Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0352

 

 

 

 

 

   “МОБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Нэхэмжлэгч: “МОБ” ХХК

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/1004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “МОБ” ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар шийдвэрээр: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МОБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож...шийдвэрлэсэн байна. 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2.“хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс сонсох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу сонгох боломжоо ашиглан өөрийн болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан ёсны цахим хуудсанд байршуулан мэдэгдсэн. Иймд сонсох ажиллагааг хууль ёсны дагуу бус гэж үзэх нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчээс forse majure гэрчилгээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргуулан авсан нь тус гэрчилгээг гарган авсан огнооноос буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой байдаг. Тус баримтаа сонсох ажиллагааны явцад буюу хариу тайлбартаа дурдан өгөх боломжтой байсан ба нөхөн гаргуулан авсныг захиргааны байгууллага дүгнэн үзэх боломжгүй.

3.2. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

3.3. Гэтэл нэхэмжлэгчээс сонсох ажиллагааны явцад газар ашиглах явцад хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаар баримтыг ирүүлээгүйгээс гадна Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас явуулсан  хээрийн судалгааны тэмдэглэлд 2 гэр буурь зассан талаар дурдсан байдаг. Энэ нь тус газрыг зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэлд хамаарахгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0250 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

2.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “МОБ” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/423 дугаар тушаалыг үндэслэн Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Сайханы саравчийн хязгаарлалтын бүсэд 3.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгожээ.

2.2. Харин маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ... 40.1.6,…-д заасан үндэслэлээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болгоно”  гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч “МОБ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

2.4. Хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан шийдвэрийн үндсэн дээр эрх бүхий этгээдүүдийн хооронд газар эзэмших, ашиглах гэрээ хийгдсэн тохиолдолд шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хэм хэмжээний гипотез нь Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т зааснаар тайлбарлагдах бөгөөд нийтлэг тохиолдолд шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг уг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тооцно.

2.5. Нэхэмжлэгч “МОБ” ХХК-ийн хувьд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2020/32 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ”-г Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг дарга нартай байгуулсан байх бөгөөд ийнхүү гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий актаар уг газрыг ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл хугацаанд тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой ажил үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, газраа ашиглаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичиг, тус газраас 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хязгаарлалтын бүсэд суурин болон хээрийн судалгааны ажил хийсэн тэмдэглэл, маргаан бүхий газрын талбайн зураг /2023.09.11-ний өдрийн байдлаар/, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар батлагдсан зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай хуралдааны тэмдэглэл, тус хуралдааны шийдвэрийн тойм, анхан шатны шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, уг тэмдэглэлд хавсаргасан фото зургууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

2.6. Хэдийгээр нэхэмжлэгч хуулийн этгээдээс Таван тив гэх аялал жуулчлалын баазын зураг төслийг боловсруулсан, гар утасны аппликейшн бүтээж, тухайн газар дээрээ 5 ширхэг байшингийн суурь зассан, ийнхүү засах ажлын явцад хөрш үйл ажиллагаа явуулж буй компаниас цахилгаан татсан гэж тайлбарлаж байх боловч шүүхийн үзлэгийн тэмдэглэлд дурдагдсан 2 ширхэг цементийн суурь нь маргаан бүхий акт гарах үед байгаагүй болох нь тухайн газрын талбайн сансраас авсан зураг болон хээрийн судалгааны тэмдэглэл, түүнд хавсаргасан зургаар тогтоогдсон, түүнчлэн гар утасны аппликейшн бүтээсэн талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй, “СЭ” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр “манай компанийн эзэмшлийн трансформатраас танай компанийн цаашдын үйл ажиллагаанд зориулан цахилгаан нийлүүлэх боломжгүй” гэх хариуг “МОБ” ХХК-д хүргүүлж, улмаар нэхэмжлэгч нь тухайн асуудлаар 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр УБЦТС ТӨХК-ийн Налайх ашиглалт засварын төв болон Налайх дүүргийн Засаг даргад тус тус хандсан боловч үүнтэй холбоотойгоор хэрхэн шийдвэрлэгдсэн, ямар үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул тус газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй.

2.7. Гэтэл анхан шатны шүүх “...хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад шийдвэр гаргасан нь хууль бус, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна” гэж буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

2.8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийн хүрээнд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагааг хариуцагч захиргааны байгууллагын болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан ёсны цахим хуудсанд байршуулан хийснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

2.9. Нэхэмжлэгчээс “... ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн тухайд анх газар ашиглах эрх авснаас хойш болон цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш ч газраа аялал жуулчлалын зориулалтаар ашигласан болохоо хангалттай нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МОБ” ХХК-ийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА