Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 00189

 

 

 

 

 

     “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02997 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 55 440 000 төгрөг, алданги 4 169 099 төгрөг нийт 59 609 088 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “Х” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлын зураг төсөл, төсөв боловсруулах №4/15-НМW тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр манай компани Хэнтий аймгийн төвд барих дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүдийн ажлын зураг, төсөв боловсруулах, улсын экспертизээр магадлал хийлгэх ажлыг нийт 79 200 000 төгрөгийн өртөгөөр хийхээр харилцан тохиролцсон. “М” ХХК нь Хэнтий аймгийн төвд барих дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүдийн ажлын зураг, төсөв боловсруулж, улсын экспертизээр магадлал хийлгэн “Х” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгч, “ажлын зураг хүлээлцсэн акт” үйлдсэн. Уг зураг төслийг гүйцэтгэх явцад “Х” ХХК болон Хэнтий аймгийн ЗДТГ-ын хүсэлтээр хүйтэн усны шугам сүлжээний зураг төслийг нэмэлтээр гүйцэтгэн 27 000 000 төгрөгийн зардал гаргасан боловч энэ нэмэлт ажлын санхүүжилт одоо болтол шийдэгдээгүй байна. “Х” ХХК-тай байгуулсан №4/15-НМW тоот үндсэн гэрээний ажлын төлбөрийн 70% болох 55 440 000 төгрөг төлөгдөөгүй байгаа ба бид энэхүү төлбөрийг барагдуулах талаар тус компанид удаа дараа хандсан. №4/15-НМW тоот гэрээт ажлын төлбөр тооцоог шийдвэрлэх талаар манай 2 компани 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуралдан төлбөр төлөх хуваарийг тохиролцсон боловч “Х” ХХК нь энэхүү шийдвэрээ биелүүлэхгүй, бидний албан шаардлагыг хүлээж авдаггүй, удаа дараа тус компаниас гэрээний төлбөр төлөхийг шаардсан. Гэрээний 8.2-т “захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувиар алданги төлнө. Алдангийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу захиалагчид ажлыг хүлээлгэн өгсөн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацааны алдангийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрт 55 440 000 төгрөг, алданги 4 169 088 төгрөг, нийт 59 609 088 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч Ж.Т-ийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл шалтгаанаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Хэнтий аймгийн Засаг дарга болон “Х” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хэнтий аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан. Хамтын ажиллагааны энэхүү гэрээгээр төрийн зүгээс дулааны шугам сүлжээ барих санхүүжилтийн урьдчилгаа 3 тэрбум төгрөгийг 2014, 2015 оны Улсын төсвийн тухай хуульд тусгаж, санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгааны улмаас гэрээний хэрэгжилт өнөөдрийг хүртэл зогсонги байдалд орсон ч гэрээг сунгаж, цуцлаагүй байгаа нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийг үүсгэсэн шалтгаан болсон. Бидний зүгээс энэ үйл явдлыг хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэж байгаа тул “Х” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулсан “ажлын зураг төсөл, төсөв боловсруулах” гэрээний 9.3-т заасны дагуу давагдашгүй хүчин зүйлийг үүсгэсэн шалтгаан арилгах хүртэл түдгэлзүүлэх учиртай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Х” ХХК-иас 58 350 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 258 488 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455 995 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 449 703 төгрөгийг гаргуулж, “М” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан "Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан, гэрээ хүчинтэй байна" гэжээ. Гэтэл "М" ХХК, "Х" ХХК нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан ажлын зураг төсөл, төсөв боловсруулах тухай №4/15-НМW тоот гэрээний 7.1-д "энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох ба зураг төслийг захиалагчид актаар хүлээлгэн өгөх хугацаа хүртэл хүчинтэй байна" гэж тохиролцсон. Энэ заалтаар бол "М" ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр "Х" ХХК-д ажлын зураг төсөл, төсөв боловсруулан актаар хүлээлгэн өгсөн нотлох баримт хэрэгт авагдсан тул гэрээний хүчинтэй хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс сайн нягталж үзээгүйн улмаас хүчингүй нотлох баримтыг хүчинтэй гэж үзэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...ажлын зураг төсөл, төсөв боловсруулах гэрээ"-г байгуулж, "М" ХХК нь Хэнтий аймгийн төвд барих дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүдийн ажлын зураг төсөл, төсөв болосруулах ажлыг гүйцэтгэж, улсын экспертизээр магадлал хийлгэн хүлээлгэн өгөх ... тохиролцжээ. Хариуцагч "X" XXK нь Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Хэнтий аймгийн Засаг дарга нар 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр "Хэнтий аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ", Эрчим хүчний яамтай "Санхүүгийн гэрээ"-г байгуулсан. Эдгээр гэрээний дагуу улсын төсвөөс 3 тэрбум төгрөгийг аваагүй гэх үндэслэл нь "М" ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь улсын төсвөөс санхүүжилт авч чадаагүй гэх үндэслэл нь "М" ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс төлөхгүй байх, түүнийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй" гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ... нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ", мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт "Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талaap бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно" гэж тус тус заасан атал шүүх энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулах хариуцагчийн хүсэлтүүдийг хангахгүй орхиж, эрx, үүрэгт нь сөргөөр нөлөөлөх этгээд болох Эрчим хүчний яамыг гуравдагч этгээдээр оролцуулах хариуцагчийн хүсэлтүүдийг тус тус үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн тул шүүхийн шйдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Учир нь манай компани нь Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Хэнтий аймгийн Засаг дарга нартай 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр "Хэнтий аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулж, энэхүү гэрээний 5.22-т "Эрх бүхий этгээдээр баталгаажуулсан дулааны шугам сүлжээний зураг төслийг 2014 оны 7 дугаар сарын 15-ны дотор гүйцэтгэж, яаманд хүлээлгэн өгнө" гэж заасны дагуу "М" ХХК-тай "ажлын зураг төсөл, төсөв боловсруулах гэрээ"-г байгуулж, энэхүү гэрээний 1-д "... Хэнтий аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барихаар концессийн гэрээ байгуулан хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаатай холбогдуулан "М " ХХК нь Хэнтий аймгийн төвд барих дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүдийн ажлын зураг төсөв боловсруулах ажил гүйцэтгэж, улсын экспертизээр магадлал хийлгэхээр ... тохиролцсон" билээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь "... хамтын ажиллагааны гэрээ"-ний үндсэн дээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсныг шүүх анхаарч авч үзэлгүй "үүргийн бие даасан байдлыг хангах зарчмын дагуу гэрээ тус бүрийн үүрэг тус тусдаа хэрэгжих ёстой" гэж Иргэний хуульд байхгүй зарчмыг баримтлан шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэнэ" гэснийг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2010 оноос хойш аймгийн төвүүдэд дулааны станц, дулааны шугам сүлжээ барихаар 2012-2016, 2016-2020 онуудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ба үүний хүрээнд манай компани "...хамтын ажиллагааны гэрээ", түүнийг дагалдах санхүүгийн гэрээг Эрчим хүчний яамтай байгуулсан ба энэхүү гэрээгээр Эрчим хүчний яам 2014 онд 3 000 000 000 төгрөг олгохоор заасан боловч манай компанид нэг ч төгрөг олгоогүй. Энэ нөхцөл байдал нь манай компаниас хамаарахгүйгээр төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /давагдашгүй хүчин зүйл/-наас шалтгаалж үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон талаарх нотлох баримтуудыг цуглуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэснээс улбаалж манай компани Эрчим хүчний яаманд холбогдуулан 79 200 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргахаар байгаа тул Эрчим хүчний яамыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хангаагүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээний 9.3-д "Давагдашгүй хүчин зүйлсийн нөхцөлөөс үүдэж талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйд хүрвэл уг нөхцөлийг үүсгэсэн шалтгаан арилах хүртэл харилцан хүлээсэн үүргээ түр түдгэлзүүлнэ" гэж заасан. Талууд "давагдашгүй хүчин зүйлс"-д юуг хамааруулахаа гэрээгээр тохиролцоогүй. "Х" ХХК-ийн бусадтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, Санхүүгийн гэрээний үүргийн зөрчил нь энэ гэрээний үүрэгт давагдашгүй хүчин зүйлс болохгүй тул гэрээний 9.3-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна" гэжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт "...гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хоорондын тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ" гэж заасан ба ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор бол талуудаас хамаарахгүйгээр төрийн байгууллагын шийдвэрийн улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлыг давагдашгүй хүчин зүйлд тооцдог. 2014 оны Төсвийн тухай хуульд аймгийн төвүүдэд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих ажилд хөрөнгө төсөвлөгдсөн байсан боловч олгогдохгүй хууль хүчингүй болсон, эрх бүхий төрийн захиргааны байгууллага болох Эрчим хүчний яам гэрээнийхээ үүргийг зөрчсөн зэрэг манайхаас хамаарахгүй байдлаар гэрээний төлбөрийг төлөх боломжгүй болсон тул "давагдашгүй хүчин зүйлсийн нөхцөл" үүссэн гэж үзэж төлбөр төлөх үүргийг түр түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "Х" ХХК нь зураг төслийн үлдэгдэл төлбөрийн 50% буюу 27 720 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө, үлдсэн 50% буюу 27 720 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө нэхэмжлэгчид төлнө гэж талууд тохиролцжээ. "Х" ХХК нь энэ хугацаанд төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 2.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна" гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж заасан бөгөөд энэхүү заалтыг шүүх хэрэглэвэл зохих байтал хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй олгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 55 440 000 төгрөг, алданги 4 169 099 төгрөг нийт 59 609 088 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4/15 HMW дугаартай, ажлын зураг төсөл, төсөв боловсруулах гэрээг байгуулж, “М” ХХК нь Хэнтий аймгийн төвд барих дулааны шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүдийн ажлын зураг төсөл, төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэж, улсын экспертизээр магадлал хийлгэн хүлээлгэж өгөх, захиалагч “Х” ХХК нь ажлын хөлс 79 200 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, улсын экспертизээр магадлал хийлгэн захиалагч “Х” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн ба “Х” ХХК нь ажлын хөлсний урьдчилгаанд 23 750 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 55 440 000 төгрөгийг төлөөгүй байна. /хх-ийн 14-15 дугаар тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... талуудын гэрээний 9.3-д зааснаар төлбөр төлөх үүргийг түдгэлзүүлсэн, хамтын ажиллагааны гэрээний дагуу санхүүжилт орж ирээгүй учраас ажлын хөлсийг төлөх боломжгүй, хугацаа хэтрүүлсэнд буруугүй учраас алдангийг төлөхгүй” гэж тайлбарласан боловч хамтын ажиллагааны гэрээ, санхүүгийн гэрээний дагуу улсын төсвөөс мөнгөө аваагүй гэх нөхцөл байдал нь “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

           

Түүнчлэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт “... үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заажээ.

 

            Хариуцагч нь мөн тайлбартаа бусдаас санхүүжилт орж ирээгүй нь манай компаниас шалтгаалаагүй тул гэрээний 9.3-д зааснаар давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл бүрдсэн гэх боловч талууд гэрээгээр давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлийг тохиролцоогүй ба гэрээний 9.3-д заасан нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлгүй.

 

            Иймд анхан шатны шүүх гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 55 440 000 төгрөг, алдангид 2 910 600 төгрөгийг тооцож нийт 58 350 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02997 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                                     ШҮҮГЧИД                          С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ