Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 647

 

 Ц.Н, А.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор П.Бямбасүрэн,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нансалмаагийн өмгөөлөгч О.Анхбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нансалмаагийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Н, А.А нарт холбогдох эрүүгийн 1709013610412 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. ..............., 1977 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “Эм Эл И Эн Жи” ХХК-ний ерөнхий захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14 дүгээр байрны 165 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамжны 61 дүгээр байрны 236 тоотод түр оршин суух хаягтай, /РД:.......................8/,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            2. .................., 1984 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эм Эл И Эн Жи” ХХК-ний талбайн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар гудамжны 100Б байрны 32 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

            Ц.Н, А.А нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Эм Эл И Эн Жи” ХХК-ний баригдаж буй барилгын 10 давхраас Я.Нямдаваа нь унаж, амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Н, А.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........................ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар Ц.Н, А.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Ц.Н, А.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-т тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгч нарт тус тус тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д тус тус зааснаар хохирогч Ж.Нансалмаагаас гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг Сиди бичлэгийг “Эм Эл И Эн Жи” ХХК-д шилжүүлж, гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч нараас 8.600.000 төгрөг, 13.000.000 төгрөгийг төлсөн болохыг, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н, А.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нансалмаагийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шийтгэх тогтоолын 12 дугаар талд “Иймд хохирогч Ж.Нансалмаагаас гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.” гэжээ. Хохирогч Ж.Нансалмаа нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хоёр төрлийн нэхэмжлэлийг хангуулахаар оролцсон байдаг. Эхний нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах, дараагийн нэхэмжлэлийн шаардлага нь шүүгдэгч нарын зүгээс өөрсдийн сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж, үүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн хэлцэл буюу хохирогчид гэм хорын төлбөрт 10.000.000 төгрөг төлнө гэснийг нэхэмжилсэн болно. 1 дэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг шүүхээс хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Энэ талаар хавтас хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан байдаг. Шинжээчээр томилогдсон мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлтээр хэрэг учралыг үйлдвэрлэлийн осол гэж үзсэн бөгөөд дээрх үйлдвэрлэлийн осол нь Ц.Н, А.А нарын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж дүгнэсэн байдаг. Үүнийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Ц.Н, А.А нарыг бусдыг болгоомжгүйгээр алсан хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тухайн хэрэг учралыг үйлдвэрлэлийн осол мөн гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Үүнээс логик дүгнэлт хийхэд хэрвээ амь хохирогч Я.Нямдаваа нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан юм бол түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Нансалмаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг авах хууль зүйн бүрэн үндэстэй болсон байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр нээлттэй үлдээсэн нь туйлын ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр бол болзолт нөхөн төлбөр юм. Хууль хяналтын байгууллагаас ажилтан ажлын байран дээрээ нас барсан аливаа учралыг үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн тохиолдолд ажил олгогчоос гаргуулан авдаг нөхөн төлбөр юм. Үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу жирийн иргэн хүн тогтоодоггүй. Харин эсрэгээрээ үйлдвэрлэлийн осол гарсан эсэхийг эрх бүхий албан тушаалтан, хууль хяналтын байгууллага тогтооно. Тэгэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 23.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах хууль зүйн нөхцөл нь бүрэн хангагдсан байна. Амь хохирогч Я.Нямдаваа нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болохыг прокурор, мөрдөгч нарын зүгээс хавтас хэрэгт нотлох баримтаар хангалттай нотолсон байдаг. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал буюу үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтны ар гэр нөхөн төлбөрөө ажил олгогчоос гаргуулан авах эрх нь шууд нээгдсэн гэдэг нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Түүнээс 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг иргэн хүн шүүхийн өмнө өөрөө нотлож, баримт бүрдүүлж байж авдаг нэхэмжлэл биш юм. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд хохирогч талаас шүүгдэгч нарын өөрсдийн сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж үүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн “хохирол барагдуулах тухай хэлцэл” гэх хэд хэдэн баримт бичгийг гарган өгч хэрэгт хавсаргуулсан байдаг. Нөхөрөө цаг бусаар алдаж, ядарч зовсон хохирогч эмэгтэйд үүнээс өөр нотлох баримт байхгүй юм. Цаашид нэмж цуглуулаад иргэний шүүхэд гаргаад байх ч нотлох баримт дахин гарч ирэхгүй. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтууд хэргийн 1 дүгээр хавтасны 154, 234 хуудсуудад байдаг. Гэм хорын нэхэмжлэлийг шүүгдэгч нартай байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн хууль зүйн хүчин чадалтай хэлцлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөхөөс өөрөөр яаж нотлох болж байна. Энд бас л анхан шатны шүүх дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг агуулсан нотлох баримтуудыг анхаарч үзэлгүй орхигдуулж, шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нансалмаагаас нэхэмжилсэн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 23.000.000 төгрөг, гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийг тус тус хангах талаар өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.

 

            Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх боломжгүй. Учир нь, гэм хор болон нөхөн төлбөрийн асуудлыг иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах тул уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй орхисон нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуусан буюу эрхийг нь хангаагүй гэх хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ, Ц.Н, А.А нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Эм Эл И Эн Жи” ХХК-ний баригдаж буй барилгын 10 давхраас Я.Нямдаваа нь унаж, амь насыг хохироосон гэх үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Учир нь, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн “Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь осолдогч Я.Нямдаваа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллах горимыг санаатай зөрчин өндрийн хамгаалалтын бүсээ зориулалтын тороосноос бэхлээгүйн улмаас осолдсон. Осолдогч нь удаа дараа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчин сануулга авч, торгуулж байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, журам, тогтоол, Засгийн газрын 269 дүгээр тогтоолын 2.2 дахь заалтыг үндэслэн уг ослыг үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолоо.” гэх акт /1 хх 72/, “Эм Эл И Эн Жи” ХХК-ний 024/01 дугаартай Я.Нямдавааг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1 хх 79-82/ зэрэг нотлох баримтуудаар Я.Нямдаваа нь үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан нь тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно.” гэж, 97.1.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж тус тус заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг бүрэн төлөөгүй байхад гэм хор арилсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан бөгөөд Ц.Н, А.А нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, үүнтэй холбогдон гарсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад шүүгдэгч нарыг тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хуулийн энэ заалтын агуулгыг харгалзан үзвэл зохино.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нансалмаагийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Н, А.А нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Н, А.А нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ц.Н, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ