Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч С.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбаатарын Гансүхэд холбогдох эрүүгийн 2221003370307 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 27-60 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд 1988 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Хэнтий аймгийн 6-р хэсгийн шүүхийн 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6/15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 239 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 11 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Сүхбаатарын Гансүх /РД: ЖЮ 68022214/.

Шүүгдэгч Сүхбаатарын Гансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 27 дугаар байрны орцонд өөрийн төрсөн эх Г.Оюунцэцэгийг өндөр настай биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж зодож Г.Оюунцэцэгийн биед тархи доргилт, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, цээж, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Гансүх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Г.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байхад манай том хүү Гансүх гаднаас архи уусан байдалтай орж ирээд ... намайг ална эсхүл өөрийгөө ална, өөр хүн ална гэх зэргээр яриад хар иштэй хутга бариад суугаад байсан. Ингээд агсам тавих шинжтэй болохоор нь би гэрээс гарч үүдний коридорт гарч ... айлын хаалга тогшсон боловч хаалгаа тавихгүй байсан чинь удалгүй Гансүх миний араас гарч ирээд “гэртээ орооч, үүдэнд хашгираад байх юм” гэж хэлээд цамцнаас зулгааж дараа нь хүзүү багалзуурдаж байгаад нүүр болон цээж хэсэгт маш олон удаа гараа зангидаж байгаад цохисон бөгөөд энэ үед би улам чангаар хашгирахад Гансүх яваад өгсөн. Удалгүй нэг айл хаалгаа тайлж би тухайн айлд орж утсаар залгаж цагдаа дуудсан...” гэжээ. /хх-ийн 10-11, 13/

Гэрч С.Лхагва мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнө гэртээ унтах гээд хэвтэж байхад үүдэнд нэг эмэгтэй хүн “аллаа” гээд чангаар хашгирахаар нь хаалгаа онгойлгосон чинь хөрш айлын Оюунцэцэг гэх эмэгтэй өөдөөс орж ирээд надад хандаж “цагдаа дуудаад өгөөч, Гансүх агсам тавиад байна” гэж хэлэхээр нь би цагдаа дуудаж өгсөн. Оюунцэцэгийн баруун хацар нь дээд хэсэгтээ хавдсан хөхөрсөн байх шиг байсан. Гансүх нь түүний нүүр хэсэгт цохисон гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 14-15/

Гэрч С.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ л ээжтэйгээ маргалдаад байдаг. ...2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Гансүх нь согтуу байх үедээ ээж Оюунцэцэгийг зодсон байсан. Тухайн орой нь ээж шөнийн 02 цагийн орчимд Гансүхэд зодуулсан гээд манай гэрт ирсэн. Тухайн үед ээжийн нүүр, цээж хэсэг нь хөхөрсөн байдалтай ирсэн. Энэ гэмтлүүдийг Гансүх зодож цохиж учруулсан гэж байсан...” гэжээ. /хх-ийн 20-21/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 501 тоот дүгнэлтэд:

1. Г.Оюунцэцэгийн биед тархи доргилт, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-28/

С.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай ээж намайг гаргахгүй хаалган дээр зогсоод хаалга онгойлгохгүй маргалдаад байсан. Тухайн үед би гэрээсээ гармаар байсан тул хаалгаа хүчтэй татсан. Энэ үйлдлийн улмаас ээж Оюунцэцэгийн толгойг нь хаалга болон гэрийн аяга таваг хийдэг тавилга хоёрт хавсарч хавчсан. Түүнээс би ээжийг цохиж зодсон зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 36-37/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29/

С.Гансүхийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 38-39/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 44-46/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/

Г.Оюунцэцэгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 73/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Гансүх нь 2022 оны 07 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 27 дугаар байрны орцонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн эх Г.Оюунцэцэгийг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж зодож, түүний биед биед тархи доргилт, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...манай ээж намайг гаргахгүй хаалган дээр зогсоод хаалга онгойлгохгүй маргалдаад байсан. Тухайн үед би гэрээсээ гармаар байсан тул хаалгаа хүчтэй татсан. Энэ үйлдлийн улмаас ээж Оюунцэцэгийн толгойг нь хаалга болон гэрийн аяга таваг хийдэг тавилга хоёрт хавсарч хавчсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Г.Оюунцэцэгийн “...2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байхад манай том хүү Гансүх гаднаас архи уусан байдалтай орж ирээд намайг ална эсхүл өөрийгөө ална, өөр хүн ална гэх зэргээр яриад хар иштэй хутга бариад суугаад байсан. Ингээд агсам тавих шинжтэй болохоор нь би гэрээс гарч үүдний коридорт гарч айлын хаалга тогшсон боловч хаалгаа тавихгүй байсан чинь удалгүй Гансүх миний араас гарч ирээд “гэртээ орооч, үүдэнд хашгираад байх юм” гэж хэлээд цамцнаас зулгааж дараа нь хүзүү багалзуурдаж байгаад нүүр болон цээж хэсэгт маш олон удаа гараа зангидаж байгаад цохисон бөгөөд энэ үед би улам чангаар хашгирахад Гансүх яваад өгсөн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч С.Лхагвын “...шөнө гэртээ унтах гээд хэвтэж байхад үүдэнд нэг эмэгтэй хүн “аллаа” гээд чангаар хашгирахаар нь хаалгаа онгойлгосон чинь хөрш айлын Оюунцэцэг гэх эмэгтэй өөдөөс орж ирээд надад хандаж “цагдаа дуудаад өгөөч, Гансүх агсам тавиад байна” гэж хэлэхээр нь би цагдаа дуудаж өгсөн. Оюунцэцэгийн баруун хацар нь дээд хэсэгтээ хавдаж хөхөрсөн байх шиг байсан. Гансүх нь түүний нүүр хэсэгт цохисон гэж хэлж байсан...” гэх, гэрч С.Энхтуяагийн “...2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Гансүх нь согтуу байх үедээ ээж Оюунцэцэгийг зодсон байсан. Тухайн орой нь ээж шөнийн 02 цагийн орчимд Гансүхэд зодуулсан гээд манай гэрт ирсэн. Тэр үед ээжийн нүүр, цээж хэсэг нь хөхөрсөн байдалтай ирсэн. Энэ гэмтлүүдийг Гансүх зодож учруулсан гэж байсан...” гэх мэдүүлгүүд, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 501 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч С.Гансүх нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч С.Гансүхийн үйлдлийн улмаас хохирогч Г.Оюунцэцэгийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 501 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч С.Гансүхэд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Сүхбаатарын Гансүхийг хохирогчийг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Гансүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.Гансүхийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Гансүхийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч С.Гансүх нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Гансүх нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Гансүхэд 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гансүхэд оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Гансүхэд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Гансүх нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Оюунцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Гансүхийн ЖЮ 68022214 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Гансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА