгүй асуудал бөгөөд борлуулалтын үнэлгээнээс үүссэн зөрүү төлбөр нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээнд хамааралгүй болох нь дээрх баримтаар нотлогдож байна.

3.11. Шүүхийн шийдвэр гаргах хугацааны үед 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хууль хүчингүй болсон бөгөөд 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Шүүх татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж үндэслэсэн атлаа Засгийн газрын тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэж, тогтворжуулах гэрчилгээгээр тогтворжуулсан хувь, хэмжээ нэмэгдээгүй гэж нэхэмжлэгч компанийн хүсэлтээс татгалзсан нь үндэслэлгүй байна гэж хариуцагчийг буруутгасан нь ойлгомжгүй байна. Хэрэв шүүх татварын харилцаа үүссэн үеийн татварын хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилнэ гэж үзэж байгаа атал Засгийн газрын хүчингүй болсон 220 дугаар тогтоолыг хэрэглэх ёстой, Засгийн газрын хүчин төгөлдөр 174 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ёсгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, шийдвэрээ үгүйсгэсэн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

3.12. Тогтворжуулах 001 тоот гэрчилгээний хавсралтад 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр баталгаажуулав гэж тэмдэглэжээ. Засгийн газрын тогтоолоор ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээг тогтоодоггүй, харин Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дэх хэсгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох аргачлалыг Засгийн газрын 2014 оны 220-р дугаар тогтоолоор журамласан байдаг. Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2-р хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооиох аргачлал”-ыг баталсан бөгөөд энэ аргачлалаар АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцохыг зохицуулснаас бусдаар АМНАТ-ийн хувь хэмжээг зохицуулаагүй, төлбөр төлөгчийн төлөх төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн шинээр татварын харилцаа үүсгээгүй.

3.13. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т улсын зах зээлийн үнэ гэж зохицуулалт байхгүй. Ашигт малтмалын тухай хуулиар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны хувь. хэмжээг тооцох аргачлалыг Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор тогтоож гэсэн нь ойлгомжгүй дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид тусгайлан зориулж Засгийн газраас 2014 оны 220 дугаар тогтоолыг батлаагүй, Засгийн газрын тогтоол нь Засгийн газрын тухай хуулийн 30.8 С ‘Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл бүх ААН-д хамааралтай байхаар батлагдсан гэж үзэхээр байна.

3.14. Шүүх...хэлцлийн үнийг бусад аж ахуйн нэгжийн үнэтэй харьцуулж, зөрүүг 10 хувь дотор байвал хэлцлийн үнээр тооцдог байсныг өөрчлөн гадаад улсын зарласан жишиг үнэтэй харьцуулснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ нэмэгдэх үр дагаварт хүрсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна гэсэн нь шүүх хэргийн үйл баримтыг зөрүүтэй ойлгосон, зах зээлийн үнийг хэн зарладаг, ямар эх сурвалжаар тодорхойлдог болохыг бүрэн ойлгоогүйгээс хууль бус дүгнэлт хийжээ гэж үзэж байна. Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн 342 дүгээр тогтоолоор хүчингүй болсон бөгөөд 2014 оны 220 дугаар тогтоол хэрэгжих боломжгүй болсон. Хэлцлийн үнээр тооцоход бусад аж ахуйн нэгжийн үнэтэй харьцуулалт хийдэг, харьцуулалт хийхэд зөрүү 10 хувь дотор байвал хэлцлийн үнээр тооцдог гэж дүгнэсэн атлаа Засгийн газрын тогтоолоор баталсан уг аргачлал хүчингүй болсон нөхцөлд энэ компанид л хэрэгжүүлэх гээд байгаа нь үндэслэлгүй байхын зэрэгцээ, аргачлалын харьцуулалт хийдэг бусад аж ахуйн нэгжид нь мөрдөгдөхгүй болохоор хэлцлийн үнийг тогтоох боломжтой байхыг дүгнээгүй нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон. Гадаад улсын зарласан жишиг үнэтэй харьцуулснаар гэсэн нь хууль тогтоомжоо бүрэн ойлгоогүй хийсвэр дүгнэлт хийжээ гэж үзэхээр байна. Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг Монгол улсын Засгийн газар нь 81 дүгээр тогтоолоор зарлан баталсан болохоос гадаад улс зарлаагүй болно.

3.15. Татварын алба нь татварын хууль тогтоомжид нийцүүлэн татвар төлөгчийн болон татварын албаны үйл ажиллагааг цахимжуулах хялбаршуулах зорилгоор татварын цахим тайлангийн системийг ашигладаг бөгөөд энэ нь хууль тогтоомжоор тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа тохиолдолд тайланг хүлээн авдаг цахим тайлангийн систем юм. Уг программаар татвар төлөгч Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөд байгаа биш. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар төлөх төлбөрөө тайлагнаад байгааг дүгнэх байсан. Татвар төлөгчийн тайлан гэсэн үг. Мөн шүүхээс татварын албаны цахим тайлангийн системийг ашиглан татвар төлөгч тайлангаа ирүүлсэн болохыг үндэслэлтэй дүгнээгүйгээс татвар төлөгчийн үгээр нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэх олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг авахын тулд илүү тайлагнасан байна гэсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн хуулийн дагуу зөв тайлагнаж байхад хууль бусаар татварын ногдлыг бууруулах нь зөв мэтээр дүгнэснийг зөвтгөх үндэслэлгүй байна. 2021 оны 5 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд 208.7 тэрбум төгрөгийн илүү төлбөр тогтоосон болох нь тогтоогдож байна гэж шүүх үзсэн. Шүүх энэ дүнг яаж тогтоосон, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчээс 221.4 тэрбум төгрөг илүү төлсөн гэж гомдол гаргасан дүнгүүд зөрүүтэй.

3.16. Бидний ойлгож байгаагаар болон нотлох баримтаас харвал Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор шүүхийн 37 дахь хэсэгт үндэслэсэн харилцааг зохицуулаагүй, бидний зүгээс тийм харилцааг зохицуулсан тогтоолыг хараагүй, харин Засгийн газрын 2019 оны 342, 2019 оны 465 дугаар тогтоолын 2 дахь заалт, 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6 дахь хэсгийг тус тус хүчингүй болгон 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр тогтоосон.

3.17. Шүүхээс татварын албаны татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хяналт шалгалт хийх бүрэн эрхэд халдаж хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн их хэмжээний татварыг төсвөөс буцаан олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг сонсгохдоо татвар төлөгчид буцаан олгох татварын хэмжээг тодорхойлон олгох асуудал нь татварын албаны эрхийн асуудал байна гэж танилцуулсан атлаа бичгийн хэлбэрт шийдвэрээ баталгаажуулахдаа шууд 208 тэрбум төгрөгийг хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтээр олгохыг татварын албанд даалган шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн зүгээс татвар төлөгч “ЭР” ХХК-д тогтворжуулсан татварын хувь хэмжээнд халдаагүй, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ тогтворжуулах гэрчилгээ авах үед ч тэр, одоо ч тэр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасны дагуу тооцон тайлагнаж ирүүлсэн нь үндэслэлтэй байсан учир илүү төлсөн татварын дүн тоог гаргах шаардлага үүсээгүй гэж тайлбарласаар, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад илүү төлөлт үүсэх үндэслэл бий болоогүй гэдгийг нь тогтоосон гэж шийдвэрлэсээр байхад “үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 208 688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэсэн нь татварын албаны хуулиар олгогдсон эрхэд халдсан, ямар ч үндэслэлгүйгээр хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтээр татварын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэн их хэмжээний цаашлаад сөрөг нөлөөлөл үүсэх үр дагавар бүхий шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

3.18. Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол хүчингүй болсон гэдгийг энэ үндэслэлээрээ зөвшөөрсөн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангагдах хууль зүйн боломжтой гэсэн нь ойлгомжгүй байна. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх” харилцаа уг харилцаанд хамааралгүй зохицуулалт болно.

3.19. Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолын “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн жишиг үнээр тооцох”-оор заасан нь гэж шүүх дүгнэсэн. Энэ тогтоолоор ийм зохицуулалтыг тогтоогоогүй бөгөөд Засгийн газрын холбогдох тогтоолуудыг хүчингүй болгох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай зохицуулалттай байна. Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг нь борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцохыг журамласан зохицуулалт бөгөөд АМНАТ-ийн төлбөрийн хувь хэмжээнд хамааралгүй зохицуулалт болно. Түүнчлэн журмын энэхүү зохицуулалт нь тогтворжуулах гэрчилгээ олгосон 2015 оны 08-р сарын 13-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсэгт яг энэ хэлбэрээрээ хуульчлагдсан байсан бөгөөд өнөөдөр ч хэвээр үйлчилсээр байна.

3.20. Шүүхийн шийдвэрээ гаргахдаа үндэслэсэн хуулийн заалт нь уг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн өөрөөр хэлбэл олон улсын зах зээлийн үнийг баримтлах заалтыг баримталсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1. “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэсэн зохицуулалт болно. Мөн Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11-д заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамаарах харилцаа биш тусгайлан хуулиар зохицуулсан харилцаа бөгөөд хуулийн дээрх зохицуулалтад хамаарах асуудал биш байх тул хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл тодорхойлогдож байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхээс нэхэмжлэгч “ЭР” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьсан, хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан болохыг үндэслэл бүрээр хууль зүйн үндэслэлтэйгээр эс зөвшөөрч гомдол гаргаж байгааг хүлээн авч, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0243 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч “ЭР” ХХК-иас хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “ЭР” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах шаардлагын тухайд:

 

2.1.1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзэхэд Хөрөнгө оруулалтын орон тооны бус зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14/01 дугаартай дүгнэлтийг үндэслэн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/98 дугаар тушаалаар нэхэмжлэгч “ЭР” ХХК-д 4 төрлийн албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээг 2009 оноос эхлэн 24 жилийн хугацаатайгаар буюу 2033 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаатай олгосон байна.

 

2.1.2. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч “ЭР” ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 216 дугаартай албан бичгээр “...нүүрсний борлуулалтад илүү хэмжээгээр төлөгдсөн АМНАТ-ийг баталгаажуулах, цаашид АМНАТ-ийн хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ олгосон 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2, 47.4, 47.5 дахь хэсэгт заасан хүснэгтийн 12 дахь заалтад заасан хувь болон мөн хуулийн 47.6-д зааснаар Засгийн газраас 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу тооцуулан АМНАТ ногдуулж, төлж, тайлагнах арга хэмжээ авч өгнө үү” гэх утга бүхий хүсэлтийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт гаргасан байх бөгөөд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаартай албан бичгээр уг хүсэлтийг хангах боломжгүй талаар хариу хүргүүлжээ.

 

2.1.3. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 329 дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газарт гомдол гаргаж, Татварын ерөнхий газраас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 04/1245 дугаартай албан бичгээр “...Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220, 2019 оны 342 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана уу” гэсэн хариуг тус тус өгсөн байна.

 

2.1.4. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татвар төлөгч дараах эрх эдэлнэ” гээд 12.1.7-д “татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх”, 12.1.11-д “хөрөнгө оруулалтын хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх” эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуулиар олгосон энэ эрхийнхээ хүрээнд хариуцагч захиргааны байгууллагад хүсэлт гаргасан байхад Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас тус хүсэлттэй холбогдуулан ямар ч хяналт, шалгалт хийгээгүй атлаа “...танай компанийн тогтворжуулах гэрчилгээгээр тогтворжуулсан хувь хэмжээнд хуулиар өөрчлөлт ороогүй байх тул илүү төлсөн гэх 221.4 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг баталгаажуулах боломжгүй” гэж шууд татгалзсан нь дээрх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.4-д “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэснийг,

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ”, 15.1.2-т “харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ”, 15.8-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.7, 15.18-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэснийг тус тус зөрчжээ.

 

2.1.5. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “татварын хувь, хэмжээг тогтворжуулах” гэж энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд энэ хуулийн 13.4-т заасны дагуу нэмэхгүйгээр хэвээр хадгалах, эсхүл бууруулахыг,  3.1.9-д зааснаар  “татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ” гэж энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд энэ хуульд заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг ойлгох бөгөөд энэхүү гэрчилгээг эзэмшигч нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 13.5-д заасан этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох замаар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг тогтворжуулна”, 13.2-т “Тогтворжуулах гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулна”, 13.4-д “Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй” гэж тус тус заасан эрхээр хангагдах учиртай.

 

2.1.6. Гэтэл хариуцагч нь тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн буюу нэхэмжлэгч хуулийн этгээдийн Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан дээрх эрх болон мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан нийтлэг баталгааг харгалзан үзэж “ЭР” ХХК-иас гаргасан нүүрсний борлуулалтад илүү хэмжээгээр төлөгдсөн 221,450,489,876.82 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан олгох эсэх асуудлыг хянан шийдвэрлэлгүй татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус байх бөгөөд энэ нь дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах...хуулийн зорилгод нийцэхгүй байна.

 

2.1.7. Нэхэмжлэлийн тус шаардлагын талаар анхан шатны шүүхээс “...Засгийн газрын тогтоолууд нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт төдийгүй, Ашигт малтмалын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн бүрдэл хэсэг болохын хувьд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх ёстой” гэж зөв дүгнэсэн боловч хариуцагч захиргааны байгууллагаас Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү төлсөн татварыг буцаан олгох эсэх асуудлыг хяналт, шалгалт явуулах замаар тогтоосны үндсэн дээр шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс тодорхойлсон 208,688,214,552 төгрөгийн үнийн дүнгээр тооцож буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Шүүхийн шийдвэрийг сонсгохдоо татвар төлөгчид буцаан олгох татварын хэмжээг тодорхойлон олгох асуудал нь татварын албаны эрхийн асуудал байна гэж танилцуулсан атлаа бичгийн хэлбэрт шийдвэрээ баталгаажуулахдаа шууд 208 тэрбум төгрөгийг хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтээр олгохыг татварын албанд даалган шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна...” гэх гомдол үндэслэлтэй.

 

2.1.8. Өөрөөр хэлбэл дээрх асуудлыг захиргааны байгууллага өөрийн эрхийн хүрээнд холбогдох ажиллагааг зохих журмын дагуу хийж, улмаар илүү төлөлт байгаа эсэх, буцаан олголт олгох эсэх төдийгүй илүү төлөлт байгаа тохиолдолд хичнээн төгрөгийн буцаан олголт олгогдох эсэх, мөн тогтворжуулалтын гэрчилгээ бүхий этгээдийн хувьд анхан шатны шүүхийн хүснэгтээр харуулсан Засгийн газрын тогтоолуудаар татвар ногдуулах хувь хэмжээ өссөн, эсхүл борлуулалтын үнийн өөрчлөлтөөс хувь хэмжээний зөрүү үүссэн эсэхийг тодруулах тогтоох ажиллагаа явуулах нь зүйтэй байх тул үүнтэй холбоотой ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

 

2.1.9. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, улмаар шаардагдах акт гаргуулж, илүү төлөлтөө буцаан авах хүсэлттэй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт хамаарна.

 

2.1.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрыг нэхэмжлэгч “ЭР” ХХК-д илүү төлсөн татварыг нэхэмжлэгчийн тодорхойлсон үнийн дүнгээр шууд олгохоор шийдвэрлэсэн нь буруу тул шүүхийн шийдвэрт энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2.2. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “ЭР” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

 

2.2.1. Нэхэмжлэгч “ЭР” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан

1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол,

2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр” гэх хүснэгтийн 7-д заасан “БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ http://en.sxcoal.com” гэх хэсэг,

3. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолын 4 дэх заалт,

4. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн 4 дэх шаардлагаа “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 болон 2.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-аар өөрчилсөн байх бөгөөд эдгээр нэхэмжлэлд хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

 

2.2.2. Хэдийгээр энэ талаар анхан шатны шүүх мэдэх боломжгүй боловч давж заалдах шатны шүүхийн тухайд энэ нь маргаан бүхий Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоол болон 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолтой тус тус маргаж байгаа талаар мэдэх боломжтой буюу нэгэнт илэрхий үйл баримт юм.

 

2.2.3. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч “ЭР” ХХК нь маргаан бүхий тогтоолууд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдэд үйлчлэх эсэх талаар Монгол Улсын Засгийн газар болон Татварын ерөнхий газраас тодруулга, чиглэл авсан эсэхийг анхан шатны шүүх тодруулах байжээ.

 

2.2.4. Үүнээс үзвэл “ЭР” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “ЭР” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай шаардлага бүхий тус нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.2.5. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл давж заалдах шатны шүүхээс нэгэнт нэхэмжлэгч “ЭР” ХХК-иас гаргасан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, харин захиргааны байгууллага хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд холбогдох ажиллагааг зохих журмын дагуу явуулж, илүү төлөлт байгаа эсэх, буцаан олголт олгох эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд нэг бүрчлэн дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзсэн болно.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.2, 13.4, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 12.1.11, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭР” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, илүү төлөлт байгаа эсэхийг зохих журмын дагуу хянаж, шалгахыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар “ЭР” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “ЭР” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

  

ШҮҮГЧ                                                           н.долгорсүрэн

ШҮҮГЧ                                                           г.мөнхтулга

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА