Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/713

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч С.Э, Б.Ч нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Буянаагийн Ч, Боржигон овогт Саруулбаатарын Э нарт холбогдох эрүүгийн 2211 00000 1356 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овогт Буянаагийн Ч /РД: ₮/,

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 12 дугаар гудамж 165-Б тоотод оршин суудаг,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

Боржигон овогт Саруулбаатарын Э /РД: ₮/

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 12 дугаар гудамж 165-Б тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-99 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр С.Этай хардалтын улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн, баруун шанааны зөөлөн эдийн гэмтэл, баруун доод зовхи, зүүн бугалгад цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-99 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн нөхөр Б.Чтай хардалтын улмаас маргалдаж, улмаар хоолойг нь боож, нүүр, цээж хэсэгт нь гараараа цохин, маажиж эрүүл мэндэд нь “...хүзүү, цээжинд цус хуралт, чамархай, чихэнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 613 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ч, С.Э нар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-99 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр С.Этай хардалтын улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн, баруун шанааны зөөлөн эдийн гэмтэл, баруун доод зовхи, зүүн бугалгад цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-99 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн нөхөр Б.Чтай хардалтын улмаас маргалдаж, улмаар хоолойг нь боож, нүүр, цээж хэсэгт нь гараараа цохин, маажиж эрүүл мэндэд нь “...хүзүү, цээжинд цус хуралт, чамархай, чихэнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  Б.Ч хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэрэг гарсан гэх өдөр манай эхнэр Э нь над руу мөнгө асууж мессеж бичсэн юм. Тэгэхээр нь би энэ хэдийг мөнгөгүй болсон юм болов уу гэж бодоод Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-99 тоотод очсон. Тэгэх далимаараа хүүхдүүдтэйгээ уулзъя гээд уулзсан. Тэгээд би Эд байгаа 10,000 төгрөгөө өгтөл чи тэр янхандаа байгаа бүх мөнгөө өгчихсөн үү гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би гэрийнхээ сандал дээр суучих уу хоёулаа ярилцъя гэж хэлсэн. Тэгсэн намайг миний гэрээс хөөгөөд байсан ба хамт суугаад юм ярьж эхэлснээ мөн намайг хэл амаар доромжлоод элдвээр хараагаад гадуур өмссөн байсан футболкноос зулгаагаад байсан... Тэгээд Э нь газраас чулуу аваад над руу шидээд байсан ба 2 ширхэг чулуу нь миний нуруу хэсэгт оносон. Тэгээд мөн гадуур өмссөн байсан футболкоор миний хоолойг боож цээж нуруу хэсгийг гараараа маажсан. Гартаа чулуу барьж байгаад миний хүзүү болон биеийн бусад хэсэг рүү цохиод байсан...” /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

С.Э хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-99 тоотод байх гэртээ би байж байтал манай нөхөр Ч гэгч нь гаднаас орж ирээд надаа 10,000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би тухайн мөнгийг нь авсан ба тэгсэн би чамд яагаад өөр эмэгтэй хүнтэй явалдсанаа яримаар байна гэхээр нь би сонсмооргүй байна яв, зайл гэж хэлтэл гэрээс гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөөр нь би дахиад өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Тэгснээ намайг урагш татаж суулгаснаа миний толгой хэсэг рүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Би түүнийг нийт хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Ч нь миний толгой хэсэг рүү гараараа цохисноос болоод толгой маш их өвдсөн, мөн баруун талын шанаа, зүүн талын гар бас нэлээн хөндүүр өвчтэй байсан...Ч гэгчтэй миний бие албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдраад 12 жил болж байгаа ба дундаасаа 3 хүүхэдтэй...” /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

Шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9445 дугаартай дүгнэлт: “...С.Э-д тархи доргилт, зүүн, баруун шанааны зөөлөн эдийн гэмтэл, баруун доод зовхи, зүүн бугалгад цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9438 дугаартай дүгнэлт: “...Б.Чгийн биед хүзүү, цээжинд цус хуралт, чамархай, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна...” /хавтаст хэргийн 61 дүгээр тал/,

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна...” /хавтаст хэргийн 69 дүгээр тал/

шүүгдэгч Б.Ч, С.Э нар шүүхийн хэлэлцүүлэгт: “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 9445, 9438 дугаар дүгнэлтүүд мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Ч, С.Э нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ч, С.Э нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчоор гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Ч, С.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Буянаагийн Ч, Боржигон овогт Саруулбаатарын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 2 дахь хэсэгт зààñíààð шүүгдэгч Б.Ч, С.Э  нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлээгүй хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                   П.АРИУНБОЛД