Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0142

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р.Б

Хариуцагч:  М*******.д

Нэхэмжлэлийн шаардлага: З******* даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Р.Б миний бие анх Зэвсэгт хүчин жанжин штабын даргын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6/302 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 314-р ангид агуулахын даргаар томилогдож, 'Улмаар Зэвсэгт хүчин жанжин штабын даргын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/1153 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хүнс, хувцасны офицероор томилогдож, Монгол Улсын Зэвсэгт хүчинд нийтдээ 9 жил тасралгүй ажиллаж албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалттай биелүүлж байсан.

З******* даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дугаартай тушаалаар Р.Б намайг үүрэгт ажлаас халсан. Тус тушаалын хууль зүйн үндэслэл нь "...Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан "З******* дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, 2019 оны 41 дүгээр зарлигаар батлагдсан "Цэргийн цол олгох журам"-ын 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалт, З*******-ын даргын 2019 оны А/595 дугаар тушаалаар батлагдсан "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм"-ийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 8.4 дэх хэсэг, Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол..."-ыг тус тус үндэслэж Цэргийн жинхэнэ албанаас халсан.

Дээрх захиргааны байгууллагын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6 зэрэг хуульд заасан зарчмыг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой баримтыг бүрдүүлэх үнэлэх зэрэг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, тус хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй бөгөөд мөн Төрийн албаны тухай хуулийг зөрчиж гаргасан захиргааны акт нь иргэн Р.Б миний Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулиар баталгаажуулсан эрхийг хөндөж байгаа тул тус захиргааны байгууллагаас гаргасан хууль бус актыг хүчингүй болгож Р.Б миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Дээрх захиргааны акт дараах үндэслэлээр хууль бус байна.

1. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасны дагуу хууль үндэслээгүй хууль зөрчсөн байна. Захиргааны байгууллагын дээрх шийдвэр нь Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх заалтыг үндэслэж ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан Төрийн албанаас халах сахилгын шийтгэлийн нэг билээ. Сахилгын шийтгэлийг оногдуулахдаа Захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмыг баримтлах бөгөөд тус зүйлийн 48.4, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 2, Төрийн албаны тухай хуулийн 47-р зүйлийн 47.1,2-т заасан үндэслэл нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор бүрдсэн боловч Захиргааны байгууллага нь захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42,1-д зааснаар сонгох боломжоо хэрэглээгүй. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан хугацааг зөрчиж 2020 оны 10-р сарын 20-ны өдөр сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хууль бус болжээ.

2. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 /Зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх/ зарчмыг зөрчсөн байна. Иргэн Р.Б намайг Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож хорих ял оноолгүйгээр нэг жилийн тэнсэн харгалзах шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч би ажил үүргээ зохих ёсоор биелүүлж төрийн албаны тасралтгүй байх зарчмыг мөрдлөг болгож ажлаа цалгардуулж байгаагүй. Гэтэл М*******.д аль хэзээ хойно сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь тус акт нь бодит байдалд нийцээгүй байна. Нөгөөтээгүүр иргэн миний ялтай байх хугацаа дууссан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,3-д заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлээгүй тул намайг ажлаас чөлөөлсөн захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

3. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 /Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/-д заасан зарчмыг алдагдуулж Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой баримтыг бүрдүүлэх үнэлэх зэрэг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, тус хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй нь Захиргааны байгууллага нь хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй иргэн миний эрхэнд хууль зүйн үндэслэлгүй халдсан байна.

4. Нэхэмжлэгч миний эрхэлсэн байсан ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар тогтоосон баталгааг эдлэх эрхтэй. Гэвч З******* даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй байгаа нь төрийн жинхэнэ албан тушаалтны эдлэх баталгааг хангаагүй, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2078 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр "...З******* даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дугаар тушаал нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэж байгаа тул таны гомдлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжгүй байна..." гэсэн байна.

Иймд З******* даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, нэхэмжлэлийн хувь гардан авч, хариу тайлбар ирүүлэх мэдэгдэх хуудас-ыг 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, танилцаад З*******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх-ахлах мэргэжилтэн ахмад А.Э, Хүний нөөцийн хэлтсийн офицерын нөхөн хангалтын мэргэжилтэн ахмад М.У нарыг томилж, улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэн Р.Б нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гардан авсан.

Иргэн Р.Б нэхэмжлэлтэй холбогдуулан дараах агуулга, утга бүхий үндэслэлээр тайлбар гаргаж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.3 дахь заалтад заасны дагуу зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг илрүүлэх, арилгах, урьдчилан сэргийлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх газар, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, нэгтгэн боловсруулах газраас гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, мэдээллийг авч, нэгтгэн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/272 дугаар албан бичгээр 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг авагдсан Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын судалгаа-г ирүүлсэн бөгөөд тус судалгаанд Р******* овогтой Б******* /ИТ*******/-тэй холбоотой мэдээлэл ирээгүй.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн цэргийн алба хаагчдын судалгааг авах үеэр Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын сүүлийн 10 жилийн хугацаанд үйлдсэн гэмт хэрэг, ял шийтгэлийн талаарх судалгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс авсан талаар мэдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны а*******.gov.mn гэсэн майл хаягаар дамжуулан 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын сүүлийн 10 жилийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн цэргийн алба хаагчдын судалгааг авсан ба тус судалгааны 67 дугаар жагсаалтад "Зэвсэгт хүчний 314 дүгээр анги Р******* Б******* ИТ*******, 31 настай эрэгтэй, дээд боловсролтой, менежмент санхүүгийн мэргэжилтэй, аж ахуйн даргын албан тушаалтай, Эрүүгийн хуулийн 27.10.2 дахь заалт, 1 жилийн хугацаагаар тэнссэн гэсэн мэдээлэл ирсэн.

Дээрх сүүлийн 10 жилийн судалгаа болон өмнөх хууль сахиулах байгууллагаас авсан судалгаануудыг З*******-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад заасны дагуу цэргийн албанаас халах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Тус хуралдааны шийдвэр, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол, сонсох ажиллагаа явуулсан баримт зэргийг үндэслэн З*******-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн материал хангалтын офицер ахмад Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаатайгаар хасах, 1 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ албанаас халж, цэргийн цолыг хураасан.

Гэмт хэрэг үйлдсэн нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь Р.Б сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлд хамаарахгүй, зөвхөн цэргийн албанаас халах арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь хуульд нийцнэ. Р.Б сахилгын шийтгэл оногдуулж байгаа захиргааны шийдвэрт хамаарахгүй бөгөөд түүний хөдөлмөрлөх эрхийг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3 дахь заалтад заасны дагуу сонсох ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 14, 22-ны өдрүүдэд З******* Хүний нөөцийн хэлтсийн офицерын нөхөн хангалтын мэргэжилтэн ахмад М.У явуулсан ба Р.Б 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 10:39 цагт З******* 104 тоот өрөөнд Оролцогчид шийдвэрийн төсөл танилцуулах хуудас-аар Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсныг үндэслэн цэргийн албанаас халах тушаалын төслийг танилцуулахад ЗӨВШӨӨРӨВ гэж бичиж, гарын үсэг зурсан.

Энэхүү сонсох ажиллагааны явцад тушаалын төслийг Р.Б зөвшөөрсөн ба захиргааны байгууллагын зүгээс сонсох ажиллагааг саналыг бичгээр авах, биечлэн уулзах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан. Р.Б нь тушаалын төслийн талаар З******* Захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн зөвлөх-ахлах мэргэжилтэн ахмад А.Э-тэй уулзаж, тодруулахад хуулийн зохицуулалтын талаар тайлбарлаж, хэлсэн. Мөн З******* даргын тушаалын 4 дэх заалтад "Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3 дахь заалтад заасны дагуу Р.Б шийдвэрийг төслийг танилцуулж, сонсох ажиллагаа явуулахад зөвшөөрсөн болохыг дурдсугай" гэж оруулсан нь сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсныг нотолж байна. Нэхэмжлэгч Р.Б сонсох ажиллагааг хийгээгүй гэх утга агуулгаар нэхэмжлэлдээ дурдсан нь хэт үндэслэлгүй юм. Өөрөөр шийдвэрийн төслийг танилцуулахад зөвшөөрөв гэж гарын үсэг зурсан атлаа нэхэмжлэл гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэж байгаа хэт үндэслэлгүй юм. З******* даргын тушаалыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Р.Б өөрт нь гардуулсан бөгөөд хуулиар тогтоосон хэм хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Нэхэмжлэгч нь Ажил үүргээ зохих ёсоор биелүүлж төрийн албаны тасралтгүй байх зарчмыг мөрдлөг болгож ажлаа цалгардуулж байгаагүй. Гэтэл М*******.д нь аль хэзээ хойно сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь тус акт бодит байдалд нийцээгүй байна гэх утгыг нэхэмжлэлдээ дурджээ. Р.Б нь З******* даргын 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн агуулахын даргаар, 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Б/201 дүгээр тушаалаар аж ахуйн даргаар, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/1153 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн материал хангалтын офицероор томилогдож байсан.

Р.Б нь 2012-2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 314 дүгээр ангид ажиллах хугацаандаа дараах сахилгын шийтгэл хүлээж байсан.

- 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Монгол цэргийн жавхаа тэргүүний дүрэмч, жагсаалч хамт олон шалгаруулах уралдааны бэлтгэл ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан үндэслэлээр үндсэн цалинг 1 сар 10 хувь бууруулах,

- 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил тасалж, ажлын хариуцлага алдсан үндэслэлээр үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах,

- 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр харуул манааны үүргийг муу гүйцэтгэсэн үндэслэлээр үндсэн цалинг 1 сар 5 хувь бууруулах,

- 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цайны газрын ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг шаардлагын хэмжээнд хүргэлгүй, хангалтгүй зохион байгуулсан үндэслэлээр сануулах,

- 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах,

- 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр "Ажлын хариуцлага алдсан, олон хоног ажил тасалсан үндэслэлээр үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах,

- 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр "Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр үндсэн цалинг 2 сар 20 хувь бууруулах,

- 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр "Өгсөн үүрэг биелүүлээгүй, сарын тайлан гаргаагүй үндэслэлээр үндсэн цалинг 1 сар 10 хувь бууруулах,

- 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "Шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан үндэслэлээр үндсэн цалинг 2 сар 20 хувь бууруулах зэрэг сахилгын 9 удаа зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байсан.

Зэвсэгт хүчний 314 дүгээр ангид ажиллаж байхдаа 2012 онд 8 цаг, 2014 онд 16 цаг, 2015 онд 13 цаг, 2016 онд 6 цаг, 2017 онд 6 цаг, 2018 онд 7 цаг, 2019 онд 17 цаг, нийт 73 цагийн ажил тасалсан.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллаж байхдаа дараах сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байсан.

- 2019 оны 09 дүгээр сарын 28-нд Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, ахлах даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үндэслэлээр үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан ба 2020 онд нийт 5 цагийн ажил таслалттай. Дээрх сахилгын зөрчлүүд болон ажлын таслалтаас авч үзэхэд Р.Б нь цэргийн тангараг өргөсөн, цэргийн албаны бэлэн байдлыг хангах, материал хангалтыг тасралтгүй зохион байгуулж, захирагч, даргыг шийдвэр гаргахад зөв мэдээлэл, саналаар хангах чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, төрийн албаны тасралтгүй байх зарчмыг алдагдуулж байсан.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар "Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоох бөгөөд цэргийн алба хаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарч, эрх зүйн байдлыг нь Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нарийвчлан зохицуулж, тус хууль тогтоомжоор зохицуулаагүй харилцааг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар тус тус зохицуулна. З******* даргын 2020 оны Б/1441 дүгээр тушаал нь зорилгодоо нийцсэн, хуульд үндэслэж гаргасан бөгөөд хууль тогтоомжуудад заасан эрх зүйн үндэслэлтэй, захиргааны акт тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Р.Б М*******.д холбогдуулан гаргасан З******* даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Р.Б З******* даргын 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн агуулахын даргаар, 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Б/201 дүгээр тушаалаар аж ахуйн даргаар, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/1153 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн материал хангалтын офицероор томилогдон ажиллаж байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна, 10.1.3-д төрийн тусгай албан тушаал, 13 дугаар зүйлийн 13.1-д Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна, 13.1.6-д зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн, Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т цэргийн жинхэнэ алба гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг, 3.1.6-д офицерын алба гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад офицерын албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг, 6 дугаар зүйлийн 6.2-т Цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Б нь төрийн тусгай албанд хамаарах цэргийн жинхэнэ албан хаагч юм.

Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1-д Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно: 1.1.талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц; гэж зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

З******* даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дүгээр тушаалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаатайгаар хасах, 1 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул Зэвсэгт хүний 032 дугаар ангийн материал хангалтын офицер ахмад Р.Б цэргийн жинхэнэ албанаас халжээ.

Хариуцагчаас захиргааны актыг гаргахдаа Р.Б биечлэн уулзаж, Оролцогчид шийдвэрийн төсөл танилцуулах хуудас-ыг танилцуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:, 27.4.2-т саналыг бичгээр авах;, 27.4.3-д биечлэн уулзах; гэж заасанд нийцэж байна.

Нэхэмжлэгч Р.Б...Нэхэмжлэгч миний эрхэлсэн байсан ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд багтдаг тул тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 /энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх/-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар тогтоосон баталгааг эдлэх эрхтэй. Гэвч З******* даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй байгаа нь төрийн жинхэнэ албан тушаалтны эдлэх баталгааг хангаагүй, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ дурдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална, 47.1.2-д гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Офицер, ахлагчийг дараахь тохиолдолд нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болно, 24.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж тус тус заажээ.

Дээр дурдсанаар Р.Б нь цэргийн жинхэнэ албан хаагч бөгөөд хуульд заасан ижил зохицуулалтыг давхардуулан хэрэглэхгүйгээр цэргийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Цэргийн албаны тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийг цэргийн жинхэнэ албанаас халсныг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах, 48 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж төрийн албанаас халах ойлголт нь агуулгын хувьд хоёр өөр зохицуулалт бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр ажлаас халсан нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулж төрийн албанаас халсан үйлдэл биш. Харин Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан төрийн албанаас шууд халах зохицуулалтад хамаарч байна.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа нь хуульд заагаагүй үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй байх агуулгыг илэрхийлэх бөгөөд Р.Б төрийн албанаас халсан нь хуульд нийцсэн байх тул төрийн жинхэнэ албан хаагчийн тус баталгаа нь нэхэмжлэгчид хамаарахааргүй байна.

Иймд З******* даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дүгээр тушаал үндэслэлтэй байх тул дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, 47 дугаар зүйлийн 47.1.2, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг тус тус баримтлан иргэн Р.Б М*******.д холбогдуулан гаргасан З******* даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1441 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН