| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2018/00439/И |
| Дугаар | 503 |
| Огноо | 2018-07-18 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 503
| 2018 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 139/ШШ2018/00503 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Бараат овогт Ж.Т -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн З газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 10.843.206 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2005 оноос эхэлж Дундговь аймгийн З газарт нягтлан бодогч, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан. 2016 оны орон нутгийн сонгууль болсоны дараа шинээр томилогдсон Засаг даргын тамгын газрын дарга Ч гэдэг хүн З газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэж үзэж намайг 2016 оны 11 сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2016 оны 11 сарын 23-наас 2017 оны 4 сарын 30-ныг хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. 2016 оны 11 сарын 23-наас 2017 оны 4 сарын 30-ныг хүртэлх хугацааныхаа цалинг авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн. Харин урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох гэсэн шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа. Тус шүүхэд 2017 оны 5 сарын 1-нээс 2018 оны 4 сарын 6-ныг хүртэлх хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул ажилгүй байсан хугацааны цалин 10.843.206 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Дундговь аймгийн З газар нь 2018 оны 6 сарын 5-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т , хариуцагч Дундговь аймгийн З газраас ажилгүй байсан хугацааны цалин 10.843.206 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Т 2016 оны 11 сарын 23-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрээ эс зөвшөөрч Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж тус шүүхийн 2017 оны 5 сарын 8-ны өдрийн 14 дугаартай шийдвэрээр түүнийг Дундговь аймгийн З газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажилд нь эгүүлэн тогтоосон байна. Уг шийдвэрийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 сарын 20-ны өдрийн 526 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 526 дугаартай давж заалдах шатны шүүхийн магалдалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн 14 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 526 дугаартай магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хянаад хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Ажил олгогч нэхэмжлэгчийг 2018 оны 4 сарын 9-ны өдөр өөр ажил албан тушаалд томилсон болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байна.
Ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүйн улмаас Ж.Т 2018 оны 4 сарын 6-ны өдрийг хүртэл ажилгүй байсан ба хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь түүний эрхийг ажил олгогч зөрчсөн байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .....олгоно гэж заасан байна. Ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай.
Хариуцагч тал 2018 оны 6 сарын 5-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байх бөгөөд хариу тайлбараа 2018 оны 6 сарын 19-ний өдөр ирүүлэх хуульд заасан үүргийг хүлээсэн. Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан боловч 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Т-ийн 2017 оны 5 сарын 1-нээс 2018 оны 4 сарын 6-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 10.168.819 төгрөгийг ажил олгогч болох хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн бодож гаргасан болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 203708 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 44143 төгрөгийг гаргуулж улсын орлого /10168819 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 177651 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг/-д оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн З газраас 10168819 /арван сая нэг зуун жаран найман мянга найман зуун арван ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ж.Т-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн З газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 203708 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын орлогод 44143 төгрөгийг оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИ