| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2018/00459/И |
| Дугаар | 464 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 464
| 2018 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 139/ШШ2018/00464 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Хулд сумын 2-р баг, Бутад гэх газар нутаглах, Дэлгэрхангай овогт Б.У /ЗМ65061201/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн, 53 настай, улсад 21 жил ажилласан. Би 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаанчулуу бригадад 1981 оны 08 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 27-ныг хүртэл, Талын цэцэг ББХК-д 1991 оны 04 сарын 27-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл бог мал маллаж байсан. 1980, 1993 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэг дутуу, нөхөн бичилт хийгдсэн зөрчилтэй тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.У-ийг Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 08 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 27-ныг хүртэл, Талын цэцэг ББХК-д 1991 оны 04 сарын 27-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэгийн зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй гэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.У Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарын 10-ны өдөр хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын ‘’Талын цэцэг’’ ББХК-д 1993 оны 02 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
- Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1981 оны 08 сарын 24-ний өдөр Б.У-д олгосон 1982 оноос 1990 оныг дуустал цалингийн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-8-рт/,
- Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1993 оны 01 сарын 07-ны өдөр Б.У-д олгосон 1992 оноос 1994 оныг дуустал цалингийн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 9-10-рт/,
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 06 сарын 10-ны өдрийн 08/221 дугаартай лавлагаа /хх-ийн 4-рт/
- Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 3/404 дугаартай тодорхойлолт /хх-ийн 11-рт/
- Б.У-д олгосон 1982, 1983, 1984, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 оны 1-11 сарын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар, /хх-ийн 12-31-рт/
- Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн даргын 1981 оны 08 сарын 01-ний өдрийн 26 дугаартай Илгээлтийн хүүхдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 38-рт/
- Дундговь аймгийн Хулд сумын Есөн жилийн дунд сургуулийн 2018 оны 06 сарын 05-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолт, хувийн хэрэг /хх-ийн 39-40-рт/
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дэлгэрхангай овогт Б. У-ийг Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарын 10-ны өдөр хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын ‘’Талын цэцэг’’ ББХК-д 1993 оны 02 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР