Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/290

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0273

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Г-ийн Т-д холбогдох 2218000000299 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгч биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х  овогт Г-ийн Т /РД: /Т......... /, ......  оны ......  дугаар сарын .... -ны өдөр ......... аймгийн ........  гол суманд төрсөн, .......  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....... ” ХХК-д ... ажилтай, ам бүл .... , ..........-ийн хамт .............  аймгийн .............  сумын ........... багийн ......  дугаар багийн .......  дугаар байрны .......  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ........  аймгийн .....  сумын ..... багийн .......  дугаар байрны орцод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр М.Т-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зулгаралт, хоёр нүд, дээд уруул, зүүн хацарт цус хуралт, зөөлөн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т-ын мэдүүлсэн: “Эхнэр бид хоёрын харилцаа хөндий байгаа. Би эхнэрээсээ уучлал гуйсан. Дахин ийм асуудал гаргахгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000299 дугаартай хэргээс:

 

Хохирогч М.Т-ын мэдүүлэг хавтаст хэргийн 10, дахь тал, гэрч Г.У-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 14 дэх тал, гэрч М.А-ын мэдүүлэг хавтаст хэргийн 16 дахь тал, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 718 дугаартай шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 21-22 дахь тал, аюулын зэргийн үнэлгээ хавтэст хэргийн 32-33 дахь тал болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Тд холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, М.Т-ын биед хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Т нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 08 цагийн үед ........  аймгийн ......  сумын .......  багийн .....  дугаар байрны орцонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр М.Т-ыг зодож биед нь тархи доргилт, духанд цус хуралт, хоёр нүд, дээд уруул, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч М.Т-ын мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 17, 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өглөө найзындаа орж нүүр амаа будуулчхаад гарах гэж байтал миний гар утас дуугарахаар нь авсан чинь нөхөр болох Т байсан ба гэрт орох гэсэн юм түлхүүр аваад ир гэсэн. Тэгэхээр нь би найзынхаасаа гарч байтал замд дахин утсаар залгаад хурдал пизда минь гэхээр нь би шууд яваад очсон. Тэгтэл намайг хаана хоносон юм гэхээр нь би ... дугаар байранд хоносон гэсэн чинь өөдөөс битгий худлаа яриад бай гэсэн. Тэгэхээр нь би ....  дугаар байранд хоносон гэж хэлсэн чинь яасан их худлаа ярьдаг юм гээд миний хацар руу нэг удаа чанга алгадсан энэ үед миний хамраас цус гарсан ба дараа нь үснээс чирээд орж руу ороод дахин 2 удаа алгадсан. Тэгээд гэр лүү дагуулж ороход манай гэрт дүү У нь байсан ба түүнийг  хэд хэдэн удаа гараараа болсон хөлөөрөө цохисон. Ингээд зодоон болсны дараа түүний ээж, төрсөн ах н орж ирээд яагаад эмэгтэй хүнийг ингэж зодож байгаа юм гээд уурлаж байгаад гараад явсны дараа Т араас нь гарсан. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандсан. ...Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 12 дахь тал/

 

Аюулын зэргийн /...0-3 буюу бага/ гэх үнэлгээ /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

 

Гэрч Г.У-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “…2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би найз нөхдийнхөө хамт хөдөө айлд очиж хоноод 16-ны өглөө 07 цагийн үед ..........  сумын төвд эргэж орж ирээд Т ахын гэрт усанд орохоор орчсон. Намайг гэрт нь очиход хүн байгаагүй ба надад нэг хувь түлхүүр нь байсан учраас тэр түлхүүрээр нь онгойлгож ороод усанд орсон. Тэгээд уснаас гараад хувцсаа өмсөөд зогсож байтал байрны орцонд хүмүүсийн чанга дуугарах чимээ гараад удалгүй гэрийн хаалга онгойлгоод Т ах, эхнэр Т-тайгаа хамт орж ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур нь ороод Т ахыг та яагаад байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс чамд хамаагүй, чи гарч зайл гэхээр нь би хувцсаа аваад гэрээс нь гарч өөрийнхөө гар утсаар А  эгч рүү залгаж энэ хоёр чинь хэрэлдээд байна гэж хэлээд эмээгийнхээ гэр рүү явсан. Үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Гэрч М.А-ын мөрдөн байцаалтад2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед манай дэлгүүрийн худалдагчийг хэсэг хугацаанд хийж надад тусалж байгаа охин болох У над руу утсаар залгасан байхаар нь би буцаагаад дугаар руу нь залгаж асуухад Т ах эхнэртэйгээ хоорондоо хэрүүл маргаан хийгээд гэртээ ороод ирлээ та ирэхгүй юм уу гэхээр нь би өөрийн том хүү З  руу утсаар залгаад Т, Т хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байна гэнээ очиж үзье гэж хэлээд Т-ын гэр болох ....... багийн ..........  тоотод хүүтэйгээ зэрэг шахуу яваад ороход Т, Т хоёр хоорондоо юу ч ярихгүй нам жим сууж байсан ба Тын нүд хөхөрсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би Т-ыг яаж байгаа юм бэ чи гэж загнасан чинь өөдөөс ээжээ Т намайг янз бүрээр хэлээд байхаар нь би тэссэнгүй цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 718 дугаартай “...М.Т-ын биед тархи доргилт, духанд зулгаралт, хоёр нүд, дээд уруул, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Г.Т-ын яллагдагчаар 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ...... сумын баяр наадмыг үзэхээр ирсэн. Тэгээд тэр өдөртөө найзынхаа гэрт унтаж амраад маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед хоёр хүүхдээ авч баяр үзэх гээд мөн орох санаатай гэртээ очсон чинь гэр цоожтой байсан. Тэгэхээр нь эхнэр болох Т руу утсаар залгаад хаана байгаа юм бэ гэж асуухад гэртээ байна гэж надад худал хэлэхээр нь би түүнийг гэртээ чи алга байна. Байрныхаа орцны гадна байна гэж хэлсэн чинь .. дугаар байрны өөр нэг орцноос гараад ирсэн. Тэгэхээр нь гэрийнхээ түлхүүрийг аваад гэртээ орох гэтэл араас чи Улаанбаатар хотоос ирсэн бузраа гэрт гаргах нь уу гэх мэтээр доромжлоод байхаар нь би өөдөөс нь хэсэг маргаж зогсож байгаад уурандаа түүнийг хоёр удаа алгадсан. Тэгсэн гадаа орилоод байхаар нь араас нь түлхээд байрныхаа орц руу оруулаад түлхтэл цаана байсан ханыг мөргөсөн. Тэгээд хамтдаа гэрт яваад ортол манай хамаатны охин болох У усанд ороод гарч ирж байсан ба би түүнийг гэрээс гар гэж хэлээд гаргасан. Тэгээд дахин хоорондоо хэрүүл маргаан хийж байтал манай ээж болох А , ах З   нар орж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч М.Т-ын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, духанд зулгаралт, хоёр нүд, дээд уруул, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал  бүхий хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Г.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн зан харилцаа ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч М.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршиг, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Г.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Г.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна юм.

Шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгааг харгалзан торгох ял шийтгэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхээс шүүгдэгч Г.Т-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х  овогт Г-ийн Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн Г.Т-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР