Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/305

 

2022            9            09                                  2022/ШЦТ/305

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,      

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч П.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн П.М-д холбогдох эрүүгийн 2225004060330 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, П.М

Шүүгдэгч П.М нь согтуурсан үедээ, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Ар булаг шандан хөтөл 34-3410 тоотод Р.Баянсүрэнг үсдэн унагаж цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж, төмрөөр гарыг нь цохиж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч П.М “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Р.Б-н “...2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед Говил багт гэртээ 5 настай хүүхдийн хамт байсан, энэ үед Молом гэх залуу гэрт согтуу орж ирээд “...та нар хажуу айлтайгаа нийлж манай малыг хулгайлсан биз дээ” гэх мэтээр орилж агсан согтуу тавьж, хэрүүл хийж байх үедээ миний үснээс татаж газарт унаган хоёр хөлнөөс чирээд гэрийн үүд хүргэж, цээжин тус газарт хөлөөрөө хоёр удаа дэвсэж, босох гэтэл дахин хөлөөрөө өшиглөсөн, би Моломыг “яаж байгаа юм бэ” гэсэн чинь төмөр иртэй зүйлээр миний гар хэсэг рүү цохисон, би босоод орон дээр байсан гар утсаа аваад нөхөрлүүгээ залгах гэтэл миний гар утсыг булааж аваад асаж байсан гал руу хийчихсэн. ...Моломжамц согтуу байсан. ...гомдол саналгүй, Моломжамц учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

П.М-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Мягмардоржийн гэрт ороход Мягмардоржийн эхнэр Баянсүрэн нь хүүхдийнхээ хамт байсан, би түүнээс өвсний мөнгөө нэхэж хоорондоо маргалдаж, хэрүүл хийж эхэлсэн, цааш юу болсон талаар сайн санахгүй байна, тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ухаан санаагаа алдсан байсан, би Баянсүрэнгийн хувцаснаас заамдаж түлхэж унагаасан, зодож, цохисон нь үнэн, гар утсыг нь асаж байсан гал руу хийсэн. ...гар утасны үнэ 250.000 төгрөг, Баянсүрэнгийн биед учирсан гэмтэлд 250.000 төгрөг нийт 500.000 төгрөгийн хохирол барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, 

“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,  

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн  2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 542 дугаартай; “...1.Р.Баянсүрэнгийн биед зүүн гарын бугалганд цус хуралт, зүүн гарын бугалга, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүдийн зүүн гарын бугалганд цус хуралт нь мохоо зүйлийн, зүүн гарын бугалга, хамрын нуруунд үүссэн зулгаралт үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.4.Шинэ гэмтлүүд ба нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. 5.Зүүн гарын бугалганд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн гарын бугалга, хамрын нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

хохирогч Р.Б-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3, 4-5 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 622/4086 дуаартай; “...Iphone 6s загварын гар утас 250.000 төгрөг.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

П.Мэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43, 51 дэх тал/,

П.Моломжамцад холбогдох хэргийг шийдвэрлэсэн;

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 47-48/ зэрэг болно.

 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн П.М-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч П.М-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч П.М нь согтуурсан үедээ, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Ар булаг шандан хөтөл 34-3410 тоотод Р.Баянсүрэнг үсдэн унагаж цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж, гарыг нь төмрөөр цохиж, түүний зүүн гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Р.Б-н “...Молом гэх залуу гэрт согтуу байдалтай орж ирээд...агсан согтуу тавьж, хэрүүл хийж байх үедээ миний үснээс татаж, газарт унаган хоёр хөлнөөс чирээд гэрийн үүд хүргэж, цээжин тус газарт хөлөөрөө хоёр удаа дэвсэж, босох гэтэл дахин хөлөөрөө өшиглөсөн, ...төмөр иртэй зүйлээр миний гар хэсэг рүү цохисон...гар утсыг булааж аваад манай гэрийн асаж байсан гал руу хийчихсэн.” гэх,

          П.М-н “...би Баянсүрэнгийн хувцаснаас заамдаж түлхэж унагаасан, зодож цохисон нь үнэн, гар утсыг нь асаж байсан гал руу хийсэн.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 542 дугаартай дүгнэлт,

хохирогч Р.Баянсүрэнгийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч П.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч П.М нь согтуурсан үедээ, Р.Б-г үсдэн унагаж цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж, гарыг нь төмрөөр цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч П.М-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд шүүх шүүгдэгч П.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч П.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч П.Моломжамцыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.Моломжамцын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” дүгнэлтийг гаргаж,

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...би мал малладаг тул надад торгох ял өгнө үү.” гэсэн болно.

          Шүүх шүүгдэгч П.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд;

          шүүгдэгч нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд гурван удаагийн ял шийтгэлтэй, энэ төрлийн гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч П.Моломжамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

          нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч П.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна. 

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Р.Баянсүрэнгийн “...гомдол саналгүй, Моломжамц учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн,

П.Моломжамцын “...гар утасны үнэ 250.000 төгрөг, Баянсүрэнгийн биед учирсан гэмтэлд 250.000 төгрөг нийт 500.000 төгрөгийн хохирол барагдуулсан.” гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,

         шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Моломжамцад  урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.   

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч П.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч П.М-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож,

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ