Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1116

 

 

 

 

 

 

 

 

        2022          09          12                                    2022/ШЦТ/1116

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Ж.Сувданчимэг /томилолтоор/,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.08.31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд 2000 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мужаан мэргэжилгүй, “Ж” ХХК-д савлагч ажилтай гэх, ам бүл-7 эцэг, эх, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 0 дугаар баг Хайрхан гэх газарт оршин суух бүртгэлтэй,  одоо ах, бэр эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Зүүн Алтан-Өлгий 0-0 тоот түр оршин сууж буй гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Өндөр овогт Аын Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд  Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо АОС3-123 тоотод оршин суух иргэн Б.Оийн гэрт очиж, тэдний гэрт унтаж байсан иргэн Г.Өыг “өмнө нь цагдаад өгсөн хүүхэн байна” гэх шалтгаанаар зодож бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Г.Өын “шөнө 01 цагийн үед найз Б.Оийн гэрт нь унтаж байгаад сэрээд хартал гаднаас Б.Оийн хуучин үерхдэг байсан ******* гэх залуу гэрт нь ирчихсэн байсан. Тэгээд би юу ч дуугараагүй хэвтэж байхад ******* над руу харснаа “энэ намайг өмнө нь цагдаад өгч байсан хүүхэн байна” гэж хэлээд учир зүггүй над дээр ирээд гараараа баруун талын нүд рүү 2-3 удаа, хөлөөрөө ам хэсэг рүү 3-4 удаа өшиглөж цохиж зодсон. Тэгээд ******* надаас хэрүүл өдөж байгаад гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-13-15/,

- Гэрч Б.Оийн “үерхэж байгаад салсан ******* архи уусан согтуу орж ирсэн. Гэрт сууж байснаа гэнэт манай найз Г.Өыг унтаж байхыг нь хараад “энэ хүүхэн намайг өмнө цагдаад барьж өгсөн хүн байна” гэж хэлээд учир зүггүй үгийн зөрүүгүй Г.Өын нүүр толгой руу нь гар хөлөөрөө цохиж эхэлсэн. Би шууд босоод очиж салгасан” гэх мэдүүлэг /хх-20/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4548 дугаартай “Г.Өын биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөрөнд цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-30-31/,

- Яллагдагч *******ын “Би 2022 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хуучин үерхэж байсан Б.Оийн гэрт очсон ба очиход түүний найз Г.Ө байсан. Тэгээд Г.Ө намайг өмнө нь цагдаад өгч байсан тул тухайн үедээ миний уур хүрээд Г.Ө руу дайраад Г.Өын нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би гэрээс нь гараад явсан” гэх мэдүүлэг /хх-67-68/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Г.Өыг “өмнө нь цагдаад барьж өгч байсан” гэх шалтгаанаар зодсон хэмээн мэдүүлж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодруулахад “2021 оны 12 сард нийтийн байранд амьдарч байхад Г.Ө нь дуудлага өгсний улмаас цагдаа ирж намайг эрүүлжүүлсэн” хэмээн мэдүүлсэн болно. Хэрэгт хавсаргагдсан АСАП сангийн лавлагааг шүүж үзэхэд ******* нь 2020 оны 12 сарын 29-ний шөнө 02 цагт “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан” шалтгаанаар эрүүлжүүлэгдсэн, “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх зөрчлөөр 100000 төгрөгөөр торгох арга хэмжээ авагдаж байсан болох нь тогтоогдож байна. /хх-60/

Тухайн дуудлага мэдээллийг Г.Ө өгсөн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд өгсөн байсан ч иргэний үүргээ биелүүлснийх нь төлөө түүнд өс санах үндэслэл байхгүй юм.

Гэтэл шүүгдэгч ******* нь өс хонзонгийн сэдлээр, шууд санаатай үйлдлээр хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж Г.Өыг зодож, түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Г.Өын мэдүүлэг /хх-13-15/, гэрч Б.Оийн “үгийн зөрүүгүй, Г.Өын нүүр толгой руу нь гар хөлөөрөө цохиж эхэлсэн” гэх мэдүүлэг /20/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.03.23-ны өдрийн 4548 дугаартай дүгнэлт /30-31/ зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******агийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Г.Өын биед “баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөрөнд цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.03.23-ны өдрийн 4548 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Г.Өт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Хохирогч нь эмнэлгийн тусламж аваагүй, өөрөөрөө эдгэсэн байх ба түүний бие махбодод шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэл хэлэлцэхгүй орхилоо. Өнөөдрийн байдлаар ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг, шүүгдэгчээс “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

Шүүх дээрх нөхцөл байдал болон *******агийн хувийн байдал, тогтвортой ажил төрөл эрхэлдэг, орлогын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж,оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Өндөр овогт Аын Жаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өндөр овогт Аын Жад 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ад шүүхээс оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд 3 /гурав/ хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******ад мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ