Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 75

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.М,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С зайран овгийн Б-ийн Мт холбогдох 2028000860069 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19... оны .. дүгээр сарын ...-ний өдөр Өмнөговь аймгийн .................. суманд төрсөн, эмэгтэй, ........ настай, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ................................ ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ................................................ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С зайран овгийн Б-ийн М, регистрийн дугаар ..................................,

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед ******* улсын дугаартай Тоёота королла аксио маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.4.б дахь заалтуудыг зөрчсөний улмаас Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ирэх чиглэлийн засмал замын 12 дахь километрт онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.А, Ж.Мө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Н.Н-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ НЬ:    

Шүүгдэгч Б.М-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгч миний бие 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Даланзадгад сум явах замд зам тээврийн осол гаргасандаа маш их харамсаж байна. Энэ зам тээврийн осол миний буруугаас болж гарсныг 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Зам тээврийн ослоос болж зорчигч Мө, А нарт хүндэвтэр гэмтэл учирсан. Эрүүл мэндийн болон эмчилгээний зардлыг манай гэр бүлийн зүгээс нөхөн төлж барагдуулсан. Хохирогч Н-гийн ар гэрийнхэнд оршуулгын болон бусад зардлуудыг хандивлан өгсөн. Н нь манай хадам эгч байсан. Оршуулгын явцад ажил явдалд нь хамтран оролцож байсан. Хохирогч нарын гомдол саналыг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэж байгаа.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай ээж төрсөн дүү Н.******* түүний эхнэр М тэр хоёрын хоёр найзын хамтаар Улаанбаатар хот руу Н.******* ахын машинаар явсан юм. Улаанбаатар хотод очоод 1 хоносон байх. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой 23 цаг өнгөрч байхад ******* ах залгаад бид нар аймаг руу дөхөж ирээд онхолдчихлоо би түргэн дуудчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би нөхрийн хамтаар уг осол болсон газарт яваад очиход манай ээжийг түргэн аваад явсан гэсэн. Тэгээд буцаад эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт ирэхэд манай ээж ухаангүй эмчилгээ хийлгээд байж байсан. Тэгээд ухаан ороогүй эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлүүлж байгаад 2020 оны 03 дугаар сарын 28-ны өглөө нас барчихсан. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн санал гомдол байхгүй. /хх-ийн 37-38-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Эхнэр бид хоёр хот явах ажилтай болсон. Тэгсэн ******* бас хот явна гээд бид нар цугтаа хот руу явахаар болсон. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу *******ын машинаар явцгаасан. Бид дөрөвтэй хамт *******ын төрсөн эгч Н хамт явсан. Бид нар Улаанбаатар хотод очиж ажлаа амжуулж 2 хоноод 2020 оны 03 дугаар сарын 27-ны үдээс хойш Улаанбаатар хотоос Даланзадгад сум руу гарсан. Улаанбаатар хотоос гараад Дундговь аймагт ирээд хоолны газарт орж цай уучихаад ******* машинаа бариад хөдөлсөн. Би Дундговиос гараад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд ******* гадаа гарчихсан бие засаж байгаа харагдсан. Тэгээд юу болсон мэдэхгүй нэг мэдэхэд хүүхнүүд хашхирсан чимээ гараад шак гээд явчихсан. Тэгээд нэг ухаан ороход машины гадаа газар даарчихсан хэвтэж байсан. Тэгээд юу болов яав гээд босох гэхэд цээж хөндүүр болчихсон амьсгаа гүйцэт авч болохгүй болсон байсан. Тэгээд манай эхнэр намайг босгоод гайгүй юу ханиа гэсэн гайгүй гэж хэлсэн. Тэгсэн миний өрөөсөн гутал байхгүй байхаар нь гутал олоод ир мөн куртик олоод ир гэсэн. Эхнэр яваад олоод ирсэн. Тэр үед Онцгой байдлын хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд тэнд байсан машинд ороод сууж байхад эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад эмнэлэг дээр хүргэж өгсөн. Миний баруун талын 6-7 дугаар хавирга хугарсан гэсэн. Зүүн гарын шууны бүдүүн яс хоёр хугарсан зэрэг гэмтлүүд үүссэн. Одоо биеийн байдал сайжирч байна. Санал хүсэлт гомдол байхгүй. /хх-ийн 41-42-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн осол болсон өдрөөс 2 хоногийн өмнө ******* ах М нарын хамтаар Улаанбаатар хот руу явсан. Бид нар бүгд л хувийн ажилтай байсан. Бид дөрөв явна гэж байхад ******* ах манай төрсөн эгч Н эгч хамт явна гэж байна гээд ******* ах, М эгч манай нөхөр А, талийгаач эгч Н бид нар Улаанбаатар хот руу ******* ахын машинаар явцгаасан. Улаанбаатар хотод очоод 2 хоноод ажил төрлөө амжуулчихаад 2020 оны 03 дугаар сарын 27-ны үдээс хойш буцаад Даланзадгад сум руу гарцгаасан. Улаанбаатар хотоос ******* ах машин барьж гарч яваад Дундговь аймагт ирээд Өндөр ээж гэх хоолны газар орж цай уучихаад Дундговиос гарсан. Тэгээд чигээрээ бид нар зогсоогүй яваад Цогт-Овоо сум дөнгөж өнгөрөөд явж байхад М эгч ******* ахад хандаад ядарч байна уу би машин барих уу гэсэн чинь яана гэж ******* ах асуухад зүгээрээ гарыг чинь амраая гэж хэлсэн. Тэгээд ******* ах зогсоод тэр хоёр машинд солигдож суугаад М эгч машин бариад ******* ах хажууд нь суугаад явсан. Би ******* ахтай янз бүрийн юм яриад сүүлдээ ажилдаг уурхайн талаар нь яриад явж байхад аймгийн гэрэл харагдаад нэлээд дөхөөд 19 километрийн гарам өнгөрөөд нэлээд явж байхад өмнө улаан өнгийн машин зам дээр харагдсан. Тэгээд би яана аа машин гээд хэлтэл М эгч машинаа зүүн тийш нь дарсан. Тэгээд замын хажуу тал руу орсон. Тэгээд цаашаа юу болсон мэдэхгүй нэг мэдэхэд би машин дотор ганцаараа доошоо хараад хэвтэж байсан. Хоёр тийшээ харсан чинь хоёр талын цонх онгорхой байсан. Тэгээд цонхоор гарсан цонхоор гарахад М эгч урд суудлаас мөн цонхоор гарсан. Тэгээд машинаас гарч ирээд нөхрөө хашхирсан чинь онхолдсон машинаас ар хэсэг рүү ёолж байгаа дуу гарахаар нь тэмтчээд яваад очиход ёолоод хэвтэж байхаар нь очоод гайгүй юу гэхэд өмнөөс юу болчихвоо гэхээр нь за ямарч байсан ухаантай байгаа юм байна гэж бодоод ******* ахаа гээд хашхирсан чинь ******* ах машин дотор доошоо харчихсан машины бүсэнд зүүгдчихсэн байсан. Тэгэхээр нь би бүсийг тайлж өгсөн. Тэгээд хүнээ бүртгэсэн чинь Н эгч байхгүй байсан. Тэгээд Н эгчээ гээд хашхирсан чинь чимээ гарах шиг болохоор утасны гэрлээр гэрэлтүүлээд яваад очиход Н эгч ухаангүй байдалтай байсан. Тэгээд би хүнээ бүртгэж дуусаад өөрийн охин Ууганцэцэгийн дугаар луу залгаад аав, ээж нь осолд орчихлоо аймагт ойрхон байгаа цагдаа, түргэн дуудаарай гэж хэлсэн санагдаж байна. Тэгсэн миний гар утасны цэнэг дуусаад унтарчихсан. Тэгээд байж байхад ******* ах бид нар хаана байна, хаашаа явж байсан юм бэ? чи хэн бэ гэх зэргийн зүйл ярьж байгаад арай гайгүй болоод болсон асуудлыг мэдсэн бололтой би зам руу явж машин зогсооё гэж хэлээд зам руу явсан. Тэгээд 3-4 машин зогсоогүй явсан байх. Тэгж байсан нэг машин зогссон чинь Онцгой байдлын ажилтан нар явж байсан. Тэгээд бид нарыг машинд суулгаад Онцгой байдлын машин дуудсан байх. Тэгээд байж байхдаа би тэр хүмүүсээс гар чийдэнг нь гуйгаад хүмүүсийнхээ гар утсыг хайж олсон. Тэгээд нэг утсаар нь хүүхэд рүүгээ дахин залгаад энэ утас руу хэл авч байгаарай миний утас унтарсан шүү гэж хэлсэн. Тэгээд байж байхад эмнэлгийн түргэн ирээд талийгаач эгч Нг үзээд аваад явсан. Араас нь цагдаагийн машин ирсэн. Түүний араас дахин эмнэлгийн машин ирээд бид нарыг эмнэлэгт хүргэсэн. Миний хүзүүнд гэмтэл учирсан байсан, бусдаар гайгүй байсан. Одоо биеийн байдал хэвийн байна. Санал хүсэлт гомдол байхгүй. /хх-ийн 45-46-р хуудас/

Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Б.М, миний төрсөн эгч Н.Н, найз А, түүний эхнэр Мө нарын хамтаар Би Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очиж 2 хоноод 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос Даланзадгад чиглэлд гарсан. Бид нар яваад Дундговь аймагт ирж Өндөр ээж зоогийн газарт хоол идсэн. Тухайн үед цаг 20 цаг өнгөрч байсан. Тэгээд Дундговиос гараад зогсоогүй яваад Цогт-Овоо сум өнгөрөөд 4-5 км явж байхад манай эхнэр М би машин барих уу гэхээр нь би машинаа зогсоогоод эхнэртээ үрүүл шилжүүлсэн. Тэгээд би Мөтай юм яриад манай эхнэр жолоо бариад явж байсан. Тэгсэн зам дээр улаан өнгийн ачааны машин зогсож байсан. Тэгсэн тэр машиныг Мө хараад машин гэж хашхирсан. Тэгсэн манай эхнэр машины хажуугаар гарах гээд хажуугаар нь дарсан. Тэгээд чигээрээ замын хажуу руу буугаад явсан. Тэгээд цаашаа яасан мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би машины гадаа зогсож байсан. Би юу болсон мэдэхгүй яалаа гэж бодож байхад нэг нь Н эгч алга байна гэх дуунаар болсон явдлыг санаад онхолдсон байна гэдгээ мэдсэн. Тэгээд Н эгчийг хайсан чинь машинаас зүүн хойд талд газар хэвтэж байсан. Тэгээд би эгч дээрээ очоод яасан бэ эгчээ гээд гарыг нь барьсан чинь ёо дуу алдаад байсан. Тэгсэн гэрэл гараад замаар машин явж байхаар нь зогсоох санаатай зам руу гүйгээд гараа өргөсөн боловч зогсоогүй яваад өгсөн. Араас нь нэг машин бас ирсэн. Тэр мөн зогсоогүй яваад өгсөн. 3 дахь машин нь зогссон. Тэгсэн тэр хүмүүс онцгой байдлын газрын хүмүүс байсан. Тэр хүмүүс зогсоод юу болсон гэхээр нь болсон явдлыг хэлсэн. Тэгсэн тэр хүмүүс албаны машинаа дуудсан. Тэгээд байж байхад түргэний машин ирээд талийгаач эгчийг аваад явсан. Бид нарыг Онцгой байдлын түргэн тусламжийн машин ирж авч эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед миний нүүр дух хэсэг хавдсан байсан. Одоо биеийн байдал хэвийн болсон. Эхнэр бид хоёр хамгаалах бүстэй явсан. Ард сууж явсан хүмүүс бүс хэрэглээгүй байсан. Машинтай холбоотой санал хүсэлт байхгүй. Энэ машин миний нэр дээр бүртгэлтэй боловч эхнэр унадаг машин байгаа юм. Би ихэнх үед ажил дээрээ байдаг. Санал, хүсэлт, гомдол байхгүй. /хх-ийн 51-52-р хуудас/

 Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 03 дугаар сарын 27-ны өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад чиглэлд явсан. Би нөхөр болон 4 ажилтантай машиндаа явсан. Манай машины ард ачаа ачсан амьжиргаа цагаан машин хамт явсан. Уг машинд манай хоёр ажилтан сууж явсан. Бидний ард явсан амьжиргаа цагаан удаан явдаг болохоор бид нар аажуухан явж байсан. Тэгээд ханангийн антен өнгөртөл амьжиргаа цагаан машинаа дагаж явж байгаад цагаан хаалган дээр очоод хүлээж байя гээд хажуугаар нь гараад явчихсан. Тэгээд аймгийн зүүн талд байх цагаан хаалга гэх газарт ирээд бид нар буугаад бие засчихаад хаалга үзээд байж байхад бидний ард явсан амьжиргаа цагаан машины жолооч ******* залгаад та хэд онхолдсон байна, ямарч хүн байхгүй байна, та дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газрын 102 дугаар луу залгаад аймгаас зүүн тийш засмал замын хажууд осол гарсан талаар дуудлага ирсэн үү гэхэд тийм дуудлага ирээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгвэл машин онхолдсон байна гэж дуудлага өгсөн юм. Тэгээд бид нар нөгөө машинаа хүлээж байгаад аваад явсан. Ийм зүйл болсон. /хх-ийн 53-р хуудас/

Гэрч Т.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 27-ны өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад чиглэлд гарсан. Би бригадын хамтаар Өмнөговь аймгийн Шүүхийн гадна тохижилтыг янзлах ажлаар ирсэн. Манай бригадын ахлагч ******* эхнэр ******* нар ажилтнуудын хамтаар Nissan Xtrail машинаар би болохоор улаан өнгийн амьжиргаа гэх ******* улсын дугаартай автомашинаар Доогий гэх залуугийн хамтаар хүмүүсийн хувцас запас дугуй зэрэг ачааг ачаад явсан. Тэгээд Даланзадгад сум руу дөхөөд Даланзадгад сумын гэрэл харагдаад явж байхад миний хажуугаар 2 машин өнгөрч гарсан. Би толиндоо харахад дахиад машин ирж байгаа харагдсан. Би гүйцэж түрүүлээд гарах байх гэж бодоод явж байхад нөгөө машин хажуугаар их хурдтай гарсан. Тэгээд нөгөө машинаас янк гэсэн дуу гараад чигээрээ замын урд тал руу тоос манаргаж гараад замаас гарч яваад гэрэл нь өнхөрч байгаа нь харагдаад байсан. Тэгээд би хажууд сууж явсан хүндээ цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Тэгсэн нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* эгч рүү дохичих гэж хэлсэн. Тэгээд ******* эгч рүү 444-р залгаж хэлээд энд машин онхолдсон цагдаад дуудлага өгчих гэж хэлсэн. Тэгсэн ******* эгч эргэж залгаад дуудлага өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд за за гээд бид нар яваад клонк дээр ирж ******* эгчтэй уулзаад очих байрандаа очиж амарсан. /хх-ийн 54-55-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №17 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Тоёота corolla axio маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Мийн мэдүүлгээр хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон байна. Зам тээврийн ослын гарахад зам, замын байгууламж нөлөөлөөгүй байна. Тоёота corolla axio маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4./б/ “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн үүргээ биелүүлээгүй мөн хурд хэтрүүлэн явснаас болж уг зам тээврийн осол гарсан байна.” /хх-ийн 57-р хуудас/

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Уг автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал кузовт эвдрэл гэмтэл ихтэй, урд хойд буфер хагарч салсан, баруун гар талын урд крыло болон зүүн баруун гар талын урд хойд хаалганууд цөмөрч хонхойж будаг халцарсан, урд талын баруун зүүн гар талын их гэрлүүд хагарсан, урд капод эвдрэлтэй хонхойсон, баруун гар талын урд хойд, зүүн гар талын урд дугуйнууд хийгүй, урд хойд салхины шил зүүн гар талын хоёр хаалганы, баруун гар талын хоёр хаалганы салхины шил зүүн гар талын хоёр хаалганы, баруун гар талын хоёр хаалганы салхины шилнүүд хагарсан, зүүн ба баруун гар талын толь хагарсан, салон хагарсан, автотээврийн хэрэгслийн тааз зүүн ба баруун гар талын хажуугийн багана хонхойж цөмөрсөн, тоормосны зүүн гар талын гэрэл хагарч мултарсан баруун гар талын гэрэл нь суурин дээрээ хагархай, ослын дэр /air bag/ задраагүй зэрэг гэмтэлтэй байна. ******* улсын дугаартай автотээврийн хэрэгслийн жолоодлогын болон тоормосны систем, явах эд ангиуд бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр болон ямар нэгэн туршилт хийж тогтоон шалгах боломжгүй байна. Тухайн автотээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох үедээ бүрэн бус эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тогтоон шалгах боломжгүй байна. /хх-ийн 59-61-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Н.Нн бие цогцсонд элэгний их хэмжээний урагдал, задрал, баруун чамархайн хуйх, баруун чихний дэлбэнд үүссэн шарх, баруун мөрний гадна хэсэг, зүүн гарын бугалганы гадна хэсэг, зүүн тохой, 2 гарын шуу, сарвууны хэсэг, цээжний ар болон зүүн тал, хэвлийн баруун хэсэг, зүүн хөлийн гуя, зүүн хөлийн шагайн үений хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний дээд хэсгийн хөндлөн хугарал зэрэг гэмтлүүд үүссэн байна. Талийгаач Н.Нн биед урьд нь түүнийг нас баралтанд хүргэхээр буюу нас баралтанд нөлөөлөхөөр өвчин ба гэмтэлгүй байсан байна. Талийгаач Н.Н хэвлийн цусан хураа, элэгний цус алдалтын цочмог цус багадалтын шалтгаанаар нас барсан байна. Талийгаач Н.Нд эмнэлгийн яаралтай тусламжийг зохих цаг хугацаанд нь зөв үзүүлсэн байна. Н.Нн биед учирсан гэмтэл (элэгний их хэмжээний задрал болон түүнтэй нэгэн агшинд учирсан баруун шилбэний хугарал, бусад зөөлөн эдийн олон гэмтэл) нь эмнэлгийн тусламжийг үзүүлсэн ч гэсэн түүний амь насыг аврах боломжгүй. /хх-ийн 65-66-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №213 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Аийн биед толгойн дээд хэсэгт үүссэн шарх, тархины няцралт, нүүрний зөөлөн эдийн няцралт, духны яс, хамар ясны хугарал, баруун талын 6, 7-р хавирганы хугарал, баруун уушгины доод хэсгийн эд бяцарсан, зүүн гарын шууны ясны зөрсөн хугарал зэрэг гэмтлүүд үүссэн байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Ч.Аийн толгойн дээд хэсэгт үүссэн шарх, тархины няцралт, нүүрний зөөлөн эдийн няцралт, духны яс, хамар ясны хугарал болон баруун уушгины доод хэсгийн эд бяцарсан гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтлүүд болно. Ч.Аийн баруун талын 6, 7-р хавирганы хугарал болон зүүн гарын шууны ясны зөрсөн хугарал нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтлүүд юм. Ч.Аийн толгойн дээд хэсэгт үүссэн шарх, тархины няцралт, нүүрний зөөлөн эдийн няцралт, духны яс, хамар ясны хугарал болон баруун уушгины доод хэсгийн эд бяцарсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ч.Аийн баруун талын 6, 7-р хавирга болон зүүн гарын шууны ясны хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 68-69-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №216 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.Мөы биед хүзүүний 6 ба 7-р нугалам ясанд хугарал үүссэн гэмтэлтэй байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Ж.Мөы биед учирсан гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл болно. Ж.Мөы биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 71-72-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №214 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.*******ын биед духны хэсгээр хаван хавдартай, арьсан доор цус хуралт үүссэн гэмтэлтэй байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Н.*******ын биед учирсан гэмтэл нь биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл болно. Н.*******ын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 75-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Мийн биед зүүн мөрний үений холбоос, болон булчин зөөлөн эд няцарсан, зүүн гарын шууны нэг яс хугарсан, нүүр хавдаж, хөхөрсөн гэмтлүүд үүссэн байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Б.Мийн зүүн гарын шууны яс хугарсан гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, бусад (зүүн мөрний үений холбоос, булчин зөөлөн эд няцарсан, нүүр хавдаж, хөхөрсөн) гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд юм. Б.Мийн биед үүссэн гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.Мийн зүүн гарын шууны яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн мөрний үений холбоос, булчин зөөлөн эд няцарсан, нүүр хавдаж, хөхөрсөн гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 77-р хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ӨМА №002 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд: Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт дүн 6.545.000 төгрөг. /хх-ийн 79-83-р хуудас/

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1977 онд Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн. 1985-1993 онд Ноён сумын сургуульд сурч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 1993-1995 онд Баяндалай сумын 10 жилийн дунд сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1995-1998 онд Улаанбаатар хотод УБИС-д бага ангийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. 2010-2012 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 1998-2005 онд нэгдүгээр бүрэн дунд сургуульд бага ангийн багш 2005-2010 онд хоёрдугаар сургуульд багш, 2010-2015 онд гуравдугаар сургуульд багш, 2015 оноос өнөөг хүртэл дөрөвдүгээр сургуульд багшаар ажиллаж байна. Одоо нөхөр 4 хүүхдийн хамтаар амьдарч байна. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Н.*******, нөхрийн эгч Н.Н, нөхрийн найз А түүний эхнэр Мө нарын хамтаар манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг өөрийн эзэмшлийн Тоёота аксио маркийн автомашинаар хувийн ажлаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очиж 2 хоноод 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос Даланзадгад чиглэлд гарсан. Улаанбаатар хотоос гарахад манай нөхөр Н.******* машин бариад би хажууд нь суугаад явсан. Бид нар яваад Дундговь аймагт ирж Өндөр ээж зоогийн газарт хоол идсэн. Тухайн үед цаг 20 цаг өнгөрч байсан. Тэгээд Дундговиос гараад зогсоогүй яваад Цогт-Овоо сум өнгөрөөд 4-5 км явж байгаад би нөхрөө ядарч байгаа байх гэж бодоод би машин барих уу гэхэд нөхөр зогсоод машиныг надад өгсөн. Тэгээд би барьж яваад Даланзадгад сум руу дөхөж явахад зам дээр улаан өнгийн ачааны машин гэнэт гарч ирсэн. Тэгээд би хажуу тийш нь машинаа дарсан, замын хажуу руу орсон. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдээгүй нэг мэдэхэд Мө хөөе манайхан юу болж байна гэж хэлсэн. Тэгээд би ухаан орсон. Ухаан ороход машин дотроо суудал дээрээ байсан. Тэгээд машинаас гарах гэсэн бүс татагдаж байсан. Тэгээд би бүсээ зүүн гараараа тайлах гэсэн чинь болохгүй байсан. Тэгээд би баруун гараараа бүсээ тайлаад машины хаагуур гарснаа мэдэхгүй байна. Тэгээд машинаас гараад ирэхэд машины 4 дугуй дээшээ харсан байдалтай байсан. Тэгээд би Мөы хамтаар хүмүүсээ бүртгэсэн чинь манай нөхөр машин дотроо суудал дээрээ байсан. Тэгээд нөхрөө авах гэсэн чинь мөн суудлын бүс бүслээд чангарсан байсан. Тэгээд тайлж авсан. А машины баруун хойд хэсэгт машины гадаа хэвтэж байсныг олсон. Тэгэхэд А юу болсон бэ? Яасан бэ гээд сууж байсан. Тэгээд би талийгаач эгчийг хайсан чинь машинаас зүүн хойд зүгт нэлээд зайтай газарт хэвтэж байсан. Тэгээд бид нар эгч дээр очсон чинь нэг сонин дуу гаргаж байсан. Тэгсэн манай нөхөр машин зогсоохоор зам руу гүйсэн эхний 2 машин зогсоогүй чигээрээ явсан. Түүний дараагийн машин зогссон чинь Онцгой байдлын ажилтнууд байсан. Тэгээд тэр хүмүүс цагдаа, эмнэлэг дуудсан байх. Тэгж байхад эмнэлгийн машин ирээд талийгаач эгчийг ирээд аваад явсан. Түүний дараагаар онцгой байдлын түргэний машин ирж бид нарыг авч яваад эмнэлэгт хүргэсэн юм. Миний зүүн гарын шуу хугарсан, дал мөрний зөөлөн холбоос тасарсан. Зүүн гарын шууны булчингийн мах гэмтсэн. Дух нүд зэргүүд гэмтсэн зэрэг гэмтлүүд учирсан. Одоо биеийн байдал дунд зэрэг байгаа зовуурьтай байгаа... Нөхөр бид хоёр хамгаалах бүстэй явсан, ард сууж явсан хүмүүс бүс хэрэглээгүй байсан. Би 100 жоохон гаруй километр цагийн хурдтай явсан... Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас хохироосон явдалдаа маш их харамсаж байна. /хх-ийн 93-94-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05-р хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-19-р хуудас/

Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-29-р хуудас/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 407 дугаартай тодорхойлолт /хх-ийн 97-р хуудас/

Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 101-р хуудас/

Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 102-103-р хуудас/

Нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 108-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-р хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хх-ийн 175-177-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед ******* улсын дугаартай Тоёота королла аксио маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.4.б дахь заалтуудыг зөрчсөний улмаас Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ирэх чиглэлийн засмал замын 12 дахь километрт онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.А, Ж.Мө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Н.Н-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Нн амь нас хохирсон болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Н.Нн бие цогцсонд элэгний их хэмжээний урагдал, задрал, баруун чамархайн хуйх, баруун чихний дэлбэнд үүссэн шарх, баруун мөрний гадна хэсэг, зүүн гарын бугалганы гадна хэсэг, зүүн тохой, 2 гарын шуу, сарвууны хэсэг, цээжний ар болон зүүн тал, хэвлийн баруун хэсэг, зүүн хөлийн гуя, зүүн хөлийн шагайн үений хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний дээд хэсгийн хөндлөн хугарал зэрэг гэмтлүүд үүссэн байна. Талийгаач Н.Нн биед урьд нь түүнийг нас баралтанд хүргэхээр буюу нас баралтанд нөлөөлөхөөр өвчин ба гэмтэлгүй байсан байна. Талийгаач Н.Н хэвлийн цусан хураа, элэгний цус алдалтын цочмог цус багадалтын шалтгаанаар нас барсан байна. Талийгаач Н.Нд эмнэлгийн яаралтай тусламжийг зохих цаг хугацаанд нь зөв үзүүлсэн байна. Н.Нн биед учирсан гэмтэл (элэгний их хэмжээний задрал болон түүнтэй нэгэн агшинд учирсан баруун шилбэний хугарал, бусад зөөлөн эдийн олон гэмтэл) нь эмнэлгийн тусламжийг үзүүлсэн ч гэсэн түүний амь насыг аврах боломжгүй. /хх-ийн 65-66-р хуудас/ гэснээр,

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.А, Ж.Мө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №213 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Аийн биед толгойн дээд хэсэгт үүссэн шарх, тархины няцралт, нүүрний зөөлөн эдийн няцралт, духны яс, хамар ясны хугарал, баруун талын 6, 7-р хавирганы хугарал, баруун уушгины доод хэсгийн эд бяцарсан, зүүн гарын шууны ясны зөрсөн хугарал зэрэг гэмтлүүд үүссэн байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн зам тээврийн ослын үед үүссэн байна. ...Ч.Аийн баруун талын 6, 7-р хавирга болон зүүн гарын шууны ясны хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 68-69-р хуудас/ гэснээр,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №216 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.Мөы биед хүзүүний 6 ба 7-р нугалам ясанд хугарал үүссэн гэмтэлтэй байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн зам тээврийн ослын үед үүссэн байна. Ж.Мөы биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 71-72-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн газрын №17 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Тоёота corolla axio маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Мийн мэдүүлгээр хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон байна. Зам тээврийн ослын гарахад зам, замын байгууламж нөлөөлөөгүй байна. Тоёота corolla axio маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4./б/ “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн үүргээ биелүүлээгүй мөн хурд хэтрүүлэн явснаас болж уг зам тээврийн осол гарсан байна.” /хх-ийн 57-р хуудас/ гэснээр шүүгдэгч Б.М нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэд 2.500.000 төгрөг, хохирогч Ч.Аэд 750.000 төгрөг, хохирогч Ж.Мөд 1.500.000 төгрөгийн гэм хорын хохирол төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн талаарх баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, учрах саадыг өөрийн хяналтандаа аваагүй, өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас мөн дээрх хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Мийн хувийн байдал нь Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 467 дугаартай тодорхойлолтод: “Б-ийн М /..................................../ нь ..................................л оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов.” /хх-ийн 97-р хуудас/ гэснээр, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар “Н.О................, Б.М нар ............... оны .. дугаар сарын ..-ны өдөр гэр бүл болсон учир ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв.” /хх-ийн 101-р хуудас/ гэснээр, төрсний гэрчилгээний хуулбар “Овог Б...., эцгийн нэр О..., нэр Б..., хүү, ......... оны ....... дүгээр сарын ..-нд төрснийг ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр бүртгэв.” /хх-ийн 102-р хуудас/ гэснээр, төрсний гэрчилгээний хуулбар “Овог Б...., эцгийн нэр О....., нэр П....., хүү, ....... оны .. дугаар сарын ...-нд төрснийг ... оны ... дугаар сарын ...-ны өдөр бүртгэв.” /хх-ийн 102-р хуудас/ гэснээр, төрсний гэрчилгээний хуулбар “Овог Б...., эцгийн нэр От....., нэр На....., эмэгтэй, ...... оны ... дүгээр сарын ....-нд төрснийг ..... оны ... дүгээр сарын ....-ны өдөр бүртгэв.” /хх-ийн 103-р хуудас/ гэснээр, төрсний гэрчилгээний хуулбар “Овог Б......., эцгийн нэр О........, нэр Н.........., эмэгтэй, ...... оны .. дүгээр сарын ...-нд төрснийг ...... оны .. дүгээр сарын ...-ны өдөр бүртгэв.” /хх-ийн 103-р хуудас/ гэснээр, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “Бүртгэгдээгүй” /хх-ийн 105-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Зам тээврийн осолд орж эвдэрсэн ******* улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Н.О............. гэсэн бүртгэлтэй байх боловч шүүгдэгч Б.М нь уг тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэй болох нь гэрч Б.О-ын “...Энэ машин миний нэр дээр бүртгэлтэй боловч эхнэр унадаг машин байгаа юм, би ихэнх үед ажил дээрээ байдаг юм...” /хх-51-р хуудас/ гэх мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.М-ийн гэр бүлийн дундын эзэмшлийн өмч болох нь тогтоогдож байна.                            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. “ гэж заасан байх ба шүүгдэгч Б.М-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэ 2.500.000 төгрөг, хохирогч Ч.А 750.000 төгрөг, хохирогч Ж.Мө 1.500.000 төгрөг хүлээн авсан ба одоо гомдол саналгүй гэсэн хүсэлтүүдээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн  байна.  

Шүүгдэгч Б.М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан байх тул шүүх шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.  

Шүүгдэгч Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц .................. регистрийн дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон №467911 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.    

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэд 2.500.000 төгрөг, хохирогч Ч.Аэд 750.000 төгрөг, хохирогч Ж.Мөд 1.500.000 төгрөгийн гэм хорын хохирол тус тус төлж барагдуулсан, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С зайран овгийн Б-ийн Мийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтсугай.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.

4. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэд 2.500.000 төгрөг, хохирогч Ч.Аэд 750.000 төгрөг, хохирогч Ж.Мөд 1.500.000 төгрөгийн гэм хорын хохирол тус тус төлж барагдуулсан, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Шүүгдэгч Б.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц .......................... регистрийн дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон №467911 дугаартай B ангилал бүхий шүүгдэгч Б.Мийн жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА