Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 666

 

Х.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор П.Даваасүрэн,

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 587 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 75 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Х.Оын давж заалдах гомдлоор Х.От холбогдох эрүүгийн 1906000000554 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ................, 1992 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 26 дугаар гудамжны 570а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

 

            Х.О нь Х.Жавзмаа, Б.Мөнхтулга нартай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг” хотхоны 64 дүгээр байрны баруун талд иргэн М.Нармандахын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 324.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” зочид буудлын гадаа иргэн Л.Бодьгэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ......................рыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Х.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Х.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Х.От шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд cap тутам хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.От сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Х.От оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Л.Бодьгэрэл нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Х.О давж заалдах гомдолдоо: “Миний бие урьд нь 2018 оны 9 сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хурлаар орж, Х.Жавзмаа, Б.Мөнхтулга нартай бүлэглэж М.Нармандахын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр булаан авч, 324.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ 1 жил тэнсэх ял тус тус авсан. Гэвч уг хэргээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4 дүгээр сарын 22-нд шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин яллаж, 6 сарын хугацаагаар хорих ял өгсөнд миний эрх зүйн байдал зөрчигдөж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн хэрэг нь 2019 оны 4 дүгээр сарын 12-нд болсон шүүх хуралд хамаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хэргээс хойш үйлдэгдсэн хэрэг юм. Тиймээс хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү. Би 2017 оны 11 дүгээр сард тархины идээт буглааны хүнд хагалгаанд орж, одоо тархиндаа хонхорхойтой юм. Нөхөн сэргээх хагалгаа хийлгэж чадаагүй одоог хүртэл ийм явна. Мөн миний эхнэр Б.Батцэцэг 5 сарын сүүлээр төрөх юм. Миний эрүүл мэндийн байдал, эхнэрийн биеийн байдлыг харгалзан үзэж, энэ хэргийг хянан шийдэж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Ахин алдаа гаргахгүй сайн хүн болж төлөвшин, үр хүүхдээ эх орондоо хэрэгтэй хүн болгон хүмүүжүүлж, иргэн хүнийхээ үүргээр зөв сайхан амьдрах болно.” гэжээ.

 

            Прокурор О.Багшбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүх Хүрэлбаатарын Отгонбаярыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч Х.От 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байтлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэх боломжгүй байдалд хүрэхээр байна. Түүнчлэн энэхүү шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан зарчим алдагдахад хүрэхийг үгүйсгэхээргүй байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангаагүйн зэрэгцээ шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 587 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

            Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээд гаргасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Х.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 6 сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэж, 3 дахь заалтад “Х.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, ...” гэж ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2-д “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол цагаатгагдсан, эсхүл ял шийтгүүлсэн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана.” гэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн дээрх хуулийн заалтуудыг зөрчжээ.

Дээрх хууль зөрчсөн байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж, мөн зүйлийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Х.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Үүнээс үзвэл, дээрх хуулийн заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 1.1-т “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж, мөн зүйлийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасан байх тул мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Х.Оын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 587 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.От холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Х.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ