Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 487

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “О ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ё” ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 427200000 /дөрвөн зуун хорин долоон сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц , Б.Б , хариуцагчийн төлөөлөгч Н.Б , хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э , нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “О ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 2016 оны 12 сарын 1-ний өдөр  “О ” ХХК нь “Ё ” ХХК-тай хөрс хуулалтын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож ХГ/2016/03 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр “О ” ХХК нь “Т ” ХК болон “Ё ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 сарын 3-ны өдрийн ХГ/2016/009 тоот Ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Ийнхүү нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн Тавантолгой тосгоны нутаг дэвсгэрт кемп түрээслэхийн сацуу иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудаас ажил гүйцэтгэхэд шаардагдах экскаватор, өөрөө буулгагч машин, түлшний автомашин болон явуулын засварын цех зэрэг тоног төхөөрөмж, машин механикмыг түрээслэн авч хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Эхний санхүүжилтээр нийт 139400000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг тээвэрлэн хүргүүлсэн зардал 4000000 төгрөг, “Х” ХХК-с “К-480” маркын экскаваторын түрээсийн төлбөрийн урьдчилгаанд 40000000 төгрөг, экскаваторын тээврийн хөлс 7000000 төгрөг, кемпийн түрээс 5000000 төгрөг, засварын цехийн түрээсийн төлбөр 5000000 төгрөг, түлшний машин 5500000 төгрөг, түлш 13900000 төгрөг, бусад зардал 59000000 төгрөгийг тус тус зарцуулсан нь баримтаар тогтоогдоно. Одоогийн байдлаар “О ” ХХК нь их хэмжээний өртэй болоод байна. Бид графикын дагуу нийт 106,600 м3 хөрс хуулалтын ажлыг бүрэн хийж дуусгасан ба “Ё ” ХХК нь сар бүр “Т ” ХК-тай хөрс хуулалтын акт үйлдэн, тахеометрийн аргаар хэмжилт явуулж, ажлаа бүрэн хүлээлцсэн байдаг. Улмаар “Ё ” ХХК нь “Т ” ХХК-иас хөрс хуулалтын ажлын төлбөрийг 100 хувь шилжүүлэн авчээ. Гэтэл гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу манай компанид 2016 оны 12 сарын төлбөр нийт 61600000 төгрөг, 2017 оны 1 сарын төлбөрт 247200000 төгрөг, 2 сарын төлбөрт 118400000 төгрөг, нийт 427200000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэнгүй. Иймд 427200000 төгрөгийг “Ё ” ХХК-иас гаргуулж өгнө үү. 

Би “О ” ХХК-ий нягтлан бодогчоор ажилладаг. Гэрээг цуцлах тухай манай байгууллагад мэдэгдсэн зүйл байхгүй. Энэ ажлыг хийж гүйцэтгэснээс болж өр төлбөрт орсон байгаа. Энэ ажлыг 2017 оны 2 сарын 24-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн болох нь “Х ” ХХК-ний манай компаниас 57200000 төгрөг нэхэмжилсэн хүсэлтээр нотлогдож байгаа гэжээ. 

Хариуцагч “Ё ” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “О’’ ХХК-ий нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компаний гүйцэтгэх захирал Б.М-тай 2016 оны 12 сарын 1-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 3.8-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу “О ” ХХК  нь 1 сарын хугацаанд 250000 метр кубээс доошгүй хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Гэрээ байгуулснаас хойш “О ” ХХК нь 2016 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар 15000 метр куб хөрс хуулалт, 2017 оны 1 сарыын 26-ны өдрийн байдлаар 61800 метр куб хэмжээтэй хөрс хуулалтыг хийж гүйцэтгэсэн нь талууд ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг дүгнэж үзэхэд тогтоогдсон. “О ” ХХК нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас манай компани болон “Таван толгой” ХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 3 сарын 3-ны өдрийн ХГ/2016/009 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхэд шууд хүндрэл учирч, цаашилбал тус гэрээ цуцлагдах хүртэл үр дагавар бий болсон. Иймээс манай компаниас “О ” ХХК-д гэрээнд заасан хэмжээгээр ажлаа гүйцэтгэхийг шаардаж бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч ажлын гүйцэтгэл гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй тул 2017 оны 2 сарын 5-ны өдрөөр тасалбар болгон “О ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М-т гэрээг цуцлах хүртэлх хугацааны хийж гүйцэтгэлээр 61800 метр куб хөрс хуулалтын төлбөрийг 2017 оны 2 сарын 14-ний өдөр олгож дуусгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ огт төлбөр аваагүй мэтээр бичсэн нь худал бөгөөд 2017 оны 1 сарын 25-нд олгох ёстой 61600000 төгрөгөөс зээлээр олгосон түлшний төлбөрийг хасч 33321320 төгрөгийг, 2017 оны 2 сарын 14-нд 247200000 төгрөгийг тус тус бүрэн олгосон. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 2-р сарын төлбөр гэх 118000000 төгрөгийг “О ” ХХК-д олгох үүрэггүй бөгөөд тус компаниар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 308800000 төгрөгийг бид бүрэн төлж барагдуулсан. 2017 оны 2 сарын хөрс хуулалтын ажлыг хувь хүнээр гүйцэтгүүлсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц : Гэрээ байгуулсан дээр талууд маргалдахгүй байна. Түрээсийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор маргаан байхгүй. “Ё ” ХХК, “О ” ХХК хоёрын хооронд хөрс хуулалтын ажлын гэрээ хийгдэж ажил үүрэг гүйцэтгэсэн байна гэж үзэж байгаа. Хийсэн ажлын хэмжээ буюу сүүлийн 29000 метр куб хөрс хуулалтын ажлыг нэхэмжлэгч компаниар хийлгээгүй гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч тал Т ХХК-тай тооцоо нийлсэн. Тиймээс нэхэмжлэгч компаниар 29000 метр куб хөлс хуулалтын ажлыг хийлгэсэн гэдэг нь харагдаж байна. Хариуцагч тал хийлгээгүй гэдгээ нотолж чадахгүй байна. Хариуцагч талаас мөнгө шилжүүлсэн баримтуудыг хэрэгт өгсөн байна. Хариуцагчийн өмгөөлөгч түрүүнд тайлбартаа Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар захирлын дансанд мөнгийг хийж болно гэж хэлсэн. Хуульд тийм зүйл байхгүй. ........Хувь хүмүүсийн өглөг, авлагын тооцоог хоёр компаний тооцоотой хутгаж болохгүй. Татварын асуудал гарч ирдэг болохоор хуульд заасан үндэслэл журмын дагуу заавал хийх ёстой зүйл гэж байна. Нэг ч төгрөг төлөөгүй учраас тэр мөнгөө нэхэмжилж байгаа. Хариуцагч талаас түлш, хоол хүнсний төлбөр хийсэн баримт гээд олон баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт дурьдагдлаа. А  гэдэг хүнийг танихгүй нэхэмжлэгч компаний захирлыг танихгүй гэсэн зүйл яриад байж дээрх мөнгөн дүнгээр төлбөрөө төлсөн гэж хэлж байгаа нь гүжирдлэг.... Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар 427200000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж нэхэмжлэгч компанинд олгох үндэслэлтэй гэж үзэж байна. .....Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудал энэ иргэний хэрэгтэй ямарч хамааралгүй. Тийм учраас Ё ХХК-наас нэхэмжлэлийн шаардлагын дагуу 427200000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгож, нэхэмжлэгч компаний эрхийг хамгаалж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Өнөөдөр нэхэмжлэгч компани хариуцагч компаниас мөнгөө авч чадаагүйгээс болоод бусад компаниудад өгөх ёстой мөнгөө одоог хүртэл өгч чадахгүй өрөнд орчихоод байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. 2017 оны 2 сарын 14-ний өдрийн баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байна. ....Хариуцагч тал тайлбар өгөх болгондоо өөр өөр зүйл ярьдаг. Уг баримт үүний тод жишээ. Төлөөгүй гэдгээ нуухын тулд ийм арга хэрэглэж байгаа гэж ойлгогдож байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б : Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын тайлбараар тодорхой болсон гэж ойлгож байна. Өмнө нь анхан шатны шүүхээр энэ асуудал хэлэлцэгдээд давж заалдах шатны шүүх хариуцагч талыг дуудаж хэргийн материалтай танилцуулаагүй, процессийн алдаа гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Хөрс хуулалтын ажлыг хийгээгүй, энэ мөнгийг төлөхгүй гэж өмнөх шүүх хуралдаан дээр хэлээгүй. Гэрээгээр талууд үүрэг хүлээсэн. Үүргээ яаж хэрэгжүүлсэн бэ гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. 499 сая төгрөгийн хөрс хуулалтын ажил хийгдсэн гээд 499 сая төгрөгийн төлөлт Ё ХХК-ний данс руу орчихсон байгаа. Тэгэхээр зөвхөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үү, биелүүлээгүй юу гэдэг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа. Гэрээ огт цуцлагдаагүй. ........ Төлбөр төлсөн гэдгээ бас М , Б  гэдэг хоёр хүний харилцах дансны хуулгыг харж байгаад гүйлгээ хийсэн мөнгөнүүдийг харж байгаад энэ мөнгө нэхэмжлэгч компани руу хийгдсэн мөнгө гэж тайлбарлаад байна. Хэн ч гүйлгээ хийдэг. М  гэж хүн махны төлбөр гээд шилжүүлчихсэн байхад нэхэмжлэгч компани руу шилжүүлсэн гээд байна. Тиймээс Ё ХХК нь нэхэмжлэгч компаний өмнө төлбөр төлөх үүрэг хүлээсэн учраас тэр төлбөрийг Ё ХХК нь л төлж гүйцэтгэх ёстой. Бусдаар Батсайхан эсхүл М  гэж хүмүүс хувиараа гүйцэтгэх боломжгүй. Үүрэг гүйцэтгэх этгээд нь Ё ХХК. М гэдэг хүний техник тоног төхөөрөмжөөр хөрс хуулалтын ажил хийгдээгүй. ......Иргэний маргаан ороод ирчихсэн байхад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад байдаг цагдаа гэж байхгүй. Тийм учраас нэхэмжлэгч компаний хохирлыг барагдуулж, гэрээний үүргийг гүйцэтгүүлж 427200000 төгрөгийг Ё ХХК-наас гаргуулж өгөх нь зүйтэй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э : Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Ё ХХК-ний хуулга байхгүй гэж тайлбарлаад байна. Хэргийн 227-р хуудсанд Ё  ХХК-ний хуулга байгаа. Уурхай дээр түлш, шатахуун гэдэг чинь хамгийн их хэрэглэгддэг зүйл байгаа. Уурхай дээр ажил хийгээд ашиг олох зорилготой хүн ч ирдэг. Хулгай хийх зорилготой хүн ч очдог. Ийм эрсдэлтэй газарт нэг хүн рүү утсаар яриад захирал солигдсон шүү одоо надтай тооцоо хий гэхээр нь шууд тооцоо хийж болохгүй. Ядаж М-тай хамт ирээд, тушаалаа авчираад уулзсан бол итгэнэ. 12 сараас эхлээд тооцоо нийлэх ёстой байтал 2 сарын дундуур тооцоо нийлэх асуудал ярьсан. Тийм л чухал хохиролтой ажил юм бол 12 сард ядаж утсаар ярьж болох байсан. Гэтэл бүх тооцоо нийлчихсэний дараа гэнэт гарч ирээд төлбөр нэхэж байгааг нь шудрага бус гэж үзэж байна. М гэдэг хүний данс руу их хэмжээний мөнгө орж байгаа нь дансны хуулгаас тодорхой харагдаж байгаа. М , Б  нараас М  луу мөнгө шилжүүлсэн гэдэг нь дансны хуулгаас тодорхой харагдаж байна. М өөрөө энэ компаний мөнгийг шилжүүлсэн өөр зүйл байхгүй гэж хэлсэн. Хариуцагч компаниас төлбөр хийгдэж дууссан гэж сүүлд гэрчийн мэдүүлэг өгсөн. Шатахуун зээлээр авч байсан талаар М  яриад тэрэнтэй маргах зүйл байхгүй гэж хэлсэн. Тус гэрээг бүх удирдлагууд нь мэдэж байсан байж гэрээндээ өөрчлөлт оруулаад дансныхаа дугаарыг оруулмаар байна гэж хэлэх нь яасан юм. Эхний сарын төлбөр орж ирэхгүй удах үед шууд залгах ёстой байсан. Мөн 2 дугаар сарын төлбөр орж ирээгүй байхад мэдэгдэх ёстой байсан. Тэгээд М итгэж явж байж мөнгөө алдчихаад одоо болохоор 2 хуулийн этгээд хоорондоо маргалдаад байгаа нь шудрага бус байна. Энэ талаар цагдаад гомдол гаргачихсан миний үйлчлүүлэгчээс тэр түлш шатахуун чинь хаана байна, юунд зарцуулсан юм гээд байнга байцаадаг. Нэг бол энэ асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүл, үгүй бол эрүүгийн журмаар шалгуулж байгаа асуудлаа хэрэгсэхгүй болго. Бид нар тус хэрэгт өгсөн баримтуудаа аваад эрүүгийн хэрэгт өгөөд асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Бүх зүйл нь тодорхой байгаа учраас манайх энэ хэргээс айгаад байх шаардлага алга. М , Б  нарын данснаас орсон мөнгийг Ё ХХК-наас хийсэн мөнгө гэж үзэхгүй гээд байна. Компанийг удирдаж байгаа хүмүүс нь хоорондоо тохиролцсон бол мөнгийг компаний данс руу хийнэ үү, өөрийнхөө дансаар хийх эсэх нь манай компаний дотоод асуудал. Компаний дансанд хийсэн үгүйг танай компани хариуцах асуудал учраас энэ асуудлаа М-аа ярилцаж шийдвэрлэсэн нь дээр байх гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “О ” ХХК нь “Ё ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 427200000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “О ” ХХК,  хариуцагч “Ё ” ХХК нар нь 2016 оны 12 сарын 01-ний өдөр ХГ/2016/03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна. Энэхүү гэрээгээр “О ” ХХК нь “Т ” ХК, “Ё ” ХХК-ний хооронд 2016 оны 3 сарын 3-ны өдөр байгуулсан №ХГ/2016/009 /1-р хавтас 13-14-рт/ тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх, гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг “Ё ” ХХК хүлээн авч, ажлын хөлсийг гэрээнд заасан хугацааны дотор төлөхөөр  тохиролцжээ.

Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн болон ажлын гүйцэтгэл дээр талууд маргаагүй боловч гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажлын үр дүнгийн хэмжээ болон ажлын хөлс төлөлт дээр маргаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал графикийн дагуу 106600 метр куб хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэн ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Харин хариуцагч тал нэхэмжлэгч талаар 2017 оны 2 сарын хөрс хуулалтын ажлыг хийлгээгүй бөгөөд 2016 оны 12 сар, 2017 оны 1 сарын хөрс хуулалтын ажлын хөлсийг нэхэмжлэгч компаний гүйцэтгэх захирал Б.М болон тус компаний түлш, хоолны зардалд Б.М , Н.Б  нарын данснаас шилжүүлж, гэрээний төлбөрийг төлж дуусгасан гэж маргаж байна. Хариуцагч тал 2017 оны 2 сарын хөрс хуулалтын ажлын гүйцэтгэл 29000 метр куб хөрс хуулалтын ажлыг нэхэмжлэгчээр биш хувь иргэнээр хийлгэсэн гэдгээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй болно.

Хариуцагч Ё ХХК нь Нэхэмжлэгч “О ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хүчинтэй хугацаанд 106200 метр куб хөрс хуулалтын ажлыг “Т ” ХК-д хүлээлгэн өгч, ажлын хөлс нийт 499.140.000 төгрөгийг “Т ” ХК нь “Ё ” ХХК-д төлсөн болох нь 2-р хавтаст хэргийн 14-19-р хуудсанд авагдсан хөрс хэмжилтийн актын хуулбар, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 “О ” ХХК, “Ё ” ХХК-ий хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” /1-р хавтас 11-12-рт/-ний 4 дүгээр зүйлд зааснаар “4.1. Б талын /нэхэмжлэгч “О” ХХК/ тухайн сард хийж, гүйцэтгэсэн ажлын хэмжээг бодохдоо сар бүрийн эцэст маркшейдерийн хэмжилт, ачсан хөрсний хэмжээгээр хийсэн ажлыг дүгнэн 1 м.куб хөрсөнд 4000 /дөрвөн мянган/ төгрөг төлнө. Энэхүү үнэнд НӨАТ багтсан болно. 4.2. Сар бүрийн эцэст ажлын тооцоог хийж, тооцоо нийлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор Т ХК-аас А талтай /Ё ХХК/ байгуулсан №ХГ/2016/009 тоот ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн тооцоог “А” талын дансанд шилжүүлнэ. 4.3. Дансанд орж ирсэн төлбөрийг хуваарилахдаа 1 м.куб-д ногдох 4700 төгрөгийг “А” талд 700 төгрөг, “Б” талд 4000 төгрөг ногдохоор хуваарилна. 4.4. ”А” тал 4700 төгрөгт ногдох НӨАТ-ын зохих бичилтээ “Т ” ХК-д бичиж өгнө. “Б” тал 4000 төгрөгт ногдох НӨАТ-ын зохих бичилтээ “А” талд бичиж өгнө гэж заажээ. Гэрээний энэхүү заалтаас харахад нэхэмжлэгч “О ” ХХК-ний гүйцэтгэсэн ажил буюу хуулсан хөрсний 1 м.куб тутамд 4000 төгрөгөөр тооцож хариуцагч “Ё ” ХХК нь төлбөрийг төлөх ёстой байна.

Хариуцагч “Ё ” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 427200000 төгрөгийг төлөх ёсгүй. Гэрээг 2017 оны 2 сарын 5-ны өдрөөр тасалбар болгон цуцалж  “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөр 308800000 төгрөгийг нэхэмжлэгч “О” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.М-т болон түлш, мах, ногооны зардлыг Ё.Ө , Х.Б , Ж.Б , В.Б нарын дансаар шилжүүлэн өгсөн талаар тайлбарлаж байна. Хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан болох нь тогтоогдохгүй байна. Мөн түлш, мах, ногооны зардлыг Ё.Ө Х.Б , Ж.Б , В.Б  нарын данс руу нэхэмжлэгчийн өмнөөс шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч гэрч В.Б , Ё.Ө , Х.Б , Ж.Б  нарын гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан Н.Б , Б.М  нарын дансны хуулгаар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 25-р зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалттын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан байна.  “О ” ХХК болон “Ё ” ХХК нь хуулийн этгээд мөн бөгөөд өөрийн гэсэн нэр, хаяг, банкинд харилцах данстай, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээ /1-р ХХ-ийн 5, 15-р хуудас, /-ний хуулбараар нотлогдож байна.

“О ” ХХК, “Ё ” ХХК-ий хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний /1-р хавтас 11-12-рт/ 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт дансанд орж ирсэн төлбөрийг хуваарилахдаа 1 м.кубд ногдох 4700 төгрөгийг “А” талд 700 төгрөг, “Б” талд 4000 төгрөг ногдохоор хуваарилна. 4.4 дэх хэсэгт ”А” тал 4700 төгрөгт ногдох НӨАТ-ын зохих бичилтээ “Таван толгой” ХК-д бичиж өгнө. “Б” тал 4000 төгрөгт ногдох НӨАТ-ын зохих бичилтээ “А” талд бичиж өгнө гэсэн гэрээний заалтад хууль зүйн дүгнэлт хийхэд А тал буюу , “Ё ” ХХК нь НӨАТ-ийн зохих бичилтийг “О ” ХХК-наас авахаар заасан байгаа нь гэрээнд заасан ажлын хөлс “О ” ХХК-ний данс руу шилжүүлэхээр гэрээнд тусгасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин  “О ” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.М-т /хувь хүнд/ гэрээний төлбөрийг төлөхөөр гэрээгээр тохиролцоогүй байна.

Хариуцагч талын өмгөөлөгч М , Б н нарын данснаас орсон мөнгийг Ё ХХК-наас шилжүүлсэн мөнгө гэж үзнэ. Компанийг удирдаж байгаа хүмүүс нь хоорондоо тохиролцсон бол мөнгийг компаний данс руу хийнэ үү, өөрийнхөө дансаар хийх эсэх нь манай компаний дотоод асуудал гэж тайлбарлаж байна. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь компаний дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж зааснаас компаний хөрөнгө мөнгийг өөрийн дансаар дамжуулан захиран зарцуулна гэж хуульд заагаагүй байна. Б.М , Н.Б  нар Ё ХХК-ний үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал боловч Ё ХХК нь нийгмийн болон Иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн хуваарь оролцоно. Харин Б.М , Н.Б  нар нь иргэний хуваарь иргэний эрх зүйн харилцаанд оролцох ёстой.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:14.4.1.аж ахуйн бүх ажил, гүйлгээ; 14.4.2.бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага; 14.4.3.бүх өр төлбөр; 14.4.4.аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр; 14.4.5.бүх орлого; 14.4.6.бүх зардал; 14.4.7.нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс” гэж заажээ. Эндээс харахад аж ахуйн нэгжийн бүх орлого нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэгдэж байх ёстой бөгөөд “О” ХХК-ний нягтлан бодох бүртгэлд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөр бүртгэгдээгүй, компанийн дансаар болон бэлнээр төлбөр төлөгдөөгүй  талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тайлбарлаж байх бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэгч талын энэхүү тайлбарыг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч нь “О ” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.М-ын дансанд болон түлш, мах, ногооны зардлыг Ё.Ө , Х.Б,  Ж.Б , В.Б нарын данс руу төлбөрийг төлж барагдуулсан гээд ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлжээ. Энэхүү хуулгыг ирүүлсэн данс нь харилцагч иргэн Н.Б-ны харилцах данс, харилцагч иргэн Б.М  нарын хугацаагүй хадгаламжийн данс байх бөгөөд данснаас Б.М , Ё.Ө , Х.Б , Ж.Б , В.Б  нарын дансанд мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг бичилгүйгээр шилжүүлсэн байна. Ийнхүү ХААН банкны харилцагч иргэдийн хувийн данснаас мөн харилцагч иргэний хувийн дансанд ямар нэгэн агуулга, гүйлгээний утгыг бичилгүй мөнгө шилжүүлсэн байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрийг төлсөн эсэх, хувь хүн хоорондын ямар нэгэн тооцооны мөнгийг шилжүүлсэн эсэхийг ялгаж салгах боломжгүй нөхцөл байдал бий болсон байна.

Иймд гэрээний төлбөрийг нэхэмжлэгч “О ” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.М болон түлш, мах, ногоо зардлыг дансаар шилжүүлэн төлсөн гэх хариуцагч талын тайлбарыг хүлээн авч, нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй гэж үзэв. Мөн хариуцагч талаас ирүүлсэн 2017 оны 2 сарын 14-ний өдөр “О ” ХХК, “Ё ” ХХК-ний хооронд үйлдсэн тооцоо нийлсэн акт /нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц-ийн нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан/-ыг хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан, 201716010085 дугаартай эрүүгийн хэрэгт Н.Б  гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хавтас 120-121, 127-128-рт/,  Б.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хавтас 129-130-рт/, Б.М сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2-р хавтас 131-135-рт/-т гэрээний төлбөрийг төлсөн, авсан, түүгээр “О ” ХХК-ний бусдад төлөх төлбөрийг төлсөн гэж мэдүүлж байх боловч энэ нь санхүүгийн баримтаар нотлогдохгүй байх тул зохигчийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2293950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2293950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ё ” ХХК-аас 427200000 /дөрвөн зуун хорин долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “О ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2293950 /хоёр сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын   орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ё ” ХХК-аас 2293950 /хоёр сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ХИШИГДЭЛГЭР