Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1305

 

 

 

2022         09         06                                 2022/ШЦТ/1305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч М.Оюунбат /томилолт/,

хохирогч Ц.Б,

хохирогч, шүүгдэгч *******,*******нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,*******нарт холбогдох эрүүгийн 2206 00090 1800 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Элизабет хүннү гудамж 215 дугаар байрны 701 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, *******

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам ХНН Зорчигч вагон депод үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Хар усан тохой хэсэг гудамжны 27 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Ц.Ж

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан өлгий 36 дугаар гудамжны 654 тоотод үл ойлголцсон хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас маргалдан харилцан зодолдож Ц.Ж, Ц.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ц.Ж нь *******арал-Эрдэний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******,*******нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна.

Хохирогч Ц.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “Манай дүү би жоохон хүүхэдтэй байна, намайг ирээд авчих гээд дуудсан. Тэгээд намайг очиход энэ хэд сууж байсан. Айлын хүнтэй хэдэн төгрөг авах ёстой гээд мөнгө төгрөгийн асуудал яриад байсан. Тэгээд миний машинд бензин хийж өгнө гэхээр нь би тэр хамаагүй, орой болсон хойно яах гэж айлд сууж байгаа юм бэ, явъя гэхэд түр хүлээж бай гэсэн. Тэгээд сууж байхад гаднаас 4-5 хүн орж ирээд учир зүггүй орилоод, миний гарыг хазаад байсан. Тэр үед Марал-Эрдэнэ өөр нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Намайг тонгорч унагаагаад миний бөөр рүү өшиглөөд байсан. Тэгээд байж байснаа нөгөө өрөөнд байсан манай эмэгтэй дүү рүү ороод жоохон хүүхдийг нь орилуулаад, манай дүүг үсдээд байсан. Тэгээд би цагдаад хэллээ гээд зугтаачихсан. Бөөр өвддөг болсон. Сая гаран төгрөгийн эмчилгээ хийлгэсэн” гэв.

Хохирогч Ц.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Марал-Эрдэнийн нөхрийг танина. Бид нар 10 жил найзалж байгаа найзууд. 2016 онд миний приус 30 маркийн машины янданг авсан байсан. Би тэрийгээ нэхэхэд найз нь өгнө гэж хэлж байсан. Тэр өдөр над руу залгаад чамд мөнгө өгөх гэсэн юм, Монелийн энд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би эгчтэйгээ явж байсан. Тэгсэн чинь найзыгаа манай гэр рүү дөхүүлээд өг, би гэрээс мөнгө аваад өгье гэж хэлсэн. Нямсүрэн замаараа 1 пиво авсан. Очсон чинь грашид байсан залуу согтуу орж ирсэн. Тэгсэн чинь манай ахыг хүргээд өг, бензин хийж өгье гэж хэлсэн. Тэгээд манай эгч гэр рүү нь хүргэж өгсөн. Тэнд сууж байгаа ахтай Нямсүрэн хамт пиво уусан. Би гэрт нь ч ороогүй. Хүүхэдтэй хүн орой боллоо гэж хэлсэн. Тэгээд гэрийнх нь үүдэнд очиход та нар манайд ороод ир, бууз жигнэж өгье гэж хэлсэн. Гэрт нь ороод 30 минут болоод байж байхад эхнэр нь ороод ирсэн. Шууд орж ирээд орилоод л манай эгч рүү дайраад байсан. Би айгаад цаад өрөө рүү нь орсон. Тэгээд чагнаад байж байсан чинь манай эгч хүн аллаа гээд орилоод байсан. Тэр үед гарыг нь хазчихсан байсан. Тэгэхээр нь өрөөнөөс нь гараад болиоч ээ чи гэж орилсон. Тэгсэн чинь над руу дайраад намайг татаж аваад үсдээд байсан. Би хүүхдээ газар унагаасан. Тэгээд Нямсүрэнгийн ээжид хүүхдийг минь аваарай гээд орилсон чинь хүүхдийг маань аваад гэр рүүгээ орсон. Тэгээд манай эгч цагдаа дуудах гээд гараад явсан. Тэгээд би хүүхдээ аваад зугтах гэсэн чинь Марал-Эрдэнэ намайг үсэдсэн. Шинжээчийн дүгнэлтээр учирсан хохирлыг ******* учруулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв,

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай хашаа байшин байдаг. Тэгэхэд энэ 2 үл таних эмэгтэй манай нөхөртэй архи уугаад сууж байсан. Би юун хүмүүс вэ гэснээс болж маргаан үүссэн. Тэгээд зодолдсон. Зодооноос болж 3 сарын хугацаанд гэртээ хэвтсэн. Доошоо цус алдсан. Эхэс ховхролттой гэсэн. Миний үс халцарсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Манай хүүхэд 3.2 грамм эрүүл саруул төрсөн” гэв,

Хавтаст хэргээс

Хохирогч *******“2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хамтран амьдрагч Нямсүрэн гэртээ ирэхгүй байхаар нь хадам ах Бямбанамсрайгаар хадам ээж болох Аварзэд рүү утсаар яриулахад Нямсүрэн гэртээ ирчихсэн байна гэж хэлэхээр нь очиж авахаар Бямбанамсрай, Энэрэл хоёрын хамт очиход Нямсүрэн хоёр танихгүй эмэгтэй хүнтэй хамт гэртээ согтуу сууж байсан. Тэгээд ямар учиртай хүмүүс юм гэхэд нэг эмэгтэй нь чи одоо хэн вэ зайл гичий минь гэж хэлэхээр нь чи намайг хөөдөг хэн вэ гэж хэлээд хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл намайг үсдэж аваад доош нь дараад миний нүүр хэсэгт гараараа нэлээдгүй олон удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Хохирогч Ц.Бгийн “Дүүтэйгээ хамт байж байхад гаднаас гэнэт 2 эрэгтэй, эмэгтэй хүн орж ирээд хоёр эмэгтэй нь учир зүггүй өөдөөс орилж дайраад над руу дайрахаар нь би яагаад байгаа юм гээд Нямаагийн эхнэр ч юм уу явалддаг эмэгтэйг цаашаа түлхэхэд над руу шууд үсдэж дайраад нүүр амнаас маажаад хүзүүнээс маажаад байж байхад нөгөө эмэгтэй нь намайг барьж аваад унагаагаад миний дээр суусан тэгээд би газарт хэвтэж байхад намайг эхлээд үсдэж дайрсан эмэгтэй нь дүү Жавхлан дээр очсон ба Жавхлан гартаа хүүхдээ барьсан байхад цохиж зодоод нүүрийг маажаад дайраад байхаар нь би босож ирээд хүүхэд аллаа гэж хэлээд хүүхдийг нь аваад хажуу талын гэр лүү оруулаад харж байгаач хүн алах гээд байна цагдаа дуудаад өгөөч гэж хэлчхээд эргээд Жавхлангийн байсан гэрт ороход Жавхланг нөгөө хоёр эмэгтэй нийлээд зодож байхаар нь би дайраад байсан Нямаатай холбоотой эмэгтэйг цаашаа түлхэхэд тэр эмэгтэй чи муу хэн юм гээд миний гарыг хазсан. Тэр эмэгтэй миний гарнаас хазаад тавихгүй байхаар нь мэдрэл муутай хүүхэн минь гар өвдөөд байна гар тавь гэж хэлсээр байгаад гараа амнаас нь авсан гэтэл тэр эмэгтэй дахин Жавхлан руу дайраад үсдээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Хохирогч Ц.Жгийн “Нямаагийн гэрт ороод байж байхад Нямаа нь хоол хийх байж байхад гаднаас шар үстэй согтуу эмэгтэй орилж орж ирээд эгч Баясгалан руу дайрахаар нь би айсандаа хүүхдээ дагуулаад жижиг өрөөнд орж хаалгыг хаагаад зогсож байхад манай эгч Баясгалан зодоод байх шиг болохоор нь би та нар болиоч ээ хүн аллаа ш дээ гэхэд шар үстэй эмэгтэй миний зүүн гарын эрхий хурууг хазсан. Миний хурууг хазахаар нь би хүүхдээ барьсан байсан ба тэр үед Нямдоржийн ээж нь орж ирэхээр нь манай хүүхдийг аваарай гэхэд шар үстэй эмэгтэй хүүхэдтэй чинь хамт ална гэх мэт зүйл ярьж байхад Нямдоржийн ээж нь хүүхдийг аваад гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Гэрч Б.Энэрэлийн “Марал-Эрдэнэ нь махлаг шар хүүхэнд үсээ зулгаалгасан сөхөрсөн байдалтай байж байхаар нь юу болоод байгаа юм вэ та нар чинь яаж байгаа юм гээд салгах гэхэд зууралдаад тавихгүй байсан ба тэр хоёрыг салгах гээд байж байхад миний араас өөр нэг эмэгтэй үснээс зулгаагаад үснээс огт тавихгүй байсан. Тэгээд юу болсон талаар сайн хараагүй бөгөөд астомтай учир уурлахгүй гээд Марал-Эрдэнийг аваад гарсан. Марал-Эрдэнэ нь махлаг шар үстэй эмэгтэйтэй зууралдаад байж байсан тэгж байхдаа тэд нар бие биенээ хазсан байж магадгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаартай шинжээчийн “******* биед хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна доод хэсэгт, баруун хацарт зулгаралт, зүүн мөр, булгалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  245 дугаартай шинжээчийн “А.Жавхлангийн биед дух, чамархай, зулай, дагз хэсгийн үс уналт, дух, шанаа, хамар, хацар, эрүүнд зулгаралт, сарвуунд язарсан шарх, хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн “Ц.Бгийн биед баруун гарын ядам хурууны хазагдсан шарх, хүзүү, эрүү, баруун чихний дэлбээ, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, шахах механизмаар цохих, хазах үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Шүүгдэгч ******* хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 88-90 дэх тал/,

Шүүгдэгч Ц.Жгийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 99 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 102 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 104-105 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 94-98 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд хууль зүйн дүгнэлт хийлээ.

2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан өлгий 36 дугаар гудамжны 654 тоотод үл ойлголцсон хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас маргалдан харилцан зодолдож шүүгдэгч ******* нь Ц.Ж, Ц.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч*******нь *******арал-Эрдэний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч *******, Ц.Ж, хохирогч Ц.Б, гэрч Б.Энэрэл нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч *******,*******нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Хохирогч Ц.Б, Ц.Ж, ******* нар нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тус мэдүүлэгт авагдсан Ц.Ж, ******* нарын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул Ц.Жг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, *******арал-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүнийг хохироож үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Ж, ******* нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлжээ.

             Хохирогч Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу *******эс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч************** нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Жд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол  шүүгдэгч *******,*******нар торгох ялыг хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

          Шүүгдэгч Ц.Ж, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нялх биетэй, жирэмсэн гэх хувийн байдал, ахуйн хүрээнд, үл ойлголцон хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шинж чанар зэргийг харгалзан Ц.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******,*******нарын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******,*******нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүнийг хохироож үйлдсэн”,

Ц.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Жд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******,*******нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******,*******нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Хохирогч *******,*******нар баримтаар хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн бөгөөд хохирогч Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******эс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******,*******нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******,*******нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ