Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/291

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0274

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Б-ын Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000304 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г овогт Б-ын Э /РД: .......... /, ........ оны ...... дугаар сарын ..... -ны өдөр ...........  хотод төрсөн, .......  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... ХХК-д жолооч ажилтай, ам бүл ....... , ............-ийн хамт .........  аймгийн ........ сумын .........  дугаар багийн .....  дугаар брак байрны ....  тоотод оршин суух хаягтай, урьд:

..........  аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .......  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн ........  дүүргийн 2000 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 141 дугаартай шүүгчийн захирамжаар 7 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

....... дүүргийн шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ...... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

....... дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ..........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 02 сарын хугацаагаар хорих ял,

...... аймаг дахь  сум дундын 3 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн .....  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16,308,000 төгрөгөөр торгох ял,

......  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 04 цагийн үед .......  аймгийн ........ сумын .....  дугаар багийн ........  дугаар брак байрны ....... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч О.О-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны цуурал, хоёр нүд, нүдний алим, хацар, эрүү, цээж, бугалгад цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-ын мэдүүлсэн: “Миний буруу. Дахиж архи дарс ууж, эхнэртээ гар хүрэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000304 дугаартай хэргээс:

 

Хохирогч О.О-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 07 дугаар сарын 20, 07 дугаар сарын 27, 08 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 07 дугаар сарын 19-ны шөнө 20 цагийн үед манай найзууд болох Э, П, Д, Ц нар ирээд бид нар даалуу тоглоод ууж байтал оройн 22 цагийн үед манай нөхөр гаднаас согтуу орж ирээд унтсан. Тэгээд манай найзууд бид хэд нэг шил архи бас вино уугаад байж байхад Сэлэнгэ аймгаас бас манай найз ирээд дахин 1 шил архи уусан. Тэгэхдээ нөхрөө сэргээд хамт уусан. Архи ууж дуусаад найзуудаа явсны дараа аяга угаачхаад өрөөндөө орж ирэхэд манай нөхөр орон дээрээ хувцастайгаа хэвтчихсэн байхаар нь би хөл рүү нь сэрээх гээд өшиглөсөн чинь босож ирээд надтай хэрэлдэж маргалдсан. Утасны мессенжерээс болж хэрүүл хийгээд янз бүрийн үгээр хэлсэн чинь намайг алгадсан. Тэгэхээр нь би өөдөөс нь яаж байгаа юм бэ  гэхэд гэхэд дахин миний нүүр лүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би ширээн дээр байсан аягыг шидээд хагалчихаад гал тогооны өрөө рүү гүйж ороод заазуур аваад өөрийнхөө хоолойн дээр бариад ингэж намайг зовоож байхаар алаад гүйцээгээд өг гэж хэлсэн. Тэгсэн чинь заазуурыг маань булааж аваад миний нүүр лүү нэг удаа цохиход би шалан дээр унасан чинь цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би эгчийгээ утсаар дуудсан. Миний толгой цээж өвдөж хоёр шанаа хавдсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 9, 11 дэх тал/,

 

Гэрч О.О-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 07 дугаар сарын 20-ны өглөө үүрээр 04 цагийн үед манай төрсөн дүү О миний гар утас руу залгаад намайг манай нөхөр зодчихлоо гэж ярьсан. Тэгэхээр нь би Э-ын гэрт нь буюу ......  сумын .... дугаар багийн ......  дугаар байрны ......  тоотод яваад очиход манай дүү О-ийн хоёр нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгээд би дүүгээ дагуулж яваад эмнэлэг орж үзүүлчхээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 735 дугаартай ...О.О-ийн биед тархи доргилт, хамар ясны цуурал, хоёр нүд, нүдний алим, хацар, эрүү, цээж, бугалгад цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Б.Э-ын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: ...2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр найз нартайгаа гадуур архи ууж сууж байгаад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр О , найз П, Э, Д нартай хамт даалуу тоглоод сууж байхаар нь хэсэг харж сууж байгаад хоолоо идчихээд унтлагын өрөөндөө ороод хувцастайгаа унтаад өгсөн. Тэгээд байж байтал 23 цагийн үед Сэлэнгэ аймгаас манай найз Б эхнэртэйгээ хамт ирээд намайг сэрээхээр нь тэд нартай нэг шил 0,75 литрын архи хувцааж уусан. Тэгээд 02 цагийн үед манай найз нар бүгд бөөнөөрөө гараад явсан. Тэгэхэд нь мөн л хувцастайгаа орон дээрээ гараад унтаж байхад эхнэр О  найз нараа гаргаж өгчхөөд гэртээ орж ирээд гэр орноо цэвэрлэчхээд миний хөл рүү нэг удаа өшиглөөд намайг сэрээсэн. Тэгэхэд нь би чи одоо яагаад байгаа юм бэ гэхэд чиний бичсэн коммент дээр энэ хүүхэд яахаараа зүрх дардаг юм гэж асуусан. Тэгэхээр нь би надад ямар хамаатай юм бэ хүний дарж байгаа зүрхийг би яаж мэдэх юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд чи энэ хүүхэнтэй ямар харилцаатай юм бэ  гээд надаас хэрүүл хайгаад ширээн дээр байсан аяга хагалаад хагархайг нь аваад өөрийгөө гэмтээх гээд байхаар нь би гараас нь аяганы хагархайг нь булааж аваад нүүр рүү нь нэг удаа алгадчихаад гэрээсээ гараад явах гэхэд миний араас намайг гаргахгүй гээд хувцаснаас бариад авахаар нь би эргэж хараад нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд О  гал тогооны өрөө рүү гүйж ороод заазуур аваад өөрийнхөө хоолой дээр бариад намайг алаад өг гээд орилоод байхаар нь би заазуурыг нь булааж авчхаад нүүр лүү нь хоёр удаа гараараа цохиход шалан дээр О уначихсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд О-ийн амнаас бага зэргийн цус гарсан. Тэгээд О  өөрийнхөө төрсөн эгч О-ийг утсаар дуудахад удалгүй цагдаа дуудаж намайг өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 2 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 350,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч О.О  нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Э-аас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Б-ын Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 700,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР