Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Л.Б,

Өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Шинжээч: С.Шүрцэцэг,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Лгийн Бт холбогдох 212800000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагийн үед Өмнөговь аймгийн Г сумын 3 дугаар баг, Ямаан усны хажуу гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Г-г үл ялих зүйлээр шалтаглан нарийн хар өнгийн машины хамераар нүүр болон нурууны ар хэсэгт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хамар, зүүн чихэнд язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.Быг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ямаа гаргаж байсан юм. Гадаа гал дээр ус буцалгаж байсан. Хог шороо ус руу орсон байсан. Би дахиж ус хийсэн. Тэгээд Б.Г-г зодсон юм. Манай дүү нарыг муу муухайгаар харааж загнасан. Ирэхээрээ нэхэж байгаад ямаа аваад явдаг. Хоол хүнс идэх юмгүй болохоороо л манайд ирдэг.

Шинжээч С.Шүрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г-т холбогдох шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчөөс шинжээчийн мэдэлд шилжүүлсэн баримтуудыг үндэслэн гаргасан. Хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу хөнгөн гэмтэл гэж тогтоосон. Зүүн чихний дэлбээнд шарх гэдэг үзүүлэлт нь өөрөө хөнгөн гэмтэлд хамаарч байгаа. Мөн цус хуралт гэмтлүүд байгаа. Олон удаагийн үйлчлэл байна гэдгийг үүгээр нотолсон. Урагдсан язарсан хоёрын хооронд ялгаа байхгүй. Хөхөрсөн гэдэг бол цус хуралт юм.

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Г сумын Тост багийн нутаг Ямаан усны хажуу гэх газарт байх өөрийн гэртээ нөхөр Бт 2021 оны 09 сарын 25-ны өглөө зодуулсан. Би 09 сарын 25-ны өглөө босоод цай чанасан. Тэгээд удаагүй хадам ээж Ц нь манайд ирсэн байсан учраас бас дахин цай чанахаар гал дээр тавьж орхичихоод ямаа саагаад гэрт орж ирэхэд манай нөхөр Б орноосоо босоод Ттой цайг үүд рүү өшиглөж унагаасан. Миний ээжийн цай руу хор хийж өгөх гэж байна гэж хэлсэн. Б босож ирээд нарийн хар өнгийн машины хамераар миний нүүр рүү 2, 3 удаа шавхарч цохьсон. Тэгээд би гэрээсээ гараад зогсоход миний шилэн хүзүү, ар нуруу хэсэг рүү маш олон удаа уг хамераараа цохиж зодсон. Би зугтахад миний араас чулуу шидсэн ба миний толгойны ард нэг чулуу оноод толгойны ар хэсэгт хавдсан байгаа. Би зугтаж байгаад буцаж гэртээ очоод орох гэхэд хаалгаа дотроосоо түгжсэн ба гэрийн дотроос намайг хөөгөөд манайхныг бүдгийг нь ална хядна гэж заналхийлсэн. Тэгэхээр нь би шууд сумын төв рүү алхаж явсан. Би гэрээсээ сумын төвийн зүг рүү яваад Ц гэх айлд очсон. Тэнд очиход миний бие өвдөөд би 3 хоног гэрт нь хэвтсэн. Тэгээд төв зам руу хүргүүлээд замын унаанд дайгдаж өнөөдөр сумын төв дээр ирсэн юм. Одоо миний хүзүү, ууц нуруу хамераар цохиулсан болохоор их өвдөж байна. Хамрын хажууд шалбарсан шархтай чих өвчтэй байгаа. Миний зүүн хацар шанаа хэсэг тухайн үед их том хавдсан байсан ба хар цайгаар жин тавьж хавдрыг нь буулгасан. Бас толгой ихээр өвдөж байна. Зүрх өвдөж даралт ихэссэн. Би Бтай хамтран амьдраад 30 гаруй жил болж байна. 1989 оноос хойш хамт мал маллаж амьдарч байна. Би нэг хүүтэй Т гэх залуу байгаа. Миний хүү Г сумын төвд эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Б бид хоёрын дундаас нэг хүүхэд гараад тэр маань 7 хоногийн дараа нас барсан юм. Тэрнээс хойш хүүхэдтэй болоогүй. Манай нөхөр Б нь архи уусан үедээ намайг байнга цохиж зоддог байсан. Өмнө нь залуу байхад өөр хүнтэй хардаж сэрдээд цохиж зоддог байсан. 2021 оны 09 сарын 25-ны өдөр зодохоос өмнө 2021 оны 08 сард сумын төвөөс хөдөө гэртээ очихдоо архи уучихсан ирээд намайг зодож цохьсон. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй шууд л намайг цохиж зодсон. Намайг гэртээ зодохдоо гартаа таарсан юмаа авч шидээд цохиж зоддог. /хх-ийн 09-р хуудас/

Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Г гэх хүн бол миний ээж байгаа юм. Г сумын төвд өөрийн гэртээ ганцаараа амьдардаг. Б гэх хүнийг би сайн танихгүй. Г сумын Тост багт хөдөө мал малладаг хүн байдаг юм. Миний мэдэхээр бол Б нь сумын төв дээр ирэхээрээ манай ээж дээр ирж уулзчихаад явдаг. Хааяа манай ээж хөдөө гэрт нь очоод хэд хоночихоод буцаад хүрээд ирдэг. Хамтран амьдарч байгаа хүмүүс бол биш. Заримдаа огт уулзахгүй байж байгаад хааяа гэрт нь байж байхад ээжийнд Б нь ирээд байдаг юм. ...Гэртээ байж байх үед нь би гэрт нь очиход нуруу нь өвдсөн эмнэлгээр явсан талаар хэлсэн. Юунаас болсон талаар асуухад Бын гэрт байж байгаад Баар зодуулсан гэж хэлсэн. /хх-ийн 12-р хуудас/

Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Энэ хүмүүсийн амьдралыг сайн мэдэхгүй юм. Нэг гэрт хамт амьдардаг хүмүүс бол биш. Миний мэдэхээр Б нь Б.Г-г дуудаад байдаггүй. Г нь өөрөө Б дээр очиж хөдөө гэрт нь хамт хэд хонож байгаад буцаад сумын төв рүүгээ явчихдаг юм билээ.

Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Г нь их ширүүн ааш зантай хүнийг элдвээр хэлж доромжилдог хүн байгаа юм. Сэтгэцийн өвчтэй хүн шиг л аашилдаг. Гартаа таарсан юмаа хүн рүү шиддэг, шороо чулуу цацдаг хүн байгаа юм. Бид нар тэрийг нь мэдээд янз бүрийн юм ярихаа больсон. Өмнө нь Б нь Б.Г-г зодож байгаагүй. /хх-ийн 17-р хуудас/

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай ах бол 2010 онд Г-той хамтран амьдарч байсан бөгөөд ааш, зангаасаа болоод салчихсан. Тэрнээс хойш Тост багт айлын мал маллаж байгаа. Өөрөө малтай хүн байгаа юм. Г нь очиж манай ахаас мал хүнс, мөнгө төгрөг бусад хэрэгтэй юмнуудыг хүчээр аваад тавилга эд хогшлыг нь эвдэж хэмхлээд явчихдаг юм. Сумын хүмүүс Б.Г-г мангар гэж хочилдог юм. Гаргаж байгаа үйлдэл, ааш авир нь эрүүл хүн гэхээргүй этгээд зан авиртай. Манай ах Б нь Г-той хэрүүл хийж амьдарч байгаад Б ахыг Т /бөнтөн/ эгч, ээжтэй нь хардаж хэл ам хийж залхаад тоохоо больсон. Г нь Б ах дээр очиж 2-3 хоноод буцаад явчихдаг. Хөдөө ах дээр очоод мал, мах л авах гэж очдог. Ахыг дээрэлхэж дарамталж байгаад мал, мах аваад сурчихсан, өөрийнхөө хэрэгтэй юмыг ахаас авлаа бол буцаад сумын төв дээр гэртээ ирчихдэг юм. /хх-ийн 20-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 499 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Гийн биед хамар, зүүн чихний язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, нурууны цус хуралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 25-р хуудас/

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед би Ц гэх 98 настай хараагүй өндөр настай асаргаанд байдаг ээжтэйгээ 1 сар болж байсан юм. Тэр үед ямаа саагаад ээждээ сүүтэй цай чанаж өгөхөд чи надад хар цай чанаж өглөө ээждээ сүүтэй чанаж өглөө гээд уурлаж эхэлсэн. Тэгээд гартаа хутга барьчихаад намайг ална өөрийгөө ална гээд хашхичаад гэрийн зуух өшиглөсөн. Тэр үед нь би хутгыг нь булааж авсан. Тэгээд хар өнгийн жижиг хамераар нүүр рүү нь 2-3 удаа шавхарсан. Нуруу руу нь 2 удаа цохьсон. Гэрээс түлхэж гадаа гараад намайг ална хэдэн малыг чинь чоно боохойны хоол болгож гуйлгачин болгоно гэх мэтээр хараасан. Тэгээд би гэр рүүгээ оруулаагүй. Тэр үед Г нь өөрийнхөө гэррүүгээ явлаа гээд явчихсан. Г надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би Г-т нэг тооны ямаа өгсөн. /хх-ийн 35-36-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/

Өмнөговь аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/

Өмнөговь аймгийн Г сумын Тост багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 145 дугаартай тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/

Гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 60-61-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагийн үед Өмнөговь аймгийн Г сумын 3 дугаар баг, Ямаан усны хажуу гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Г-г үл ялих зүйлээр шалтаглан нарийн хар өнгийн машины хамераар нүүр болон нурууны ар хэсэгт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хамар, зүүн чихэнд язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, шүүгдэгч Л.Бын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хүндрүүлэн хуульчилсан ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр нь 6.1.1 бие махбодын хүчирхийлэл, 6.1.2 сэтгэл санааны хүчирхийлэл, 6.1.3 эдийн засгийн хүчирхийлэл, 6.1.4 бэлгийн хүчирхийллийн хэлбэртэй байна гэж хуульчилсан.

Хохирогч Г нь шүүгдэгчтэй хамтран амьдрагчийн харилцаатай байсан хэдий ч гэр бүлийн харилцаатай, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс хоорондоо маргалдаж, зодолдсон тохиолдол бүр гэр бүлийн хүчирхийлэл биш юм.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Л.Бын хохирогч Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хэлбэрийг агуулаагүй, ахуйн шинжтэй маргааны улмаас үүссэн буюу гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Л.Бын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн    хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 499 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Гийн биед хамар, зүүн чихний язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, нурууны цус хуралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 25-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэдэгт эргэлзэж байна гэх тайлбар гаргасан боловч шинжээч эмч шүүх хуралдаанд оролцож ...хохирогчид учирсан гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу хөнгөн гэмтэл гэж тогтоосон. Зүүн чихний дэлбээнд шарх гэдэг үзүүлэлт нь өөрөө хөнгөн гэмтэлд хамаарч байгаа. Мөн цус хуралт гэмтлүүд байгаа. Олон удаагийн үйлчлэл байна гэдгийг үүгээр нотолсон. Урагдсан язарсан хоёрын хооронд ялгаа байхгүй. Хөхөрсөн гэдэг бол цус хуралт юм ...гэх мэдүүлэг өгсөн ба шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Би гомдолтой байна. Уг асуудлыг хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлмээр байна /хх-ийн 09-10-р хуудас/ гэх ба шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Л.Б нь хохирогчид 1 бог мал өгсөн байх тул шүүгдэгч Л.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Бын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “Бүртгэгдээгүй” /хх-ийн 43-р хуудас/, Өмнөговь аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай тодорхойлолтод: Л.Б нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаагүй нь үнэн болно /хх-ийн 45-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, Өмнөговь аймгийн Г сумын Тост багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 145 дугаартай тодорхойлолтод: Л.Б нь 1963 онд төрсөн. Ам бүл 1, ганцаар амьдардаг. Л.Б нь тус сумын Тост багийн “Хажуу” нэртэй газарт өөрийн хэдэн малаа маллан оршин суудаг нь үнэн болно /хх-ийн 48-р хуудас/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Л.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хамер 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Г-т 1 бог мал өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зүгээс шүүгдэгч Л.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч М овогт Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хамер 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Г-т 1 бог мал өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА