Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/721

 

 

\ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч Ц.Хулан,

хохирогч Ц.Амардүүрэн, 

шүүгдэгч И.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад Боржигон овогт Ичинноровын Өт холбогдох эрүүгийн 2211 00000 1451 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хиад Боржигон овогт Ичинноровын Ө /РД: УШ./,

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн өрмийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 31-38 тоотод оршин суудаг, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Ө нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Амардүүрэнгийн эзэмшлийн 5027199815 дугаар бүхий “Хаан” банкны данснаас карт ашиглан 1,976,950 /нэг сая есөн зуун далан зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Ө нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Амардүүрэнгийн эзэмшлийн 5027199815 дугаар бүхий “Хаан” банкны данснаас карт ашиглан 1,976,950 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч И.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч И.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... би мөнгийг нь яаж үрсэн гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан хэдэн өдөр архи уусан..." /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

Хохирогч Ц.Амардүүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Тухайн өдөр би эдгээр хүмүүстэй цуг архи уугаад цуг хоноорой гээд картаа өгөөд явсан, тэр үед миний картад 100,000 гаруй төгрөг байсан, тэгээд 25-ны өдөр миний цалин орсон байсан би маргааш нь шалгахад цалин байхгүй байсан болохоор нь би Өнөрөөгөөс картаа шалгаж асуутал Өнөрөө согтуу байсан болохоор сайн мэдээгүй байх. Өнөрөө ч бас тухайн үед миний картад цалин орсныг мэдээгүй үрсэн байх. Өнөрөө эхлээд 1 сая төгрөг, дараа нь дахиад 1 сая төгрөг өгсөн одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх

Хохирогч Ц.Амардүүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..Би 07 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гартал байрны гадна Мэндсайхан, Ө, Бүрэнбаяр нар дэлгүүрээс архи авч байсан юм. Би Бүрэнбаяр, Мэндсайхан нартай хамт нэг байгууллагад 10 орчим жил хамт ажиллаж байсан юм. Тэгээд тэд нарын авсан архинаас нь хамт ууж байгаад Мэндсайхан нэлээн согтохоор нь гэр лүү орж гэрээсээ өөрийнхөө Хаан банкны картыг авч гараад дэлгүүрээс дахин архи авсан. Архийг бид нар хамт дэлгүүр орж авсан байх гэж бодож байна. Картаа хулгайд алдсан эсэх ээ сайн мэдэхгүй байна. Өт өгсөн ч байж магадгүй юм. Учир нь би өөрөө нэлээн согтсон байж байгаад гэртээ ороод унтсан. Тэгээд маргааш өглөө нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажилдаа явсан. Ажилдаа явж байхдаа Өтай утсаар ярьж өөрийнхөө Хаан банкны картыг асуухад карт чинь надад байгаа гэж хэлсэн бөгөөд надаас картыг чинь 1, 2 өдөр хэрэглээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн юм. Кодыг нь өмнөх өдөр хэлж өгсөн болохоор мэдэж байсан байх. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 26-ны өглөө ажил дээр хамт ажилладаг залуу маань цалин орсон байна гэж хэлэхээр нь Хаан банк руу залгаад дансанд мөнгө байгаа эсэх талаар асуутал өчигдөр мөнгө ороод бүгд гарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Өнөрөө рүү залгаад мөнгө байгаа эсэх талаар асуутал мэдэхгүй байна гээд согтуу буудалд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Өыг Чимэдээ гэх залууд өгчих гэж хэлсэн чинь аваачиж өгсөн байсан...” гэх /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Гэрч Б.Бямбахорол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орой “Бага тойруу” орчмоор архи уудаг Мэндсайхан, Ө, Бүрэнбаяр нарын хамтаар гэрийнхээ гадна архи уусан байсан. Манай нөхөр томилолтоор хөдөө ажлаар явдаг учраас тухайн өдрийн маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 24-ний үүрийн 05 цагт томилолтоор Өмнөговь аймаг руу явсан. Харин 2022 оны 07 дугаар сарын 23-ны орой бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба өөрийнхөө Хаан банкны картыг хаана хаясан талаараа сайн мэдэхгүй байсан юм. Гэхдээ хамт архи уусан хүмүүс авсан байж магадгүй гэж надад хэлж байсан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай нөхрийн цалин нь орсон ба тухайн өдрийн орой Хаан банкны аппликейшн ашиглан данс руу ортол цалин 2 сая төгрөг орж уг мөнгө нь хэд хэдэн удаагийн гүйлгээгээр гараад явчихсан байсан...” гэх /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Гэрч У.Бүрэнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:“...Би өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Хүүхдийн Урлан бүтээх” төвийн дэргэд Мэндсайхан, Өнөрөө, Анхбаяр нар архи уучихсан явж байхаар нь хамт нийлж архи ууж уусан ба тэр архиа дуусгачхаад би Анхбаяртай дахин “120” орж архи уух гээд салаад явсан юм... Намайг очиход тэд нар архи авчихсан ууж байсан юм шиг санагдаж байна... Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Би бол түүний картыг хараагүй...” гэх /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Гэрч Б.Нямгарав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний багийн Нараа гэх танил эрэгтэй маань намайг Дөлгөөн нуурын дэргэд байрлах “Кроун” нэртэй буудалд хүрээд ирээч гэж дуудахаар нь хэд хоногийн өмнө ганцаараа очсон юм. Намайг очиход дээрх буудалд Нараа, Өнөрөө, Мэндсайхан нар байсан ба архи дарс, идэх юм авчихсан байсан. Тэгээд бид нар түүнийгээ ууж байтал нэмэгдэж нэрийг нь мэдэхгүй байна бас нэг эмэгтэй болон хэд хэдэн хүн нэмэгдэж ирээд зарим нь гарч яваад байсан. Өнөрөө гэх ах 2, 3 өрөө авсан байсан ба Өнөрөө гэх хүн сүүлд ирсэн эмэгтэйтэй нэг өрөөнд хонож харин Нараа, Мэндээ бид 3 нэг өрөөнд хэд хоносон. Тэр буудалд 2, 3 өдөр архи ууж хоноцгоосон юм. Тэгээд өнөөдөр өглөө босоод бөөнөөрөө өрөөнд байж байтал цагдаа нар ирээд бид нарыг авч ирсэн юм... Бүгдийг нь Өнөрөө гэх хүн төлсөн. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гарж ирчхээд буудлаа сунгачихсан гээд байсан...” гэх /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Гэрч Б.Наранбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гадуур явж байтал манай Баянхонгор аймагт амьдарч байсан Мэндсайхан гэх залуутай уулзаад бид 2 Ар согоотод Нямгаравтай очиж уулзсан. Тэгээд гурвуулаа байж байтал Мэндсайханы танил гэх Ө гэж хүн Мэндсайханыг Дөлгөөн нуурын дэргэд байрлах “Кроун” нэртэй буудалд байна гээд дуудаад байсан юм. Тэгээд очтол Ө гэх хүн нэг эмэгтэйтэй байсан бид нарыг очтол архи болон идэж уух юмыг бүгдийг нь Өнөрөө гэх хүн авч өгсөн ба мөн дээрх буудлаас 3 өрөө авчихсан байсан юм. Мөн би дээрх буудалд Мөнхцэцэг гэх хүнийг дуудсан ба бид нар уг буудалд 2, 3 хоног архи уусан юм... Бүгдийг нь Өнөрөө гэх хүн төлсөн...” гэх /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Гэрч Т.Мэндсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд түүнээс хойш өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тухайн буудалдаа байрлаж архи уусан бөгөөд архи болон буудлын мөнгийг бүгдийг нь Ө даагаад байсан. Тэгээд өчигдөр цагдаагийн газарт ирээд Амраагийн данснаас мөнгө алдагдсан гэдгийг нь мэдсэн юм. Би түүнээс та ямар мөнгөөр архи болон буудал аваад байгаа юм бэ гэж асуухад манай нэг найз 500,000 төгрөг явуулсан тэр мөнгөөрөө ууж байна гэж хэлсэн...” гэх /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

“Хаан” банкны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29/5494 дугаартай албан бичиг, түүний хавсралт /Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 41-45 дугаар тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Ц.Амардүүрэнгийн мэдүүлэг, дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч И.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч И.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлбөрөө барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөрөө барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй нөхцөл байдлыг харгалзан нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч И.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Амардүүрэн хохирол төлбөрөө авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч И.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиад Боржигон овогт Ичинноровын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Өт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД