Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Т.Жамбалсүрэн

Шинжээч эмч Н.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Төмөргарьдын Жамбалсүрэнд холбогдох эрүүгийн 2221000000250 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-32Б тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овогт Төмөргарьдын Жамбалсүрэн /РД: ЖЬ82042497/.

Шүүгдэгч Т.Жамбалсүрэн нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-32Б тоотод хүргэн ах У.Зоригтбаатартай маргалдаж лоомоор цохиж биед нь баруун сарвууны 4-р хурууны 3-р савх яс үе дайрсан, 5- р шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Жамбалсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй” гэв. 

Шинжээч эмч Н.Уянга шүүх хуралдаанд дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэхдээ: “...Ядам хурууны савх яс нь хурууны үе дайрсан хэсэг. 5 дугаар шивнүүр хэсэг нь гарын алга хэсэгт орно. Сарвууны шивнүүр хэсэгт гар дарж унах үед хугарал үүсэх боломжгүй. Тухайн гэмтэл нь гараар цохисон үед үүсэх боломжгүй. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн үед үүсэх боломжтой. Савх яс хэсэгт хурууг мушгиж дарсан үед хугарал үүсэх боломжтой. Харин шивнүүр хэсэгт үүссэн хугарал мушгиж дарсан үед үүсэх боломжгүй...” гэв.

Хохирогч У.Зоригтбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 28-ны өглөө Жамбалсүрэн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-32 тоотод байрлах манай хашааны урд хэсгийг буулгаад хашаа янзлах ажил хийж эхэлсэн юм. Тэгэхээр нь би очоод “миний дүү ингэж буулгаж болохгүй, кадастрын зургаа гаргаад надад үзүүлчих” гэхэд танд хамаагүй гээд надад уурласан. Бид хоёр маргаж эхэлсэн бөгөөд би шургааг модоор түүний биеийн доод хэсэгт миний санаж байгаагаар айлгах зорилгоор нэг удаа цохисон. Харин тэрээр намайг боож газарт унагасан бөгөөд би унахдаа толгойгоороо савж унасан. Мөн тэрээр тэнд байсан хадаасны лоомыг аваад миний баруун гарыг цохисон. Миний санаж байгаагаар 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэр Эрдэнэцэндийн төрсөн дүү Жамбалсүрэн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-32Б тоотод миний баруун гарыг хадаасны лоомоор цохиж миний биед баруун гарын сарвууны 4-р хурууны 3-р савх яс үе дайрсан, 5-р шивнүүр ясны хугарал гэмтлийг учруулсан. Харин хүүхдүүдийн тухайд гэвэл манай охин Оюунзаяа, Жамбалсүрэнгийн хүү Мөнх-Оргил нар бид хоёрыг хэрэлдэж маргалдан зодолдож эхэлснээс хойш 15-20 минутын дараа гарч ирсэн. Манай охин Оюунзаяа гарч ирсний дараа Жамбалсүрэн манай хүүхдийг загнаж оруулаад дараа нь өөрийнхөө хүү Мөнх-Оргилыг “миний хүү утсаараа бичлэг хий” гээд дуудсан. Мөнх-Оргилыг ирэхээр нь би “чи цаашаа яв, гэр рүүгээ ор, зайл” гээд загнаад байхад үгэнд орохгүй байхаар нь араас нь хөөсөн. Тухайн үед уурласан байсан болохоор элдэв бусаар хэлсэн л байх. Харин Жамбалсүрэн өөрийн хүү Мөнх-Оргилыг гарч ирснээс хойш надтай хэрэлдэж маргалдаад харин өөдөөс огт зодолдоогүй. Би л харин Жамбалсүрэнг ганц, хоёр удаа шанаадаад модоор цохисон...” гэжээ. /хх-ийн 16-17, 20, 106/

Гэрч Т.Эрдэнэцэнд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний санаж байгаагаар 2022 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн орчимд би хувийн ажлаар гэрээсээ гарсан бөгөөд манай нөхөр Зоригтбаатар байгаагүй юм. Улмаар би гэртээ миний санаж байгаагаар 16 цагийн үед ирэхэд манай нөхөр гэртээ байгаагүй. Тухайн үед манай охин Оюунзаяа над руу залгаад “Жамбалсүрэн ах аавтай зодолдоод аавыг цагдаа дуудаад аав гараад явсан” гэж хэлсэн. Тэгээд би түүнтэй СМУ-гийн хороололд уулзаад юу болсон талаар асуухад “Жамбалсүрэн гэнэт манай тасалж авсан хашааг буулгаад байхаар нь би түүнтэй муудалцаад хоорондоо зодолдоод, Жамбалсүрэн цагдаа дуудсан, миний гар, хөл, толгой өвдөөд нүд бүрэлзээд харж болохгүй байна” гэж хэлсэн. ...Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-32Б тоот хашаанд Жамбалсүрэн лоомоор Зоригтбаатарын баруун гарыг цохиж тухайн гэмтлийг учруулсан гэсэн...” гэжээ. /хх-ийн 25-26/

Насанд хүрээгүй гэрч З.Оюунзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг анх харахад аав Зоригтбаатар Жамбалсүрэн ахтай өөд өөдөөсөө хараад аав маань болохоор Жамбалсүрэн ахын өөдөөс хашаагаа нураалгахгүй хүний эд хөрөнгө гээд байсан. Харин Жамбалсүрэн ах болохоор “энэ чинь миний газар” гээд хэрэлдээд байсан. Тэгснээ Жамбалсүрэн ах манай аав Зоригтбаатартай зодолдоод хоёр биенийгээ гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би гар утсаа хашааны завсраар гаргаад 2 удаа зураг дарсан. ...Би утсаараа бичлэг хийгээгүй, уг нь бичлэг хийх гэж байсан боловч Жамбалсүрэн ах хараад загнахаар нь больчихсон. Харин утсаар 2 удаа зураг дарсан. Жамбалсүрэн ах, аав Зоригтбаатар хоёр хоорондоо зодолдож байхад хашаа салгаж, буулгаж байсан урт төмөр нь хажууд нь байсан...” гэжээ. /хх-ийн 28-29/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 408 тоот дүгнэлтэд:

1. У.Зоригтбаатарын биед баруун гарын сарвууны 4-р хурууны 3-р савх яс үе дайрсан, 5-р шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 35-36/

Шинжээч эмч Б.Өнөрборгил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гараараа хүний биед цохих үед үүсэх боломжгүй. Хатуу мохоо зүйлийг гараараа хүчтэй цохих үед болон мохоо зүйлээр цохигдох үед үүсэх боломжтой” гэжээ. /хх-ийн 40/

Т.Жамбалсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Зоригтбаатар ирээд хашаа буулгалаа, миний эзэмшлийн газар дээр миний хашааг буулгалаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “таны эзэмшлийн газар биш энэ газар миний хүүхдийн эзэмшил дээр байдаг газар” гэсэн чинь “кадастрын зургаа гаргаад ир” гэж хэлсэн. Би танд үзүүлэхгүй, шаардлагатай хүмүүст бол үзүүлнэ гэрчилгээтэйгээ байна гэж хэлсэн. Тэгсэн Зоригтбаатар миний барих гэж байсан шинэ хашааг ийш тийш нь авч өргөж чулуудаад суулгах гэж байсан шонг хажуу тийш нь авч шидээд намайг барьж авч боогоод татаж ухрахдаа хашаанд тээглэж арагшаа унасан. Унахдаа Зоригтбаатар миний доор би дээрээс нь унасан. ...Тухайн үед ямар ч лоом байгаагүй, би лоом ч бариагүй, Зоригтбаатарыг цохиогүй. Зоригтбаатар намайг хуучин язарч унасан шонгоор миний гар, хөлийн шилбэ, гуя хэсэгт нийт 6 удаа цохисон. Тэгээд бид хоёр салсан. Хэсэг хугацааны дараа Зоригтбаатар намайг заамдаж аваад гараараа нүүр хэсэгт цохиж хамрыг маань цусалсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан...” гэжээ. /хх-ийн 62-63/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

Т.Жамбалсүрэнгийн Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хх-ийн 6/

У.Зоригтбаатарын Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хх-ийн 7/

Т.Жамбалсүрэнгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 415 тоот дүгнэлт /хх-ийн 31-32/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 84/

“Маршал мед” эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 85/

У.Зоригтбаатарын нэхэмжлэл, хохирлын баримт /хх-ийн 90-91/

Тухайн үйл баримт болсон газрын фото зураг, кадастрын зураг /хх-ийн 52, 54/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70, 75-76/

Т.Жамбалсүрэнгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 78/

Т.Жамбалсүрэнгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 92-93, 96/

Насанд хүрээгүй гэрч Ж.Мөнх-Оргилын мэдүүлэг /хх-ийн 103-104/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/

Т.Жамбалсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 65/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Т.Жамбалсүрэнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Хатгин овогт Төмөргарьдын Жамбалсүрэн нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-32Б тоотод хохирогч У.Зоригтбаатартай маргалдан зодолдож улмаар лоомоор түүнийг цохиж биед нь баруун гарын сарвууны 4-р хурууны 3-р савх яс үе дайрсан, 5-р шивнүүр ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч У.Зоригтбаатарын “...Бид хоёр маргаж эхэлсэн бөгөөд би шургааг модоор түүний биеийн доод хэсэгт миний санаж байгаагаар айлгах зорилгоор нэг удаа цохисон. Харин тэрээр намайг боож газарт унагасан бөгөөд би унахдаа толгойгоороо савж унасан. Мөн тэрээр тэнд байсан хадаасны лоомыг аваад миний баруун гарыг цохисон. ...миний баруун гарыг хадаасны лоомоор цохиж миний биед баруун гарын сарвууны 4-р хурууны 3-р савх яс үе дайрсан, 5-р шивнүүр ясны хугарал гэмтлийг учруулсан. Харин хүүхдүүдийн тухайд гэвэл манай охин Оюунзаяа, Жамбалсүрэнгийн хүү Мөнх-Оргил нар бид хоёрыг хэрэлдэж маргалдан зодолдож эхэлснээс хойш 15-20 минутын дараа гарч ирсэн. Манай охин Оюунзаяа гарч ирний дараа Жамбалсүрэн манай хүүхдийг загнаж оруулаад дараа нь өөрийнхөө хүү Мөнх-Оргилыг өөрөө дуудаад “миний хүү утсаараа бичлэг хий” гэсэн. Мөнх-Оргилыг ирэхээр нь би “чи цаашаа яв, гэр рүүгээ ор, зайл” гээд  загнаад байхад үгэнд орохгүй байхаар нь араас нь хөөсөн. Тухайн үед уурласан байсан болохоор элдэв бусаар хэлсэн л байх. Харин Жамбалсүрэн өөрийн хүү Мөнх-Оргилыг гарч ирснээс хойш надтай хэрэлдэж маргалдаад харин өөдөөс огт зодолдоогүй. Би л харин Жамбалсүрэнг ганц, хоёр удаа шанаадаад модоор цохисон...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Т.Эрдэнэцэндийн “...16 цагийн үед ирэхэд манай нөхөр гэртээ байгаагүй. Тухайн үед манай охин Оюунзаяа над руу залгаад “Жамбалсүрэн ах аавтай зодолдоод аавыг цагдаа дуудаад аав гараад явсан” гэж хэлсэн. Тэгээд би түүнтэй СМУ-гийн хороололд уулзаад юу болсон талаар асуухад ...Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-32Б тоот хашаанд Жамбалсүрэн лоомоор Зоригтбаатарын баруун гарыг цохиж тухайн гэмтлийг учруулсан гэсэн...” гэх, насанд хүрээгүй гэрч З.Оюунзаяагийн “...намайг анх харахад аав Зоригтбаатар Жамбалсүрэн ахтай өөд өөдөөсөө хараад аав маань болохоор Жамбалсүрэн ахын өөдөөс хашаагаа нураалгахгүй хүний эд хөрөнгө гээд байсан. Харин Жамбалсүрэн ах болохоор “энэ чинь миний газар” гээд хэрэлдээд байсан. Тэгснээ Жамбалсүрэн ах манай аав Зоригтбаатартай зодолдоод хоёр биенийгээ гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би гар утсаа хашааны завсраар гаргаад 2 удаа зураг дарсан. ...Би утсаараа бичлэг хийгээгүй, уг нь бичлэг хийх гэж байсан боловч Жамбалсүрэн ах хараад загнахаар нь больчихсон. Харин утсаар 2 удаа зураг дарсан. Жамбалсүрэн ах, аав Зоригтбаатар хоёр хоорондоо зодолдож байхад хашаа салгаж, буулгаж байсан урт төмөр нь хажууд нь байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 408 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмч Н.Уянгын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, “Маршал мед” эмнэлгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Жамбалсүрэн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Т.Жамбалсүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч У.Зоригтбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 408 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Жамбалсүрэн, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Т.Жамбалсүрэнд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Жамбалсүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Жамбалсүрэнгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой, эх, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогч шүүгдэгч нарын хоорондын таарамжгүй харилцаа нөлөөлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жамбалсүрэнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Жамбалсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.Зоригтбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь эмчилгээний болон бусад зардалд 3,924,900 төгрөгийг нэхэмжилж, эмчилгээний зардал гэх 116,880 төгрөгийн 8 ширхэг баримт /хх-ийн 90/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад /хавтаст хэргийн 90 дүгээр талд авагдсан/ хохирогч У.Зоригтбаатараас эмчилгээний зардалд гаргаж өгсөн 8 ширхэг баримтаас Б.Батзориг /3 дугаартай 7560 төгрөгийн/, Ж.Ганхуяг /6 дугаартай 20,250 төгрөгийн/, Л.Байгалмаа /7 дугаартай 7920 төгрөгийн/, М.Наранцэцэг /8 дугаартай 19,500 төгрөгийн/ нарын нэрээр хөнгөлөлттэйгээр эм авсан баримтууд болон “Мянган сарнай” ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эм авсан баримт /4 дугаартай 1300 төгрөгийн/-ыг энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Зоригтбаатарын биед учирсан гэмтлийн эмчилгээний зардалд зарцуулагдсан баримт гэж үзэх боломжгүй учраас үнэлэхээс татгалзаж, бусад баримтаар нотлогдсон 60,350 төгрөг /50,000+3350+7000/-ийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Жамбалсүрэнгээс гаргуулж, хохирогч У.Зоригтбаатарт олгохоор тогтоож, хохирогчийн нэхэмжилсэн 3,864,550 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч У.Зоригтбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 /хоёр/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.Жамбалсүрэн нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овогт Төмөргарьдын Жамбалсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөргарьдын Жамбалсүрэнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жамбалсүрэнгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Жамбалсүрэнгээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 60,350 /жаран мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ..... тоотод оршин суух, Боржигон овогт Уламбаярын Зоригтбаатар /РД: СР 63101213/-т олгохоор тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Зоригтбаатарын нэхэмжилсэн 3,864,550 /гурван сая найман зуун жаран дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Т.Жамбалсүрэнгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 2 /хоёр/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т.Жамбалсүрэн нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЬ 82042497 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Жамбалсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМ