Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 103

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч:  Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,

Хохирогч: С.*******

Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******эд холбогдох 201616000179 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч С.******* нь шунахайн сэдэлтээр давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 02-12-ны хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг ******* *******од оршин суух С.*******ийн малын пүнзэнд хууль бусаар нэвтрэн орж 21 кг ноолуур хулгайлж 861.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн өглөө хөгшинөө Дундговь аймаг явуулсан. Тэр хугацаанд би өглөө гараад хониндоо явдаг үдээс хойш 3-4 цагийн хооронд гэртээ ирдэг байсан. Ингээд явж ирээд хоол хийвэл хийгээд хийхгүй бол хийхгүй тэгээд ядраад хэвтээд өгдөг байсан. Манай хөгшин 7 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгаас ирсэн. Хөгшинийгөө байхгүй хугацаанд чадах чинээгээрээ ааруул хийсэн байснаа хоёулаа хатаах санаатай пүнзэндээ орсон. Гэтэл давхарлаад тавьсан ноолуур намхан болчихсон юм шиг харагдсан. 8-9 хоногт би ноолуураа үзэж чадаагүй. Тэгээд намхан болчихсон байхаар нь энэ яагаад ингэдэг билээ гээд үзсэн чинь хоёр сав ноолуур алга болсон байсан. Тэгээд би бодоод гадны хүн ирээд авсан бол бүгдийг нь аваад явах байсан. Энэ ******* манайд 2015 оны 6-11 сар хүртэл манайд байсан. Би олон жил ганцаараа явсан болохоор хажиг зожиг болсон байх энэ хүн ч зүгээр байхгүй архи дарс ууна тэгээд би за чи манайхаас яв гээд хэлчихсэн юм. Тэгээд энэ хүн Хүрмэнд нэг айлын мал маллана гээд явж байгаад буцаж ирсэн. Тэгээд манай саахалт айлынд байсан. Би *******ээс гарцаагүй боллоо гэж бодоод Цагдаад өргөдөл бичээд өгсөн. Тэгээд 10 аад хоног алга болоод хэлтсээс намайг сураглаад олоод өгөөч гэхээр нь би хойд айлд байна гэж хүн хэлэхээр нь цагдаад мэдэгдсэн.  Би бол 21 хил ноолуур алдсан хүн. Тэгээд би 1 сая төгрөг нэхсэн. Би хавар ноолуураа тушаасан бол тэр байтугай л мөнгөтэй болох байсан. Хавар 1 хил ноолуур 63.5 болоод буусан. Тэгээд би дунджийг бариад 1 сая төгрөг нэхэмжилсэн. Би өөрөө элэг өвчтэй хатууралтай ядарсан хүн. Жилд нэг удаа явж эмчилгээ хийлгэхдээ хэрэглэнэ гэж хадгалсан байсан. Тэгээд би уур хүрсэн гомдсон тэгээд би өргөдөл бичиж өгсөн. Энэ хүн үнэндээ төлбөрийн чадвар алга байна. Би энэ хүний эхтэй суусан хүн. Сая өөрийн жинхэнэ хүү  маань Дорноговь аймгийн Хар айрагт жонсонд дарагдаад нас барлаа. Тэгээд би ажил явдалд оролцоод өчигдөр ирлээ. Би өөрийнхөө жаргалыг бодоод хотод өнжсөн бол болохоор байлаа гэхдээ би энэ хүнийг бодоод шүүх хуралдаанд оролцож хэлэх үгээ хэлье гэж ирлээ. За одоо 861.000 төгрөгийг би энэ хүнээс нэхээд яах вэ гэж бодож байна.

Хохирогч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...Би 2016 оны 06 дугаар сарын эхээр 40 кг цагаан өнгийн ноолуураа 4 ширхэг сатуркан уутанд хийгээд нэг ууттай ноолуурыг нь 200 литрийн том цүлдийсэн саванд чихээд дээрээс нь үлдсэн гурван шуудай ноолуураа хөндлөн тавиад бутээлгээр бүтээсэн байсан. Нэг уутанд нь 10 кг ноолуур хийсэн байсан. Нийтдээ 40 кг ноолуур болж байгаа юм. Манай эхнэр амбаарт ноолуур хийснийг мэдэж байсан. 2016 оны 07 дугаар зарын 03-ны өглөө манай хөгшин Дундговь аймаг явсан. Түүнээс хойш би гэртээ ганцаараа байсан, өглөө гарч хонинд яваад үдээс хойно гэртээ ирдэг байсан тэр хооронд л манай ноолуурыг ******* хулгайлж авсан. Хэрэв манай амбаараас гадны хулгайч ирж ноолуур хулгайлсан бол бүгдийг нь аваад явах байсан гэтэл тэгээгүй угаасаа намайг амбаарт ноолуур хийсэн байсныг нь мэдэж байсан гэж бодоод байгаа. 2016 оны 07 дугаар сарын 12-нд манай хөгшин ******* Дундговь аймгаас ирсэн орой нь би амбаартаа орж үзэхэд ноолуур алга болсон юм шиг байхаар нь ноолуураа үзэхэд дөрвөн ууттай ноолуураас хоёр ууттай ноолуур нь байхгүй болсон байсан. Тэр өдрөөс хойш ******* хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг тасарсан. ...ноднин би түүнийг чи энд амьдарч чадахгүй хүн байна буц гэж хэлэхэд тэр яваагүй, ер нь би *******ийг гэртээ байлгах дургүй. ******* манайхаас өмнө саахалт Сэврэй сумын *******ийн гэдэг айлаас салахаа байсан. ...Хулгайд алдагдсан ноолуурынхаа мөнгийг нөхөн төлүүлмээр байна хохирол барагдвал гомдолгүй. ...үлдсэн ноолуураа бүгдийг нь жигнэж үзээд ченжид тушаахад үлдсэн ноолуур маань 19 кг болж байсан. Би ноолуур хулгайд алдахдаа пүнзээ жижиг шар өнгийн хятад цоожоор цоожилсон байсан. Хулгайд алдагдсан ноолуурынхаа мөнгийг нөхөн төлүүлмээр байна, хохирол барагдвал гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

Гэрч М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би С.*******ийг танина бид хоёрт садан төрлийн холбоо байхгүй. *******ийн хойд аав нь манай гэрийн хойно байдаг. Би *******тэй хамт хаад эмчилгээ хийх гээд түүний мотоциклиор аймгийн төв рүү ирдэг байсан. ...******* хойд аавтайгаа таарахгүй манайд ирдэг байж байгаад 2015 оны 10 сараас эхлээд манайд ******* байнга байдаг болсон. ******* байж байгаад хүнээс мөнгө авна гээд аймгийн төв рүү явдаг байсан. ******* хүнээс мөнгө авна гэж хэлээд хэд хэдэн удаа аймгийн төв рүү явсан заримдаа хоногоор явж байсан. Одоо яг хэзээ явсныг нь санахгүй байна. Хэнээс ямар мөнгө авах талаараа хэлдэггүй байсан. Хааяа ундаа аваад ирдэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Шүүгдэгч С.******* нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...Би хойд аав *******тэй таарахгүй намайг хөөгөөд 2015 оны 11-р сараас эхлэн урд айл болох Цэрэнбазарынд байдаг болсон. Хойд аав *******ийнд хамт байдаг байхдаа пүнзэнд нь хайлшнууд байдаг байсан. Мөнгөгүй болоод түүнийг авч тушаах гэж ирэхэд *******, ээж хоёр байхгүй гэр нь цоожтой байсан. Би пүнзний цоожийг ява мотоциклийн түпхүүрээр онгойлгоод орсон чинь пүнзний зүүн буланд мь цэнхэр поошиг дотор шуудайтай ноолуур байсан. Маргааш нь 2016 омы 06 дугаар сарын 30-ны өдөр Цэрэнбазарын орон доогуур нь хил байхаар нь аваад очиж пүнзийг ява мотоциклийн түлхүүрээр онгойлгоод хамгийн доод талд байсан ууттай ноолуураас торонд дүүрэн хиллэж хийгээд 3 кг-ийг нь аваад үлдэгдэл ноолуурыг нь буцааж хийгээд байснаар нь хучиж орхиод аймаг дээр ирээд цэнхэр портертой ченжид 1 кг-ийг 40.000 /дөчин/ мянгаар тушаасан. Тэгээд мөнгө дуусахаар дахин очиж гурав гурван хилээр хэд хэд хоногийн зайтай очиж аваад ноолуураа ченжид тушааж байсан. Нийт 27 хил ноолуур болсон ...Би ганцаараа мотоцикльтой очиж авч байсан юм. Найзуудтайгаа караокед ороод дууссан. Бензин авсан мөн найзуудтайгаа нийлж архи уусан. Аймгийн төв дээр ирж архидаж барсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-31-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө даатгалын хохирлын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №ӨМӨ/37 дугаартай үнэлгээнд: Ямааны цагаан ноолуур 1 кг нь 41.000 төгрөг гэжээ. /хх-ийн 23-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.******* нь давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 02-12-ны хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг ******* *******од оршин суух С.*******ийн малын пүнзэнд хууль бусаар нэвтрэн орж 21 кг ноолуур хулгайлж 861.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч С.*******ийн: ”...Би 2016 оны 06 дугаар сарын эхээр 40 кг цагаан өнгийн ноолуураа 4 ширхэг сатуркан уутанд хийгээд нэг ууттай ноолуурыг нь 200 литрийн том цүлдийсэн саванд чихээд дээрээс нь үлдсэн гурван шуудай ноолуураа хөндлөн тавиад бутээлгээр бүтээсэн байсан. Нэг уутанд нь 10 кг ноолуур хийсэн байсан. Нийтдээ 40 кг ноолуур болж байгаа юм. Манай эхнэр амбаарт ноолуур хийснийг мэдэж байсан. 2016 оны 07 дугаар зарын 03-ны өглөө манай хөгшин Дундговь аймаг явсан. Түүнээс хойш би гэртээ ганцаараа байсан, өглөө гарч хонинд яваад үдээс хойно гэртээ ирдэг байсан тэр хооронд л манай ноолуурыг ******* хулгайлж авсан. Хэрэв манай амбаараас гадны хулгайч ирж ноолуур хулгайлсан бол бүгдийг нь аваад явах байсан гэтэл тэгээгүй угаасаа намайг амбаарт ноолуур хийсэн байсныг нь мэдэж байсан гэж бодоод байгаа. 2016 оны 07 дугаар сарын 12-нд манай хөгшин ******* Дундговь аймгаас ирсэн орой нь би амбаартаа орж үзэхэд ноолуур алга болсон юм шиг байхаар нь ноолуураа үзэхэд дөрвөн ууттай ноолуураас хоёр ууттай ноолуур нь байхгүй болсон байсан. Тэр өдрөөс хойш ******* хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг тасарсан. ...үлдсэн ноолуураа бүгдийг нь жигнэж үзээд ченжид тушаахад үлдсэн ноолуур маань 19 кг болж байсан. ...Хулгайд алдагдсан ноолуурынхаа мөнгийг нөхөн төлүүлмээр байна, хохирол барагдвал гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

Гэрч М.*******ийн: ”... ******* байж байгаад хүнээс мөнгө авна гээд аймгийн төв рүү явдаг байсан. ******* хүнээс мөнгө авна гэж хэлээд хэд хэдэн удаа аймгийн төв рүү явсан заримдаа хоногоор явж байсан. ...Хэнээс ямар мөнгө авах талаараа хэлдэггүй байсан. Хааяа ундаа аваад ирдэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ”... пүнзэнд нь хайлшнууд байдаг байсан. Мөнгөгүй болоод түүнийг авч тушаах гэж ирэхэд *******, ээж хоёр байхгүй гэр нь цоожтой байсан. Би пүнзний цоожийг ява мотоциклийн түпхүүрээр онгойлгоод орсон чинь пүнзний зүүн буланд нь цэнхэр поошиг дотор шуудайтай ноолуур байсан. Маргааш нь 2016 омы 06 дугаар сарын 30-ны өдөр Цэрэнбазарын орон доогуур нь хил байхаар нь аваад очиж пүнзийг ява мотоциклийн түлхүүрээр онгойлгоод хамгийн доод талд байсан ууттай ноолуураас торонд дүүрэн хиллэж хийгээд 3 кг-ийг нь аваад үлдэгдэл ноолуурыг нь буцааж хийгээд байснаар нь хучиж орхиод аймаг дээр ирээд цэнхэр портертой ченжид 1 кг-ийг 40.000 /дөчин/ мянгаар тушаасан. Тэгээд мөнгө дуусахаар дахин очиж гурав гурван хилээр хэд хэд хоногийн зайтай очиж аваад ноолуураа ченжид тушааж байсан. Нийт 27 хил ноолуур болсон ...Би ганцаараа мотоцикльтой очиж авч байсан юм...гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-31-р хуудас/, . Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө даатгалын хохирлын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №ӨМӨ/37 дугаартай үнэлгээнд: Ямааны цагаан ноолуур 1 кг нь 41.000 төгрөг гэжээ. /хх-ийн 23-р хуудас/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15-р хуудас/ зэрэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч С.*******ийг давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

          Хохирогч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Энэ хүн үнэндээ төлбөрийн чадвар алга байна. Би энэ хүний эхтэй суусан хүн. За 861.000 төгрөгийг би энэ хүнээс нэхээд яах вэ гэж бодож байна. 861.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч С.*******ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 861000 төгрөгийг гаргуулахгүй байхаар шийдвэрлэв.

         Хохирогч С.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 861000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэж мэдүүлж буй нь шүүгдэгч С.*******ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй  тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилаагүй гэж үзнэ.

         Шүүгдэгч С.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч С.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55. 1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

           Шүүгдэгч С.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө үгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд зааснаар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Энэ хэрэгт шүүгдэгч С.*******ийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч С.*******ээс нэхэмжлэхгүй, гомдол саналгүй  гэсэн мэдүүлэг өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг давтан үйлдлээр, агуулах саванд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийн эд хөрөнгийг хураахгүйгээр, шүүгдэгч С.*******эд 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******эд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч С.*******ийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Хохирогч С.******* нь гэмт хэрэгт хэргийн улмаас учирсан хохирол 861.000 төгрөгийг шүүгдэгч С.*******ээс нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******эд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

       8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ДЭЛГЭРМАА