| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2022/0168/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/203 |
| Огноо | 2022-05-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/203
2022 05 04 2022/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Т.Зт холбогдох эрүүгийн 2234000000065 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Угтаалцайдам суманд 1978 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 04 сарын 27-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох ялаар,
тус шүүхийн 2005 оны 11 сарын 30-ны өдрийн 124-А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2008 оны 01 сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн 06 сарын хорих ялаар,
2012 оны 08 сарын 17-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 03 сарын хорих ялаар,
2012 оны 10 сарын 11-ний өдрийн 123/А дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 05 сарын хорих ялаар,
2018 оны 02 сарын 13-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Т.З,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.З нь 2022 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Харчулуут 3 дугаар багийн нутаг “2-р тасгийн төв” гэх газраас Б.Бын эзэмшлийн 1 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж бусдад 463.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Т.З:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234000000065 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Т.З нь 2022 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Харчулуут 3 дугаар багийн нутаг “2-р тасгийн төв” гэх газраас Б.Бын эзэмшлийн 1 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж бусдад 463.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 07/26 дугаартай ...Монгол улсын иргэн Б.Бын өмчлөлийн 1 толгой эр хонь, 1 толгой эр ямаа, 1 толгой хязаалан ямааны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 01 дүгээр сарын 15-ны байдлаар 463.000 /дөрвөн зуун жаран гурван мянга/ төгрөг болно... гэх дүгнэлт /хх-ийн 32-44 дүгээр хуудас/,
хохирогч Б.Бын ...Манайх Төв аймгийн Мөнгөнморьт сум Жамын булаг гэх газарт өвөлждөг юм би өөрөө 500 гаран тооны малтай хөдөө амьдардаг хүн байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын дундуур танил Гомбодоржийг хониндоо явуулсан юм. Тухайн үедээ анзаараагүй сүүлд дундуур танил Гомбодоржийг хониндоо явуулсан юм. Тухайн үедээ үедээ анзаараагүй сүүлд өөрөө хониндоо явж байтал хонь дутаад байх шиг байхаар нь хонио тоолоод үзтэл 30 гаран хонь дутсан юм. Тэгэхээр нь зун идэш уушиндаа зарцуулсан хонио тооцоод бодоход 30 гаран тооны хонь дутаад байгаа тул шалгаж эзэн холбогдогчийг нь олж өгнө үү. Төв аймгийн Мөнгөнморьт суманд манай эхнэр Бүдрагчаагийн Цэцэгээ дээр бүртгэлтэй. Тал нь миний нэр дээр Багануур дүүргийн 4 дүгээр хороонд бүртгэлтэй байгаа. Манай рүү Бат-Эрдэнэ бид хоёр ээлжилж хариулдаг юм. Сэжиглэж байгаа хүн байхгүй... /хх-ийн 7-8 дугаар хуудас/
гэрч Ш.Чимэддагвын ...Би Т.Зыг танина, манай садангийн хүн байгаа юм. Би өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой манай гэрийн хойд руу байдаг Т.Зын дүү болох Мядагмаагийнд, Баттогтох, Гарамсүрэн 4-лээ хөзөр тоглоцгоосон. Бид 4-г тоглож байхад 21 цагийн үед ганцаараа орж ирээд би Цээл явлаа машинтай яваа гээд гараад явсан, орж ирэхдээ эрүүл орж ирсэн. Тэгээд Т.З гарч яваад шөнийн 03 цагийн үед согтуу ганцаараа орж ирээд хувцастайгаа унтаад өгсөн, орж ирээд юу ч яриагүй, жаахан сууж тамхи татаж байгаад унтсан. Бид 4 тоглож байгаад 05 цагийн үед тоглоомоо дуусгаад тарцгаасан. Бид хэдийг тоглож байхад багцаагаар 01 цагаас 02 цагийн хооронд Мягдагмаагийн хашааны зүүн талд байдаг малын пин, хашааны зүг нохойнууд учир зүггүй хуцалдаад байсан. Нохойнууд чинь яасан их хуцдаг юм бэ гэхэд Мядагмаа ингээд хуцаад байдгийн гэж байсан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
гэрч Б.Оюунчимэгийн ...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний орой 11 цагийн үед хүү болох Баянсүхийн хамт унтсан. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны 02 цагийн үед гадаа нохой хуцаад байхаар нь би хүү болох Баянсүхэд гадаа нохой хуцаад байна гараад хардаа гэсэн чинь Баянбат ахын хүү Алтанбагана ирж байгаа байх гээд унтаад өгсөн. Үгүй, хүний хөлийн чимээ болон ярьж байгаа чимээ гараагүй, зөвхөн нохой хуцаж байгаа чимээ л гарч байсан... /хх-ийн 20 дугаар хуудас/,
гэрч Т.Мядагмаагийн ...Т.З манай төрсөн ах байгаа юмаа. Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ ойр зуурын юм хийгээд байж байтал өдөр 15 цагийн орчим манайд Баажаа ах гээд хүн манайд орж ирчхээд, манай урд тал руу ойрхон байдаг Сүхээ ахынх руу яваад 16 цагийн үед буцаж ирээд, нөгөө хоёр чинь тоглоё гэж байна гээд байтал, араас нь Гаамаа, Чимгээ эгч хоёр ирээд бид 4 хөзөр тоглоцгоосон, 19 цагийн үед би гарч үхрээ саравчинд оруулж уячхаад орж ирээд тоглоод байж байтал, 20 цагийн орчим манай төрсөн ах Заяа ганцаараа орж ирээд жаал байж байгаад -Түнтээлээгийнх рүү явлаа гээд гарсан тэгээд бид нар тоглоод охин унтах гэхээр нь охиноо цаг хараадах гэхэд 01 цаг өнгөрч байна гэж байсан, тэгээд нэг их удаагүй байж байтал 01 цаг 30 минутын орчим байх заяа ганцаараа нэлээн согтсон байдалтай орж ирээд бид нарыг харж зогсож байгаад хувцастайгаа газар унтаад өгсөн. Бид хэд 05 цаг хүртэл тоглож байгаад тараад нөгөө 3 амрахаар явсан. Сэжигтэй гэхээр чимээ гараагүй, манай нохой урд хашааны үүд рүү хуцаад, манай хашаанд байдаг амбаар доогуур гараад хашааны хойно гарч байшингийн ард гараад хуцаад байсан. Тэгэхэд Чимгээ эгч надад танай нохой чинь ямар их хуцдаг юм бэ, ингэж их хуцдаг юмуу гэхэд нь - Батмөнх хоёр нохой ирж бариад хашраачихсан юмаа тэгээд хуцаж байгаа байх гэж хэлсэн. Заяа байхгүй үеэр нохой хуцаад байсан, тэгээд бид нар тоглоод сайн анзаараагүй, тэгж байгаад чимээгүй болчихсон. Намайг өглөө сэрэхэд 08 цаг 05 минут болж байсан. Заяа ах босоод зуухны урд тамхи татаад сууж байсан -тэгэхээр нь би- хаагуур юу хийгээд архи уугаад яваад байгаа юм бэ гэсэн чинь - Түнтээлээгийнд очоод Батмөнх бид 3 архи уугаад гэж ярьсан, тэгээд би хувцсаа өмсөөд үхрээ, тугалаа саравчнаасаа гаргах гэтэл - Заяа- би үхрийн чинь гаргаад баасыг чинь арилгая, чи цайгаа чанаад байж гээд гараад явсан -тэгэхээр нь би цайгаа гал дээр чанаад, хоол хийх гээд махаа хөшиглөөд, гурилаа зуураад элдэх байж байтал -Заяа орж ирээд үхрийг чинь гаргаж хөөгөөд, баасыг нь арилгачихлаа гээд орж ирэхээр нь -хоол идээд яв гэсэн чинь - за яахав Түнтээлээгийнд очиж эртхэн морио барьж авъя гээд гараад явсан. Үгүй ээ би ерөөсөө саравч руугаа очоогүй... /хх-ийн 22 дугаар хуудас/,
гэрч Л.Баттогтохын ...Би өчигдөр Цээл сумаас Угтаалцайдам сумын 2-р бригадын төвд байдаг 01 цагийн үед Сүхээ гэдэг айлд ирээд, Сүхээгийнд өдөр байж байгаад орой 17 цаг өнгөрч байхад Сүхээгийн хойд талд байдаг Баянмөнх гэдэг айлд очоод Гаамаа, Чимгээ, Мядагмаа бид 4 хөзөр тоглоцгоосон, тэднийд тоглож байтал 21 цаг үед байх Мядагмаа ах нь гээд нэг залуу ганцаараа орж ирээд Цээл явна гэж ярьж байгаад гараад явсан, шөнө 01 цагаас 02 цагийн үед хооронд тэр залуу нэлээн согтуу орж ирээд, юм ч ярихгүй тамхи татаж байж байгаад хувцастайгаа газраар унтаад өгсөн. Бид хэд өглөө 05 цаг хүртэл тоглоцгоогоод, би Сүхээгийнд очиж амарсан. Бид нарыг тоглож байхад барагцаагаар 00 цаг өнгөрч байхад гадаа нохой хуцаад байна гээд ярьж байсан, намайг сонсоход нохой хуцаад л байсан. Шөнөжингөө бол нохой хуцаагүй тэгж байгаад чимээгүй болсон. Тэр залуу орж ирснээс хойш бол нохой хуцсан зүйл байхгүй... /хх-ийн 24 дүгээр хуудас/,
гэрч Д.Гарамсүрэнгийн ...Т.З бол манай багийн төв нэг дор амьдардаг хүн байгаа юмаа. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ ойр зуурын юм хийгээд байж байгаад Угтаалцайдам сумын Хар Чулуут 3-р багийн төвд байх манай гэрийн хойд тал руу байдаг Зын төрсөн дүү болох Мядагмаагийн гэрт 17 цаг үед болов уу гадаа гэгээтэй байсан. Чимгээ, Баажаа бид 3 очоод бид 4 хөзөр тоглоцгоосон, бид хэдийг тоглож байхад орой 21 цагийн орчим З сэгсүүргэн үстэй дээлтэй, гадуураа хүрэмтэй, үнэгэн лоовууз малгайтай ганцаараа орж ирээд, машинтай явж байна Цээл сум орно гээд өөр юм ярилгүй удалгүй гараад явсан. Тэгээд бид хэдийг тоглож байхад шөнө 02 цагаас 03 цагийн хооронд санагдаж байна З ганцаараа нэлээн согтуу ороод ирсэн З тэдний том өрөөний орон дээр суугаад тамхи татаж сууж байгаад газар хувцастайгаа унтаад өгсөн. Бид хэд өглөө 05 цаг хүртэл тоглож байгаад Чимгээ, Баажаа бид гурав явж амарцгаасан. Мядагмаагийн нохой шөнөжингөө хуцаад, танай нохой чинь ямар их хуцдаг юм бэ, ингэж их хуцдаг юмуу гэхэд нь - Мядагмаа-Батмөнхийн хоёр нохой ирж бариад хашраачихсан юмаа тэгээд хуцаж байгаа байх гэж хэлсэн. Заяа байхгүй, орж ирээгүй үеэр нохой хуцаад байсан, тэгээд бид нар тоглоод сайн анзаараагүй, тэгж байгаад чимээгүй болчихсон. Өглөө Чимгээ бид хоёр 10 цагийн үед очсон, тэднийд Баажаа машинаа асаана гээд түрүүлж очоод тэдний гэрт сууж байсан. Мядагмаа хоол хийгээд гаргаад байж байсан. Тэгээд бид хэд хоол идчихээд тоглоод байж байтал З гаднаас орж ирээд -Мядагмаагаас нэг шампанск байсныг аваад явлаа гээд гараад явсан. Өглөө нь Мядагаа тоглоё гээд дуудахаар нь очоод тоглож байхдаа - Зыг хонь хулгай хийгээд танай саравчинд уячихсан гэж яриад байна. Чи өглөө нь саравч руугаа орж үхрээ, тугаландаа өвс тавьж өгөхдөө хонь, ямаа уяатай байхыг хараагүй юм уу гэхэд - Мядагмаа- би өглөө саравч руугаа очоогүй - Заяа өглөө манай үхрийн баасыг арилгаж үхэр, тугал гаргасан, тугал гаргачихсан байхаар нь пин, саравчны ард тугаландаа өвс тавьж өгсөн, би ерөөсөө пин саравч руугаа ороогүй гэсэн. Мядагмааг тэгж хэлэхэд Мядагмаагийн охин Мишээл, Баажаа, Чимгээ бид хэд байсан, өөр хүн байгаагүй... /хх-ийн 26 дугаар хуудас/,
яллагдагч Т.Зын ...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ултаалцайдам сумын төвөөс Хар Чулуут 3 дугаар багт байдаг Баянмөнх гэх найзындаа хөл нь хугарсан морио авах гээд өдөр 14 цагийн үед морьтой гэрт нь очоод, авч очсон 1 шил 0.75 грамм "Хараа" архи бид хоёр хуваан уугаад, дахиад 1 шил архи байсныгаа гаргаад уугаад байж байтал 2-р тасаг дээр байдаг Батмөнх ирээд бид гурав 1 шил архи хувааж уугаад дууссан, орой 20 цагийн үед Батмөнх бид хоёр сумын төв рүү архинд яваад 1 шил архи аваад буцаад Баянмөнхийн гэрт ирээд авч ирсэн архиа бид гурав хуваан уугаад бид гурав согтоод, Баянмөнх би маргааш морины ажилтай амарлаа гээд амарсан. Баянмөнх бид хоёр гэртээ харьж амрахаар би морио унаад Баянмөнхийн машины гэрэлд ороод 2 дугаар тасаг хүртэл яваад би дүү Мядагмаагийн гэрт очиж амрахаар орсон. Намайг тэдний гэрт ороход 2 дугаар тасаг дээр амьдардаг Чимгээ, Гаамаа нэг танихгүй эрэгтэй хүн манай дүүтэй 4-үүлээ хөзөр тоглоод байж байсан би сууж тамхи татаад байж байгаад бүхлээрээ газар унтсан. Өглөө нь би 07 цаг өнгөрөөд 08 цаг дөхөж байхад босоод байж байтал дүү охин, хоёр морио уяад хоносон байна, та хоолло гэхээр нь би гараад Мядагмаагийн хашааны зүүн талд байдаг үхрийн саравчны хажууд уясан байсан хоёр мориндоо өвс тавьж өгөөд үхрийн баасыг цэвэрлээд байж байтал манай дүүгийн урьд байдаг Баянбат гэх айлын хашаанаас хонь нь гараад манай дүүгийн үхрийн саравчны хажуугаар гараад хойшоо бэлчихээр нь хужир тавьж өгсөн чинь хонь ямаа нь ирээд хужир дээр овоороод байхаар нь би нэг хонь хоёр ямаа барьж аваад үхрийн саравч уруу оруулаад хооронд нь цагаан мяндсаар холбож уяад хөл муутай үрээгээ олж ирэх гээд Баянмөнхийн гэр лүү явсан. Миний уусан архи гүйцэт гараагүй байсан. Би сайн санаж байна. Нас хүйс тухайн үедээ би сайн мэдээгүй. Хүн байгаагүй. Зүгээр хашаандаа хийгээд яваад өгсөн. Тухайн хоёр ямаа нэг хонийг амьдаар нь буцаан өгсөн... /хх-ийн 56-57 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Т.Зын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 65-66, 70-71 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Зын 2022 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Харчулуут 3 дугаар багийн нутаг “2-р тасгийн төв” гэх газраас Б.Бын эзэмшлийн 1 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж бусдад 463.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Энхбат:
...Шүүгдэгч Т.З нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн нутагт 2022 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Б.Бын эзэмшлийн хонь, ямааг хулгайлж бусдад 463.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Т.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Т.З нь энэ хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...Шүүгдэгч Т.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирогчид малыг биет байдлаар нь буцааж өгч хохирлыг бүрэн төлсөн... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.З:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Т.Зыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Учир нь шүүгдэгч Т.З нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Т.З дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Прокуророос шүүгдэгч Т.Зын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын малыг хулгайлсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Т.Зын холбогдсон тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамааруулсан байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж зүйлчлэхээр хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Т.Зын хувьд хохирогч Б.Бын малыг түүний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан байна.
Дээрхтэй нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч Т.Зыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарч хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Тэрээр шүүгдэгч Т.Зын бусдын малыг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Б.Бад учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.Зыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Энхбат:
...Шүүгдэгч Т.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Т.Зын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. Битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангид заасан ялын санкц нь 6 сараас 5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 6 сараас 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай байгаа. Шүүгдэгч Т.З нь урьд энэ үйлдлээрээ гэмт хэрэгт холбогдож байсан. Энэ үйлдлийн хувьд гэм буруу дээрээ маргахгүй, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдал нь ял шийтгэлийн хөнгөрүүлэх байдал харагдаж байна. Иймд шүүгдэгч Т.Зт оногдуулсан ялыг багасгаж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж албадлагын арга хэмжээ авч тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөн санкцын хувьд зорчих эрх хязгаарлах ялтай. Хувийн байдлыг нь харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.З:
...Өмгөөлөгчтэй санал нэг байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах тухай дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Т.Зт оногдуулах хариуцлагын дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Шүүх шүүгдэгч Т.Зт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Зт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Зын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эд хөрөнгөд 463.000 /дөрвөн зуун жаран гурван мянга/ төгрөгийн учирсан байна.
Хохирогч Б.Б нь шүүгдэгч Т.Заас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд эд хөрөнгийн хохирлын энэ талаарх баримт хавтаст хэрэг авагдаагүй бөгөөд шүүгдэгч Т.З нь хохирол төлбөр 463.000 /дөрвөн зуун жаран гурван мянга/ төгрөгийг биет байдлаар буцаан төлсөн болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Зыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2234000000065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Зын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл энэ хэрэгтээ нийт 13 /арван гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцохыг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Т.Зыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Т.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Т.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Т.Зын цагдан хоригдсон нийт 13 /арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 2234000000065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.З нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Т.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Т.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН