Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1115

 

 

         2022          09          12                                   2022/ШЦТ/1115

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Э.Оргилбат /томилолтоор/,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.09.07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Т” ХХК-д авто механикч, менежер ажилтай, ам бүл-7, эхнэр, хадам эх, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Шинэ гэр хотхоны 00а-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Сутай овогт А-гийн Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 3 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэрлэг рүү архи барин очиж, тус цэцэрлэгт жижүүр ажилтай Б.Гтой архидан согтуурч, улмаар Б.Гийн нүүрэн тус газарт гараараа цохих, хүзүүг нь боох зэргээр зодож бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

- Хохирогч Б.Гийн “Миний бие Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэрлэгт жижүүрээр ажилладаг бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр жижүүртэй ажиллаж байхад тухайн өдрийн шөнийн 02 цагт эхнэрийн дүүгийн нөхөр болох ******* нь утсаар залгаад “хаана байна” гэж асуусан ба “ажилтай хонож байна” гэж хэлэхэд яваад очно” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд ******* удалгүй нэг шил архитай манай ажил дээр ирсэн бөгөөд тухайн авчирсан архийг нь хамт ууж сууж байгаад ******* нь намайг “дүү нартаа тусалдаггүй, арчаагүй, хувиа хичээсэн” гэж надтай маргалдаад миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан бөгөөд намайг унасны дараа Ц нь миний дээр гарч суугаад миний хоолойг боосон. Тухайн ү?д нь би “одоо боль, намайг битгий зодооч гэж хэлэхэд ******* миний дээрээс босоод яваад өгсөн”” гэх мэдүүлэг /хх-8-9/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 9406 дугаартай “Б.Гийн биед хамар ясны хугарал, баруун нүдний алим, зовхи, дух, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-20-21/,

- Яллагдагч *******ын “Тогтоолтой санал нэг байна. Тухайн үед Г дээр ганцаараа очсон бөгөөд тухайн авч очсон архиа Гийн хамт ууж байгаад тухайн үед яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тухайн үед маргалдаад заамдалцаж байгаад Б.Гийн нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Миний бие уг хэргийг хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-33-34/,

- Яллагдагч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-45-46/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, хохирогч Б.Г нь нэг айлын баз хүргэчүүд гэх бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэрлэг дотор хохирогч Б.Гийн ажлын байран дээр архидан согтуурч,  улмаар “дүү нартаа тусалдаггүй, арчаагүй, хувиа хичээсэн" гэх шалтаг хэлж Б.Гийг нүүр рүү нь хэд хэдэн удаа цохих, хүзүүг нь боох зэргээр зодож цохин түүний биед “хамар ясны хугарал, баруун нүдний алим, зовхи, дух, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан хохирогч Б.Гийн мэдүүлэг /хх-8-9/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 9406 дугаартай дүгнэлт /хх-20-21/, яллагдагч Б.Цын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Эдгээр баримтаар шүүгдэгч ******* нь тухайн үед гэнэт үүссэн хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар Б.Гийг зодсоны улмаас түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны товыг хохирогч Б.Гт мэдэгдэхэд “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг гаргаж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Хэдийгээр хохирогч Б.Г нь иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч Б.Цын хууль бус санаатай үйлдлийн улмаас түүний биед учирсан “хамар ясны баруун хажуу ханад цөмөрсөн шинэ хугарал” гэх гэмтэл нь цаашид эмчилгээ шаардлагатай байж болох тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-35/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Гийн ажлын байран дээр ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Б.Г нь хавтаст хэргийн материалтай танилцаад “нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан /хх-45/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сутай овогт Агийн Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сутай овогт Агийн Цт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Г нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г нь эмчилгээ, шинжилгээтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон *******ын оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг заасугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ