Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 110

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Ц.С,

Өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Ц-ийн Ст холбогдох 2028001270113 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ................. оны ............ дугаар сарын .........-ны өдөр ******* аймгийн ............. суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .............................. оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г овгийн Ц-ийн С, регистрийн дугаар ........................,

Шүүгдэгч Цэ овогтой С нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 8.6 грамм алт олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Сыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт газар газрын хэвлийн ашиглалт хамгаалалт нөхөн сэргээлт байгаль орчны үнэлгээ хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. ******* аймгийн ******* сумын ******* гэх газарт иргэд гар аргаар алт олборлож байгаа. Би энэ газарт очиж үзээгүй гэхдээ мэдээлэл авч байгаа. Энэ хэрэгт шалгагдаж байгаа Стай уулзахад С нь газрын хэвлийд халдаагүй өөр хүмүүсийн ил гаргасан шороон дээрээс нь алт олсон гэж байсан. Ц.Сын олборлосон гэх алтыг улсын орлого болгох юм бол нэхэмжлэх зүйл байхгүй. Сын олборлосон гэх алтыг боломжтой бол орон нутгийн байгаль хамгаалах 100110051407 дугаартын дансанд хийлгүүлэх хүсэлтэй байна. /хх-ийн 24-25-р хуудас/

Иргэний  нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Ц.С нь манай ээж Б төрсөн дүү болох Ц-ийн хүүхэд нь юм. ******* улсын дугаартай Nissan X-trail маркийн авто машиныг би 2019 онд Улаанбаатар хотод техникийн зах дээрээс нэг өвгөн мөнгөний хэрэг гараад хямдхан зарлаа гэхээр нь би 5.000.000 төгрөгөөр авч байсан. Би тээврийн хэрэгслээ авчихсан болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний авто машин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн байсан. Ц.С 2020 оны 05 дугаар сард ******* сум руу ногоо сайтай байна явж малаа бэлчээх нутаг үзэх гэсэн юм түр авто машинаа өгчих гээд гуйгаад аваад явсан. /хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч М.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай хэдэн цагдаа нар ямар ямар авто машиныг барьсан талаар мэдэхгүй байна. Би эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Б.Б, эдийн засгийн ахлах мөрдөгч Б.Би, жолооч цагдаа Ж.М нарын хамт саарал өнгийн X-trail маркийн авто машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн мөн өнгийг нь сайн санахгүй байна нэг микробустай гурван залуу тэд нарын хажууд байсан Subaru Forester маркийн авто машинтай 2 залуу зэргийг л барьсан. Би 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш шиг санагдаж байна эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Б.Б, эдийн засгийн ахлах мөрдөгч Б.Б, жолооч цагдаа Ж.М нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* гэх газар очиж эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад олон тооны авто машин зогсчихсон хажуугаар нь явган хүмүүс гар аргаар алт олборлож байхад албаны авто машинтай яваад очиход тэнд байсан хүмүүс тал тал руу зугтаасан. Тэгээд нэг эрэгтэй хүн саарал өнгийн X-trail маркийн авто машин руу дөнгөж ороод суухаар нь урд нь очиж зогсоод тухайн авто машиныг шалгахад дотор нь нэг эрэгтэй жолооны хүрдэн дээр суучихсан, харин нэг эмэгтэй хүн зорчигчийн талын суудал дээр суучихсан байсан. Тэгээд уг авто машинд үзлэг хийхэд алт мэт шар өнгийн олон тооны жижиг металлтай жижиг хуванцар сав, алт хайгч зэрэг гарч ирсэн. Тэгээд бичиг баримтыг нь шалгахад Цэ овогтой С гэдэг эрэгтэй байхаар нь эд зүйлсийг нь аваад араас дагаад сум руу явах шаардлага тавиад суман дээр очиж ахмад Ба шалгасан... Хайгч байсан өөр ямар нэгэн багаж байгаагүй. /хх-ийн 30-31-р хуудас/

Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 07-ны өглөө эрт шиг санагдаж байна, намайг Цогт-Овоо сумын төвд байх гэртээ байж байхад манай ээжийн дүүгийн хүүхэд болох С саарал өнгийн дунд гарын жийптэй ирээд малын бэлчээр үзэх гэсэн юм хамт явчих гэхээр нь би хамт явсан. Тэгээд Цогт-Овоо сум, Даланзадгад сум, ******* сумын нутгуудаар бэлчээр хайж явж байгаад 2020 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө нь нэг их олон нүх ухчихсан газар очсон. Тухайн үед С машинаасаа гараад явсан. Харин би машин дотор унтаад өгсөн. Тэгээд намайг нэлээн унтаж байхад С машиндаа орж ирээд тэр газраас хөдлөөд нэг овоо даваад хойд зүг рүү явж байгаад нэг уулын энгэрт хоносон. Тэгээд маргааш өглөө буюу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед босоод өнгөрсөн шөнө очсон олон нүх ухчихсан газар очиход ойролцоогоор 100 орчим хүмүүс машинтай алт хайж байх шиг байсан. Тэгээд С машины араас нэг юм аваад буугаад явсан. Машин дотор хэвтээд байж хүмүүс тараад яваад байтал С гэнэт машинд гүйгээд ороод ирсэн. Тэгтэл яг өмнө талд цагдаагийн машин ирж зогсоод үзлэг шалгалт хийж бичиг баримт хурааж аваад ******* сумын төв дээр яваад оч гэхээр нь С бид хоёр ******* сумын төвд очсон. Бэлчээрлэх шинэ газар хайх гэж явсан... Сүүлд цагдаа нар ирээд Сын цүнхнээс алт хайгч гээд нэг цайвар өнгийн урт эвхэгддэг зүйл гаргаж ирээд тэрийгээ алт хайгч гэж байсан. Би өмнө нь алт хайгч харж байгаагүй. Тэглээч тийм жижиг цүнхэнд багтдаг гэж ч бодоогүй. /хх-ийн 32-33-р хуудас/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №514 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Метал хайгч /Голд мастер-100/, 1 ш, нийт дүн 1.500.000 төгрөг” /хх-ийн 36-р хуудас/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №025 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Иргэн Б.Амгаланбаатарын эзэмшлийн 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн Nissan X-trail маркийн автомашин нь 2020 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр тогтов.” /хх-ийн 38-39-р хуудас/

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №604 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Алт /байгалийн/ нийт дүн: 688.000 төгрөг” /хх-ийн 41-р хуудас/

Геологийн төв лабораторийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжилгээний дүн: “Au, сорьц 918.38, 918.05.” /хх-ийн 43-44-р хуудас/

Шинжээч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллагад ирсэн грамм шар өнгийн металлыг хэмжихэд 8602.2 мг буюу 8.6 грамм байсан. Тэгээд шинжилгээ хийхэд алт болох нь тогтоогдсон. Мөн шинжилгээний явцад бага зэргийн хорогдол гараад уг 8602.2 мг-аас бага зэрэг багсана гэсэн үг. Цэвэр алтны сорьф нь 999.99 байдаг. Харин шинжилгээнд ирсэн металлыг хоёр удаа сорьцолж үзэхэд эхний удаа дээр нь 918.38, дараачийн удаад нь 918.05 байсан. Уг гарсан 918.38, дараачийн удаад нь 918.05 гэдгийн тайлбарлавал уг металлын 91.8 хувь нь алт байна гэсэн үг. Манай байгууллагаас шинжээчийн дүгнэлт гэж гарах боломжгүй учир нь манай байгуулагт шинжээчийн дүгнэлт гаргах бланк байхгүй учраас шинжилгээний дүн л гэж гарна. Тэр дүнгээ шаардлагатай тохиолдолд мэдүүлгээр тайлбарлан өгөх боломжтой. /хх-ийн 45-46-р хуудас/

Шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 06-ны орой үеэл А-раас ******* улсын дугаартай “Nissan X-trail”маркийн авто машиныг нь ******* сум руу явж мал бэлчээх газар үзчихээд ирье гэж хэлж аваад маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өглөө эрт гэрээсээ гарахдаа ******* алт гарч байгаа гэсэн учраас юмыг яаж мэдэх вэ гэж бодоод алт хайгчаа аваад гарсан. Тэгээд Цогт-Овоо сумын төвөөр дайраад Жаргал гэдэг үеэлтэйгээ хамт ******* сум руу мал бэлчээх газар хайхаар гарсан. Тэгээд Ханхонгор сумаар мал бэлчээрлэх газар хайгаад олигтой газар олдохгүй болохоор нь ******* сум руу явж мал бэлчээрлэх газар хайж байгаад тухайн өдрийнхөө орой нь алт гарч байгаа газар очиход олон тооны авто машинтай хүмүүс алт хайж байсан. Тэгээд би Жг машиндаа үлдээгээд би машины араас хайгчаа аваад ухагдсан шороон дээгүүр алт хайгчаараа алт хайж байгаад бага хэмжээний алт олоод тэгээд буцаад машиндаа ирээд ойрхон явж байгаад нэг уулын энгэрт хоносон. Тэгээд маргааш өглөө нь босоод шөнө очсон газрын ойролцоо очиж Жыг машиндаа үлдээгээд би хайгчаа барьж гараад ухагдсан нүхэн дээгүүр сул шороогоор нь явж хайгчаа тавиад алт түүж байтал цагдаа нар ирээд тэгээд миний хайгч болон олсон алтыг хурааж аваад араас дагаад яв гэд би ч араас нь дагаж явсаар байгаад ******* сумын төвд очсон. /хх-ийн 57-58-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-09-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20-р хуудас/

******* аймгийн Цогт-Овоо сум Бортээг багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 65-р хуудас/

Төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 66-67-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Цэ овогтой С нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд ******* аймгийн ******* сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэр ******* гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 8.6 грамм алт олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.

Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн, шүүгдэгч Ц.С нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Ц.С нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд ******* аймгийн ******* сумын Эмгэнбулаг багийн нутаг дэвсгэр ******* гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 8.6 грамм алт олборлосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд хохирол учраагүй тул шүүгдэгч Ц.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.С нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 74-р хуудас/ гэснээр, ............................................. зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ц.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байдал болон бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт Эрдэнэсийн сан гэж төрийн нэрийн өмнөөс Монгол банк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлалыг хэлнэ гэж тодорхойлсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт эрдэнэсийн сан нь төрийн өмчлөлд байна гэж тодорхойлсны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 688.000 төгрөгийн үнэ бүхий (7.7) грамм 918,05 сорьц бүхий алтыг Монгол банкны эрдэнэсийн санд шилжүүлж, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т Эрдэнэсийн санд авсан зүйлийн үнийг төлөх үүргийг Монгол банк хүлээхээр заасан тул алт болон алтны үлдэцийг Монгол банкинд худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Ц.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №514 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Метал хайгч /Голд мастер-100/, 1 ш, нийт дүн 1.500.000 төгрөг” /хх-ийн 36-р хуудас/ гэсний дагуу Gold monster 100 загварын 1.500.000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэгийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг тус тус ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Г овгийн Ц-ийн Сыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 688.000 төгрөгийн үнэ бүхий (7.7) грамм 918,05 сорьц бүхий алтыг Монгол банкны эрдэнэсийн санд худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Gold monster 100 загварын 1.500.000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэгийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг тус тус ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА