| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0621/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/598 |
| Огноо | 2022-08-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/598
2022 08 31 2022/ШЦТ/598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч С.Ууганбаяр,
хохирогч Г.А,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
С овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000000 0000 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны 08 тоот гэртээ Г.А-ыг хардалтын улмаас зодож түүний биед зүүн гайморын хөндийн өмнө ханын зөрөөтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б-аас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.
Хохирогч Г.А-с: “2022 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 4-5 цагийн үед Баатарын гэрт сууж байхад гаднаас согтуу орж ирээд гартаа барьж байсан ууттай зүйлээ над руу шидэж, жийж унгаагаад зодсон хамар, нүдний ухархаанд гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Хоёр: Эрүүгийн 000000000 0000 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Г.А-ын биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
3. Хохирогч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд:
-2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 25-аас 26-ны шилжих шөнө би гэртээ Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Түмэн наст хотхоны 36-Б байрны 115 тоотод байсан. Тэгсэн шөнийн 02 цагийн үед үеэл Баатарын найз хүүхэн 00000000 гэсэн дугаараас залгаад надад “танай үеэл чинь гэртээ ирэхгүй байна, хонуут өнжүүтээр алга болоод байна” гэж хэлсэн. Тэгээд чи хүрээд ир, цаадхыг чинь ирэхээр нь хоёулаа байж байгаад учирлаж хэлж тайлбарлая гэж хэлсэн. Тэгэхээр нь за за би яваад очъё гэж хэлээд гэрээсээ гараад таксинд суугаад Баатарын гэр болох Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны 08 тоотод явж очсон. Намайг очиход А гэх найз хүүхэн нь ганцаараа байж байсан. Тэгээд бид хоёр цугтаа буцаж гараад дэлгүүрээс нэг хүний 3 ширхэг пиво аваад гэрт нь буцаж орсон. Гэрт нь нэг, нэг пиво уугаад гараад “Эрэл”-ийн байрны гадаа байх саадад суугаад нэг, нэг пиво уугаад буцаж гэрт нь орж үлдсэн нэг пиво уугаад юм ярилцаад сууж байсан чинь үүрээр 04 цагийн орчим Баатар гаднаас орж ирсэн. Тэр гартаа нэг ууттай зүйл барьсан байсан. Намайг хараад чи манайд юу хийж яваа юм гээд шууд ууттай зүйлээ миний өөдөөс шидээд намайг хөлөөрөө жийж буйдан дээр унагаагаад дээр гараад шууд баруун зүүн гараараа ээлжлэн цохиж эхэлсэн. Хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй, би цохиулж байхдаа зүгээр ярилцъя гэж хэлсэн боловч намайг цохисоор байсан. Хэсэг байж байгаад одоо манайхаас яв гээд гэрээсээ хөөсөн. Гэрээс нь гараад СU орж нүүр гараа угаагаад хүний утсаар гуйж дүү Ижилболд руу залгасан. Удаагүй миний дүү Ижилболд ирээд Баатарын аав, ээж, ах гэх хүмүүс рүү залгахад утсаа аваагүй болохоор нь цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
-2022 оны 07 дугаар сарын 29-ны өдөр өгсөн: “...Баруун гарын бугуй бага зэргийн зовуурьтай багаа бусдаар миний бие эрүүл болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй одоо гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
4. Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “....Би орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны 08 тоотод ...найз залуу Баатарын гэрт ирэхэд хүн байгаагүй. Гар утас руу нь залгахад найзуудтайгаа ганц хоёр пиво ууж байна гэж хэлсэн. Би өөрт байдаг түлхүүрээр гэрт нь ороод ганцаар уйдаад зүгээр байж байхаар гээд гэрийнх нь том өрөөнд ширээн дээр байсан 2 ширхэг пивоны 1 пивыг нь задлаад талыг нь уусан. Тэгээд ганцаараа ууснаас гэж бодоод Ариунболдыг хоёулаа хамт пиво ууя Баатарыг иртэл хамт байж байгаач гэж дуудсан чинь за тэгье би гадуур төрсөн өдөрт яваад 2 пиво уусан сэрүүн байна гэж хэлээд удаагүй такси бариад шөнө 02 цаг болж байхад ирсэн. Бид хоёр гэрээс нь гараад Петровисын хажууд байх СU ороод 2 хоёр пиво аваад “Эрэл”-ийн хашаанд байх саравчинд юм ярьж суугаад 2 пиво уугаад гэрт нь буцаж бие засах гээд орсон. Тэгээд Баатарыг хүлээгээд цаг гаран юм ярьж сууж байсан чинь 05 цагийн үед Баатараа орж ирээд Ариунболдыг “чи юу хийж байгаа юм” гэхэд чамайг хүлээгээд гэж хэлсэн. Би хажуугаас нь бид хоёр юм яриад сууж байна гэж хэлсэн чинь тэр хоёр барьцалдаж аваад намайг голоор нь ороод салгах гэтэл түлхээд байсан. Тэр яг зодолдож байгаа үеийг нь сайн хараагүй. Удаагүй Баатараа Ариунболдыг чи яв гэж хэлээд Ариунболд явсан Баатараа бид хоёр үлдсэн чинь надаас “яагаад энд Ариунболдтой цуг байдаг юм” гэж асуусан. Би хариуд нь бид хоёр чамайг иртэл чинь хамт хүлээж байсан юм гэж хэлсэн. Удаагүй цагдаа ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №9110 дугаартай хүний биед хийгдсэн:
-Г.А-ын биед зүүн гайморын хөндийн өмнө ханын зөрөөтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, бугуйнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун болон зүүн шуу, сарвуунд цус хуралт, цээж, зүүн дал, суганд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
6. Яллагдагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “....Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед ажлынхантайгаа “Уран ган” гэх ресторанд уулзаад нэг хүний 4 пиво уугаад шөнийн 2 цаг хүртэл юм ярьж суусан.Тэндээс гараад найз Энхболд, Булган, Заяа гэх найзуудтайгаа “Минт” бааранд орж дөрвүүлээ виски хувааж уугаад би нэлээн халсан болсон. ...Би өөрийн гэр Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны 08 тоотод ирэхэд найз бүсгүй Азжаргал миний үеэл Ариунболдтой цуг том өрөөнд буйдан дээр пиво ууж байсныг хараад хар хөдлөөд уур хүрээд баруун гарт байсан тортой пивоо шидээд Ариунболдод “намайг ингэж хуурч байгаа юм уу” гэж хэлээд баруун хөлөөрөө гэдэс хэсэг рүү нь нэг удаа жийхэд Ариунболд буйдан дээр сууж байсан, буйдан дээр атиралдаад суусан. Тэгсэн Ариунболд би тэгээгүй бид хоёрын хооронд юу ч болоогүй гэж байсан. Тэгэхээр нь битгий худлаа яриад бай гээд дээрээс нь нэлээн хэдэн удаа цохиод зайл гээд гэрээсээ хөөсөн. Ариунболдыг гараад удаагүй байхад цагдаа орж ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
7. Хохирогч Г.А-ыг нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлын талаар ирүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Монос” эмийн сангийн 35.300 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төлбөрийн 482.850 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Акуа мед” эмнэлгийн 30.000 төгрөгийн, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Ази фарм”-ын 16.200 төгрөгийн, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Алтай рэнж” ХХК-ийн 62.500 төгрөгийн, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Дулаан-хайрхан ХХК-ийн 69.000 төгрөгийн, 12.200 төгрөгийн, нийт 708.050 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 13-16 дахь тал),
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 1 дүгээр байрны 08 тоот гэртээ 2022 оны 06 дугаар сарын 25-ны үүрээр орж ирээд үеэл Г.А-ыг найз эмэгтэй Ш.Азжаргалтай хардаж улмаар зодож бие, эрүүл мэндэд нь биед зүүн гайморын хөндийн өмнө ханын зөрөөтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, бугуйнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун болон зүүн шуу, сарвуунд цус хуралт, цээж, зүүн дал, суганд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
-2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Г.А-ын биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
-Хохирогч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...үүрээр 04 цагийн орчим Баатар гаднаас орж ирсэн. ...Намайг хараад чи манайд юу хийж яваа юм гээд шууд ууттай зүйлээ миний өөдөөс шидээд намайг хөлөөрөө жийж буйдан дээр унагаагаад дээр гараад шууд баруун зүүн гараараа ээлжлэн цохиж эхэлсэн. ....би цохиулж байхдаа зүгээр ярилцъя гэж хэлсэн боловч намайг цохисоор байсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал) болон дахин 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
-Гэрч Ш.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...05 цагийн үед Баатараа орж ирээд Ариунболдыг “чи юу хийж байгаа юм” гэхэд чамайг хүлээгээд гэж хэлсэн. Би хажуугаас нь бид хоёр юм яриад сууж байна гэж хэлсэн чинь тэр хоёр барьцалдаж аваад намайг голоор нь ороод салгах гэтэл түлхээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №9110 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
-Яллагдагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Би өөрийн гэр Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны 08 тоотод ирэхэд найз бүсгүй Азжаргал миний үеэл Ариунболдтой цуг том өрөөнд буйдан дээр пиво ууж байсныг хараад хар хөдлөөд уур хүрээд баруун гарт байсан тортой пивоо шидээд Ариунболдод “намайг ингэж хуурч байгаа юм уу” гэж хэлээд баруун хөлөөрөө гэдэс хэсэг рүү нь нэг удаа жийхэд Ариунболд ...буйдан дээр атиралдаад суусан. Тэгсэн Ариунболд би тэгээгүй бид хоёрын хооронд юу ч болоогүй гэж байсан. Тэгэхээр нь битгий худлаа яриад бай гээд дээрээс нь нэлээн хэдэн удаа цохиод зайл гээд гэрээсээ хөөсөн. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” шинжээр тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.А-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь нотлогдсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл гэж шинжээч дүгнэсэн байна.
Мөн шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангасан байна.
Шүүгдэгч согтуурсан байсан нь хохирогчтой маргаан үүсгэх, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан.
Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Тус хэргийн улмаас хохирогч Г.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба, хохирогчоос өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг ирүүлсэн. Үүнд:
-2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Монос эмийн сангийн 35.300 төгрөгийн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн төлбөрийн 482.850 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Акуа мед” эмнэлгийн 30.000 төгрөгийн, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Ази фарм”-ын 16.200 төгрөгийн, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Алтай рэнж” ХХК-ийн 62.500 төгрөгийн, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Дулаан-хайрхан ХХК-ийн 69.000 төгрөгийн, 12.200 төгрөгийн, нийт 708.050 төгрөгийн (хавтаст хэргийн 13-16 дахь тал) баримтыг ирүүлсэн байна.
Гэвч 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...бие эрүүл болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй одоо гомдол санал байхгүй. ...” (хавтаст хэргийн 21 дэх тал) гэсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо барагдуулсан нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч Б.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой болох нь баримтаар тогтоогдож байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан хуульд заасан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ын Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт Б-ын Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ял шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН