Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Э.Ариунболд

Орчуулагч А.Сара

Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогтой *******, ******* овогтой ******* нарт холбогдох эрүүгийн 2236000000161 дугаартай 178/2022/0150/Э/ индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, Молхы ургийн овогт *******ы *******, ******* регистрийн дугаартай.

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, Жантекей ургийн овогт *******ы *******, ******* регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Л.*******, Т.******* нар  нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт “мал нийлсэн гэх” шалтгааны улмаас харилцан зодолдож Т.*******ийн биед тархи доргилт, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи хамрын уг, хоёр хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Л.*******ий биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний дод ухайрхай хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогч Л.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед манай мал усанд очсон байсан. Тэгсэн цаанаас нь нэг мал ирээд манай малтай нийлж байсан. Би шууд мотоциклоо унаад яваад очтол манай багийн Б.Хуанбек гэдэг хүний мал байсан. Малын араас Б.Хуанбекийн эхнэр Т.******* явган ирж байсан. Би очоод Т.*******д та өөрөө хоёр айлын малын дунд нь ороод цаашаагаа хариулахгүй мал нийлчихлээ шүү дээ. Эргүү юмуу гэж хэлсэн. Тэгсэн Т.******* надад миний зүрх өвдөөд байна гэж над руу газраас чулуу аваад шидэхэд миний зүүн нүдний доод хэсэгт оносон. Тэгээд би Т.*******ийг барьж, үсдэж доошоо дарж аваад баруун талын гараараа нүүрэн тус газар хоёроос гурван удаа цохисон. Тухайн үед Т.******* бид хоёрын хоёулангийн хамраас цус гарсан. Тэгээд бид хоёр нүүрээ угаагаад малаа хариулаад гэртээ очсон. Бидний дунд ямар нэгэн асуудал байхгүй. Мал нийлсэн байсан асуудлаас болж зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хуудас/

Хохирогч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Манайх Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн эхэн гэр газар зусланд гарсан байгаа. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би малаа хариулаад явж байсан. Тэр үед манай багийн ******* гэдэг хүний мал бас цаанаас гүйж ирчихсэн ус ууж байсан. Би гялс малаа эргүүлэх гэсэн боловч ганцаараа чадалгүй хоёр айлын малын зах нь нийлчихсэн. Тэгсэн цаанаас мотоциклтой *******ы ******* ирээд мотоциклоос бууж ирээд чи эргүү мал юм уу яагаад малаа нийлүүлдгийн гэж ирээд намайг элдэв үгээр хараасан. Би *******д за хоёулаа ямар ч байсан аргалж ялгаад авья гэж хэлсэн боловч надад чи муу мал өөрөө ялгахгүй юу гэж хүн доромжилсон. Тэгээд миний гэнэт уур хүрээд газраас дунд зэргийн жижиг чулуу аваад Л.******* руу шидэхэд Л.*******ий нүүрэн тус газар оноод нүүрнээс нь цус гарчихсан. Тэгээд Л.******* намайг үсдэж доошоо дарж аваад хоёр гараараа нүүр нүдгүй намайг хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гараад тогтохгүй болохоор нь усаар угаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Хохирогч Л.*******ий эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 546 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/

            Хохирогч Т.*******ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 545 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/

             Яллагдагчаар Л.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...уур хүрээд Т.*******ийг үсдэж дарж аваад нүүр, ам, дух хэсэгт баруун гараараа 2-3 удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 48-49 дүгээр хуудас/

            Яллагдагчаар Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...газраас жижиг чулуу аваад Л.******* рүү шидтэл миний шидсэн чулуу Л.*******ий нүүр хэсэгт оноод нүүр хэсгээс нь цус гарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 53-54 дүгээс хуудас/

Шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаанууд зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Л.*******, Т.******* нар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт “мал нийлсэн гэх” шалтгааны улмаас харилцан зодолдож нэг нэгнийгээ  цохиж бие биендээ  хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 Шүүгдэгч Л.*******, Т.******* нар нь  нэгнийхээ толгой хэсэгт чулуугаар болон гараар цохисноор хэн хэнд нь гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь  гэмт хэргийг  санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.*******, Т.******* нар нь харилцан нэгнийхээ  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулсан болно.

Шүүгдэгч Л.*******, Т.******* нар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт “мал нийлсэн гэх” шалтгааны улмаас харилцан зодолдож нэг нэгнийгээ  цохиж бие биендээ  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Л.*******, Т.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, хохирогч Л.*******ий биед үзлэг хийсэн  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 546 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Т.*******ийн биед үзлэг хийсэн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 545 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Л.*******, Т.******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.*******, Т.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцов.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Л.*******, Т.******* нар нь харилцан бие биедээ  хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 545,546 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар хэн хэндээ гомдол саналгйү нэхэмжилэх зүйлгүй гэж  мэдүүсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Л.*******, Т.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Л.*******, Т.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Л.*******, Т.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна./хх-58,70х/

Шүүгдэгч Л.*******, Т.******* нар нь Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суудаг нь оршин суугаа хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаанууд болно.

Шүүгдэгч Л.*******, Т.******* нарын хувийн байдлын талаар гэрч Р.Жолдыбай, М.Мирзабек, Б.Нургуль,С.Равшан нарын мэдүүлгүүд хэрэгт авагдсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Л.*******, Т.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгчөөс: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Улсын яллагчийн ялын саналаас доогуур торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлхийг хүлээн зөвшөөрч байна  гэх дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгчөөс: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Шүүгдэгч, хохирогч нар учраа олж эвлэрсэн. Улсын яллагчийн ялын саналыг болгосон торгох ялын доод хэмжээгээр 1 жилийн хугацаанд төлүүлхээр тогтоож өгнө үү гэх дүгнэлт

Шүүгдэгч Л.*******, Т.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Л.*******, Т.******* тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн санал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******, Т.******* нарт таван зуун дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.******* оногдуулсан торгох ялыг 03 / гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Т.*******д оногдуулсан торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******, Т.******* нарт тайлбарлаж шийдвэрлэв.

         Эрүүгийн 2236000000161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Молхы ургийн овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Жантекей ургийн овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Молхы ургийн овогт *******ы *******, Жантекей ургийн овогт *******ы ******* тус бүрийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд Т.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******, Т.******* нарт тайлбарласугай.

5.Эрүүгийн 2236000000161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад  төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.*******, Т.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.*******, Т.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС