| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2018/00443/И |
| Дугаар | 481 |
| Огноо | 2018-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 481
| 2018 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 139/ШШ2018/00481 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багт оршин суух, Баян уул овогт Л.Ө /ЗП59021517/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1959 онд төрсөн, энэ жил 60 нас хүрч байгаа, улсад 30 жил ажилласан. 1975 оны 01 сарын 01-нээс 1977 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад хоньчноор ажиллаж байгаад 1977-1980 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1980 оны 11 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад үхэрчнээр ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт бүрэн боловч эх баримттай нь тулгах гэхээр архивын баримт нь гарч ирэхгүй, тодорхой бус байгаа тул хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг, баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэрэг баримтуудыг үндэслэн миний 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ө нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975-1977 он хүртэл мал маллаж байгаад 3 жилийн цэргийн албанд явсан. Цэргээс 1980 онд ирээд 1989 оныг дуустал үхэрчнээр Хөгжил нэгдэлд ажилласан юм. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч архивт ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал нь байхгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Л.Ө-ын ажилласан жилийн хугацааг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ө нь ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Ө-ыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилсон, чөлөөлсөн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.Ө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баян уул овогт Л.Ө-ыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл, 1980 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР