Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000284 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* 18-6 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар,

Дорнод аймгийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны зүүн талд байрлах хүнсний дэлгүүрийн гадна 2022 оны 07 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед согтуугаар хохирогч ******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч П. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Булган сумаас аймгийн төвд ирээд ******* сумын 10 дугаар баг, Хар байрны ард байх найз Дэлгэрцогтынд ирж тэндээ хоносон юм. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед ******* сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны хойд талд явж байгаад Сэргэлэн сумын хар Баараа гэх Чойбалсан болон Гурванзагал суманд цуг айлын хонь харж байсан залуутай таарч юм ярьж байгаад би дэлгүүрээс 1 шил Хараа архи авч өгсөн бөгөөд тухайн архинаас би нэг татчихаад хөгшин нь явлаа уухгүй гээд явсан. Ингээд найзындаа байж байгаад 18 цаг өнгөрч байхад хүү Дөлгөөн маань “Найрамдал” парк дээр машин тоглуулдаг болохоор Найрамдал парк руу хүүтэйгээ уулзах гээд гараад 24 дүгээр байрны дэлгүүрийн хажууд явж байхад Баараа таараад  нэлээн согтчихсон надад агсраад “чи манай ахын хонийг харж өгч чадахгүй новширлоо”  гээд миний толгой руу гараараа цохиход хамраас цус гараад тухайн үед тэр хавьд явсан хүмүүс салгахад Баараа явчихсан. Надад гар утас байхгүй мөн хүүгийнхээ дугаарыг мэдэхгүй учир хүүгээ одоо л машинаа тоглуулахаар Найрамдал дээр очиж байгаа байх гэж бодоод явж байсан юм. Би хамрынхаа цусыг алчуураар арчиж тогтоогоод урагшаа алхаж явтал 24 дүгээр байрны урд талд хүүтэйгээ таарч болсон асуудлын талаар хэлэхэд хүү маань дагуулж яваад хүлээн авах тасагт үзүүлээд цагдаад гомдол гаргасан. ...Надад ******* гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 11-14/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 485 тоот дүгнэлтэд:

1. ******* биед тархи доргилт, зүүн доод зовхи, хацарт цус хуралт, зүүн доод 1,2-р шүдний сулрал, дух, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19-20/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...24 дүгээр байрны гадаа ирж хүмүүстэй архи уугаад тэрүүгээр явж байхад надтай дахиад тааралдсан. Тухайн үед би дахин архи авхуулчих санаатай жаахан юм ярьж байгаад маргалдсан бөгөөд “чи ахын малыг яагаад хулхидаад явчихсан юм бэ, өвгөн хөгшин хоёрыг малчингүй үлдээлээ” гэхэд өөдөөс “яадаг юм бэ” гэхээр нь би толгойн тус газарт нь гараараа 2 удаа алгадсан. Мөн шилэн хүзүү рүү нь гараараа нэг удаа цохиж мөр рүү нь алгадахад тэнд байсан хүмүүс “боль” гэхээр нь би ийн хамраас гарсан цусыг цэвэрлэж өгөөд “зүгээр биз дээ” гэхэд “зүгээр ээ” гэхээр нь “за маргааш уулзая” гээд би явчихсан...” гэжээ. /хх-ийн 26-27/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 30/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигон овогт ******* нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах 24 дүгээр байрны зүүн талын хүнсний дэлгүүрийн гадна согтуугаар хохирогч ******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь гараараа цохиж, түүний биед нь тархи доргилт, зүүн доод зовхи, хацарт цус хуралт, зүүн доод 1, 2-р шүдний сулрал, дух, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...24 дүгээр байрны гадаа ирж хүмүүстэй архи уугаад тэрүүгээр явж байхад надтай дахиад тааралдсан. Тухайн үед би дахин архи авхуулчих санаатай жаахан юм ярьж байгаад маргалдсан бөгөөд “чи ахын малыг яагаад хулхидаад явчихсан юм бэ, өвгөн хөгшин хоёрыг малчингүй үлдээлээ” гэхэд өөдөөс “яадаг юм бэ” гэхээр нь би толгойн тус газарт нь гараараа 2 удаа алгадсан. Мөн шилэн хүзүү рүү нь гараараа нэг удаа цохиж мөр рүү нь алгадахад тэнд байсан хүмүүс “боль” гэхээр нь би ийн хамраас гарсан цусыг цэвэрлэж өгөөд “зүгээр биз дээ” гэхэд “зүгээр ээ” гэхээр нь “за маргааш уулзая” гээд би явчихсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...24 дүгээр байрны хойд талд явж байгаад Сэргэлэн сумын хар Баараа гэх Чойбалсан болон Гурванзагал суманд цуг айлын хонь харж байсан залуутай таарч юм ярьж байгаад би дэлгүүрээс 1 шил Хараа архи авч өгсөн бөгөөд тухайн архинаас би нэг татчихаад хөгшин нь явлаа уухгүй гээд явсан. Ингээд найзынхдаа байж байгаад 18 цаг өнгөрч байхад хүү Дөлгөөн маань “Найрамдал” парк дээр машин тоглуулдаг болохоор Найрамдал парк руу хүүтэйгээ уулзах гээд гараад 24 дүгээр байрны дэлгүүрийн хажууд явж байхад Баараа таараад нэлээн согтчихсон надад агсраад “чи манай ахын хонийг харж өгч чадахгүй новширлоо”  гээд миний толгой руу гараараа цохиход хамраас цус гараад тухайн үед тэр хавьд явсан хүмүүс салгахад Баараа явчихсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 485 тоот болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ................ нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 485 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА