Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч Д.Гэрэлт-Од

Шүүгдэгч Г.Бадар-Ууган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нохойрог хөгдүүд овогт Гомбосүрэнгийн Бадар-Ууганд холбогдох эрүүгийн 2221000000265 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар баг, “Цагаан чулуут” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Нохойрог хөгдүүд овогт Гомбосүрэнгийн Бадар-Ууган /РД: ЖН 89072876/.

Шүүгдэгч Г.Бадар-Ууган нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Чулуунхороот сумын Дэлгэр 1 дүгээр багт өөрийн гэртээ иргэн Д.Гэрэлт-Одтой таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож Д.Гэрэлт-Одын зүүн сарвууны 5 дугаар хурууны 3 дугаар савх ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Бадар-Ууган шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 5 дугаар сард Гэрэлт-Од машинаа буцаах талаар хэлсэн. Би машины мотор зүгээр байвал буцааж авч болно гэж хэлснээс хойш 4-5 хоногийн дараа Гэрэлт-Од машиныг авч ирэхэд миний машины мотор нь тагаараа масло цацаж байсан. Түүнд би машины мотор ийм байна, буцааж авахгүй гэснээс болж бид 2 маргалдаж барьцалдсан. Би Гэрэлт-Одын надаас барьсан гарыг татаж, салгаж түлхсэн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

Хохирогч Д.Гэрэлт-Од шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ гэмт хэргийн улмаас миний 5 дугаар хурууны 3 дугаар яс хугарсан. Одоог хүртэл гараа базаж болохгүй байгаа. Эмчилгээ хийлгэх боломжгүй өөрөөрөө эдгэх боломжтой гэж хэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд гарсан замын зардал 168,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Д.Гэрэлт-Од мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сумын иргэн Бадар-Ууганы портер маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 10 сард аваад хувьдаа хэрэглэж байгаад 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр сумын төв дээр гэртээ байхад нь Бадар-Ууганд аваачиж өгсөн. Тухайн үед гэрт нь эхнэр, хүүхдүүд нь байсан бөгөөд би Бадар-Ууганд машиныг хүлээлгэж өгөхөд Бадар-Ууган ирж машины моторын тагийг авч үзээд “энэ яагаад уур гараад байгаа юм, яасан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Энэ ийм байгаагүй, чи машины мотор эвдэлсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “би эвдлээгүй, чиний эвдэрхий, чирч авчирсан машиныг чинь би янзлаад унаа биз дээ” гэж хэлсэн. Бадар-Ууган уурлаад над руу ирээд миний цамцны захаас хоёр гараараа боох гээд барьсан. Би хоёр гарынх нь бугуйн дээрээс бариад салгах гэхэд баруун гараа шувтарч аваад зүүн гараараа хоолойноос баруун гараараа миний зүүн гарын чигчий хуруунаас бариад хойшоо /арагш/ нь дарахад хуруу тог гээд дуугарсан. Тэгээд боолтонд ороод би хэсэг манарсан. Нэг мэдэхэд Бадар-Ууганы эхнэр нь ирсэн. Би босох гэсэн чинь бие салганаад хэсэг сууж байгаад боссон...” гэжээ. /хх-ийн 6-7/

Гэрч Ш.Отгончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр машиныг нь оруулж өгөхөөр 19 цаг өнгөрөөгөөд Бадар-Ууганы хашаа руу нь орсон. Бид хэд хөрш зэргэлдээ учир юу гэж хэлж байгаа нь сонсогдож байдаг. Тэгсэн Бадар-Ууган чанга чанга дуу гаргахаар нь би хашаан дотор хураалттай байдаг цементэн дээр гараад харахад Бадар-Ууган нөхөр Гэрэлт-Одыг ална гэж хэлээд хоёр гараараа цамцных нь захаас татаж ойртуулахад Гэрэлт-Од хоёр гараараа Бадар-Ууганы хоёр гарыг нь тавиулах гээд бугуйн дээрээс нь барихад Бадар-Ууган баруун гараа татаж аваад зүүн гараараа цамцных нь захаар хоолойг нь боогоод баруун гараараа зүүн гараас нь бариад мушгиж байгаа харагдсан. Нөхөр Гэрэлт-Одын нүүр нь улайгаад зогсож байхад Бадар-Ууганы эхнэр Дашмаа ирээд салгасан. Нөхөр Гэрэлт-Од арагшаа унахад Бадар-Ууганы эхнэр нь босгох гээд татахад босож хөлөн дээрээ тогтож чадахгүй чичрээд байсан бөгөөд 2-3 минут орчим сууж байгаад гайгүй болчихоод боссон...” гэжээ. /хх-ийн 10-11/

Насанд хүрээгүй гэрч Г.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай аав сумын иргэн Бадар-Ууган гэх хүний портер маркийн тээврийн хэрэгслийг нь унаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 29-ний орой 19 цаг өнгөрөөгөөд хашаа руу нь оруулж өгсөн. Бадар-Ууган ахын гэр нь манайхтай хөрш байдаг бөгөөд тухайн үед аав машиныг нь оруулж өгөхөөр ороход нь би хашааны завсраар хараад байж байсан юм. Бадар-Ууган ах аав руу уурлаад “чи ийм эвдэрхий машин өглөө, ална” гээд аавын цамцных нь захнаас хоёр гараараа заамдсан. Тэгэхээр нь аав хоёр гараараа заамдсан гарыг нь салгах гэхэд Бадар-Ууган ах баруун гараа тавиад зүүн гараа цамцных нь захнаас лавшруулан барьж хоолойг нь боож баруун гараараа аавын зүүн гарын чигчий хурууг нь бариад мушгисан. Тухайн үед би 5-6 метр зайд хашааны завсраар хараад байж байсан бөгөөд гадаа гэгээтэй цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, оройхон болж байсан. Бадар-Ууган ах аавыг боож байхад нүүр нь улайж байсан бөгөөд Бадар-Ууган ахын эхнэр нь ирээд салгахад аав арагшаа унасан. Бадар-Ууган ахын эхнэр нь босгох гээд үзэхэд аав босож чадахгүй 2-3 минут газар сууж байгаад боссон. Тэгэхээр нь би хашаа даваад орсон. Аав манарсан байдалтай босож ирээд Бадар-Ууган ахад хандаж “чи миний хурууг эвгүй болгочихлоо” гэж хэлэхэд аавын өөдөөс хуруугаа чичлээд “ална шүү” гээд байсан...” гэжээ. /хх-ийн 13-14/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 440 тоот дүгнэлтэд:

1. Д.Гэрэлт-Одын биед зүүн сарвууны 5-р хурууны 3-р савх ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22-23/

Г.Бадар-Ууган мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би Гэрэлт-Одод эвдэрч байгаа машин авахгүй, би зүгээр машин өгсөн гэж хэлээд маргалдаад намайг заамдахаар нь зөрүүлж заамдаад зүүн гарыг нь хүчээр татаж салгаад түлхэхэд газарт унасан. Ингээд эхнэр Дашмаа ирээд намайг аваад цаашаа явсан...” гэжээ. /хх-ийн 46-48/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/

Гэрч Д.Дашмаагийн мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч Ч.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 34-35/

Гэрч Ү.Зүрхбаатарын мэдүүлэг /хх-ийн 37-38/

“Маршал мед” эмнэлгийн эмч Я.Энхзоригийн тодорхойлолт /хх-ийн 20-21/

Г.Бадар-Ууганы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 53/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ болон шүүх хуралдаанд хохирогч Д.Гэрэлт-Одоос хохирол төлбөртэй холбоотойгоор шинээр гаргаж өгсөн 2 ширхэг баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.Бадар-Ууганд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Нохойрог хөгдүүд овогт Гомбосүрэнгийн Бадар-Ууган нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багт байх өөрийн гэртээ хохирогч Д.Гэрэлт-Одтой таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар түүний биед зүүн сарвууны 5 дугаар хурууны 3 дугаар савх ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч Г.Бадар-Ууганы “...би Гэрэлт-Одод эвдэрч байгаа машин авахгүй би зүгээр машин өгсөн гэж хэлээд маргалдаад намайг заамдахаар нь зөрүүлж заамдаад зүүн гарыг нь хүчээр татаж салгаад түлхэхэд газарт унасан...” гэх, хохирогч Д.Гэрэлт-Одын “...Бадар-Ууган уурлаад над руу ирээд миний цамцны захаас хоёр гараараа боох гээд барьсан. Би хоёр гарынх нь бугуйн дээрээс бариад салгах гэхэд баруун гараа шувтарч аваад зүүн гараараа хоолойноос баруун гараараа миний зүүн гарын чигчий хуруунаас бариад хойшоо /арагш/ нь дарахад хуруу тог гээд дуугарсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Ш.Отгончимэгийн “...Бадар-Ууган нөхөр Гэрэлт-Одыг ална гэж хэлээд хоёр гараараа цамцных нь захаас татаж ойртуулахад Гэрэлт-Од хоёр  гараараа Бадар-Ууганы хоёр гарыг нь тавиулах гээд бугуйн дээрээс нь барихад Бадар-Ууган баруун гараа татаж аваад зүүн гараараа цамцных нь захаар хоолойг нь боогоод баруун гараараа зүүн гараас нь бариад мушгиж байгаа харагдсан...” гэх, насанд хүрээгүй гэрч Г.Анхбаярын “...Бадар-Ууган ах аав руу уурлаад “чи ийм эвдэрхий машин өглөө, ална” гээд аавын цамцных нь захнаас хоёр гараараа заамдсан. Тэгэхээр нь аав хоёр гараараа заамдсан гарыг нь салгах гэхэд Бадар-Ууган ах баруун гараа тавиад зүүн гараа цамцных нь захнаас лавшруулан барьж хоолойг нь боож баруун гараараа аавын зүүн гарын чигчий хурууг нь бариад мушгисан. Тухайн үед би 5-6 метр зайд хашааны завсраар хараад байж байсан бөгөөд гадаа гэгээтэй цаг хэд болж байсныг мэдэхгүй, оройхон болж байсан. Бадар-Ууган ах аавыг боож байхад нүүр нь улайж байсан бөгөөд Бадар-Ууган ахын эхнэр нь ирээд салгахад аав арагшаа унасан. Бадар-Ууган ахын эхнэр нь аавыг босгох гэхэд аав босож чадахгүй 2-3 минут газар сууж байгаад боссон. Тэгэхээр нь би хашаа даваад орсон. Аав манарсан байдалтай босож ирээд Бадар-Ууган ахад хандаж “чи миний хурууг эвгүй болгочихлоо” гэж хэлэхэд аавын өөдөөс хуруугаа чичлээд “ална шүү” гээд байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 440 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, “Маршал мед” эмнэлгийн эмч Я.Энхзоригийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бадар-Ууган хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Г.Бадар-Ууганы үйлдлийн улмаас хохирогч Д.Гэрэлт-Одын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 440 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Г.Бадар-Ууганд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Бадар-Ууганыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Бадар-Ууган тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Бадар-Ууганы анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрт 168,000 төгрөгийг төлсөн хувийн байдал, хохирогч нь гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бадар-Ууганд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Бадар-Ууганы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гэрэлт-Одын биед зүүн сарвууны 5-р хурууны 3-р савх ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч нь хохирол төлбөртэй холбоотойгоор “...би гартаа ямар нэг эмчилгээ хийлгээгүй, мөн цаашид хийлгэх эмчилгээ байхгүй. Харин замын зардалд 168,000 төгрөгийг зарцуулсан учраас нэхэмжилж байна. Холбогдох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн...” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч нь хохирогчийн замын зардалд нэхэмжилсэн 168,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогч Д.Гэрэлт-Одод гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 168,000 төгрөгийг төлж барагдуулсан байхаас гадна хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Бадар-Ууган нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.Бадар-Ууган нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нохойрог хөгдүүд овогт Гомбосүрэнгийн Бадар-Ууганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гомбосүрэнгийн Бадар-Ууганд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бадар-Ууган нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.Бадар-Ууган нь цагдан хоригдоогүй, хохирогчид 168,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Гэрэлт-Од нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖН 89072876 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бадар-Ууганд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМ