Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар ШЦТ0055

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо

Улсын яллагч Д.Алимаа

Хохирогч С.С

Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогтой Н-н Чд холбогдох эрүүгийн 201615010039 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19... оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, .....эй, .... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцэгийн хамт Улаанбаатар хот ......... дүүргийн 23 дугаар хороо ........ 20-08 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

Ял шийтгэл: 1997 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сум дундын шүүхийн 263 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Аймгийн шүүхийн 02 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1231.4, 112 дугаар зүйлийн 112.2, 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 08 жил 07 сар 02 хоногийн хорих ялаар, 2000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1231.3-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1999 оны 02 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 08 жил 07 сар 02 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 жил 10 сар 23 хоногийн хорих ялын зарим болох 04 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нийт 08 жил 10 сар 23 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 02 жил 08 сар 29 хоногийн хорих ял хугацааны өмнө тэсэн суллагдсан О овогтой Н-н Ч /РД:......../

Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын ..... багийн ..... 11-25 тоотод байх иргэн С.Сгийн гэрээс хөх өнгийн цаасан дээр олон бурхны дүр гаргаж бүтээсэн хэвлэмэл бурхан хулгайлж, хохирогч С.Сд 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ч мэдүүлэхдээ:

Би 2016 оны 04 дүгээр сарын 03-нд хотоос ноолуур авна гэж машин хөлсөлж Хархоринд ирсэн. Хойшоо С ахын хүүхдийнх нь бааз дээр байдаг тэнд таньдаг хүнээсээ ноолуур авна гэж хүн гуйж ирсэн. Буцахдаа С ахаас мөнгө гуйх гэж гэрт нь ирсэн. С ах гэртээ байхгүй гэр нь цоожтой байсан. Би гэрийнх нь цоожийг татаж онгойлгож ороод бурханыг нь хулгай хийсэн. Бурханыг цааш нь зарж үрнэ гэж бодоогүй. Ганданд тавина ч гэж бодоогүй. Ломбарданд аваачиж тавьчихаад буцааж өгнө. Мөнгийг нь түр хэрэглэж байгаад буцааж өгнө гэж бодож байсан. Намайг цагдаагаас 2, 3 удаа ир гэсэн би өөрөө ирсэн. Тэгсэн намайг ирээгүй барьж авчирсан гэж хавтаст хэрэгт бичсэн байсан. Би оргож босоогүй. Би бурханыг хулгайлсан нь үнэн. С гуай манай аавын төрсөн дүү нь. Намайг бурхан авсан гэж хамт явсан хүмүүс мэдээгүй. С ахынд бурхан байдаг гэдгийг би мэдэж байсан. Ломбарданд тавьж мөнгийг нь ашиглаж байгаад буцааж өгнө гэж бодож байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С мэдүүлэхдээ:

Ч 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манайд ирж хоносон. Өглөө нь би зах дээр очиж хүнтэй уулзана гэж явсан. Эхлээд ирэхдээ манай хүргэнийд очсон байсан. Архангай орох гэж яваа юм гээд хоол идээд явсан гэсэн. Би өглөө 09 цагт гимнастиканд яваад 10 цагаас тардаг. Ирсэн гэр цоожгүй онгорхой байсан. Би цоожлоогүй явсан юм байхдаа гэж бодоод гэртээ орсон. Жижиг бурхангууд уначихсан. Бурхан байхгүй байсан. Тэр бурхан манай эхнэрийн эмээ ээжийнх нь бурхан. Өөд болоод тэр бурхан нь манайд үлдсэн. Би бурханаа 20 саяар үнэлсэн. Тэгсэн таны бурханыг 1 саяар үнэлсэн гэсэн. Уг нь бурханыг олж өгнө гэсэн. Олж өгөөгүй. Шүүгдэгч манай ахын хүүхэд. Миний хувьд ял эдлүүлээд байх шаардлага байхгүй гомдолгүй гэв.

Гэрч О.Ж-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

“... Би 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад 16 цагийн үед Бадрах манайд ганцаараа ирсэн. Бадрах утсаар яриад гараад явсан. Гэтэл Ч гэдэг залуу манайд орж ирсэн. Бадрах, Ч хоёр найзууд гэсэн. Тэр өдөр манайд хоносон Ч гэдэг залуу .... сум орж ноолуур авчрах ёстой гэж яриад байсан. Надад Ч замын зардал байна уу гэж асуусан. Би ....... орж ирээд өгнө шүү дээ гээд гэрийнхээ 32 инчийн зурагтаа ломбарданд 150 000 төгрөгт тавьсан. Тэгээд мөнгийг Чд өгсөн. Ч таксины жолоочтой уулзаж байгаад ..... сум явахаар болоод 13 цагийн үед Улаанбаатар хотоос Бадрах, Ч, таксины жолооч мөн жолоочийн эхнэр бид хэд хамт гарсан. Замдаа архи уусан. Нэг мэдэхэд Хархорин сумын Эрдэнэ зуу хийдийн гадна ирсэн байсан. Ч дэлгүүр орж архи боорцог авсан. Хархорин сумаас хойш явж нэг айлд очсон. Ч тэр айлын эзэн Бадрах бид хэд архиа уусан. Нэг мэдэхэд тасарчихсан байсан. Орой босоод ирэхэд дахиад архи авчихсан байсан. Маргааш өглөө 07 цагийн үед босоод Хархорин сумын төв орж нэг шил архи Ч авсан. Автомашин дотор архиа уусан. Ч та нар байж бай гэж хэлээд автомашинаас буугаад явсан. Удааагүй Ч буцаад ирсэн. Тэгээд Улаанбаатар хот явсан. Би Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн “Тахилт” гэх газар Бадрахтай хамт очсон. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манайд Бадрах цагдаатай ирсэн. Тэгээд намайг Х.. суманд авч ирсэн. Ч ....... сумаас ноолуур авч яваагүй... Чг ямар эд зүйл Хархорин сумаас авч явсан гэдгийг мэдээгүй...Чг танихгүй. Урьд нь харж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/  

Иргэний нэхэмжлэгч О.Ж-нийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

”...Би урьд нь болсон зүйлийн талаар тодорхой ярьсан. Ч манай гэрийн 32 инчийн зурагтыг 150 000 төгрөгөөр ломбарданд тавьсан. ...би өөрөө 150 000 төгрөгийг өгч зурагтаа авсан тул 150 000 төгрөгийг Чгээс нэхэмжлэнэ. ...би Чтэй дахиж уулзсан зүйл байхгүй. ...Чг хаана байгааг мэдэхгүй. Өөрийн гэсэн гэр орон байхгүй...” гэх мэдүүлэг /хх-17 дугаар хуудас/

Гэрч Х.Одын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

"...Би 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ЖЖЖЖЖ суманд ноолуур авахаар Бадрах, Ж, Ч гэх 3 хүнтэй хамт ирсэн. Ч гэх энэ хүн ... суманд очиж ноолуур авах гэсэн юм гээд намайг Улаанбаатар хотоос 300 000 төгрөгөөр хөлсөлж ирсэн юм. Хархорин суманд ирээд Эрдэнэзуу хийд орж мөргөчихөөд дэлгүүр орж архи аваад дараа нь Хархорин сумаас чанх хойш гараад нэг бааз дээр очсон. Би Улаанбаатар хотоос эхнэртэйгээ хамт ирсэн. Бид 5 хойно бааз дээр хоноод маргааш өглөө нь 10 цагийн үед Хархорин сумын төв рүү ирж нэг гудамжинд зогсоод би гэрлүүгээ ороод гэрээсээ юм авна гээд Ч гэррүүгээ орсон. Удалгүй нэг дөрвөлжин хар юм хар цамцаараа боогоод аваад гараад ирсэн. Тэгээд авч гарч ирсэн юмаа миний автомашины ард талын багааж руу хийсэн. Улаанбаатар хот руу ороод шууд Уртцагаан дээр очсон. Тэнд очоод би багажаа онгойлгоод бурхан гэдгийг тэгээд мэдсэн. Дөрвөлжин модон рамтай нүүр хэсэг нь шилэн өнгөний хувьд цагаан улаан, улбар шар өнгийг хослуулан дүрсэлж хийсэн бурхан байсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гарсан бензин тосны мөнгийг одоо бол нэхэмжлэхгүй. Тэр хүн өөрийн гэсэн гэр орон хүртэл байхгүй юм билээ... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Гэрч Б.Б-нын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

“... Би ..... сумаас Улаанбаатар хот руу явсан. Би 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цгаийн үед Ж  гэдэг найзындаа очсон. Гэтэл 18 цагийн үед Ч утсаар над руу залгасанаа хаана байна гэж асуусан. Би Ж гэдэг найзындаа байна гэж хэлсэн. Гэтэл Ч такситай ирсэн. Би Хархорин сум энэ машинтай явах гэж байна. ...... сумаас хүнээс ноолуур авах гэж байгаа юм. Чи хамт яваад өг гэж хэлсэн. Ч согтуу байсан тул Жийн гэрт хоносон. Маргааш өглөө нь нөгөө таксины жолооч над руу залгасан. Ч утас аваад би зардлын мөнгө олоод ярина гэж хэлсэн. Ж өөрийнхөө зургатыг ломбарданд 150 000 төгрөгт тавьсан. Тэгээд нөгөө таксины жолоочийг дуудсан. Ч ноолуур авч ирээд зурагтыг чинь авч өгнө гэж байсан. Тэгээд 13 цагаас 14 цагийн үед Улаанбаатар хотоос Ж, Ч, таксины жолооч мөн жолоочийн эхнэр бид хэд Хархорин сум орж ирээд дэлгүүрээс архи аваад Ч уусан. Тэгээд Ч та нар автомашиндаа сууж бай гэж хэлээд яваад өгсөн. Удаагүй Ч ирээд багааж онгойлгож юм хийж байх шиг байсан. Бид нар Тахилт ороод автомашины багаажнаас Ч шаргал өнгийн модон хүрээтэй зурмал бурхан гаргаж ирээд хүнд үзүүлсэн. Таксины жолооч мөнгө авна гээд байсан.  Ж бид хоёр Тахилт дээр буусан. Би ямар учиртай бурхан юм бэ гэж асуусан. Чамд хамаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Гэрч Ё.Жанчивдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

“...20 цагийн үед манайд Ч.Б бас нэг хүн мөн жолооч гэсэн нэг залуу бас нэг хүүхэн ирсэн. Тэгээд манай гэрт архи уусан. Тэр шөнө жуулчны баазад хоносон. Өглөө явсан. Надад Улаанбаатар хотоос Архангай аймаг орох гэж байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-15 дугаар хуудас/

Гэрч Г.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн

“... Би Н овогтой Чг танина. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ..... багийн ..... 11-25 тоотод оршин суух ирэн С.Сгийн гэрээс зурмал бурхан алдагдсан. Уг бурханыг Ч хулгайлсан гэдгийг тогтоож би Чтэй хэдэн удаа утсаар холбогдож “чи бурхан хулгайлсан байна. Ирж бурханыг өг гэж хэлсэн” Ч  “би очиж өгнө” гэж хэлсэн. Үүнээс хойш Ч хаана байгаа нь тодорхой бус байсан.  Гэтэл Улаанбаатар хотоос Архангай аймгийн төв орох гэж 66-01 УБН улсын дугаартай автомашинтай явж байна гэсэн мэдээлэл авагдсан. Тэгээд Хархорин суманд байхад дайчлан баривчилж цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Н.Ч өөрөө цагдаа дээр ирээгүй. Ирэх байсан бол урьд нь цагдаа дээр ирэх боломж байсан шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/

Гэрч Д.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлсэн

“.. Манай камерийн бичлэг 1 сарын хугацаанд хадгалдаг. 1 сараас хойш бичлэгүүд нь автоматаар устгагддаг. Манай харуул хамгаалалтын алба хүмүүсийн Жанрайсаг бурханд өргөсөн сэвтсэн бурхад болон шашны эд зүйлүүдийг цуглуулах, хураах ажиллагаанд оролцдоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/

Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлсэн

“... Хүмүүс өөрдийн хэрэглэж байсан бурхан шашны эд зүйлүүдийг ганданд өргөдөг. Өргөсөн эд зүйлүүд нь бүгд сэвтэй байдаг. Хүмүүсийн өргөсөн бурхадыг цуглуулж байгаад 2-3 сарын дараа хайлуулдаг. Хайлуулсан бурхадын бүртгэл судалгаа гэж байдаггүй. Мөн хариуцсан хүн гэж байдаггүй. 04 дүгээр сараас хойш өргөсөн бурхан болон эд зүйлүүдийг хайлуулаагүй болно. Орж үзэж харж болно...” гэх мэдүүлэг /хх-50 дугаар хуудас/

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлсэн

“... Манай аав Сгийн гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цаасан дээр зурсан олон бурханыг дүрсэлсэн хөх өнгийн дэвсгэрт зурмал бурхан алдагдсан. Энэ бурхан манай эмээ Пагамжуугаас манай ээж Чанцалнямд өвлөгдөж ирсэн бурхан. 2000 онд манай ээж нас барсан. Үүнээс хойш манай аав шүтэж байгаа бурхан.  Уг бурханыг хуучны зурмал бурхан гэдгийг Нямдоржийн Ч сайн мэднэ. Ч нь манай аавынд байнга ирж хонож өнжөөд явдаг байсан. Н.Ч нь манай аав Сгийн ахын хүүхэд. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийдэгдэж байсан. Өөрийн гэсэн эд хөрөнгө болон гэр орон байхгүй. Тэнэмэл амьдралтай хүн. Ч уг бурханыг Улаанбаатар хотод ганданд өргөсөн гэж ярьж байсан. Би уг бурханыг Ганданд өргөөгүй байх гэж бодож байна. Ч урьд ял шийтгэл эдлэж байсан. Тийм учраас тэр бурхныг зарсан эсхүл нэг газар хадгалж байгаа байх гэж бодож байна...” /хх-51 дүгээр хуудас/

Гэрч О.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлсэн

“.. Миний үзсэн зурагт байх бурхан нь хуучны шинжтэй бар зураг байна. Бар зураг гэдэг нь модон дээр хэв гарган түүн дээр бэх  түрхэж цаасан дээр болон даавуун дээр хэвлэдэг юм. Бар нь одоо үед хийгдэхээ больсон. Хуучны хэвлэмэл бурхан байна. 60х50 см хэмжээтэй бурхан нь одоо зах зээлийн ханшаар 800 000-900 000 төгрөгийн үнэ ханштай. Гар зурмал хийц нарийнтай бурхан бол үнэд хүрнэ. Хөх цаас нь бэх сайн шингээж авдаг...” гэх мэдүүлэг /хх-110-111 дүгээр хуудас/

Шинжээч О.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгсэн

“... Манайд үнэлүүлэхээр ирж байсан шинжээч томилох тогтоолтой 60х50 см хэмжээ бүхий олон бурханы дүрийг бүтээж зурсан бурханыг үнэлхэдээ Эрдэнэзуу хийдийн музейд байх бурханы үнэлгээ болон ----- суманд уран зураг зурдаг хүмүүсээс тодруулага хийж дүгнэлт өгч үнэлгээ гаргасан юм. Бар гэдэг нь хуучин цагийн хэвнээс цаас торго зэрэгт хэвлэдэгийг хэлдэг юм. Тэр зурмал бурхнаас хямд үнэтэй байдаг зэргийг үндэслэн дүгнэлт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-114 дүгээр хуудас/        

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/

Хохирогч С.Сгийн бурханы үнэлгээ /хх-ийн 123-125 дугаар хуудас/

Сэжигтэн Н.Чг эрэн сурвалжилсан материалууд /хх-23-38 дугаар хуудас/

Гандан хийдэд өргөсөн гэх бурхан дотор хохирогч С.Сгийн бурхан байгаа эсэхэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-44-45 дугаар хуудас/

Гэрэл зураг хураан авсан тогтоол, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 105-109 дүгээр хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Н.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ..... багийн ..... 11-25 тоотод байх иргэн С.Сгийн гэрээс хөх өнгийн цаасан дээр олон бурхны дүр гаргаж бүтээсэн хэвлэмэл бурхан хулгайлж, хохирогч С.Сд 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч С.Сгийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаарх мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7, 46, 112 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч О.Ж-нидийн, гэрч Х.Од, Б.Б-н, Ч.О, Ё.Ж,  Г.Д, Д.А, Ц.Г, О.Г мэдүүлэг /хх-ийн 8-9, 17, 10-11, 12-13, 14, 15, 47, 49, 50, 110-111 дүгээр хуудас/, шинжээч О.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр хуудас/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ч нь гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.                                                                                           

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Шүүгдэгч Н.Ч нь урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдэж ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хх-ийн 65, 66 дугаар хуудас/ тогтоогдож байгаа боловч шүүгдэгч нь 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар 02 жил 08 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж уг хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх ба тэнсэн хянан харгалзах хугацаа нь дуусаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар шүүгдэгч нь ялгүй болсон байна.  

Иймд шүүгдэгч Н.Чг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг нь харгалзан баривчлах ял оноох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Чгээс 900 000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Сд, 150 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Ж-нидэд олгохоор шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Н.Чгийн цагдан хоригдсон 129 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12.5*9 хэмжээ бүхий нэг ширхэг гэрэл зургийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.             

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. О овогтой Н-н Чг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Н.Чг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сар 25 /хорин тав/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар Н.Чд ногдуулсан 5 /тав/ сар 25 /хорин тав/ хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар  Н.Чгийн цагдан хоригдсон 129 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12.5*9 хэмжээ бүхий 1 ширхэг гэрэл зургийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Н.Чгээс 900 000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнтолгой баг, ..... 16-17 тоотод оршин суух С.Сд 150 000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 13-94 тоотод оршин суух О.Ж-нидэд тус тус олгосугай.

8. Н.Чгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА