Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0360

 

 

 

 

 

 

 

   “Б Ө Х Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н

Нэхэмжлэгч: “Б Ө Х Т” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/27-02/129/12 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х

Гуравдагч этгээд Б.М , түүний өмгөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 120/2023/0029/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б Ө Х Т” ХХК нь Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б-т холбогдуулан “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/27-02/129/12 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.2, 33 дугаар зүйлийн 33.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Б Ө Х Т” ХХК-ийн Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/27-02/129/12 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...шийдвэрлэсэн байна. 

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  тухай хуулийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг ажиллуулна” гэх хуулиар хүлээсэн үүргээ ажил олгогч биелүүлсэн.

 

3.2. 3асгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасан Засгийн газраас тогтоосон журам буюу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм юм. Энэ дүрмийн 1.1-д “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага (цаашид “ажил олгогч” гэх)-д гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино” гэжээ. Тиймээс манай компани нь тус дүрэмд заасны дагуу ослын шалтгаан, хүчин зүйлийг дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд буюу дүрмийн 3-6 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэн, ослын шалтгаан, хүчин зүйлд нөлөөлсөн үйл баримтыг бүрдүүлэн судалсан.

 

3.3. 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт”-ыг гаргаж, уг актыг хариуцагч Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б хянаад “Хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэмдэглэгээ /гар бичмэлээр/ хийн, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/27-02/129/12 дугаар “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлт гаргасан нь хууль, дүрэм, журам болон шинжлэх ухааны ямар баримт нотолгоонд үндэслэсэн нь тодорхойгүй, хууль бус захиргааны шийдвэр гаргалт бөгөөд түүний үр дагавар нь байгууллагаас ажилтны ар гэрт нөхөн төлбөр төлөх үүрэг буюу Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах” эрхийг зөрчсөн захиргааны шийдвэр юм.

 

3.4. Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б-ийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/27- 02/129/12 дугаар дүгнэлт нь манай байгууллагын хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн Захиргааны шийдвэр гаргалт тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд уг шийдвэр ямар хэлбэрээр гарах талаар нарийвчлан заагаагүй ч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “...шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй” зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй байх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д “шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах” үүргийг хэрэгжүүлэхгүйгээр, харин ч Шүүх шинжилгээний мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан нь шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг зөрчсөн байв.

 

3.5. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод ... ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед .. өртсөний улмаас ... амь насаа алдсан бол акт тогтооно” гэсэн нь өөрөө үйлдвэрлэлийн осол гэх тодорхойлолт биш юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг” хэлнэ гэсэн ба дүрмийн 4.1-д заасан “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэдэг нь хуульд тодорхойлсон “ажил үүргээ биелүүлэх явцад” буюу үйлдвэрлэлийн осол болох үеийн урьтал нөхцөл болохоос амь насаа алдахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл биш юм. Иймээс л Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б нь дүгнэлтээ гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” бичгээр гаргасан захиргааны актын шаардлага хангаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн байх тул бидний зүгээс Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 09 сарын 29-ний өдрийн 255/23 тоот нэхэмжлэлдээ “...Тэгэхээр ажил олгогчийн буруутай үйлдлийн талаар дүгнэлтэд ямар нэг байдлаар заагаагүй байх тул дүгнэлт нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна” хэмээн нэхэмжлэл гаргасан билээ.

 

3.6. Гэтэл шийдвэрийн 10-д .... дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасны дагуу ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ хэмээн анхан шатны шүүх дүгнэжээ. Манай байгууллагын Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ...хуулийн дээрх заалт болон болсон үйл явдалтай огт маргахгүй. Харин биеийн байдал муудах болсон шалтгаан нь юу байсан бэ гэдэгт асуудал байгаа ба өвчний улмаас нас барсан болох нь тодорхой байхад зөвхөн “ажлаа хийж байсан ” гэдэгт нь ач холбогдол өгөөд байгаа нь буруу юм гэх маргаж байгаа асуудлыг хөндөөгүйд гомдолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”-г зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

 

3.7. Шийдвэрийн 11-д мөн “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт”-ын үндэслэл болсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар дүгнэлтээр "... ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй, тэлэгдлийн кардиомиопати тогтоогдлоо, Э.Э нь дээрх өвчний улмаас зүрхний хурц дутагдлаар нас баржээ... ” гэж дүгнэжээ. 12. ...энэхүү маргааны тухайд осолд өртөгч нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг зөрчсөн, мансуурсан, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртөн, нас барсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “...ажлын байран дээрээ ердийн өвчний улмаас биеийн байдал нь муудаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй, энэ талаар эрх зүйн актад тодорхой тусгагдаагүй...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх хуулийн шаардлагатай зөрчилдөж байх ба ямар нотлох баримтыг үндэслэл болгон шийдвэр гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

 

3.8. Талийгаач Э.Э-ын цогцост хийсэн шүүх шинжилгээний 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар дүгнэлтэд: Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: “Тэлэгдлийн кардиомиопати өвчний улмаас зүрхний хурц дутагдал”, Шүүхийн эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр гарсан “Тэлэгдлийн кардиомиопати” өвчин нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/152, А/388 тоот хамтран баталсан Мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтад байхгүй. Талийгаач Э.Э-ын үхэлд хүргэсэн шалтгаант өвчний оношийн тодорхойлолт, эрүүл мэндийн шинжлэх ухааны судалгааны баримтаас харахад дээрх өвчин нь: а. ШУА-ийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 онд хийсэн судалгааны 84 дүгээр хуудас ...тэлэгдлийн кардиомиопати нь анхдагч кардиомиопатийн бусад хэлбэрүүдээс илүү түгээмэл тохиолддог бөгөөд оношлогдоогүйгээс гэнэтийн үхэлд хүргэдэг нас баралт өндөртэй өвчин юм. ...Өвчний түүхээс нь харахад эцэг, эх гэр бүлийн гишүүдийн аль нэг нь энэ өвчнөөр өвдөж байсан байдаг тул энэ өвчин нь удамшдаг болохыг харуулж байна. Мөн 98 дугаар хуудас ...Шалтгаан тодорхойгүй тэлэгдлийн кардиомиопати өвчин тавилан муутай, гэнэтийн үхэл өндөртэй, харьцангуй залуу хүмүүст тохиолддог өвчин ...гэх зэргээр дээрх өвчнийг үүсэх хүчин зүйл, шалтгааныг дэлгэрэнгүй, тэр тусмаа хоол тэжээлийн дутагдал хэрхэн нөлөөлдөг болохыг...хэмээн тайлбарласан байна. Үүнээс харахад ердийн өвчний улмаас нас барсан нь тодорхой батлагдаж байна.

 

3.9. Захиргааны акт дотор тухайн асуудал байгаагүй тул энэ талаарх баримтыг цуглуулах ажиллагааг нэхэмжлэгч болон шүүхийн зүгээс хийгээгүй. Гуравдагч этгээдийн үгүйсгэсэн дээрх асуудлыг шүүхийн мэтгэлцээний явцад нэхэмжлэгч үгүйсгэж, баримт нь хэрэгт авагдсан талаар тайлбар хийсэн байдаг ч шүүх тухайлсан тайлбар гаргаж мэтгэлцээгүй гэсэн нь шүүхийн мэтгэлцээнийг зөрүүтэй тэмдэглэн шийдвэртээ үндэслэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй бүхэлд нь санал нийлэхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. “...Ажлын байрны ачаалал үүсгэсний улмаас бие нь муудсан гэж байх боловч энэ нь бодит байдалд нийцэхгүй худал тайлбар юм. Учир нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Хөдөлмөрийн хуулиар тогтоосон ажил, амралтын цагийг ажилтнууд маш сайн мэддэг. Тэгэхээр хуулиар тогтоосон хугацаанаас илүү цагаар зөвхөн Э.Э-ыг ажиллуулах, илүү цагаар ажиллуулсны хөлс нэмж олгох ямар ч шаардлага ажил олгогчид байгаагүй болно. Илүү цагаар ажиллуулаад, түүнийхээ нэмэгдэл хөлсийг олгоогүй гэх маргаан огт гарч байгаагүй нь дээрх тайлбарын нотолгоо болно.

 

4.2. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний... оношоос үзэхэд маш олон төрлийн өвчин хавсарсан болох нь харагдаж байх бөгөөд эцсийн байдлаар дараах дүгнэлтийг хийсэн байна. Э.Э-ын цогцост үзлэг шинжилгээгээр тэлэгдлийн кардиомиопати тогтоогдлоо. Э.Э нь дээрх өвчний улмаас зүрхний хурц дутагдлаар нас баржээ. Тэгэхээр ажил олгогчоос шалтгаалаагүй буюу үйлдвэрлэлийн хүчин зүйлээс шалтгаалаагүй өвчний улмаас нас барсан гээд байхад Э.Э нь үйлдвэрлэлийн осолд орсон гэсэн дүгнэлт гаргах ёстой ба тэр нь хууль ёсны хэмээн маргаж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

 

4.3. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас үүссэн сөрөг үр дагаврыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулдаг байх /28.3, 30.2/ бөгөөд харин ердийн өвчний улмаас үүссэн үр дагаврыг зохицуулах талаар заагаагүй байна. Тэгэхээр ердийн өвчний үр дагавар нь хөдөлмөрлөхтэй хамааралтай хэмээн үзээгүй гэсэн үг. Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгогдох тэтгэмжийг зохих хүмүүс нь аваад явж байгаа тул эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь нэхэмжлэгчийн зүгээс зөрчөөгүй ба тухайн үед нь оршуулгын зардлыг нөхөн өгч байсан.

 

4.4. Үйлдвэрлэлийн осол гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д зааснаар “хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх”-ийг хэлдэг байна. Хүнд даацын автомашины жолооч Э.Э нь үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн үйлчлэлд өртөж нас бараагүй учраас ажил олгогчийн байгуулсан комисс үйлдвэрлэлийн осол хэмээн дүгнээгүй болно. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөний улмаас жолооч Э.Э нь үйлдвэрлэлийн осолд орж, нас бараагүй харин ердийн өвчний улмаас нас барсан.

 

4.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар “хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байх”-ыг хэлдэг байна. Тэгэхээр жолооч Э.Э-ын эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт нь үйлдвэрлэлийн аюултай, хортой ямар хүчин зүйл хэрхэн нөлөөлсөн болохыг хариуцагч нотолсны үндсэн дээр үйлдвэрлэлийн ослын дүгнэлт бичих ёстой байсан.

 

4.6. Комисс “үйлдвэрлэлийн осол биш” гэж дүгнэж байхад түүнийг баталгаажуулсан. Тэгсэн мөртлөө дүгнэлт нь агуулгын хувьд “үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэсэн” тул улсын байцаагч болон шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-ийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

 

4.7. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн ...өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд ...энэ тухай тусгайлан тэмдэглэнэ гэдэг нь тэмдэглэл хийх тухай ойлголт бөгөөд өвчний улмаас нас барсан гэж байхгүй гэсэн үндэслэлээр хэрэглэх хүрээг өргөтгөн тайлбарлаж болохгүй. Ажлын байран дээрээ ердийн өвчний улмаас биеийн байдал нь муудаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан нь үйлдвэрлэлийн осолд тооцогдоно хэмээн заагаагүй тул хариуцагч буруу тайлбар хийж байна. Энэ талаар эрх зүйн актад тодорхой тусгагдаагүй гэж байгаа нь ч үндэслэлгүй. Учир нь нийтийн эрх зүйн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх ойлголт байхгүй бөгөөд хуульд юу гэж заасан, түүний дагуу л захиргаа үйл ажиллагаа явуулах ёстой.

 

4.8. ...Эрүүл мэндийн үзлэгээр тухайн хүнийг эрүүл хэмээн дүгнээд байгаа учраас эрүүл мэндийн шалтгаанаар тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй хэмээн ажил олгогчийн зүгээс тухайн үед үзэх боломжгүй байсан ба тухайн өвчний талаарх Шинжлэх ухааны тайлбарыг 1.2-т бичсэн болно. Ер нь бол нэхэмжлэгч компани нь улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэхээр 2010 онд байгуулагдсан ба энэ хооронд үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн үйлчлэлд өртсөний улмаас гэмтэж, бэртсэн нэг ч ажилтангүй болно.

 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

 

5. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “Б Ө Х Т” ХХК-д хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан Э.Э ажил үүргээ гүйцэтгэж байхдаа биеийн байдал нь муудан, улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.

 

2.2. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгч “Б Ө Х Т” ХХК-ийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссоос 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт үйлдэж”, тус актаар жолооч Э.Э-ыг “...үйлдвэрлэлийн болон түүнтэй адил хүчин зүйлийн нөлөөнд өртөөгүй байна” гэх дүгнэлтийг хийжээ.

 

2.3. Харин хариуцагчаас дээрх актыг хүлээн авч судлаад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/27-02/129/12 дугаартай “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтийг үйлдсэн ба тус дүгнэлтээ “...талийгаач Э.Э нь терминалын тээвэрт ажиллаж байх үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр биеийн байдал муудан, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт /ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байх үед/-д хамаарч байна” гэж дүгнэсэн байна.

 

2.4. Нэхэмжлэгч “Б Ө Х Т” ХХК-иас дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Талийгаач Э.Э нь өвчний улмаас нас барсан байхад үхлийн шалтгааныг нь үйлдвэрлэлийн осолд орсон хэмээн дүгнэх нь буруу, ... зөвхөн ажлаа хийж байсан гэдэгт нь ач холбогдол өгөөд байгаа нь буруу” гэж,

хариуцагчаас “...Э.Э-ын биеийн байдал ажлын байранд ажлаа хийж байгаад муудсан болох нь үйлдвэрлэлийн ослын акт, бусад баримт, гэрчийн мэдүүлгүүдээс нотлогддог, ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1,125.1.2 дахь заалт болон дүгнэлтийг үндэслэн талийгаач Э.Э-ын гэр бүлд нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй” гэж,

гуравдагч этгээдээс “...Миний нөхөр тээврийн жолооч хийж байх явцад бие нь муудаж эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж чадалгүй нас барсан, ...ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан байхад хуулиар олгогдох мөнгийг нь олгохгүй байгаад гомдолтой байна” хэмээн тус тус тайлбарлан маргасан.

 

2.5. Анхан шатны шүүх “...Э.Э нь “Б Ө Х Т” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох улс хоорондын байнгын ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хийж гүйцэтгэх ажил эрхэлдэг байсан, 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт байрлах терминалын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ биеийн эрүүл мэндийн байдал нь муудан анхан шатны тусламж авч, улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байх тул дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасны дагуу ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ” гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

2.6. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.”, 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.”, 29.4.1-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах.” гэж, мөн Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно гээд 2.1.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” тус тус заасан.

 

2.7. Дээрх хуулийн зохицуулалт, дүрэмд зааснаас үзэхэд маргаан бүхий дүгнэлтээр “Б Ө Х Т” ХХК-д хүнд даацын автомашины жолооч Э.Э нь терминалын тээвэрт ажиллаж байх үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр биеийн байдал муудан эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д заасан ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед хамаарч байна гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ...улсын байцаагч нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2.8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг ойлгоно гэж заасан бөгөөд тухай тохиолдолд Э.Э нь удамшлын болон суурь өвчтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гээд 2.1.1-д “ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байх үед” гэж тодорхой зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

2.9. Мөн хэрэгт авагдсан Өмнөговь аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар дүгнэлтэд “...Э.Э нь тэлэгдлийн кардиомиопати ...өвчний улмаас зүрхний хурц дутагдлаар нас баржээ...гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13/2382 дугаартай албан бичигт “...Амь хохирогч Э.Э нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд Хөдөлмөрийн гэрээний 1.2, Ажлын байрны тодорхойлолтын 1-д заасан ажлын байрны үндсэн үүргээ биелүүлж байсан буюу тээвэрлэлтийн бүсэд ачаа тээвэрлэх, буулгах ажлыг гүйцэтгэж байсан байна” гээд маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн агуулга бүхий хариуг нэхэмжлэгч хуулийн этгээдэд өгсөн байх бөгөөд маргааны энэ үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүхээс “...Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нь шийдвэр гаргах хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг буюу ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдлыг хянаж, эс зөвшөөрч дүгнэлт гаргасан нь дээрх хууль, дүрэмд нийцсэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрх, ашиг сонирхол зөрчигдсөн /зөрчигдөж болзошгүй/ гэх байдал тогтоогдохгүй байна” хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна гэж дүгнэв.

 

2.10. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “хуулийн” гэдэг үгийг давтан бичиж техникийн алдаа гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА