Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0795/З |
Дугаар | 221/МА2024/0349 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0349
“МХМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Нэхэмжлэгч: “МХМ” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/613 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 245 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/0795/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “МХМ” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/613 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 245 дугаар шийдвэрээр:
2.1. “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан “МХМ” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/613 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/613 дугаар захирамжаараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс эзэмшил газар дээрээ төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2018 онд Бүгд Найрамдах Солонгос улсын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг болох Койка-д санал хүсэлтээ илгээсний дагуу хариу хүлээн авсан бөгөөд түүнд нийцүүлэн холбогдох судалгаа, төлөвлөгөөг гаргах ажиллагаа хийгдэж байсан. Гэтэл олон улсыг хамарсан Ковид-19 цар тахал гарч улс хоорондын үйл ажиллагаанууд бүгд зогсонги байдалд орсон. Энэ нь бүхэлдээ үйл ажиллагаа явуулах боломжгүй давагдашгүй зүйл болох нь нийтэд илэрхий байхад “хүндэтгэн үзэх шалтгаангүй” хоёр жил дараалан буюу 2021, 2022 онуудад зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй, хуулийн үндэслэлгүй шийдвэр болсон.
3.2. Койка байгууллагатай хамтран ажиллах зорилгоор БНСУ-д олон удаа зорчиж байсан болохыг компанийн захирлын гадаад паспортын хуулга нотолж байна. Мөн газрын хэмжээнд тохируулан төслөө шинэчилж баталсан, эрх бүхий “АТ” ХХК-аар 2021 онд Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хийлгэн, газар зохион байгуулалтын албанд цахим системээр хүргүүлж, газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай ажиллагаануудыг явуулж байсан байхад “газраа ашиглаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
3.3. Түүнчлэн жимс жимсгэнийн мод үржүүлэх төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн олон улсад зарласан “Тэрбум мод” хөтөлбөр, Засгийн газраас түүнийг дэмжихээ илэрхийлсэн ажлын хүрээнд хамаарч байхад үндэслэлгүйгээр газар эзэмших эрхгүй болгож байгаа нь дээд шатны байгууллага, Засгийн газрын зорилгын эсрэг шийдвэр болсон байна. Үүнээс гадна, манай компанийн газрын эргэн тойрны бусад газрууд тухайн үед нэгэн зэрэг төсөл сонгон шалгаруулалтаар олгогдсон бөгөөд газар дээр нь үзэхэд аль аль нь хийгдсэн зүйл харагддаггүй, хөрш залгаа том газрууд хүртэл хэвээрээ байна. Гэтэл ижил тохиолдолд зөвхөн нэг компанийг сонгон газрын эрхийг хүчингүй болгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг зөрчсөн байна.
3.4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/613 дугаар захирамж гарахад дээрх хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй. Хариуцагчаас “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг”-ээр сонсох ажиллагаа явагдсан гэж тайлбарласан. Тухайн албан бичиг өгсөн хариутай холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь нэхэмжлэгчид “газрын тухай асуудлыг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн” гэсэн итгэлийг төрүүлсэн. Гэтэл үүнээс хойш 8 сарын дараа ямар нэгэн мэдэгдэлгүйгээр А/613 дугаар захирамжийг гаргасан, тухайн шийдвэрээ зохих ёсоор нэхэмжлэгчид мэдэгдээгүй зэргээс дүгнэхэд захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзвэл анх нэхэмжлэгч “МХМ” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн А/525 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20000 м.кв газрыг жимс жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, 000318821 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
2.2. Харин Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/613 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “МХМ” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
2.3. Улмаар нэхэмжлэгч “МХМ” ХХК-аас тус захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд хандан “...Манай компани нь газраа зориулалтын дагуу ашиглахаар 2018 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг болох /КОЙКА/-аас зарласан төсөл хөтөлбөрт хамрагдахаар болж холбогдох хүмүүс судалгаа хийх төлөвлөгөө гарган ажиллаж байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа хойшилсон, ...2021 онд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг “АТ” ХХК-иар хийлгүүлж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд цахим системээр хүргүүлсэн байхад газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж, харин хариуцагчаас “...нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг ашиглах эрх 2016 оноос үүссэн байхад үүнээс хойш бодит нөхцөл байдал дээр гэрээнд заасан зориулалтын ашиглаагүй бөгөөд бид газар дээр нь очиж хээрийн судалгаа хийж нөхцөл байдалтай танилцсан, ...мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 2022 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагааг хийсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
2.4. Харин анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг “...нэхэмжлэгч нь 2016 онд газар эзэмшиж эхэлснээс хойш тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй байх бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн агентлагт хандсан болон захирал Х.Г БНСУ-руу явсан зэрэг нь газраа ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй, мөн ... энэ тохиолдолд сонсох ажиллагаа явуулсан болон захиргааны шийдвэр гарсан хугацааны хооронд нөхцөл байдал өөрчлөгдөөгүй буюу нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 22/52 дугаар албан бичигт дурдсаны дагуу газраа зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцжээ.
2.5. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах…төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшигч этгээд нь газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.
2.6. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан зэргээс үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийг эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.
2.7. Хэдийгээр нэхэмжлэгч нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хүндэтгэн үзэх шалтгаанаа “...Цар тахлын нөхцөл байдалтай байсан, ...БНСУ-ын төсөл хөтөлбөрт хамрагдахаар тус улсад удаа дараа зорчиж байсан, ...2021 онд газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгүүлсэн” гэж тайлбарлаж, “МХМ” ХХК-ийн захирал Х.Г-ын гадаад паспортын хуулбар, “АТ” ХХК-тай байгуулсан Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ зэргийг хэрэгт хавсаргасан байх боловч үүнийг Газрын тухай хууль болон газар ашиглах гэрээнд зааснаар маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
2.8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн А/525 дугаар захирамжийн дагуу иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, үүнээс хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд болон цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш ч газраа зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байсан боловч тухайн газартаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа энэ тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
2.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн сонсох ажиллагаа явуулах агуулгатай албан бичигт нэхэмжлэгчээс хариу хүргүүлсэн бөгөөд түүнээс хойш 8 сарын дараа газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй” гэж тайлбарлах боловч ийнхүү мэдэгдэл хүргүүлснээс хойш 8 сарын хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах ямар ч үйл ажиллагаа явуулаагүй буюу энэ хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжоо ашиглаагүй гэж үзэхээр байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МХМ” ХХК-ийн өмгөөлөгч Б.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА