| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0066/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 72
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У, А.Д, А.Б, Т.Э, Ц.О нарт холбогдох 1928000760142 дугаартай хоёр хавтаст хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг,
2. Монгол Улсын иргэн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
3. Монгол Улсын иргэн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч, засварчин мэргэжилтэй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг,
4. Монгол Улсын иргэн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин,
5. Монгол Улсын иргэн, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах, мөн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Э, Э.У, А.Б, Ц.О, А.Д нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу баг Борсухайт гэх газарт 47-43 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 106.471 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.У шүүх хуралдаанд: Яллах дүгнэлтэд өгсөн мэдүүлэг үнэн зөвөөр байна мэдүүлэг өгөхгүй.
Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд: Яллах дүгнэлтэд мэдүүлэг үнэн зөвөөр байна мэдүүлэг өгөхгүй.
Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд: Миний хэлсэн үнэн зөв байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: гэх айлд очих гээд явсан боловч Борсухайт гэх газар хэдэн хүмүүс цугласан машин тэрэг байсан тэнд газар ухаж байсан тэгээд би Сумын цагдаад мэдэгдсэн... Нэг Ланд жийп байсан бас жижиг тэрэг байсан...5, 6 хүн байсан байх би нарийн тоолоогүй гэжээ. /1-р хх-63/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хими, физикийн 2019 оны / 660 дугаар захиалгын чулуун дээж орж ирсэн захиалсан газар нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар байсан тухайн дээжийн жин нь нэг нь 31,3 нөгөө нь 28,4 кг тус тусын ууттай чулуун дээжүүд байсан. Энэ захиалгыг Бутлагч Үүрийнцолмонд хуваарилж дээж бэлтгэлийг хийлгэж химийн хяналтын инженер Гэрэлтуяа, мөн би өөрөө оролцсон. Тухайн дээж нь том ширхэгтэй байсан болохоор гадаа том хацар бутлуураар оруулсан, үүний дараа RОСКLABS маркийн хацар бутлуураар оруулж 2 миллиметр хэмжээтэй болгож буталж гаргасан тэгээд энэ дээжээ алтны пробирийн шинжилгээ хийлгэхийн тулд төлөөлөх чадвар бүхий 400 гр дээж болтол нь джонсон хуваагчаар хуваалт хийсэн энэ хуваалт хийсэн 400 гр дээжээ аяган нунтаглагчаар 0,074 миллиметр болтол нь нунтаглаж шинжилгээнд шилжүүлж өгсөн дээж боловсруулах явцад тодорхой хэмжээний хорогдол гардаг байгаа хорогдол гарах жин харилцан адилгүй байдаг гэжээ. /1-р хх-64-66/,
Шүүгдэгч Э.У мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: суманд алт гараад байна гэж сонсоод Одсүрэн, Даваадалай, Батхишиг нартай ярилцаад О ахын машинаар явахаар болсон юм. Тэгээд 04 дугаар сарын 13-ны өдөр явах үед О эхнэрийнх нь дүү Эрдэнэбаяр гэдэг ах ч хамт явахаар болсон тэгээд бид О ахын машинаар Мандал-Одоо суманд алт гарч байгаа гэх газар руу явсан юм. Алт гарч байгаа газарт үдээс хойш оройхон очсон тэнд олон машин байсан хүмүүс газар ухаад бужигнаж байсан бид нар очоод хоол унд хийж идчихээд багажаа янзлаад ажилд гарсан О ах ухах газар хайж яваад нэг нүхэнд орж үзээд болохоор юм байна гэсэн тэгээд багажаа авч ирээд нүхэнд О , Д бид гурав орсон нүхний аман дээр Б, Э нар байсан юм. Тэгээд бид гурав ээлжлээд газар ухсан газар их хатуу байсан бид нар молдокдож байхад молдок эвдэрсэн молдокоо янзлуулахаар дээш нь гаргасан тэгээд нөгөө молдокоороо ухсан чинь олигтой ажиллахгүй байсан юм. Тэгээд нөгөө эвдэрсэн молдокоо янзалж дуусаад дахин ухах гэж байхад машин ирлээ гэсэн чинь Цагдаа ирчихсэн байсан тэгээд нүхэнд байсан багажуудыг гаргуулсан тэгээд 2 молдок, 1 ширхэг мотор, 1 ширхэг хайгч зэргийг хурааж авсан тэгээд бид нарын нүхнээс гаргасан байсан 2 уут чулууг мөн хурааж авсан тэгээд бид нарыг Мандал-Овоо сум руу аваад явсан юм. Мандал-Овоо сумын төв дээр очоод мэдүүлэг авсан ийм зүйл болсон юм гэжээ. /1-р хх-133-134/,
Шүүгдэгч А.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2019 оны 04 дугаар сарын хэдэн байлаа санахгүй байна.Мандал- Овоо сумын нутагт шар юм гараад байгаа сураг гарсан тэгээд О ахтай Ууганбаяр, Батхишиг бид гурав уулзсан юм. Тэгээд Мандал-Овоо сум руу шар юманд явахаар болсон тэгээд явах үед Эрдэнэбаяр гэдэг ах ирсэн тэгээд 5 уулаа өдөр 12 цагийн үед Мандал-Овоо сум руу гарсан юм. Алт гарч байгаа гэх газар 15- 16 цагийн үед очсон тэнд очоод хоол унд хийж идчихээд ухах нүх хайсан тэнд олон хүн олон машин байсан юм. Тэгээд О ах олон нүхний гол хэсэгт байсан нүх рүү орж үзээд энийг ухаж үзье гэсэн тэгээд тэр нүх рүү О ах У бид гурав орж ухсан бид гурвыг нүхэнд байхад Э, Б хоёр нүхний дээр байсан юм. Бид гурав нүхэнд ороод доошоо ухахад газар их хатуу байсан тэгээд ухаж байхад молдок эвдэрсэн молдокоо янзлаад дахиад доошоо ухаж байхад Мандал-Овоо сумын 2 цагдаа хүрээд ирсэн тэгээд бид нарын хэрэглэж байсан 2 ширхэг молдок 1 ширхэг мотор, 1 ширхэг метал хайгч зэргийг хурааж авсан мөн нүх ухаж гаргасан байсан 40-50 кг чулуу зэргийг хурааж аваад Мандал-Овоо сум руу дагуулаад явсан юм. Мандал-Овоо сумын төв дээр очиж хоносон маргааш нь бид нараас мэдүүлэг аваад ухаж байсан нүхэн дээр. очиж хэмжилт хийсэн тэгээд аймаг руу явсан юм гэжээ. /1-р хх-138-139/,
Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2019 оны 04 дугаар сарын хэдэн байлаа санахгүй байна. Тухайн өглөө босоод байж байхад манай найз У над руу залгаад Мандал-Овоо суманд алт гараад байгаа сураг байна очиж сонирхож ирэх үү гэсэн тэгэхээр нь би тэгье гэсэн тэгээд У уулзахад Ууганбаяр, Д, О ах, Э ах нар уулзчихсан явна гэж байсан. Тэгээд би машинд нь суугаад шууд явахаар болсон юм. Өдөр 12 цагийн үед Мандал-Овоо сумын чиглэлд явсан юм. Тэгээд алт гарч байгаа гэх газарт очиход баахан ухсан нүх байсан. Тэнд олон машин олон хүн байсан бид нар тэнд очиж цай унд уучихаад ухсан нүх рүү орж ухсан юм. Нүхэнд О ах Д У нар орж нүхийг ухсан би Эрдэнэбаяр ахтай хамт байсан тэгээд нүхний гадуур бутарсан байсан цагаан чулууг бага зэрэг түүсэн тэгээд байж байхад нүхэнд байсан нөгөө хэд багаж буюу молдок эвдэрсэн гээд гаргаад ирсэн тэгээд молдокыг гаргаж ирээд янзлах гэж үзсэн чинь болохгүй байсан тэгээд шөнө болсон манай нүхэнд орсон бага зэрэг чулуу гаргаж ирсэн тэрийг нь би уутанд хийсэн тэгээд байж байхад Мандал-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаа ирээд бид нарын багаж болон бага зэрэг ухаж авсан мөн түүсэн байсан чулууг хурааж авсан юм. Тэгээд Мандал-Овоо сум руу дагуулаад явсан юм гэжээ. /1-р хх-143-144/,
Шүүгдэгч Т.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би тухайн үед Цогт-Овоо сумаас Даланзадгад суманд ямаа самналтаар явж байгаад ирчихсэн байсан юм. Би тухайн үед эхнэрийн ах Ц.О-нд ирчихээд байж байхад Одсүрэн ах Мандал-Овоо тийшээ шар юм гараад байгаа сураг байна тийшээ хамт явах уу гэсэн тэгэхээр нь хамт явъя гэсэн тэгээд Одсүрэн ах өөрийн 80-иар явсан хамт Ууганбаяр, Батхишиг, Даваадалай бид нар явсан юм. Би 2018 онд Цогт-Овоо суманд мотоциклтой явж байгаад осолд ороод бүтэн норкозонд 2 удаа орчихсон түүнээс болоод их мартамхай болсон юм. Тэгэхээр буруу зөрүү ярьж магадгүй гэж бодоод хэлж байгаа юм. Тэгээд аймгаас Мандал-Овоо сум руу 12 цагийн үед явсан байх 15 цагийн үед Мандал-Овоо сумаас баруун өмнө байх алт гарч байгаа гэх газар очсон юм. Тэгээд тэнд очоод хоол, цай хийж идчихээд олон ухаад хаясан нүхнүүдийг үзэж байгаад гол хэсэгт нь байх нүх рүү орж ухсан юм. Нүхэнд О ах, Д, У нар орж ухсан дээр нь Б бид хоёр ховоо татаж байсан юм. Мөн Батхишиг бид хоёр судлын чулуу гэх ганц нэг чулуу түүж савлаж байсан юм. Тэгээд манай 3 ухаж байхад нэг молдок эвдэрсэн түүнийг янзлах гэж оролдсон юм. Ухаж байсан газраас гарч байгаа чулууг 2 шуудайнд савлаж хийсэн мөн дээрээс нь судлын чулууг ганц нэгийг түүсэн байснаа хийсэн юм. Тэгээд шөнө болсон машинууд яваад байгаа харагдсан тэгээд байж байхад Мандал-Овоо сумын Цагдаа ирсэн юм. Тэгээд бид нарын чулуу, багаж зэргийг хурааж авсан юм. Маргааш нь Цагдаатай хамт ухсан нүхэн дээр ирж хэмжүүлсэн тэгээд аймаг руу ирсэн юм гэжээ. /1-р хх-148-149/,
2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн ӨМА: 1000162 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт “Ц.О-ийн эзэмшлийн 47-43 ӨМА улсын дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн 2008 онд Монгол улсад орж ирсэн Ланд круйсер 80 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019-07-29-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 10,000,000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэжээ. /1-р хх-108-109/,
2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн ӨМА: 367 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт “Цахилгаан молдок 2 ширхэг 300.000 төгрөг, Цахилгаан мотор 1 ширхэг 200.000 төгрөг, металл хайгч 1 ширхэг 800.000 төгрөг нийт 1.300.000 төгрөг” гэжээ. /1-р хх-110-112/,
Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум, Баянхошуу баг, Бор сухайт гэх нэртэй газарт иргэд хууль бусаар алт олборлосон гэх гомдол, мэдээлэлтэй холбоотой хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан чулуунаас төлөөлүүлэн тунгалаг шлиф (0.03 мм зузаантай чулуун ялтас) бэлтгэн петрографийн шинжилгээ хийж, энэ чулууг гантигжсан жигд бус ширхэгтэй шохойн чулуу болохыг тодорхойлов. Энэ шохойн чулуу нь жигд бус, 0.02-3.0 мм хэмжээтэй карбонатын мөхлөгүүдээс тогтжээ. Мөн энэ шохойн чулуу нь 0.1-2.5 мм өргөнтэй кварцын линз, судлуудаар зүсэгдсэн, хүдрийн эрдэс, төмрийн усан ислээр дүүргэгдсэн ан цавуудтай болсон байна. Хожуу кварц нь чулууны 5-7% орчмыг, хүдрийн эрдэс нь чулууны 0.5% орчмыг эзэлнэ. Тухайн чулуу нь шинжилгээнд тэнцэнэ. Энэ чулуу нь кварцын нарийн линз, судлуудаар зүсэгдсэн гантигжсан жигд бус ширхэгтэй шохойн чулуу байна. Тухайн чулуунд алт агуулагдсан болох нь ХФ 2019/0660 захиалгын үр дүнгээр тогтоогдсон болно. (192800076 31.3-дээжид 63.84 мг/кг, 192800076 28.4-5,63 мг/кг) гэжээ. /1-р хх-115/,
2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Грийн Ассесмент ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний дүгнэлтэд: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн “Ар сухайт” гэх нэртэй газарт 2019 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэх бөгөөд ашиглалт явуулсан талбай нь хээрийн уулархаг толгодын өмнө энгэрт гуу жалга, толгодын урагш буусан тэгш талбай хөндсөн байна. Хууль бусаар ашигт малтмал олборлосон үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон тайланг боловсруулахад Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон холбогдох материалууд байхгүй тул Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын байгаль орчны суурь судалгаанд үндэслэн гүйцэтгэв. Яллагдагч Э.У, А.Д, А.Б, Ц.О нарын хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанаас 1.6 м өргөн, 2.7 м урт, 6.0 м гүн цооногт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулснаас нийт 4.32 м талбай /эдэлбэр газар/-д хохирол учруулснаас газрын хэвлийд 25.92 м хоосон орон зайг бий болгосон байна.
Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 47.561 төгрөг /Дөчин долоон мянга таван зуун жаран нэгэн төгрөг/ байна.
Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 15.63 мян.төг /арван таван мянга зургаан зуун гучин төгрөг/ байна.
Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 39.17 мян.төг /гучин есөн мянга нэг зуун далан төгрөг/ байна.
Нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө 4.11 мян.төг /дөрвөн мянга нэг зуун арван төгрөг/ байна.
Олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 58.91 мян.төг /тавин найман мянга есөн зуун арван төгрөг/ байна.
Олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 106.471 төгрөг /нэг зуун зургаан мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг/ байна гэжээ. /2-р хх-44-99/,
Ц.О-ийн багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-166/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-167/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-168/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-169/,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-195-196/,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-197/,
Э.У-ын багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-171/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-172/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-173/,
А.Б-ийн багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-175/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-176/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-177/,
Т.Эрдэнэбаярын багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-179/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-180/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-181/,
А.Д-гийн багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-183/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-184/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-185/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Эрдэнэбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.
Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн, шүүгдэгч Э.Ууганбаяр, А.Даваадалай, А.Батхишиг, Ц.Одсүрэн, Т.Эрдэнэбаяр нар хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нар бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу баг Борсухайт гэх газарт 47-43 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 106.471 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Тус гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд хохирол учруулснаар гэмт хэргийн бүрдэл төгсөх учир шүүгдэгч нар ямар нэгэн төрлийн ашигт малтмал олсон эсэхээс үл хамааран хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Мөн түүнчлэн шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нар бүлэглэн мөнгө олох санаа зорилго үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэргийг хамтран үйлдсэн тул бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Э, Э.У, А.Б, Ц.О, А.Д нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу баг Борсухайт гэх газарт 47-43 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 106.471 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Оргилмаагийн мэдүүлэг /1-ийн 34-35/, гэрч О.Батсайханы мэдүүлэг /хх-1-63/, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Грийн Ассесмент ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний дүгнэлтэд: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн “Ар сухайт” гэх нэртэй газарт 2019 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэх бөгөөд ашиглалт явуулсан талбай нь хээрийн уулархаг толгодын өмнө энгэрт гуу жалга, толгодын урагш буусан тэгш талбай хөндсөн байна. Хууль бусаар ашигт малтмал олборлосон үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн, төлбөр тооцсон тайланг боловсруулахад Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон холбогдох материалууд байхгүй тул Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын байгаль орчны суурь судалгаанд үндэслэн гүйцэтгэв
Яллагдагч Э.У, А.Д, А.Б, Ц.О нарын хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанаас 1.6 м өргөн, 2.7 м урт, 6.0 м гүн цооногт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулснаас нийт 4.32 м талбай /эдэлбэр газар/-д хохирол учруулснаас газрын хэвлийд 25.92 м хоосон орон зайг бий болгосон байна.
Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 47.561 төгрөг /Дөчин долоон мянга таван зуун жаран нэгэн төгрөг/ байна.
Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 15.63 мян.төг/арван таван мянга зургаан зуун гучин төгрөг/ байна.
Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 39.17 мян.төг /гучин есөн мянга нэг зуун далан төгрөг/ байна.
Нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө 4.11 мян.төг /дөрвөн мянга нэг зуун арван төгрөг/ байна.
Олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 58.91 мян.төг /тавин найман мянга есөн зуун арван төгрөг/ байна.
Олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 106.471 төгрөг /нэг зуун зургаан мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг/ байна гэжээ /2-р хх-44-99/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.11-т /“байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас байгаль орчинд 106.471 төгрөгийн хохирол учирсан болох нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Грийн Ассесмент ХХК-ийн Байгаль орчны “Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 106.471 төгрөг байна.” гэх дүгнэлтээр /2-р хх-44-99/ тогтоогдож байна.
Грийн Ассесмент ХХК-ийн, Дорнын байгаль ХХК-ийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүх шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэхээр заасан.
Хавтаст хэрэгт авагдсан Дорнын байгаль ХХК-ийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчиж гаргасан дүгнэлт болох Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн магадлалаар тогтоогдож байх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Грийн Ассесмент ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь тусгай мэдлэг, эрх бүхий шинжээч нар хуулийн шаардлага хангасан дүгнэлт гаргасан байх тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.12-т /”байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг,
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.13-т ”байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг” ойлгохоор,
Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-т “Газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлөхөөр тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарын байгаль орчинд учруулсан хохирол, төлбөр болох 106.471 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж, байгаль орчинд учирсан хохирол төлбөрийг 212.942 төгрөгөөр тогтоож шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр хувааж гаргуулан хохирол төлбөрийг төлж барагдуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Эр нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 47-43 ӨМА улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашин, молдок, металл хайгч, мотор зэрэг техник, хэрэгсэл ашигласан болох нь эд мөрийн баримтаар хураан авах прокурорын зөвшөөрөл /хх-23/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-24/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-26/, шүүгдэгч Ц.О-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр миний эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн 47-43 өма улсын дугаартай автомашинаар явсан... гэх мэдүүлэг /хх-154-155/, шүүгдэгч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...О ах өөрийн Ланд круйкер 80 маркийн машинаа аваад бид нар явсан... гэх мэдүүлэг /хх-148-149/, шүүгдэгч Э.У мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: бид нар очоод хоол унд хийж идчихээд багажаа янзлаад ажилд гарсан О ах ухах газар хайж яваад нэг нүхэнд орж үзээд болохоор юм байна гэсэн тэгээд багажаа авч ирээд нүхэнд О, Д бид гурав орсон нүхний аман дээр Б, Э нар байсан юм. Тэгээд бид гурав ээлжлээд газар ухсан газар их хатуу байсан бид нар молдокдож байхад молдок эвдэрсэн молдокоо янзлуулахаар дээш нь гаргасан тэгээд нөгөө молдокоороо ухсан чинь олигтой ажиллахгүй байсан юм. Тэгээд нөгөө эвдэрсэн молдокоо янзалж дуусаад дахин ухах гэж байхад машин ирлээ гэсэн чинь Цагдаа ирчихсэн байсан тэгээд нүхэнд байсан багажуудыг гаргуулсан тэгээд 2 молдок, 1 ширхэг мотор, 1ширхэг хайгч зэргийг хурааж авсан гэх мэдүүлэг /1-р хх-133-134/, шүүгдэгч А.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: нүх рүү О ах У бид гурав орж ухсан бид гурвыг нүхэнд байхад Э, Б хоёр нүхний дээр байсан юм. Бид гурав нүхэнд ороод доошоо ухахад газар их хатуу байсан тэгээд ухаж байхад молдок эвдэрсэн молдокоо янзлаад дахиад доошоо ухаж байхад Мандал-Овоо сумын 2 цагдаа хүрээд ирсэн тэгээд бид нарын хэрэглэж байсан 2 ширхэг молдок 1 ширхэг мотор, 1 ширхэг метал хайгч зэргийг хурааж авсан мөн нүх ухаж гаргасан байсан 40-50 кг чулуу зэргийг хурааж аваад Мандал-Овоо сум руу дагуулаад явсан юм гэх мэдүүлэг /1-р хх-138-139/, шүүгдэгч А.Батхишиг мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: бид нар тэнд очиж цай унд уучихаад ухсан нүх рүү орж ухсан юм. Нүхэнд О ах Д, У нар орж нүхийг ухсан би Э ахтай хамт байсан тэгээд нүхний гадуур бутарсан байсан цагаан чулууг бага зэрэг түүсэн тэгээд байж байхад нүхэнд байсан нөгөө хэд багаж буюу молдок эвдэрсэн гээд гаргаад ирсэн тэгээд молдокыг гаргаж ирээд янзлах гэж үзсэн чинь болохгүй байсан тэгээд шөнө болсон манай нүхэнд орсон бага зэрэг чулуу гаргаж ирсэн тэрийг нь би уутанд хийсэн тэгээд байж байхад Мандал-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаа ирээд бид нарын багаж болон бага зэрэг ухаж авсан мөн түүсэн байсан чулууг хурааж авсан юм гэх мэдүүлэг /1-р хх-143-144/, шүүгдэгч Т.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: тэнд очоод хоол, цай хийж идчихээд олон ухаад хаясан нүхнүүдийг үзэж байгаад гол хэсэгт нь байх нүх рүү орж ухсан юм. Нүхэнд О ах, Д, Ууганбаяр нар орж ухсан дээр нь Батхишиг бид хоёр ховоо татаж байсан юм. Мөн Б бид хоёр судлын чулуу гэх ганц нэг чулуу түүж савлаж байсан юм. Тэгээд манай 3 ухаж байхад нэг молдок эвдэрсэн түүнийг янзлах гэж оролдсон юм. Ухаж байсан газраас гарч байгаа чулууг 2 шуудайнд савлаж хийсэн мөн дээрээс нь судлын чулууг ганц нэгийг түүсэн байснаа хийсэн юм. Тэгээд шөнө болсон машинууд яваад байгаа харагдсан тэгээд байж байхад Мандал-Овоо сумын Цагдаа ирсэн юм. Тэгээд бид нарын чулуу, багаж зэргийг хурааж авсан юм гэх мэдүүлэг /1-р хх-148-149/, шүүх хуралдаанд шинжлэн судалсан эд мөрийн баримт зэргээр тус тус тогтоогдож байна.
Тус 47-43 ӨМА улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгсэл 10.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн ӨМА: 1000162 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний “Ц.Одсүрэнгийн эзэмшлийн 47-43 ӨМА улсын дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн 2008 онд Монгол улсад орж ирсэн Ланд круйсер 80 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019-07-29-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 10.000.000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэх үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байх /1-р хх-108-109/ хэдий ч уг 47-43 ӨМА улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь шүүгдэгч Ц.О болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-168/, шүүгдэгч Ц.О мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг молдок 300.000 төгрөг, мотор 200.000 төгрөг, метал хайгч 800.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн ӨМА: 367 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт “Цахилгаан молдок 2 ширхэг 300.000 төгрөг, Цахилгаан мотор 1 ширхэг 200.000 төгрөг, металл хайгч 1 ширхэг 800.000 төгрөг нийт 1.300.000 төгрөг” гэх дүгнэлтээр /1-р хх-110-112/ үнэлэгдсэн.
Түүнчлэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг молдок шүүгдэгч Э.У эзэмшлийнх, мотор шүүгдэгч А.Д эзэмшлийнх, металл хайгч шүүгдэгч Ц.О эзэмшлийнх болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байх ба уг техник хэрэгслийн талаар оролцогч нараас маргаж мэтгэлцээгүй тул шүүх тус техник хэрэгслийг хураан авч улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ланд круйзер 80 маркийн 47-43 ӨМА улсын дугаартай автомашин, 2 ширхэг молдок, мотор, металл хайгч зэргийг худалдан борлуулж үнийг улсын орлогод үнийг оруулж, 28.3 килограмм жин бүхий цэнхэр өнгийн ууттай чулуутай шороо, 30.8 килограмм жинтэй цэнхэр өнгийн ууттай чулуутай шороо, гялгар ууттай дээжийн үлдэгдэл том жижиг 2 ширхэг чулуу, 1 ширхэг тунгалаг шлиф зэргийг зохих эрх бүхий төрийн байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь хувийн байдлын хувьд:
Шүүгдэгч Э.У нь 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайханы 1-9 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-171/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-172/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-173/ зэргээр,
Шүүгдэгч А.Д нь 29 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, Нисэхийн 16-23 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-183/, Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-184/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-185/ зэргээр,
Шүүгдэгч А.Б нь 27 настай, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч, засварчин мэргэжилтэй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7 дугаар баг, Оюутын 12-10 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-175/, Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-176/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-177/ зэргээр,
Шүүгдэгч Т.Э нь 35 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Цогт-Овоо сумын 2 дугаар баг, Дэнжийн 3-9 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-179/, Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-180/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-181/ зэргээр
Шүүгдэгч Ц.О нь 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайханы 2-1 тоотод оршин суудаг, урьд өмнө Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах, мөн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-166/, Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-167/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-168/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-169/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-195-196/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-197/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол төлбөр болох 213.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Т.Э, Ц.О нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч нарын хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарт хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч нарт тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Т.Э, Ц.О нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарт тус тус хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.О-гийн эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн 47-43 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Э.У-н эзэмшлийн 2 ширхэг молдок, шүүгдэгч А.Д-н эзэмшлийн мотор, шүүгдэгч Ц.О-гийн эзэмшлийн металл хайгч зэргийг худалдан борлуулж орлогыг улсын төсвийн орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28.3 килограмм жин бүхий цэнхэр өнгийн ууттай чулуутай шороо, 30.8 килограмм жинтэй цэнхэр өнгийн ууттай чулуутай шороо, гялгар ууттай дээжийн үлдэгдэл том жижиг 2 ширхэг чулуу, 1 ширхэг тунгалаг шлиф зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих төрийн байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нар нь байгаль орчинд учруулсан хохирол төлбөрт 213.000 /хоёр зуун арван гурван мянга/ төгрөгийг Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангийн дансанд төлсөн болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.У, А.Д, А.Б, Ц.О, Т.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ