Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1070

 

2022 08 31 2022/ШЦТ/1070

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Т.Төмөртулга,
хохирогч А.Б,
шүүгдэгч Т.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1”
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт
хэрэгт шүүгдэгч Т.Пг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн
2208000001216 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн
авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** хотод
төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн
тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ** дүүргийн ** дүгээр хороо, **
гудамж, ** тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9
дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/830 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял
оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга
хэмжээ авсан, ** овогт Тн П (РД:**).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.П согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 14-15-нд шилжих
шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “найз
дээрэлхээд байна” гэх шалтгааны улмаас хохирогч А.Бн нүүрэнд, толгойд

2

гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн
мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,
баруун чамархайн хуйханд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, духанд зөөлөн
эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт
холбогджээ.
Шүүгдэгч Т.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ
маргахгүй тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би
архи уусан байсан. Хохирол төлөөгүй, төлж барагдуулна” гэв.
Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “6 дугаар сарын 14-15-
нд шилжих шөнө ажил дээр уугаад харихаар явсан. Хамт явсан ажлын хүн О
таксинаас эхлээд буугаад явсан. Ирэхгүй болохоор нь буугаад очтол О нэг
залуутай муудалцаж байсан. Тэгээд очсон чинь “чи юун хүн бэ” гэхээр нь “ажлынх
нь хүн” гэтэл цаанаас хэдэн залуус ирээд нэг нь цохисон. Би согтуу байсан
болохоор сайн мэдэхгүй байгаа. Цохисон залуу уучлал гуйгаад би цусаа угаагаад
явсан. Гэмтэлд үзүүлэхэд хамар хугарсан байсан. Хохирлыг барагдуулчихвал
гомдол санал байхгүй” гэв.

Эрүүгийн 2208000001216 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.Бн: “2022 оны 6 дугаар сарын 14-ний орой ажлынхантайгаа
сууж байгаад 01 цагийн орчимд гараад манай ажлын Ж гэх охины гэр нэг зүг тул
бид хоёр хамт такси бариад явсан. Ж замаараа “нэг хүнтэй уулзаадхая” гээд
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 15 дугаар гудамжинд зогсоод буугаад
явсан. Ж буцаж ирэхгүй байхаар нь би буугаад 480 тоот хашааны хаалганы урд
очиход Ж нэг залуутай муудалцаад зогсож байхаар нь очоод “энд юу болоод
байгаа юм бэ” гэж асуухад тухайн маргалдаж байсан залуу “чи Жтай ямар
хамааралтай юм бэ, чи хэн юм бэ” гээд над руу орилоод байхаар нь би “чи өөрөө
юун юм бэ, би хамт ажилладаг хүн нь байна” гэж хэлээд байж байхад тухайн
залуугийн ардаас 3 залуу гарч ирээд “чи одоо хэн бэ” гэх мэт орилолдоод ирсэн.
Зогсож байхад гэнэт хамар луу нэг нь цохисон, хамраас цус гараад тонгойгоод
хамраа хааж байхад нүүрний орчимд болон толгойны баруун талд нэг, нэг удаа
цохисон. Би хэсэг байж байгаад босоод “Жтай хамт ажилладаг залуу байна, би
орой болсон болохоор гэрт нь хүргэж өгөх гээд явж байсан юм” гээд учир байдлаа
тайлбарлаж зөндөө хэлж байж ойлголцоод тухайн залуучуудын байсан айлын
хашаанд орж цусаа угаачихаад нэг залуугаар нь засмал зам руу хүргүүлээд
Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Би гомдолтой байна, хуулийн дагуу

3

шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.20-ны өдрийн 8667 дугаар
шинжилгээний дүгнэлтэд: “1. А.Бн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн
мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,
баруун чамархайн хуйханд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, духанд зөөлөн
эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн
тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар
гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг
тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд
үүссэн байх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
Гэрч Р.Мн: “2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ...Б найз охин Ж утсаар
ярьж байгаад пиво ууж дуусгаад гараад явахаар нь харих гээд явчихлаа гэж
бодсон. Удалгүй 5-10 минутын дараа А, П бид гурав харих гээд гарсан чинь Б
нарийн гудамжны үзүүрт үл таних нэг залуутай маргалдаж байгаа бололтой өндөр
дуугаар “чи хэн бэ, би Жн найз залуу нь байна” гээд ярьж байхаар нь би очоод “юу
болоод байгаа юм бэ” гэж асуухад үл таних залуу “би Жтай хамт ажилладаг юм.
Жг хүргэж өгсөн юм” гэж хэлээд дуусахад миний баруун талаар даваад тухайн
залууг цохихоор нь би зүүн тийшээ эргэж харахад А байхаар нь би Аг цохичихлоо
гэж бодоод тэврээд холдуулчихаад эргээд харахад тухайн залуугийн хамраас цус
гарсан байсан. Би буцаад очиход Б “хэн цохисон бэ, яагаад цохисон бэ” гэж
асуухад хэн ч дуугараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
Гэрч Э.Он: “2022 оны 6 дугаар сарын 14-ний орой пиво ууж байгаад 01
цагийн орчимд тарцгаагаад би такси бариад явах гэтэл Б “би такси дуудсан
байгаа, чамайг хүргээд өгье” гэхээр нь зөвшөөрөөд такситай явж гудамны үзүүрт
зогсоод би буугаад нарийн гудамж руу ороод явж байхад найз залуу Б урдаас
ирээд уулзсан. “Юугаар ирсэн юм” гэж асуухаар нь “би такситай ирсэн” гэхэд
“ганцаараа ирсэн юм уу, цүнхээ яасан юм бэ” гэж асуухаар “ажлынхаа газрын
залуутай ирсэн, цүнхээ таксинд үлдээсэн” гэхэд “яагаад чамайг хүргэж өгдөг юм
бэ, та хоёр холбоотой юм уу” гэж уурлаад бид хоёр маргалдаж байгаад таксинаас
цүнхээ авах гээд очиход Б гудамны үзүүрт зогсож байсан чинь Б очоод “чи хэн юм
бэ” гэж асуухад “би Жтай хамт ажилладаг, орой болсон тул хүргэж өгсөн юм” гэсэн
чинь Б “баярлалаа хөгшөөн” гээд одоо бид хоёр цүнхээ аваад явлаа гэж байхад М
ирээд “яасан юм бэ, юу болсон юм” гэхэд Жн ажлын хүн хүргэж ирсэн гэж байна
гээд такси руу алхаж байхад ард зодолдох шиг болсон. Эргээд харахад Бн

4

хамраас цус гараад зогсож байсан. Бн найзууд П, А, М нар ирсэн зогсож байсан. Б
харчихаад түрүүлж очоод “яаж байгаа юм бэ, буруу ойлгоод цохичих юм” гэж
найзууддаа хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Шүүгдэгч Т.Пн яллагдагчаар өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Лн гэрт пиво уусан. ...Б “манай найз охин доор ирсэн байна, түрүүлээд явж байя”
гээд явсан. М бид хоёр гараад уруудаад явж байхад Б үл таних хүмүүстэй зогсож
байгаа харагдсан. Б руу очиж байхад зогсож байсан залуу Батукаг дээрэлхээд
байгаа юм шиг харагдахаар нь очоод түүний хамрын хэсэгт, толгойны ард нэг удаа
гараараа цохисон. Тэр хүний хамраас цус гараад Лн гэр лүү очоод цусыг угааж
цэвэрлэж өгөөд уучлалт гуйгаад явуулсан. Би тэр хүнийг цохиж гэмтээсэн асуудал
дээрээ гэмшиж байна, гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст
хэргийн 33-34 дэх тал),
хохирлын баримтууд (хх-21-23), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа
(хх-24), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-26),
Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хх-25), шийтгэх
тогтоолын хуулбар (хх-40-42) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус
уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд
нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд
хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.П нь 2022 оны 6 дугаар сарын
14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг
дэвсгэрт “найз дээрэлхээд байна” гэх шалтгааны улмаас хохирогч Э.Бн нүүрэн тус
газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал хамрын таславчийн
мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,
баруун чамархайн хуйханд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, духанд зөөлөн
эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг
үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон
шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож
байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн
төлүүлэх саналтай. Хохиролд 363,400 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах,

5

цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй
үлдээх саналтай...” гэж,
шүүгдэгч “Байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.П согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар
сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг
дэвсгэрт “найз дээрэлхээд байна” гэх шалтгаанаар хохирогч А.Бн нүүрэнд, толгойд
гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн
мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,
баруун чамархайн хуйханд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, духанд зөөлөн
эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл
байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э.Бн “...зогсож байхад гэнэт хамар луу нэг нь цохисон.
Тонгойгоод хамраа хааж байхад нүүрний орчимд, толгойны баруун талд нэг, нэг
удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-5), шүүх эмнэлгийн 8667 дугаар “1. А.Бн биед
хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний
зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт,
хамрын нуруунд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл
тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна...” гэх шинжилгээ (хх-16-17), шүүгдэгч Т.Пн “...Бг дээрэлхээд байгаа юм
шиг харагдахаар нь би очоод түүний хамрын хэсэгт, толгойны ард нэг удаа
гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-33-34) зэрэг шүүх хуралдаанаар
хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ
хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Пн согтуурсан үедээ хохирогч А.Бн нүүр, толгойд
гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг
үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан
бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирлын
баримтаар тогтоогдсон 153,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч А.Б
(**дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, РД:**, утас:
**)-д олгохоор шийдвэрлэлээ.

6

Харин хохирогч А.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай
холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.Пг гэм буруугаа хүлээн
зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрх хязгаарлах, Баянгол
дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Зорчих эрх хязгаарлах ялыг зөвшөөрч байна” гэж тус тус
эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын
шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн
хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал
тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ “найз
дээрэлхлээ” гэх шалтгаанаар хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүр, толгой хэсэгт
гараараа цохиж халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж
чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 153,400
төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “хохирлоо
авбал гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ
гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилгүй, ар гэрийн
байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг
үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны
зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын
хяналтад өөрийн оршин суух газраас буюу Баянгол дүүргийн 21 дүгээр хорооноос
явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор
уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга
хэмжээ авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч Т.П цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх

7

ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг
тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,
4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар
зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага
болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овгийн Тн Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Т.Пг 3 (гурав) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын
хяналтад өөрийн оршин суух газраас буюу Баянгол дүүргийн 21 дүгээр хорооноос
явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй
3. Шүүгдэгч Т.Пг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2
дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ
авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Т.П зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих
эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг
хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй,
битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.П цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй
болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пс 153,400 (нэг зуун тавин гурван мянга дөрвөн
зуу) төгрөг гаргуулж, хохирогч А.Б (** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамж, **
тоотод оршин суух, РД:**, утас: **)-д олгосугай.
7. Хохирогч А.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай
холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг
дурдсугай.

8

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны
төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын
яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн
шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
Т.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                             Л.БААТАР