Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02562 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 2 786 260 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг зурагтын хуучин эцсийн замд Л.М нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед ...... улсын дугаартай “Ниссан пулсар” маркийн автомашины жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 37.6, 3.9-р заалтыг зөрчсөний улмаас Э.А-ын жолоодон явсан ... улсын дугаартай “Приус” маркийн автомашиныг шүргэсний улмаас эсрэг урсгал руу орж Х.Б-ийн тээврийн хэрэгсэлд нийт 3 890 500 төгрөгийн хохирол учирсан. Д.Г-ын албан журмын даатгалаар даатгагч “Б” ХХК-иас 2 750 250 төгрөгийг олгож, үлдэгдэл 1 140 250 төгрөгийн хохирлыг манай компани тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу олгож, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан. Иймд буруутай этгээд Д.Г-гаас гэм хорын хохирол 1 140 250 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн “М” ХХК-ийн тээврийн хэрэгслийн даатгуулагч Х.Б-ын .... улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашиныг Э.А нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед ... улсын дугаартай “Ниссан пулсар” маркийн автомашины жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 37.6, 3.9-р заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд 3 714 000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд буруутай этгээдийн албан журмын даатгалаар даатгагч “Б” ХХК-иас 2 067 990 төгрөг, “М” ХХК-иас 1 646 010 төгрөгийн нөхөн төлбөр олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан. Иймд буруутай этгээд Д.Г-гаас гэм хорын хохиролд 1 646 010 төгрөгийг гаргуулж, “М” ХХК-д олгож өгнө үү. Нэг хохирлоос үүдсэн хоёр хэрэг байгаа учир нэгтгэсэн байгаа. Уг осол гарахад хариуцагч Д.Г нь гэм буруутай болох нь прокурорын тогтоолоор нотлогдсон. Гэм буруугийн тухайд гэм буруутайг нь тогтоогоод, түүний дагуу албан журмын даатгалаас нь 5 000 000 төгрөгийн хохирлыг нь барагдуулсан. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолд хариуцагч гарын үсэг зурсан байгаа. “Х” банкнаас лизингээр авдаг ч өөрсдөө даатгалын хураамжаа төлдөг. Гэрээнд тухайн этгээдүүд нь өөрсдөө даатгуулагч болдог. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар манайх олгох ёсгүй байсан нөхөн төлбөрийг олгож, буруутай этгээдээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэж тайлбарлаж байна. Энэ нь даатгагч, даатгуулагч нарын хоорондын маргаан биш. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар даатгагч болон буруутай этгээдийн хооронд маргаан үүссэн. Иймд гэрээний нөхөн төлбөр олгох ёстой байсан эсэхийг ярих ёсгүй. Нөхөн төлбөр хүлээж авах эрх нь даатгуулагчид байдаг. “Х” банк өөрөө зуучлаад гэрээ байгуулсан байгаа. Даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагчаас шаардах эрхээ шилжүүлж авах эрхтэй тул нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд Д.Г-гаас гэм хорын хохиролд 2 786 260 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шинэ зурагтын эцсийн буудалд хүн буулгаад хөдлөх гээд зогсож байхад миний хажуугаар автомашин өнгөрөөд эргээд эсрэг урсгалд байгаа автомашиныг очиж мөргөсөн. Тухайн үед би хагалгаанд орсон, суга таягтай байсан. Автомашины осол энд болоогүй, цаана болсон үйл явдал шүү гэж цагдаад хэлэхэд тэнд нь хэмжилт хийгээд намайг буруутан болгосон. Баянгол дүүргийн шүүх, прокурорын газраас иргэний маргаан учраас даатгалын байгууллагад ханд гэсэн. Иймээс даатгалын газарт хандаж хохирлоо барагдуулсан. Мөн нэхэмжлэгч тал явган зорчигч гэмтээсэн гэж байна. Тэр явган зорчигч биш, автомашиныг жолоодож явсан Л.М гэж эмэгтэй хүн байсан. ... УНУ улсын дугаартай “Приус” маркийн автомашиныг Э.А жолоодож явсан. Л.М, Э.А нар нь даатгалын гэрээг байгуулаагүй хүмүүс байсан. Уг ослоос миний автомашины зүүн гар талын дохио мултарсан. Үүнийг “Б” ХХК-иас ирж үзсэн. Иймд би уг автомашиныг мөргөж эсрэг урсгал руу оруулаагүй учир буруугүй гэж үзэж байна. Мөргөж эсрэг урсгалд оруулсан бол хамаа алга. Би хохирлыг барагдуулна. Гэтэл би тэгээгүй болохоор даатгалын газар надаас мөнгө нэхээд байгааг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 443.1 дугаар зүйлийн 443.1, 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-д холбогдох гэм хорын хохиролд 2 786 260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 210 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг, зурагтын хуучин эцсийн замд ... улсын дугаартай “Ниссан пулсар” маркийн автомашины жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заалтыг зөрчсөний улмаас “М” ХХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалын №1400101947 тоот гэрээт даатгуулагч Х.Б-ын (Э.А-ын жолоодон явсан) .... УНУ улсын дугаартай тоёото приус маркийн автомашиныг шүргэсний улмаас эсрэг урсгал уруу орж, мөн манай №1300100139 тоот гэрээт даатгуулагч Х.Б-ийн (Л.М нь жолоодон явсан) .... УНГ улсын дугаартай “Субару” маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Даатгуулагч .. УНУ улсын дугаартай Х.Б-ийн автомашинд хохирол үнэлгээний тайланд зааснаар нийт 3 890 500 төгрөгийн хохирол учирснаас Д.Г-ын албан журмын даатгагч “Б” ХХК-иас 2 750 250 төгрөгийг олгосон байх тул манайх тээврийн хэрэгслийн даатгалаар үлдэгдэл 1 140 250 төгрөгийг олгосон. Мөн .... УНГ улсын дугаартай Х.Б-ын тээврийн хэрэгсэлд хохирол үнэлгээний тайланд зааснаар 3 714 000 төгрөгийн хохирол учирсан. Буруутай этгээдийн албан журмын даатгагч “Б” ХХК-иас 2 067 990 төгрөг олгосон байх тул “М” ХХК-иас даатгуулагчид үлдэгдэл хохирлыг барагдуулж, 1 646 010 төгрөгийн нөхөн төлбөр олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, даатгалын гэрээний 6.4-т заасны дагуу нэхэмжлэх эрх даатгагчид шилжсэн тул шаардах эрхийнхээ дагуу Д.Г-аас гэм хорын хохиролд 2 786 260 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргасан. Гэвч шүүх "... Даатгалын гэрээний 8.2.1-д заасан нөхөн төлбөр олгохгүй заалтаа зөрчиж, нөхөн төлбөр олгосон нь үндэслэлгүй бөгөөд шаардлагаа хуульд зааснаар нотолж, чадаагүй. Иймд нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Д.Г-аас даатгуулагч нарт олгосон нөхөн төлбөр 2 786 260 төгрөгийг шаардах эрхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв" гэж үндэслэж, Иргэний хуулийн 443.1, 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтоон 184/ШШ2017/02562 дугаар шийдвэрийг гаргасан байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т гэм хор учруулсан үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Д.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй нь холбогдуулан шаардлага гаргасан байтал буруутай этгээдийн гэм хор арилгах үүрэгтэй хамааралгүй асуудлаар буюу даатгалын гэрээгээр нөхөн төлбөр олгох ёсгүй байсан гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “М” ХХК-д шаардах эрх шилжсэний хувьд, хохирогчийн байр суурьнаас оролцож, хариуцагч Д.Г-гын гэрээний бус үүрэгтэй нь холбогдуулан, шаардлага гаргасан байхад гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй байсан гэж үндэслэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь даатгагчийн сонголт бөгөөд олгосон нөхөн төлбөрөө буруутай этгээдээс нэхэмжлэх нь хуульд заасан эрх юм. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт "Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж байгаа тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө." гэж заасан болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж зааснаар шаардах эрх шилжиж байгаа. Гэтэл буруутай этгээд нь замын хөдөлгөөний хэм хэмжээ зөрчөөд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай холбоотой маргаанд даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохгүй байх эрхээ хэрэгжүүлээгүй эсэх, даатгалын тохиолдол мөн байсан эсэхийг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн шаардлагаа хуульд зааснаар нотолж чадаагүй гэж үндэслэсэн нь ойгомжгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа осол, осолд хэн буруутай болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, хохирол үнэлгээний тайлан, нөхөн төлбөр олгосон санхүүгийн баримт болон бусад баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар батлуулж өгсөн. Шүүхээс шинээр нотлох баримт шаадлагатай гэж үзээгүй, бүх нотлох баримтыг үнэлсэн атлаа хуульд зааснаар нотолж чадаагүй гэж үндэслэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Д.Г-аас гэм хорын хохиролд нийт 2 786 260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн үндэслэл болон хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна. Үүнд:

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Х.Б-тэй, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Х.Б-тай тус тус автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан байна. /хх-ийн 6, 71 дүгээр тал/

 

            Хариуцагч Д.Г нь 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ... УБЕ улсын дугаартай, “Ниссан пулсар” маркийн автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, даатгуулагч Х.Б-ийн өмчлөлийн, Л.М жолоодон явсан ... УНГ улсын дугаартай автомашин, даатгуулагч Х.Б-ын өмчлөлийн, Э.А-ын жолоодон явсан ... УНУ улсын дугаартай автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргасан нь осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоол, зохигчдын тайлбараар тус тус тогтоогджээ. /хх-ийн 12-18 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь дээрх зам тээврийн ослоос Х.Б-д 3 890 500 төгрөгийн, Х.Б-д 3 714 000 төгрөгийн хохирол учирснаас хариуцагч Д.Г-ын албан журмын даатгагч “Б” ХХК-иас 2 067 990 төгрөгийг Э.А-т, 2 750 250 төгрөгийг Х.Б-д олгосон, тээврийн хэрэгсэлийн даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгч “М” ХХК нь хохирлын үлдсэн төлбөр болох 1 646 010 төгрөгийг Э.А-т, 1 140 250 төгрөгийг Х.Б-д тус тус шилжүүлсэн тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг хариуцагч Д.Г-гаас гаргуулна гэж шаарджээ.

 

            Гэвч “М” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр             Х.Б-тэй байгуулсан гэрээ /хх-ийн 6, 7 дугаар тал/, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Х.Б-тай байгуулсан гэрээ /хх-ийн 71, 85 дугаар тал/ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу даатгалын зүйлийг тусгаагүй байна.

 

            Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс даатгуулагч Х.Б-ийн ... УНГ улсын дугаартай автомашин, даатгуулагч Х.Б-ын 26-95 УНУ улсын дугаартай автомашин нь тус тус эвдэрсэн гэх боловч Х.Б, Х.Б нар нь дээрх улсын дугаар бүхий автомашинуудыг нэхэмжлэгч “М” ХХК-д даатгуулсан гэдэг нь даатгалын гэрээгээр тогтоогдохгүй, талууд гэрээндээ даатгалын зүйлийг тусгаагүй болно. 

 

            Иймд даатгалын гэрээгээр даатгалын зүйл болох эд хөрөнгийг талууд тохиролцоогүй, эвдэрсэн гэх ...... улсын дугаартай автомашинууд нь даатгалын гэрээний зүйл байсан гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Д.Г-гаас гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Г-гаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуульд заасан даатгалын гэрээний зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь үндэслэл муутай болжээ.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид илүү төлсөн мөнгийг буцаан гаргуулж шийдвэрлээгүй алдаа гаргажээ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, улсын тэмдэгтийн хураамжийн зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

 

“Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1” гэснийг,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэж,

 

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 210 төгрөгийг төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид илүү төлсөн 13 680 төгрөгийг төсвөөс /Улаанбаатар хотын банк 2601025961 тоот данс/ гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 540 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ