Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/620

 

 

 

 

 

 

   2022           09           13                                       2022/ШЦТ/620

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Б.Хурц,

хохирогч Н.Э,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Д овогт А-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч А.С нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Суруга Монгол” ХХК-ын барилгын хашаанд Н.Э-тэй ажил үүргийн хуваариас болж маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдан зодож хоншоор ясны хамрын урд доод сэртэнгийн сэлтэрсэн зөрүүтэй хугарал, хамар, хоншоор, зүүн хацар, шанаа, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, хамрын нуруу, духанд цус  хуралт, хүзүү, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С-с: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. гэсэн болно.  

 

Хоёр: Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. Хохирогч Н.Э-ийн биед үзлэг хийсэн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

3. Хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

-2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдөр Хан-Уул дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баригдаж буй барилга дээр өглөө 08 цагийн үед ажиллах гэж очсон. ...13 цагийн үед хоолондоо орчхоод мөн ажилдаа ороод, үдээс хойш 16 цагийн үед би техникийн давхар буюу 16 давхарт байхад кранаар пун ирсэн. Би кранаас пун буулгахдаа доор нь юм эвх ёстой учраас урд байсан хүнд энийг тавиад өгөөч гээд нэг ширхэг пун өгсөн чинь над руу муухай хараад байсан. Би дахиж хэлээд, тэгсэн миний ажил юм уу гэж хариулсан. Тэгэхээр нь дахиад энийг тавиад өгөөч гэхэд миний ажил юм уу өөрөө хий гэж хэлхээр нь би өөдөөс нь мөн адил миний ажил юм уу гэж хэлээд хуцаад байгаа юм бэ тавиад өгөөч гэсэн чинь нөгөө залуу бууж ирээд хэрэлдээд дайраад байсан. Би хоёр гарыг нь барьчихсан байсан чинь хажуу талаас хүмүүс орж ирээд салгасан. Салаад дахин хэрэлдсэн. Тэгээд над руу ойртож ирээд өшиглөсөн, эргүүлээд өшиглөсөн, тэгсэн хүмүүс дахиад салгасан. Би нөгөө залууг хэдэн настай юм гэхэд чамд ямар хамаатай юм гэж хариулсан. Чи хэдэн настай гичий вэ гэж хэлсэн. Дахин хэрэлдээд өөдөөс дайраад үгээр идээд байхаар нь нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон, намайг зөрүүлж цохисон. Би доош бөхийх үед хажуугаар хүмүүс орж ирээд салгах явцад намайг өшиглөсөн. Би цусаа арчаад доош В1 давхар луу буусан. Хувцас солих өрөөнд очсон. Хэсэг сууж байтал бригадын дарга Баярсайхан, ХАБ, надтай цуг ажиллаж байсан мужаан орж ирээд дээш харж хэвт, цусаа цэвэрлэ гэж хэлээд бригадын дарга эмнэлэг рүү авч явах гэж байтал захирал байж бай гэж хэлж байна гэж ХАБ хэлээд дээрээс С-ыг дуудсан. С бригадын даргатайгаа орж ирсэн. Юу болсон гээд ярилцаад байж байтал захирал орж ирээд та хоёр эндээ тохиролцчих гэж хэлсэн. Би нөгөө хүнтэй тохиролцох гэж үзсэн. Эхлээд бригадын даргатай ярилцаж үзсэн, дараа нь тэр залууд нэг цаас аваад ир гээд 1 сая төгрөг эмчилгээний зардал хохирлыг барагдуулбал гомдолгүй гэж бичсэн. Тэр залуу чамтай бол тохиролцохгүй юм байна , 250.000 төгрөгөөс дээш өгч чадахгүй гэж хэлсэн. Орой  20 цаг хүртэл тохиролцох гээд ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй ажил тарах цаг болоод би бригадын даргатай цуг гэр лүүгээ явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

 

4. Гэрч Х.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Би тухайн үед зодолдож байгааг нь хараагүй барилга дээр гараад ирсэн чинь Эрдэнийн хамраас цус гарсан байдалтай бууж ирсэн. Би дээшээ гараад хэн зодсон юу болсон талаар асуухад хэн ч дугарахгүй байсан. Захирал Отгонбаярт Эрдэнийг эмнэлэг авч явлаа гэж хэлээд явах гэж байтал Баярсайхан захирал өөрөө асуудлыг шийднэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээр гараад ажлаа хийж байгаад 2 цагийн дараа бууж ирэхэд эмнэлэг яваагүй байсан. Яагаад яваагүй талаар асуухад Баярсайхан захирал гэр оронд нь хүргэж өг аав, ээж нь шийдэг гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнийг гэрт нь хүргэж өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

5. Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдөр 13 цагт цайндаа ороод 14 цагийн үед ажилдаа ороод баригдаж буй барилгын 16 давхар буюу техникийн давхрын хучилтын арматурыг боож байсан. Үдээс хойш өргөгч кранаар мужааны пун гарч ирсэн. Тэр цохиулдаг залуу пун Сад авч өгөнгүүтээ тэрийг аваадах гэж хэлсэн. Тэгсэн миний ажил биш чиний ажил биз дээ, чи өөрөө ав гэж хэлэхэд нөгөө залуу нь сүртэй юм аваадах гээд ...хараасан. Тэгж маргалдаж байгаад С-ыг эрүү хэсэг рүү нь цохиод авсан. Тэгэнгүүт С зөрүүлээд гарын араар бас хүрэх шиг болсон. Тэгсэн чинь нөгөө цохиулдаг залуу буугаад ир гичий минь гэж хэлээд С буусан чинь тэр хоёр заамдалцаж аваад харилцан цохилцоод эхлэхээр нь ажилчид салгасан. С салаад нааш ирж байтал араас нь “чи хэдтэй гичий вэ” гэж хараагаад, С маскаа тайлаад эргээд хартал яасан сонин царайтай гичий вэ гэсэн. С чи ийм царайтай гичий харсан уу гэсэн чинь харсан гичий минь гэсэн чинь С уурлаад буцаж очоод барилцаад харилцан цохилцоод нөгөө залуу доошоо тонгойхоор нь хөлөө явуултал аманд нь хүрэх шиг болсон. Тэгээд салгатал амнаас цус гарч байсан. Нөгөө залуу доош буугаад С үлдээд ажлаа хийж байхад ХАБ-ийн инженер аваад буусан.Тэр цохиулдаг залуугийн найз нь хажууд нь байхгүй байсан мөртлөө байсан юм шиг яриад байна гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

6. Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 06-ний өглөөний 09 цагт ажилдаа ирсэн. ...13 цагт цайндаа ороод 14 цагийн үед буцаад ажилдаа ороод 16 давхар буюу техникийн давхрын хучилтын арматурыг боож байсан. 17 цаг өнгөрч байхад кранаар мужааны пун гарч ирж байсан. Тэр цохиулдаг залуу С-ыг пун ав гэсэн юм шиг байна лээ. С чиний ажил биз дээ гэж хэлээд тэр хоёр маргалдаж байгаад С-ыг шанаа хэсэг рүү нь цохиод авсан, С зөрүүлээд гараараа цохисон,  тэгсэн чинь нөгөө цохиулдаг залуу буугаад ир гичий минь гэж хэлээд С хучилтын сарапнаас буусан, тэр хоёр барилцаад авсан. Тэгэхээр нь би салгаж дундуур нь ороод больцгоо гэхэд С тавиад нөгөө залуу нь тавихгүй байсан. Би С-ыг тэврээд зогсож байхад тэр хоёр хэрэлдээд байсан тэгсэн цаанаас бригадын дарга ирээд больцгоо, ажлаа хийцгээ гэж хэлсэн. Би С-ыг ажлаа хийе гээд тавьчихсан. Нөгөө залуу чи хэдтэй юм гичий минь гэж хараагаад, С маскаа тайлсан чинь сонин царайтай гичий вэ гэсэн. С чи над шиг гичий харсан уу гээд дахиад барилцаад нэгнийгээ цохиод байхаар нь очсон чинь нөгөө залуу нь доошоо тонгойхоор нь С өвдөглөсөн. Нөгөө залуугийн амнаас цус гараад бид нар салгасан. ...Тэрнээс хойш би цагийн дараа ХАБ-ийн өрөө рүү Стай цуг ороход тэр залуу ХАБ-ийн өрөөн дотор хэвтэж байсан. Намайг ороход захирал ХАБ, бригадын дарга нар байсан. Захирал яагаад хүүхэд зодсон гэж асуухад С болсон зүйлсийг ярьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дахь тал),

7. Гэрч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Суруга ресиденс-ийн барилга дээр арматурын бригад ахалж ажилладаг. Цайны цагийн дараа баригдаж буй барилгын техникийн давхрын угсралтын ажлыг хийж байхад ажилтан С, мужааны туслах Эрдэнэ нар маргаад барилцаад авахаар нь би салгаад, тэгсэн хоорондоо хэрэлдээд байсан. Эрдэнэ нь С-ыг чи хэдтэй гичий вэ гээд байсан. С угалдаг багаа тайлсан чинь тэнэг царайтай гичий вэ гэж хэлсэн. С над шиг гичий харсан уу гэж хэлээд би загнаад ажлаа хийцгээ, тэнд кран дээр пун ирчихсэн байна гэж хэлээд эргээд явах гэсэн чинь дахиад барилцаад авах шиг болсон. Эрдэнийн амнаас цус гарчихсан доош нэг давхар луу буугаад явсан. Би араас нь буугаад очтол доор барилгын хашаанд байх инженерүүдийн өрөөнд сууж байсан. Намайг ороход С, Манлай, Баярсайхан нар байсан. Эмнэлэг рүү аваад явъя гэсэн наадах чинь насанд хүрээгүй хүүхэд байна гэж хэлээд Баярсайхан гайгүй юм шиг байна яах юм бэ гээд болиулсан. Тэгээд нүүр гарыг нь угаагаад одоо яахын миний дүү яамаар байна гэж хэлэхэд би нэг жолоонд суух гэж байгаа юм гэж хэлсэн.. ...Тэгэхээр нь жолооны мөнгө хэд байдаг юм гэж асуухад 600.000 гэхээр нь хамаагүй тийм их мөнгө нэхэж болохгүй шүү дээ гэхэд хэсэг байж байгаад эрүүл мэнд, эмчилгээний зардал нөхөн төлбөр төлнө гэж бичээд доор нь сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг төлнө гэж бичсэн байсан. Тэгэхээр нь энэ чамтай л адилхан цагийн ажил хийдэг хүүхэд шүү дээ, энэ одоо 1.000.000 төгрөг байхгүй, энэ хүүхдийг ажиллуулахгүй, чи одоо ажлаа хий гэж хэлэхэд би одоо энд яаж ажиллах юм ажиллах хүсэл сонирхолгүй болчихлоо гэж хэлсэн. Удаагүй захирал орж ирээд талбай дээр хүн зодолдуулаад гээд бид хэдийг загнахаар нь би гараад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №8263 дугаартай:

-Н.Э-ийн биед хоншоор ясны хамрын урд доод сэртэнгийн сэлтэрсэн зөрүүтэй хугарал, хамар, хоншоор, зүүн хацар, шанаа, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, хамрын нуруу, духанд цус хуралт, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

9. Яллагдагч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 06 өдөр өглөө 08 цагт Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, “Суруга ресидэнсийн” баригдаж буй барилга дээр ирсэн. 13 цагт хоолондоо ороод амралтын өрөөнд амарсан. 15 цагт арматур ирнэ гээд манай бригадыг амрааж байгаад, 13 цагт ажилдаа эргэн орж 16 давхар, техникийн давхар луу гараад арматураа боож байсан чинь хажууд мужаан хийдэг хоёр залуу байж байсан. Кранаар пум буюу бетон хана цутгагдахад ашигладаг хавтан ирсэн мужааныхан буулгах ёстой байсан пумаа буулгахгүй байхаар нь буулга гэж хэлсэн чинь өөдөөс чи буулга гэсэн, тэгэхээр нь чиний ажил биз дээ өөрөө буулга гэж хэлэхэд намайг баруун гарынхаа араар шанаа хэсэг рүү нэг удаа цохихоор нь зөрүүлээд мөн адил баруун гарынхаа араар шанаа хэсэг рүү нь зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгсэн намайг буугаад ир гичий минь гэж хэлхээр нь  буугаад заамдалцаж авсан. Тэгсэн намайг баруун гараараа зүүн шанаа руу нэг удаа цохисон, зөрүүлээд баруун гараараа шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгж байтал цуг ажиллаж байсан хүмүүс ирээд салгасан. Ажлаа хийх гээд байж байсан чинь хэл амаар доромжлоод чи хэдтэй гичий вэ гэж асуугаад байсан. Би өмсөж байсан улбар шар багаа буулгатал ямар сонин царайтай гичий вэ гээд дахин хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь уурласандаа очоод гуя руу нь нэг удаа өшиглөчихсөн. Тэгсэн намайг зөрүүлээд өшиглөсөн, нэг удаа нүүр хэсэг рүү нь баруун гараараа цохисон, намайг мөн адил шанаа хэсэг рүү баруун гараараа нэг цохихоор нь би татаж аваад нүүр хэсэг рүү нь нэг удаа өвдөглөхөд цус гоожсон. Хамт ажиллаж байсан хүмүүс салгасан.  Тэгээд нөгөө залуугийн цус нь гоожоод буугаад явсан. 16 цагийн үед мужааны бригадын Хүрлээ ахлах намайг дуудан юу болсон талаар асуухаар нь болсон зүйлийн талаар хэлээд эргэн ажилдаа ороод байж байхад 20 гаруй минутын дараа захирал дуудсан. Мужааны өрөөнд ортол манай бригадын дарга Хүрлээ, мужааны бригадын дарга Баяраа надтай зодолдсон залуу байсан. Би болсон зүйлийн талаар хэлсэн чинь нүүр гарын алчуур, өвчин намдаах эм, салфетка аваад ир гээд би барилгын хашааны гадаа байх эмийн сангаас өвчин намдаах эм, салфетка, шарх цэвэрлэдэг уусмал хоёр ширхэг маск авчирч өгсөн. Тэр залуу цусаа цэвэрлээд байж байхад маргалдсан юм бол хоорондоо зохицоо гэж захирал хэлсэн. ...Тэгээд тохиролцож чадалгүй салцгаасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дахь тал),

10. Хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой нийт 220.200 төгрөгийн баримт (хавтас хэргийн 66-68 дахь тал),

11. Шүүгдэгч А.С-с шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн: Н.Э-ийн эзэмшлийн Төрийн банкны тоот дансанд 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 220,200 төгрөг шилжүүлсэн банкны шилжүүлгийн баримт, 

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч А.С-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.С нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Суруга Монгол” ХХК-ийн барилга дээр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Н.Этэй ажил үүргийн хуваариас болж маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр бие, эрүүл мэндэд нь хоншоор ясны хамрын урд доод сэртэнгийн сэлтэрсэн зөрүүтэй хугарал, хамар, хоншоор, зүүн хацар, шанаа, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, хамрын нуруу, духанд цус  хуралт, хүзүү, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 -Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Н.Ээс гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дахь тал),

-Хохирогч Н.Э-ийн биед үзлэг хийсэн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

-Хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

-Гэрч Х.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

-Гэрч Б.Цэдэнсодномын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

-Гэрч С.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дахь тал),

-Гэрч Ц.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №8263 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

-Яллагдагч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу хохирогчийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн  гэмтэл учруулжээ. Мөн шүүгдэгч А.С өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх  тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.

 

            Мөн хохирогч Н.Э нь шүүгдэгчийг ёс бус үг хэллэг, царай зүс, хэл үгээр доромжилсон зүй бус үйлдэл гаргасан нь үйл баримтаар тогтоогдсон байх бөгөөд ажил үүргийн хуваариас болж нэгнээ илтэд үл хүндэтгэсэн харилцаанаас маргаан үүсэх, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Сыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоос Сонгодо Эмнэлгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн төлбөрт 43.000 төгрөг, Мед траума эмнэлэг 2022 оны 06 дугаар сарын 007-ны өдөр Компьютер томографийн оношилгоонд 140.000 төгрөгийн төлбөр, эмийн зардлын 34.200 төгрөгийн, 3000 төгрөгийн, нийт 220.200 төгрөгийн баримтыг ирүүлж, нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С нь хохирогч Н.Э-ийн эзэмшлийн Төрийн банк дахь дансанд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 220,200 төгрөг шилжүүлсэн банкны баримтыг  ирүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд “Сонгодо” эмнэлгийн  2022 оны 07  дугаар сарын 05-ны өдрийн Хамрын хагалгааны төлбөрт урьдчилсан байдлаар 4.000.000 төгрөг” гэсэн баримтыг гаргаж өгсөн боловч хагалгаанд орох тухай эмнэлгийн үзлэгийн бичиг баримт байхгүй байх тул холбогдох бусад баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч А.С-ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч А.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч А.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл байсан, нөгөө талаар шүүгдэгч  эрхэлсэн тодорхой ажил, орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт А-гийн С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт А-гийн С-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Сад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Сад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.С-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН