Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02855 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “К” ХХК, “М” ХХК-д холбогдох

 

“М” ХХК болон “К" ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот “зээлийн барьцааны гэрээ”- ний Хан-Уул дүүргийн .......... байрлах, 132 м.кв талбайтай 4 өрөө, иргэн Э.Г-ын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот “зээлийн барьцааны гэрээ”-ний Хан-Уул дүүргийн .............. зоорийн давхарт байрлах, иргэн Э.Г-ын өмчлөлийн 202, 203 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах буюу уг орон сууц болон авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай маргаантай хэргийг

           

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Э,

Хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Я,

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК-тай .... тоот “орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, Хан-Уул дүүргийн ........ тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхарын ...  тоот болон ... тоот авто зогсоолуудын хамт захиалан бариулж, захиалгат ажлын төлбөр 165 200 ам долларыг 2010 оны 8 дугаар сарьн 06-ны өдөр бүрэн төлж барагдуулан орон сууцанд нүүн орж, амьдарч эхэлсэн. Миний бие орон сууц болон авто зогсоолуудын төлбөрийг бүрэн төлснөөр “М” ХХК-иас орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсан боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1294 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх 1294 дүгээр шүүгчийн захирамжийг үндэслэн, төлбөрийг нь бүрэн төлж, ... тоот авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэж, .......... 1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ...  тоот авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү........ дугаарт бүртгэж, ........ тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 10 тоот орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-........  дугаарт бүртгэж, 000296399 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг баталгаажуулсан. Гэтэл хариуцагч “М” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт талуудын байгуулсан “орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.5-д заасныг тус тус зөрчиж, орон сууц болон авто зогсоолуудыг захиалагч Э.Г миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийн оронд надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр өөрийн нэр дээр бүртгүүлж, улмаар “К” ХХК болон “С” ХХК-ийн хооронд 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Т07/208 тоот “зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “К” ХХК-тай Т07/208 тоот “зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, гэрээний “хавсралт-44Б дүгээр байр" хэсгийн 10 дахь заалтаар 44Б байрны ....  тоот орон сууцыг барьцаалсан. Мөн хариуцагч “М” ХХК нь “К” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот “зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, уг гэрээний хавсралтаар 44 А, Б, В, Г дугаар байрны зоорийн давхарын ...  ширхэг авто зогсоол барьцаалсаны дотор миний өмчлөлийн ...  болон.. тоот авто зогсоолууд орсон байна. Дээрх үйлдлээрээ “М” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийн талаар тусгана", мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ” гэж заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн тухай гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчсөн. Харин “К” ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бурдүүлнэ”, 23.4 дэх хэсэгт “... эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ... эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал үнэ чанар зэргийг бичнэ” гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр барьцаалж, иргэн миний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулсан. Иймд “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т0'7208 тоот “зээлийн барьцааны гэрээ”-ний Хан-Уул дүүргийн 1.....  тоотод байрлах 132 м.кв талбайтай 4 өрөө, иргэн Э.Г-ыг миний өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн “М" ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/'41 тоот “зээлийн барьцааны гэрээ”-ний Хан- Уул дүүргийн ........... зоорийн давхарт байрлах, иргэн Э.Г-ын өмчлөлийн ........ тоот авто зогсоолуудад холбогдох хэсгийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах буюу миний өмчлөлийн орон сууц болон авто зогсоолуудыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Г нь 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай .... тоот “орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул ..... тоот 132 м.кв талбай 4 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхарт байрлах ... тоот 2 ширхэг авто зогсоолын хамт захиалан бариулсан. Гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрөө бүрэн төлснөөр тухайн орон сууцанд амьдарч байгаа. Нэгэнт тухайн орон сууц, авто зогсоол нь иргэн Э.Г-ын өмч хөрөнгөөр бий болсон тул түүнийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1294 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн ..... тоот орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах ..... тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, захирамжийг үндэслэн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүпж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр ....  хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд “М” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “К” ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч, орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 5,0 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27,0 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг. “М” ХХК нь “К”-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “зээлийн гэрээ”, Т07/141 тоот “зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, 205 автомашины гараашийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ...... орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “зээлийн барьцааны гэрээ”-гээр “С” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ..... тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 44Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Богдхан Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2,5 га бүхий газар эзэмших эрх зэргийг “К” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд .... хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн байдаг. 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/41 тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд 44Б байрны ... тоот зогсоолуудыг, Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөн байрны ...  тоот орон сууцыг “К” ХХК-ийн шаардлагаар Э.Г-д мэдэгдэлгүйгээр барьцаалсныг хүлээн зөвшөөрч байна. “К” ХХК нь зээлийн барьцаанд орон сууцнуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “....эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ” гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь тухайн авто зогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 дүгээр сард орон сууц болон авто зогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан хэдий ч /иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон авто зогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд иргэн Э.Г нь тэдний нэгэн адил 2010 оны 8 дугаар сард төлбөрийг дуусгасан учир гэрээний дагуу тухайн сараас эхлэн орон сууцанд амьдарч, авто зогсоолыг ашиглаж, ашиглалтын төлбөрөө төлсөн. Иймд нэхэмжлэгчийн “М” ХХК болон “С” ХХК-ийн “К”-тай 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Т07/41, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... тоот орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах .... тоот зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц, авто зогсоолуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Хариуцагч “К” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо.........  тоотод байрлах 132 м.кв талбайтай 4 өрөө, иргэн Э.Г-ын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн “М” ХХК-ийн болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .......... зоорийн давхарт байрлах иргэн Э.Г-ын өмчлөлийн ...  тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлүүлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. “К” ХХК нь “М” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Т07/141 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 400 000 ам.долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн “М” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гарааш, 3 өрөө орон сууц, гараашийн хамт зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, “К” ХХК нь “С” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг “С” ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд “М” ХХК-ийн өмчлөлийн ........ тоот улсын бүртгэлийн дугаартай ........  тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44 А тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-......... тоот улсын бүртгэлийн дугаартай ..........  тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, .......... тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ”М” ХХК-ийн эзэмшлийн 01/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2,5 га бүхий эзэмших эрхтэй газар. Түүнчлэн 2010 оны 5 дугаар сарны 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд 44 А, Б, В, Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44 А, Б, В, Г дугаар байрны 1-205 тоот авто зогсоол, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44 А, Б, В, Г 1-24 тоот орон сууцнуудыг тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан. “К” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлгйн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчпөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн упсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. “К” ХХК-ийн хувьд Т07/208, Т07/141 тоот барьцааны гэрээнүүдийг 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүйг харуулж байгаа. Нэхэмжлэгч Э.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг “М” ХХК нь “К” ХХК-тай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй” гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр “М” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүнийг өмчлөх эрх баталгаажна", 18 дугаар зүйлийн 18.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “бүртгэлийн гэрчилгээ” гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Тухайлбал, Ү-........... тоот улсын бүртгэлийн дугаартай, .......... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо 44Б байрны 202 тоот авто зогсоол, Ү-..........  тоот улсын бүртгэлийн дугаартай, ............ тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 44Б байрны 203 тоот авто зогсоол, Ү-........... тоот улсын бүртгэлийн дугаартай, 000103636 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 44Б байрны ......  тоот орон сууц, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т “...үл хөдлөх хөрөнгө бол улсын буртгэлийн гэрчилгээ...”-г хувийн хэрэгт нь хавсаргаж, бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. “К” ХХК нь Хөхтэнгэр хотхоны 44Б байрны ......  тоот орон сууц болон ........  тоот авто зогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууц болон авто зогсоолын өмчлөгчийн гэрчилгээ нь “М” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн “М” ХХК дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт бусад баримтад тус барилгын захиалагчаар “М” ХХК, гүйцэтгэгч компаниар “В” компани байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох “М” ХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон. Харин Э.Г нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1294 тоот захирамжаар тус орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон. Дээрх үйл баримтаас харахад “М” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 44 А, Б, В, Г дугаар байрны ....  тоот орон сууц болон 202, 203 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, “К” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг “М” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Э.Г нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир “К” ХХК нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “Зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ”, мөн хуулийн 23.4 дэх хэсэгт “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт дүнг түсгасан байна” гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44 А, Б, В, Г дугаар байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар дээр нь очиж шалгасан. Түүнчлэн барьцааны үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн авто зогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Э.Гэрэлжаргалын “М” ХХК, “К" ХХК нарт холбогдуулан гаргасан “М” ХХК болон “К" ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот “зээлийн барьцааны гэрээ”-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “... тоот иргэн Э.Г-ын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот “зээлийн барьцааны гэрээ”-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “.........  байрны зоорийн давхарт байрлах, иргэн Э.Г-ын өмчлөлийн ....... тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, орон сууц болон авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Гэрэлжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 200 260 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 2 130 060 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Г-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "М" ХХК нь "К" ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 400 000 ам.долларыг зээлж, үүргийн гуйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, зээлээр санхүүжүүлэн барих 5 блок, 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бутцийн хамт, .... автомашины гарааш зэргийг барьцаалжээ. Иргэний хуулийн 153 дугаар зуйлийн 153.2, 154 дугээр зуйлийн 154.1, 154.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу ирээдүйд бий болон 120 айлын орон сууц, 205 автомашины гарааш зэрэг "эд хөрөнгийн эрх" барьцаалсан" гэж дугнэсэн нь буруу юм. Учир нь хариуцагч "М" ХХК болон "К" ХХК-иуд нь анх 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан, 205 автомашины гаражийг буюу бодитоор бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг барыдаалсан байх ба талуудын уг хүсэл зорилго нь зээлийн барьцааны гэрээний 3.1-д барьцаа хөрөнгийг "Талууд дараах эд хөрөнгүүдийг харилцан тохиролцсоны үндсэн дээр барьцаалсан болно" гээд барьцаа хөрөнгийг "205 автомашины гарааш, “М” ХК, 7 000 м.кв, Хан-Уул дүүрэг, 1 166 830 000, 11 дүгээр хороо, Америк сургуулийн урд" гэж тодорхойлжээ. Гэвч ийнхүү барьцаалсан хөрөнгийн байршил, хаягжилт зэрэг нь тодорхой бус болох тул уг барьцаанд нэхэмжлэгчийн маргаж буй 44Б байр болон түүний зоорийн давхарт байрлах авто зогсоол хамаарч буй эсэх нь тодорхойгүй. Мөн хариуцагч "К" ХХК болон "М" ХХК-иуд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд "хөрөнгө" барьцаалсан болохоо тайлбарласан байдаг. Мөн анхан шатны шүүхээс "М" ХХК болон “К” ХХК нар нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот болон Т07/208 тоот "зээлийн барьцааны гэрээ"-гээр 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, эд хөрөнгийн эрх нь барьцаалагдсан эд хөрөнгүүд бодитоор бий болж, “М” ХХК өмчлөгчөөр буртгэгдсэн өмчлөх эрхийн улсын буртгэлийн гэрчилгээ гарсаны дагуу хөрөнгө тус бурт үүрэг ногдуулж, барьцааг улсын бүртгэлд буртгүүлсэн байх тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .......... айлын орон сууц, ...... авто зогсоол зэрэгт 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр барьцааны үүрэг ногдуулсан" гэсэн дугнэлт нь нотлох баримтыг буруу буюу дутуу унэлж, шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Хэдийгээр хариуцагч "К" ХХК-иас 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалсан гэх тайлбар гаргадаг боловч уг гэрээг байгуулсан өдрөөс хойш 19 хоногийн дараа буюу 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ "М" ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн. Иймээс хариуцагч талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барыдааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул мөн зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар уг гэрээ нь хүчин төгөлдөр бус болно. Харин талуудын хооронд 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Т07/208 тоот зээлийн барыдааны гэрээний барьцааны зүйл нь тус гэрээний 3.1-д тусгаснаар "М" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, 55 хувийн гүйцэтгэлтэй, 000016260 гэрчилгээний дугаартай, Ү-...... улсын бүртгэлийн дугаартай, 1,692 м.кз талбайтай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан .... дүгээр байр байна. Гэвч энэхүү үл хөдлөх хөрөнгийг барцаалагч "К" ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1287 дугаартай "зээлийн барьцааг чөлөөлөх тухай" Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан тоотын дагуу чөлөөлснөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсанд байрлах 55 хувийн гүйцэтгэлтэй, .... дүгээр байрны 000016260 тоот гэрчилгээ хүчингүй болсноор Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээ дуусгавар болсон. Талуудын хооронд 2010 онд шинээр зээлийн барьцааны үүргийн харилцаа үүсч, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний хавсралтаар 44 А, Б, В, Г дугаар байрны зоорийн давхарын 205 ширхэг авто зогсоолыг тоот тус бүрээр нь, мөн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээгээр ...  байрны 22 ширхэг орон сууцыг тоот тус бүрээр нь барьцаалснаар "К" ХХК-ийн хувьд .... байрны ...  тоот орон сууц болон зоорийн давхарын ... тоот авто зогсоолыг барьцаалах эрх нь үүсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Э.Гэрэлжаргалын өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар “Блю скай” хотхоны 44Б байрны .... тоот орон сууц, .... тоот авто зогсоолын өмчлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр үүссэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч Э.Г нь 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр "М" ХХК-тай "орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ" байгуулахдаа хүсэл зоригийн илэрхийллээ орон сууц болон авто зогсоолын үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх захиалагчид шилжихээр харилцан тохиролцож, уг хүсэл зоригийн илэрхийллээ гэрээний 4.5-д "байрны төлбөрийг бүрэн хийсэн захиалагчид сууц эзэмших эрхийн бичиг олгох бөгөөд төлбөрийн 100 хувь хийгээгүй бол уг байрны албан ёсны өмчлөгч нь "М" ХХК байна" гэж тодорхойлжээ. Иймээс Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт "Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар Э.Гэрэлжаргалын өмчлөх эрх 44Б байрны ... тоот орон сууц болон .... авто зогсоолын үнэ нийт 162 500 ам.долларыг 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бүрэн төлснөөр үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл “М” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буюу Э.Г-ын орон сууц өмчлөх эрх үүссэн цаг хугацаанаас хойш дээрх орон сууцыг “К” ХХК-д барьцаалан өмчлөх эрхийг шилжүүлж авсан Э.Г-д энэ тухай мэдэгдээгүй, ямар нэг зөвшөөрөл аваагүй болох нь талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар болон шүүх хуралдааны явцадр гаргасан тайлбараар тогтоогддог. "М" ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, мөн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймээс "К" ХХК болон "М" ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барыдааны гэрээний ... тоот автозогсоолд холбогдох хэсэг, мөн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний ...  тоот орон сууцанд холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл юм. Эцэст нь дурьдахад хариуцагч талуудын хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээний 4.2.6-д зааснаар барцаалуулагч нь бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр барьцаалснаас үүдэн банкинд учирах хохирлыг "М" ХХК-иас шаардах боломжтой байхад уг гэрээнд огт хамааралгүй иргэний эрх ашгийг өнөөдрийг хүртэл хохироож, түүний өмчлөлийн орон сууц болон авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхгүй, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа хийж, өнөөдрийн байдлаар орон сууц болон авто зогсоолыг битүүмжилсэн. Мөн "М" ХХК-ийн хувьд дээрх орон сууц болон авто зогсоолын хууль ёсны өмчлөгч нь Э.Гэрэлжаргал мөн бөгөөд "М" ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “К” ХХК-тай зээлийн барьцааны гэрээ байгуулах үед өмчлөх эрх Э.Г-д шилжсэн байсныг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч “К” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдуулан “М” ХХК болон “К" ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “.... тоотод байрлах 132 м.кв талбайтай 4 өрөө, иргэн Э.Г-ын өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг, мөн “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ........... зоорийн давхарт байрлах, иргэн Э.Г-ын өмчлөлийн ...... тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууц болон авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагч “К” ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Г нь 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ....... тоот 4 өрөө орон сууц болон тухайн байрны зоорийн давхрын ...... тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн ба тэрээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш буюу 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “М” ХХК нь “К" ХХК-тай зээлийн барьцааны гэрээ байгуулж, миний эд хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Гэвч хариуцагч “М” ХХК нь “К” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 07/141 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 400 000 ам.долларыг зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 блок, 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гарааш зэргийг барьцаалсан байна.

 

Улмаар “М” ХХК болон “К” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээгээр 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, “М" ХХК барьцааны хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэлийг үндэслэн хөрөнгө тус бүрт үүрэг ногдуулж, барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны 120 айлын орон сууц, ...... авто зогсоол зэрэгт 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр барьцааны үүрэг ногдуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний хэлбэр, агуулга өөрчлөгдөөгүй, хууль зөрчөөгүй гэрээ байна.

 

Иймд “М” ХХК болон “К" ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээнүүд нь нэхэмжлэгч Э.Гэрэлжаргалын эрхийг хөндөөгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болно.

 

Түүнчлэн барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоос гадна, ипотекийн зүйлийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд өмчлөл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны эрх дагалдаж, ипотекийн эрхээ хэрэгжүүлэх барьцаалагчийн эрх хэвээр байдаг талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нөгөө талаар 2007 онд барьцааны эрхийг шилжүүлэн авч байгаа этгээд болох “К банк нь улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалуулах эрхтэй этгээд болох “М” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны эрхийг олж авсан тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар “К” банк нь уг барьцааны хувьд шударга эзэмшигч гэж тооцогдоно. 

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                                     ШҮҮГЧИД                          С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ