Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2817

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2018/02817

                        

                       Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж.Ц ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 3 154 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани Ж.Ц ХХКтай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 17-318 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж бараа материалыг түрээслэсэн.Ж.Ц ХХК  түрээсийн гэрээний бараа материалын эвдрэлийн төлбөр болох 2 103 000 төгрөгийг төлөхгүй байна.Энэ асуудлаар Ж.Ц ХХКд хандаж утсаар болон биечлэн уулзаж төлбөр төлөхийг шаардаж байсан.Түрээсийн гэрээний 2.2-т зааснаар бараа материалыг хүлээж авах үед Ж.Ц ХХКас хүлээн авч гарын үсэг зурсан зарлагын падаанууд байдаг.Мөн хүлээж авснаас хойш бараа материалын эвдрэл, доголдлын талаар амаар болон бичгээр ирүүлсэн ямарч санал, хүсэлт, гомдол, мэдүүлэггүй байдаг ба түрээсийн бараа материалыг 80-142 хоногийн хугацаанд түрээслэн ашиглаж байгаад манайд хүлээлгэн өгсөн байдаг.Иймд манай хэв анхнаасаа эвдрэлтэй байгаагүй болно.Иймд түрээсийн гэрээ болон Иргэний хуулийн 318-326 дугаар зүйлийг үндэслэн гэрээний үндсэн төлбөр болох 2 103 000 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг үндэслэн сүүлийн төлөлт хийсэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс алданги тооцож 1 051 500 төгрөг нийт 3 154 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ц ХХКйн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17-318 тоот барилгын туслах материал гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд Ж.Ц ХХКйг хэн төлөөлж гарын үсэг зурсан болох нь маргаантай байна.Уг гэрээнд Ж.Ц ХХКйг төлөөлж барилгын инженер Н.Мөнхсүхийн итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн гэрээ байгуулав гэсэн байх бөгөөд бодит байдал дээр Ж.Ц ХХК нь Н.Мөнхсүхэд ийнхүү төлөөлөх эрхийг итгэмжлэн олгоогүй.Гэрээнд хуулийн этгээдийг төлөөлөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх удирдлага гарын үсэг зурснаар эсхүл түүнээс итгэмжлэл авсан этгээд гарын үсэг зурах эрхтэй байх Компанийн тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалт байдаг.Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т зааснаар Н.Мөнхсүх нь гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш гэдгийг мэдэж байсан тул  гэрээнд итгэмжлэлтэй байхаар тусгасан боловч бодит байдал дээр уг итгэмжлэл олгогдсон үгүйг баримтаар шаардаагүй байна.Ж.Ц ХХКйн захирал нь Иргэнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т заасны дагуу дэмжиж зөвшөөрөл олгохоос надаар дамжуулан татгалзаж байх тул эрхгүй этгээдийн байгуулсан дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул ийнхүү хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.Нэхэмжлэлийн шаардлагад түрээсийн гэрээний бараа материалын эвдрэлийн төлбөрт 2 103 000 төгрөг нэхэмжилсэн байх боловч нэгдүгээрт эвдрэлгүй бараа материал нийлүүлсэн болохоо, хоёрдугаарт нийлүүлсэн бараа материалыг Ж.Ц ХХК эвдэлж гэмтээсэн талаар, гуравдугаарт Жинст Цамхаг ХХК-иас эвдрэл гэмтэлтэй бараа материал хүлээн авсан болохоо, дөрөвдүгээрт ямар бараа материалд юунаас шалтгаалан хэрхэн, хэдэн төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан болохыг нотлоогүй байна.Х.Х ХХК нь анхнаасаа эвдрэлтэй бараа материал нийлүүлсэн болох нь өөрийнх нь нэхэмжлэлээр нотлож байна.Манайх Х.Х ХХКас авч ашигласан бараа материалын төлбөрийг тоо ёсоор нь төлсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй болно.Хэрэв гэрээг хүчин төгөлдөр байсан гэж үзвэл Ж.Ц ХХК нь түрээсийн төлбөр төлөх үүргээ бүхлээр нь биелүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.Иймд Х.Х ХХКйн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай буюу 3 154 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Х ХХК хариуцагч Ж.Ц ХХКд холбогдуулан 3 154 500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Зохигч талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх 17-318 дугаартай гэрээ байгуулагдсан байна.

Энэхүү гэрээгээр түрээслүүлэгч Х.Х ХХК нь түрээслэгч Ж.Ц ХХКд барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулахад нь зориулж барилгын туслах материал буюу эд хөрөнгийг түрээслүүлж, түрээслэгч Ж.Ц ХХК түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд гэрээний хавсралтаар тогтоосон актын дагуу эргүүлэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна.

Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т Түрээсийн зүйл болох барилгын туслах бараа материалын нэр, хэлбэр, төрөл, хэмжээ, тоо, ширхэг, нэг бүрийн үнэ түүнчлэн түрээсийн төлбөрийн нэг бүрчилсэн болон нийт мэдээллийг хавсралт тусгах ба хавсралт 1-т түрээслүүлэх бараа материалын үнийн жагсаалт, 2-т түрээслүүлэх бараа материалын хэлбэр, загвар, хэмжээ, үнэ, төлбөрийг нэгтгэн тодорхойлсон акт, 3-т түрээслүүлэх бараа материалыг хүлээн авах, тооцоо нийлэх акт, 4-т түрээслүүлэх бараа материалын сунгалтын хүснэгт бичигдсэн бөгөөд гэрээний 1.4-т “тухайн барилгын туслах материалыг түрээслэгчид шилжүүлэх болон тэдгээрийг буцаан авахдаа хүлээлгэн өгсөн болон эргүүлэн хүлээн авсан тухай акт үйлдэж, талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна” гэж зохигчид тохирсон байна.

Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т түрээсийн эд зүйлийг хүлээж авсан актыг батлан гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулах, түрээсийн хугацаа дуусаны дараа эд зүйлийг бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж энэ тухайгаа эд зүйл хүлээлгэн өгсөн актаар баталгаажуулна гэж талууд тохирсон байна.   

Гэтэл нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд ирүүлсэн хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан Ж.Ц ХХКйн түрээсийн барааны гэмтлийн төлбөр гэх 2 ширхэг баримт, хэргийн 11, 12, 13, 14 дүгээр хуудсанд авагдсан зарлагын 8 ширхэг падаан болон хэргийн 97-100 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4, 2 дугаар зүйлийн 2.2 -т зааснаар талуудын баталгаажуулсан акт гэж үзэх боломжгүй байна.                                                                   

Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд Х.Х ХХК нь түрээслүүлсэн бараа материалын эвдрэлийн төлбөр, эсхүл түрээсийн төлбөрийн үлдэгдэлийн алийг нь хариуцагч талаас шаардаж байгаа нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд Ж.Ц ХХК нь түрээсийн гэрээний бараа материалын эвдрэлийн төлбөр болох 2 103 000 төгрөгийг төлөөгүй байна гэсэн атлаа гэрээний үндсэн төлбөр болох 2 103 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шаардсан байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Х.Х ХХКйн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч байгууллагын захирал Р.Дүгэрсүрэн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан Ж.Ц ХХКас 3 154 500 /гурван сая нэг зуун тавин дөрвөн мянга таван зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн Х.Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Х.Х ХХКйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 450 /жаран таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ДОРЖНАМЖИН