Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М-ийн Э-д холбогдох 2128000000059 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ..........................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар баг Хуршуут гэх газарт гэртээ эхнэр Д.А-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Эг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр намайг хуралд сууж байхад эхнэр над руу залгаад яагаад ирэхгүй алга болчхов гэж олон хүмүүсийн дунд аашилж загнасан. Тэгээд өвсөө ачаад гэртээ харьснаас хойш болсон асуудлыг санахгүй байгаа. Эмнэлгийн машин бид хоёрыг Гурвантэс сумын эмнэлэгт авч ирсэн. Эхнэртээ гар хүрсэндээ харамсаж гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй гэв.

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орой би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг Хуршуут гэх газарт өөрийн гэртээ 2 хүүхэдтэйгээ байсан. Миний нөхөр М.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Гурвантэс сумын төв рүү адуу хайхаар явсан. 04 дүгээр сарын 19-ний өдрийн орой 20 цагийн үед Э сумаас буцаж ирсэн. Э ирэхдээ ганцаараа согтуу ирсэн ба гэрт орж ирээд надтай мэндэлчхээд дээлээ тайлаад над руу шидээд чи намайг олон хүний дунд архи уусан гэж утсаар дарамталлаа гэж хэлсэн. Би тэр үед хоолоо хийгээд гэрийн голд зуухныхаа урд сууж байсан. Би хоолоо савлах гээд шанага бариад сууж байсан ба миний шанагыг Э нь булааж аваад над руу шидэхэд миний баруун мөрийг оносон. Э нь намайг татаж босгоод гэрийн үүдний баруун талд хана руу түлхэж унагаасан. Би тэр үед түүнд хандаж чи яагаад байгаа юм бэ гэж асуухад надад хариулт өгөөгүй шууд хаалганы дээд хэсгийн нэг унийг аваад миний толгой руу цохисон. Тэр үед толгой халуун оргиод гараараа дараад үзтэл миний духнаас цус гарч, арьс нь язарсан байсан. Би Эд чи яаж байгаа юм бэ, би чамайг яасан юм, духнаас гарч байгаа цус тогтохгүй байна гэхэд тэр яадаг юм чамайг, наад цус чинь гоожиж байг гэж надад хэлсэн. Гэрийн баруун талд шүүгээний урд талын хулдаасан дээр би сууж байсан ба уг хэсгийн хулдаас цус болсон байсан. Би хулдаасан дээр байсан цусаа өөрөө арчиж угаагаад гэрийн үүдэнд байсан цагаан хувин руу хийсэн. Дараа нь би сумын эмнэлгийн Н эмч рүү утсаар ярьж нөхөр маань намайг зодоод толгойг маань хагалаад цусандаа хутгалдаад байж байна яах вэ гэж асуусан. Насанжаргал эмч надад даралтынхаа эмийг уугаад толгойн дээр хүйтэн жин тавиад байж бай, би эмнэлэгт дуудлага өгье гэж хэлсэн. 23 цаг болж байхад манай гэрт сумын цагдаа, эмч ирсэн. Би Э-тай 2010 оноос хойш гэр бүл болж амьдарч байна. Миний том хүү А.Б 12 настай ба Э-гийн хүүхэд биш. Бага охин М.А нь 6 настай ба Эгийн хүүхэд байгаа юм. Э бид хоёр 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Гурвантэс суманд гэрлэлтээ бүртгүүлж байсан... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Гурвантэс сумын 5 дугаар баг Хуршуут гэх газарт эмэгтэй хүн толгойноосоо цус алдаад тогтохгүй байна гэсэн дуудлагын дагуу очиж үзсэн. Дуудлагын дагуу очиход Д овогтой А 32 настай эмэгтэй байсан. Шархнаас гарсан цус тогтсон, өвдөлтөөс болоод чанга хашхирсан байдалтай байсан. Үзлэг хийхэд толгойн дух хэсэгт 6 см орчим язарсан шархтай галын яс харагдана, гэмтэлгүй шархнаас 500-800 мл орчим цус гарсан байсан. Д.А-д шархны анхдагч цэгцлэлт хийж сумын төв рүү авч ирсэн. Асуумжаар өөрийн нөхөр нь уурандаа зодож эхэлсэн, униар цохисон, гараараа дарахад цус тогтохгүй байсан учир эмч дуудсан гэж ярьсан. Намайг А-ын гэрт очиход гэрт 2 хүүхэд байсан. Нөхөр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. А гэрийнхээ хойд хэсэгт суусан уйлаад байж байсан. Д.А-нын биед өөр гэмтэл байгаагүй. Нөхөр нь гэх хүн хүнтэй юм ярихдаа инээгээд юм яриад байсан. Тэр үед нь уг хүнийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байна гэж мэдсэн. Намайг дуудлагаар очсоноос хойш нөхөр нь эхнэртээ гар хүрээгүй. Уур нь гарсан шинжтэй байсан.” /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1995 оноос 2005 оны хооронд Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуульд, 9-10 дугаар ангиа Өмнөговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч төгссөн. 2005 оноос хойш ногоо тарьж мал маллаж байгаад 2011 оноос хойш одоог хүртэл “Эс Жи Эс” ХХК-д ажиллаж байна. Э бол миний төрсөн дүү байгаа юм. Би эхээс дөрвүүлээ. Манай том ах Золбоо, дараа нь би, миний дор Энхтуул гэж дүү байгаа бөгөөд Э нь хамгийн бага нь юм. Ааш зангийн хувьд хүнтэй муудалцаад байдаггүй. Даруу, нийтэч харьцаатай, янз бүрийн асуудалд холбогдлоо гэж л сонсогдож байгаагүй. Би тухайн үед мэдээгүй. Саяхан манай дүү өөрөө надад эхнэртээ гар хүрсэн талаараа хэлсэн. Өмнө нь ингэж эхнэр, хүүхдээ зодож цохиж байсан зүйл байхгүй. Яагаад эхнэрийгээ зодсон талаар нь огт мэдэхгүй байна. Бид нар тус тусдаа амьдрал хөөгөөд явсан болохоор нэгнийхээ амьдралд оролцоод байдаггүй. Өмнө нь эхнэртэйгээ муудалцаж зодолцож байсан юм байхгүй. Э миний мэдэхээр архи, дарс нээх их хэрэглээд байдаггүй. Уурхайд ажилладаг болохоор байнгын ууж идээд явдаггүй. Э нь өөрийнхөө гэр бүлийн талаар надад яриад байдаггүй. Ер нь гэр бүлийн харилцаа нь хэвийн л байдаг гэж бодож байна.” /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Гурвантэс сумын төвд малчдын хуралд сууж өвс тэжээл авчхаад тухайн өдөр нь 14 цагийн үед манай эхнэр Б.А над руу залгаад яагаад гадуур дэмий тэнээд байгаа юм хэзээ ирэх гээд байгаа юм гэх зэргээр маргалдаад тухайн өдөртөө эхнэртээ тунирхаж гомдсондоо би ганцаараа машиндаа байсан 0,5 литрийн Ерөөл нэртэй архийг сумын төвд гэртээ уучхаад нэлээн согтоод сумын төвөөс 30 км зайд байх хөдөө гэртээ хүргэн Золбоогоор гэр рүүгээ хүргүүлж байх замдаа тасарчихсан. Нэг ухаан орсон чинь би хөдөө гэртээ эхнэрийнхээ толгойг хагалчихсан эхнэр эмнэлэг дуудаад байж байсан. Удалгүй цагдаа болон эмч ирээд эхнэр бид хоёрыг сумын төв рүү авч очсон. Том хүү 12 настай Ба, бага охин 6 настай Ан, эхнэр А нар байсан, өөр хүн байгаагүй. Нэг ухаан орсон чинь манай эхнэрийн толгой хагарчихсан байсан. Би яав гээд асуутал манай эхнэр чи намайг түлхээд униар цохиод толгой хагалчихлаа гээд уйлчихсан хүүхдүүд бас уйлалдчихсан байж байсан учраас угаасаа би эхнэрийнхээ толгойг хагалчихсан байна гэж бодсон. Өөр манай эхнэрийн толгойг хаглахаар хүн байгаагүй. Одоо манай эхнэр хөдөө мал дээрээ байгаа. Би эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Манай эхнэр намайг уучилсан... Би эхнэртэйгээ 2010 оноос хойш амьдарч байна.” /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.А-ын биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Д.А-ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 54-57, 60 дугаар хуудас/

Д.А-ын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч М.Эгаас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар баг Хуршуут гэх газарт гэртээ эхнэр Д.А-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.А-ын “...Би хоолоо савлах гээд шанага бариад сууж байсан ба миний шанагыг Э нь булааж аваад над руу шидэхэд миний баруун мөрийг оносон. Э нь намайг татаж босгоод гэрийн үүдний баруун талд хана руу түлхэж унагаасан. Би тэр үед түүнд хандаж чи яагаад байгаа юм бэ гэж асуухад надад хариулт өгөөгүй шууд хаалганы дээд хэсгийн нэг унийг аваад миний толгой руу цохисон. Тэр үед толгой халуун оргиод гараараа дараад үзтэл миний духнаас цус гарч, арьс нь язарсан байсан...” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Т.Н-гийн “...Би 2021 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Гурвантэс сумын 5 дугаар баг Хуршуут гэх газарт эмэгтэй хүн толгойноосоо цус алдаад тогтохгүй байна гэсэн дуудлагын дагуу очиж үзсэн. Дуудлагын дагуу очиход Д овогтой А 32 настай эмэгтэй байсан. Шархнаас гарсан цус тогтсон, өвдөлтөөс болоод чанга хашхирсан байдалтай байсан. Үзлэг хийхэд толгойн дух хэсэгт 6 см орчим язарсан шархтай галын яс харагдана, гэмтэлгүй шархнаас 500-800 мл орчим цус гарсан байсан. Д.А-д шархны анхдагч цэгцлэлт хийж сумын төв рүү авч ирсэн. Асуумжаар өөрийн нөхөр нь уурандаа зодож эхэлсэн, униар цохисон, гараараа дарахад цус тогтохгүй байсан учир эмч дуудсан гэж ярьсан.” /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 271 дугаартай Д.А-ын биед тархи доргилт, духанд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч М.Э нь хохирогч Д.А-ын биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч М.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч М.Э, хохирогч Д.А нар нь 2010 оноос хойш хамт амьдарч, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, дундаасаа нэг хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.  

Иймд шүүгдэгч М.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч М.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар хүсэл зоригоо илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогч нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч М.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэлээ.

Хэрэв шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Э-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн М-ийн Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Э нь шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Э-д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ